Урт цагааныхан шилэн банкинд "идээшихгүй" нүүжээ

Урт цагааныхан шилэн банкинд "идээшихгүй" нүүжээ

Урт цагааныхан шилэн банкинд "идээшихгүй" нүүжээ

Алт мөнгөний дархан, үсчин, оёдолчин, гуталчин, цаг засварчин, ломбард зэрэг нүд эрээлжилсэн олон хаягтай газар бол Урт цагааны гудамж. "Жуулчны" гудамж нэртэй боловч хуучирч муудсан, навсгар байшинд ахуй үйлчилгээний олон төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Стандартын шаардлага хангахгүй энэ барилгыг түрээсэлж, олон хүн амьжиргаагаа залгуулдаг ч нөгөө талаасаа тэдний аюулгүй орчинд ажиллах эрх зөрчигдөж буй юм.

Учир нь мэргэжлийн байгууллагаас тус барилга хэзээ мөдгүй нурах аюултай гэсэн дүгнэлтийг хэд хэдэн удаа гаргасан боловч түрээслэгчид ажилласаар, иргэд үйлчлүүлсээр байна. Тиймээс “Урт цагаан”-ыг буулгаж, шинээр барих ажил ямар явцтай байгааг сурвалжиллаа.

ТҮРЭЭСЛЭГЧИД "УЛААНБААТАР" БАНКНААС ХОЁР САРЫН ӨМНӨ НҮҮСЭН

Барилгын гадна талыг ажиглавал ханын өнгөлгөөний хавтан нурж, хуучин тоосгон өрлөг нь ил гарчээ. Дотогшоо орвол хана таазнаас цас, борооны ус дусдаг нь илт, будаг нь халзарч шарлаж харагдав.  Олон жил болсон хуучны барилгаас үнэртдэг чийгний нэвширсэн үнэр хамар цоргино.

Анх 1958 онд хоршоологчдын хөрөнгөөр барьж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн тус барилга нийтдээ 8000 метр квадрат талбайтай.

Уг барилгад үйл ажиллагаа явуулахаар 30 аж ахуйн нэгж Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай гэрээ хийсэн ч тэд 200 гаруй иргэнд дамлан түрээслэдэг аж.  “Урт цагаан” үйлчилгээний төвд түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан зарим иргэдэд 2020 онд Нийслэлийн өмчийн дөрөвдүгээр байр буюу "Улаанбаатар" шилэн банкны нэг, хоёрдугаар давхарт ажлын байр гаргаж өгсөн.

Гэвч эдгээр түрээслэгчид Урт цагааны гудамж руугаа буцаад нүүжээ. "Улаанбаатар" шилэн банкны ажилтан "Манай барилгад ахуй үйлчилгээний чиглэлээр ажилладаг хүмүүс байхгүй. Хоёр сарын өмнө бүгд Урт цагааны гудамж руугаа нүүсэн. Одоо нэг, хоёрдугаар давхарт хүн байхгүй" гэдэг хариултыг өгөв.

Энэ талаар Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас тодруулахад "Улаанбаатар корпорацийн зүгээс засвар хийх гэж байгаатай холбоотойгоор түрээслэгчид нүүсэн" гэдэг тайлбарыг хэлсэн юм. Гэвч газар дээр нь очиход засварын ажил хийсэн дүр зураг харагдсангүй.

ТҮРЭЭСЛЭГЧИД: ШИНЭ БАЙР БАРЬВАЛ ХЭД ДАХИН ӨНДӨР ТҮРЭЭС ТӨЛНӨ

Барилгыг шинэчилснээр олон хүн ажлын байраа алдах нь гэсэн болгоомжлол бий. Зарим түрээслэгчидтэй уулзвал “Урт цагаан”-ы барилгыг буулгаж, ямар төсөл, төлөвлөгөө хэрэгжүүлэх талаараа албаны хүмүүс тодорхой мэдээлэл өгөөгүй. Мөн тэд “Урт цагаан”-ы суурин дээр баригдах шинэ барилгад талбай түрээслүүлнэ гэвэл газраа чөлөөлөхөд асуудалгүй гэдгээ илэрхийлж байлаа.

"Урт цагааныг нурааж, шинэчилж болно. Шинэ байр барихаар бол энэ хавьдаа л барих нь зөв байх. Иргэд энэ орчмоор үйлчлүүлээд сурчихсан. Миний хувьд нэг сард 240 мянган төгрөгийн түрээс төлдөг" гэдгээ дархан Б.Батзориг хэллээ.

Харин гуталчин Л.Эрдэнэбаяр "Хэрвээ Урт цагааны барилгыг нураачихаад эргээд түрээслэгчдэд олдох уу. Шинэ байрны түрээс нь хэд дахин үнэтэй байх вий. Бид өдрийн орлогоо арайхийн олж байгаа улс. Одоо нэг сарын түрээст 280 мянган төгрөг төлдөг. Энд есөн жил уран дарханы чиглэлээр ажиллаж байна.Хүмүүс чинь энэ байшинг Д.Сумъяабазар эсвэл С.Амарсайхан авах гэж байгаа гэнэ гэж янз бүрээр л ярьдаг. "Улаанбаатар" банк руу нүүсэн түрээслэгчид орлого байхгүй, эндээ нүүгээд ирсэн байна лээ" гэв.

Урт цагаан төвийн үйл ажиллагааг сүүлд нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 21-ны өдрийн захирамжаар үйл ажиллагааг нь зогсоосон.

Үүнтэй холбоотой Нийслэлийн өмч ашиглалтын удирдлагын газраас “Урт цагаан”-ы оёдол эсгүүр, эмийн сан, хоёр оёдлын цех, цайны газар, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо, “Монголын барилгачдын нэгдсэн холбоо”зэрэг газруудыг "Улаанбаатар" банк руу нүүлгэсэн байдаг.

"УРТ ЦАГААНЫГ ШИНЭЧЛЭН БАРИХ ЗУРАГ ТӨСЛИЙГ 2020 ОНД ШАЛГАРУУЛСАН"

Мөн “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус болох 1,584.0 м2 талбай бүхий барилгыг акталж, нийслэлийн өмчөөс хассан.

Улмаар  “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх ажлыг яаралтай эхлүүлэхээр болж, энэ хүрээнд барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд зарласан.

Тухайн үед  "Урт цагаан" үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд "MGL E&C" дизайнерс багийн бүтээл нийт 28 багийн бүтээлүүд дотроос сонгогдож түрүүлсэн гэх мэдээлэл цацагдаж байв.

Энэ талаар нийслэлийн Хот төлөвлөлтийн хэлтсээс асуухад "Урт цагааны барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг нь мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр тогтоогдсон. Гурван ч удаагийн шийдвэр гарсан байх. Тэр дагуу барилгыг шинэчлэн засварлах зураг төслийн уралдаан зарлаж, 2020 онд шалгаруулсан байгаа. Урт цагааны хоршооллын байрыг нураасан байдалтай байгаа" гэдэг мэдээллийг өгсөн юм.

Гэрэл зургийг О.Болорсувд

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-20 202.126.90.159

Урт цагааныг буулгах хэрэгтэй үнэхээр бохир заваан газар болсон орохоос ч ой гутмаар

Avatar

Зочин 2023-04-20 66.181.178.235

Иргэдийнхээ амь насыг алдахыг хүлээгээд бга юм бхдаа. Хажуугаар нь явахаас айдаг. Аймшигийн барилга.

Avatar

бб 2023-04-20 66.181.160.50

Энэ бол шийдэж ядаад бх асуудал биш бн аа. Шинээр байшин бариад түрээслэгч нарт нь худалдаж авах боломж олгоод давхар түрээслэгч нарт нь байр барих хугацаанд хэрэглэх 20 сая төг тус бүрт нь өгчих. Мөнгийг төсөл хэрэгжүүлэгчээс гаргуул. 25 аас дээш давхар байшин барихад ашигтай л бж таараа. Нийслэлд хэдэн өрөө гаргаж өгөөд бүгд хаппи болчих юм бш үү.

Avatar

zochin, 2023-04-20 202.72.245.202

ajliin gachaa novschiin Sumiabazar !!!! , ajilaa ogood zailaachee chamaas bolj chotiin irged monch zovj bna.ESaid nudee neegeecgee naad boch Sumiabazariig yg odoo zailuul

Avatar

Иргэн 2023-04-20 192.82.83.233

Хотын захиргаа яагаад урт цагааны түрээслүүлэгчдийг давруулаад байгаа юм бэ??? Нэг мөр барилгыг нь нураагаад оронд нь Жуулчны гудамж нэрэндээ таарсан олон давхартомоохон худалдаа үйлчилгээний төв барих хэрэгтэй биз дээ. Хэдхэн түрээслүүлэгч нэртэй хүн түрээслэгчид болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлаар тоглосоор байх уу??? Ядаж л томоохон барилга баривал ажлын байр хүртэл нэмэгдэнэ шүү дээ. Наад өмхөрсөн байшингаа ҮТЭР ТҮРГЭН НУРАА

Avatar

Нэргүй 2023-04-20 192.82.88.58

Уртцагаан ч 1958 онд бус 1962-63 оны үед л ашиглалданд орсон доо !

Avatar

иргэн 2023-04-20 103.254.123.175

сумтай бузрынханд монгол улс,ард иргэд ямар өртэй юм бэ Түрүүчийн циркээ алдчаад яаж байгаа билээ_Энэ улсад чинь улсынхаа төлөө ажлаа хийж байгаа монгол хүн байна уу Хөл толгой байн а уу Таминь ээ Ажлаа хийж чадахгүй луйварчдыг суудлаас нь чирч гаргая…….

Avatar

иргэн 2023-04-20 202.9.47.51

Шуналтай бөх Сумьяөбузар авахаар иргэдийг дарамталж байгаа нь тодорхой. Түрээслэгч иргэдэд ажлын байр гаргаад өгч чадахгүй байж газарын нь авах гээд байж болохгүй л баймаар даа.

Avatar

Нэргүй 2023-04-20 202.72.245.121

шууд нурааж устгаач ээ

Avatar

Иргэн 2023-04-20 64.119.25.81

шилэн банкинд үйлчилгээ хийх арга байхгүй. Хүн очоод машинаа байршуулах зогсоол байхгүй

Avatar

иргэн 2023-04-20 66.181.180.87

шууд нурааж шинэ байшин барих хэрэгтэй. хотын төв үнэхээр муухай харагдуулж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж