Ц.Нямдорж: Төрд шунаг хүн орохоор юу ч бүтдэггүй

Хуучирсан мэдээ: 2023.04.19-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Төрд шунаг хүн орохоор юу ч бүтдэггүй

Ц.Нямдорж: Төрд шунаг хүн орохоор юу ч бүтдэггүй

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ц.Нямдорж өнөөдөр /2023.04.19/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд дараах тодруулгыг өглөө.


-Нүүрсний хулгайн хэрэг гээд том асуудал дэгдлээ. Та энэ хэргийг мэдэж байсан уу?

-“Эрдэнэс Тавантолгой” компанид очсон хүн болгон хэрэгтэн болчихоод байгаа. Тавантолгойн орд 2004 оноос хойш улс төрийн зорилгоор ашиглагдаад 20 жил болж байна. Энийг тойрсон улс төр, шунал, энийг тойрсон далд зодоон аминд хүрэх гэж байгаа шүү дээ. Тавантолгойг тойрсон шунал аминд хүрч мэднэ гэж би ярилцлага ч өгч байсан.

Нүүрсний хулгайтай тэмцэж байгаа хандлага нь зөв. Гол нь зөв замаар явж жинхэнэ эзэн дээрээ бууж байна уу гэдэг өөр асудуал. Нэг хулгайчийг явуулж байна гээд дараачийн бүр их хулгай хийдэг хүн тавьчихвал яах вэ. Нүүрсний хулгай гээд байгаа асуудал чинь төмөр зам барьсантай л холбоотой юм. “Төмөр зам яаралтай барь” гэж 2019 оноос бужигнуулаад л нүүрс гаргаад,  төмөр зам барьж дуусаад л хэрэг мандаад явихсан. Хугацаатай юм.

-Та Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын ажлаа өгсөн нь нүүрсний хэрэгтэй холбоотой юу?

-Тэр үед бүгдээрээ л том бүтээн байгуулалт хийж байна гээд гангарч байсан үе нь шүү дээ. Тэгж ярих юм бол би 2012 онд баахан нууц гэрээ хийж байхад нь төмөр замын асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад захидал бичиж байсан. Буруу замаар явлаа шүү, хэтдээ асуудал болно шүү гэдгийг хэлж байсан. Ордон дотор зургаан жил бараг ганцаараа энэ асуудлыг би ярьсан.

Төмөр замын асуудлыг маш тодорхой ярих юм бол 2012 оны нэгдүгээр сарын 18-наас хойш ярьсан. Хэн ч тоогоогүй.  2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, шууд гэрээ байгуулж ажилла гэдэг шийдвэр гаргуулаад тэрийг нь нууцын горимд оруулчихаар хүн халдаж болдоггүй эд шүү дээ.

-Та Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын ажлаа өгсөн нь нүүрсний хэрэгтэй холбоотой юу?

-Одоо болсон уу?

-Д.Мөнх-Эрдэнийн талаар гомдол гаргасан хүн нь н.Оюунбилэг гэж хүн байдаг. Энэ хүнийг тантай холбож яриад байдаг?

-Тэр Оюунбилэг чинь 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Элдэв юм яриад нэр төрд нь халдаад ирэхээр  гомдлоо гаргах нь зүйн хэрэг юм байгаа биз дээ.

Би тэр аудитын байгууллагын дүн зэргийг мэдэхгүй. УИХ дээр ирж захиалгаа аваад энэ жил ийм байгууллагыг шалгана гээд, хуулийн асуудал байвал АТГ, прокурорт асуудлыг шилжүүлдэг. Чиний хүүхдийг гүтгэвэл чимээгүй суугаад байх уу. Ээжийн чинь талаар хачин юм ярьсан байхад хүүхэд нь сургуульдаа ямар нүүртэй очих вэ. Хүнийг гүтгэж болох уу. Тэр хүн гомдол гаргах эрхтэй .

-Ганц Д.Мөнх-Эрдэнээр тогтохгүй олон залуус үгээ хэлсний төлөө хоригдох боллоо?

-Би яаж мэддэг юм. Үгээ хэлэхдээ хүн гүтгэж болохгүй, хуулийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Чиний нэр төр миний эрхээр хязгаарлагдана гэдэг Үндсэн хуулийн заалттайг мэдэх үү. Үзэл бодлоо илэрхийлэхдээ хүн доромжилж, гүтгэж болох уу. Зөндөө доромжилж байна.

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг  хуулийн байгууллага хэлмэгдүүлсэн гэж та ярьдаг. Хууль шүүхийн байгууллага өнөөдөр шударга ажиллаж чадаж байна уу?

-Шударга бус байна гэдгийг би зөндөө хэлсэн шүү дээ. Шүүхийн байгууллагаа татан буулга гээд 2003 онд би захидал бичиж байсан. Өдрийн сонин дээр захидал байгаа.

-Одоо харин шүүх шударга ажиллаж байгаа гэдэгт яаж итгэх юм?

-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт хийлээ одоо сайхан болно гэсэн хаана байна. Шүүхийн сахилгын хороо нь ажиллахгүй байна. Би жишээ нь маш тодорхой зүйл ярьсан.

Улсын дээд шүүхийн Батсуурь гэдэг шүүгчийн талаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төлөөлж, хэрэг шийдвэрлэж байна. ХХБ-ны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан хүнийг зайлуул гэж хэлээд 6 жил болж байна.

Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр  гээд өнөөдөр шуугиад байна, Хөтөлийн цаад талд тэр Улсын дээд шүүхийн шүүгч Батсуурийн аав л байсан. Батсуурийн аавын ард сахал Д.Эрдэнэбилэг л байсан. “Цемент шохой” төрийн өмчит үйлдвэрийг сахал Д.Эрдэнэбилэг л авсан байсан.

-Шүүх байгууллага хэзээ хараат бусаар ажилладаг болж сайжрах бол?

-Энд нэг зовлон байдаг. Хуулийн сайд бүх юм шийддэг юм шиг хүмүүс ойлгодог.  Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар бүх шүүгч нарыг томилдог. чөлөөлдөг. Томилогдсон шүүгч нар томилсон хүндээ л үнэнч байдаг. Үндсэн хуулийн цэц ч ялгаагүй. Томилсон, томилуулсан хүнээр л хууль гишгэчихээд явж байгаа.

Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа худалдаж амьдарч байна гээд би шүүмжилж л байсан.

-Тогтолцоондоо байна уу, энэ гажуудлаас яаж гарах вэ?

-Асуудал тогтолцоонд байхгүй, асуудал хүндээ байгаа. Мянга тогтолцоо өөрчлөөд сувдаг сэтгэлтэй  ард талдаа хулгай нүүсан хүмүүс эрх мэдэл бариад байх юм бол хийдгээ л хийнэ. УИХ-ын гишүүний тоо 152 болсон ч хулгайчийн тоо л нэмэгдэнэ. Асуудал энд л байгаа юм. Би энийг олон жил ярьж байна.

УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлдэг шалгуураа өөрчлөөч ээ гээд С.Баярыг МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байхад хэлж л байсан.

Гудамжинд явдаг, цүнх баригч нар УИХ-ын сонгуульд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болоод байна. Тэд нарт төрийн сэтгэл алга. Төрд алба хашсан, төр гэж юу байдгийг мэдэрсэн хүмүүсийг нэр дэвшүүлээч ээ. Төр тогтоно гэж байдаг юм. Хүн тогтохгүй байгаа учраас төр тогтохгүй байна. Тэр Т.Доржханд гэж нөхөр байнга тогтолцоо ярьж байна.  Би дарга нарт хэлсэн, “Та нар өөрсдөө шийдвэрээ гаргаад яв” гэж. Эрх мэдэлтэй хүмүүс нь шийдвэрээ гаргадаг юм байгаа биз.

Төр тогтоно гэдэг юмыг хоёр аргаар л хийдэг. Өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт хийгээд маргааш хийгээд  төр тогтохгүй. Хаанаасаа хаалгач нь гэдэг үг байдаг. Энэ зарчим манай намд ч алдагдсан. Өчигдөр банкны захирал байсан этгээд өнөөдөр даргын нөлөөнд оруутаа УИХ-ын гишүүн болдог. Түүнд мөнгөнөөс өөр юм харагдахгүй шүү дээ. Өнөөдөр тогтолцоо биш түшээдээ ярих ёстой. Би энэ асуудал дээр хэзээ ч намын дарга нартай санал нийлж байгаагүй. Гудамжинд өнөөдөр баахан шударга  хүмүүс үсрээд байна. Бүгд УИХ-ын гишүүн болохын тулд  бусдыг доромжилж, гүтгэж байна.

Намайг Хууль зүйн сайд байхад зусан, намаржин нэг эмэгтэй үсрээд УИХ-д нэр дэвшээд унасан.

-Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулсан. Одоо дахиад өөрчлөх шаардлага үүслээ. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригдаж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Хуулиараа ойр, ойрхон оролдоод байх нь сайн биш төр тогтдоггүй хууль ч тогтдоггүй. Төрд шунаг сэтгэлтэй хүн орохоор юу ч бүтдэггүй. Нэг хулгайч нөгөө хулгайчаар л солигдоно. Энэ зовлонг би өөрөө нүдээрээ үзсэн. Капиталист нийгэм байгуулж байна гэдгээ өнөөдөр ч манайхан ойлгохгүй байна. Эвийг нь олохгүй бол хоморголж болдоггүй эд.

Би цагдаа нарт ганцхан юм хэлдэг байсан. Та нар дээрэм тонуулд орлцоод үзээрэй гэж. Монгол Улс ардчилсан, зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил болж байна.  Хувийн өмчид суурилсан нийгэм цаашаа явах юм уу үгүй юм уу. Аюултай юм тулгарчихаад байна.

-Шүүхээс хэн нэгнийг буруутай гэж үзээгүй байхад хуулийн байгууллагаас хэрэгт шалгагдаж байна гээд зарладаг, нийгмээр яллуулдаг боллоо?

-Буруу шүү дээ. Хэрэг нь шалгагдаж эхлээгүй байхад  Авлигатай тэмцэх газраас 17 хүний нэр зарласан. Зарласан хүмүүст нь би буруу зүйл хийлээ гэж хэлсэн.  Энэ чинь нарийндаа мөрдөн байцаалтын нууц юм. Нууц байлгаж шалгаад, бүх баримтаа гарт оруулж, баараггүй болсон үед нь зарлах ёстой. Мөрдөн байцаалтын нууц гэдэг юмны цаад агуулга энэ.

Эхэлж  нэрийг нь зарлачихаад дараа нь хэрэгтэн болгох гэж баримт цуглуулдаг. Болохгүй бол өдөр шөнөгүй улс төрөөр нүдэж байж хуулийнхныг буулгадаг. Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрын асуудал тийм л замаар явсан. Энэ хэргийг шалгаж байхад нь би  Б.Хурцад хэлж байсан. “Чи худлаа юм хөөгөөд байгаа юм биш биз. Таван прокурор суулгаж байгаад наад хэргээ уншуул. Хэргийн хойноос улайрсан хүмүүс алдаа гаргадаг юм шүү” гэсэн. “За” гэж хэлчихээд  цаашаа эргээд өөр юм хийсэн. Эцсийн үр дүн нь энэ. Хамгийн наадын захын асуудал нь захиалагчийг олоогүй байж захиалгаар хүн алсан гээд шийтгэсэн. Жишээ нь энэ хэрэг дээр Б.Булганыг хоригдож байхад нь зөв юмны араас орсон байж магадгүй гэдэг  горьдлого төрсөн.  Сүүлд нь Б.Булганыг гаргачихаад хөдөөний хоёр хүнийг аваад үлдчихээр дэндүү ойлгомжтой боллоо гээд асуудал ярьсан.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
7
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж