Хойд Солонгос улс цэргийн зориулалттай анхны тагнуулын хиймэл дагуулаа бүтээж дууссаныг Ким Жон Ун мэдэгдлээ. Төрийн хэвлэлд өнөөдөр /2023.04.19/ мэдээлснээр тагнуулын хиймэл дагуул хөөрөхөд бүрэн бэлэн болжээ. Хиймэл дагуулыг хөөргөх огноог албан ёсоор зарлаагүй байна.
Ердөө долоо хоногийн өмнө тус улс шингэн түлшээр ажилладаг шинэ төрлийн тив алгасагч баллистик пуужинг хөөргөсөн. Хориг арга хэмжээнд өртсөн улсын хувьд энэ нь томоохон алхам болж байна. Шинжээчдийн хэлж буйгаар баллистик пуужин болон сансрын технологийн хооронд ижил төстэй зүйл багагүй байдаг аж.
Ким Жон Ун өчигдөр Сансрын хөгжлийн үндэсний газарт айлчлах үеэрээ цэргийн тагнуулын хиймэл дагуулыг төлөвлөсөн хугацаанд хөөргөх үүрэг даалгавар өгчээ. Ингэхдээ хэд хэдэн хиймэл дагуулыг өөр өөр тойрог замд дараалан байрлуулж, мэдээлэл цуглуулах чадварыг нь баталгаажуулахыг даалгасан байна. Сансрын хөгжлийн үндэсний газарт тэрбээр охиныхоо хамт ирсэн.
Цэргийн тагнуулын хиймэл дагуул нь Кимийн 2021 онд дэвшүүлсэн батлан хамгаалахын тэргүүлэх төслүүдийн нэг юм. “АНУ, Өмнөд Солонгосын заналхийлэл байгаа учир энэ бол зайлшгүй биелүүлэх ёстой ажил” гэжээ. Тус хиймэл дагуулын сүүлчийн шатны туршилтыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн. Тухайн үед Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд үүнд шүүмжлэлтэй хандаж, хиймэл дагуулаас авсан зургууд нь чанар муутай байна гэж байв.
Гэхдээ Хойд Солонгос судлалын хүрээлэнгийн судлаач Ан Чан Илийн хэлснээр одоогийн хиймэл дагуулууд нь харьцангуй бэлгэдлийн чанартай аж. Учир нь Хятад, Орос улсуудаас өндөр технологийн дэмжлэг аваагүй цагт Хойд Солонгос өөрсдийн технологиор тагнуулын хиймэл дагуул бүтээхэд хэцүү юм.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ