Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

Хятадын монгол РОМЁО

Хятадын монгол РОМЁО

Хятадад төдийгүй дэлхийд нэр алдар нь түгсэн монгол угсаатны дуучин, жүжигчин, дуу зохиогч Аянгыг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна. 


Аянга 1989 оны аравдугаар сарын 23-нд Өвөрмонголын Ордос хотод малчны гэрт төрсөн. Эцэг нь гурав, эх нь долон настай байхад  нь өнгөрснөөр 20 настай ах дээрээ өсчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр эцэг нь алдартай  ардын уран бүтээлч байжээ. Тэрбээр Монгол хэлээр боловсрол эзэмшсэн бөгөөд хүүхэд байхдаа хятадаар бараг ярьж чаддаггүй байв. Бага наснаасаа радио сонсч, алдарт дуучин Тэнгэрийн дуунуудыг даган дуулсаар уран бүтээлч болохоор шийдсэн аж.

Эцэг, эх нь өнгөрсний дараа түүнийг урлагийн сургуульд илгээсэн ба 14 настайдаа Өвөрмонголын дуу бүжгийн хамтлагт сонгогдсноор урлагийн карьер нь эхэлжээ. Дараа нь 17 настайдаа мөрөөдлөө хөөн Хятадын нийслэлийг зорьж, Бээжингийн бүжгийн академид  хөгжимт театрын ангийг дүүргэсэн байна.

Коллежоо төгссөний дараа Бээжингийн дуурь, бүжгийн театрт хөгжимт театрын жүжигчин, дуучнаар ажиллаж эхэлсэн аж.

Аянга 2012 онд Хятадын биет бус соёлын өвийн Кунлуны домог сэдэвтэй Кунлуны домогт анхны мюзиклд тоглосон ба тухайн жилээ Тиан Циншиний найруулсан "Тяньцяо" мюзиклд Лин Пэнфэйгийн дүрд тоглосон. Харин 2013 онд Өвөрмонголын Залуу дуучин телевизийн гуравдугаар уралдаанд оролцож, шагнал хүртсэнээр дуучны хувьд олонд танигдаж эхэлсэн байна. Дараа жил нь Анхуй телевизийн "Ноён Супер", "CCTV-3" телевизийн "Хятадын өсч буй од" зэрэг реалити шоунуудад амжилттай оролцож, олны хайрыг татжээ. Мөн Хятадын Төв телевизийн "Дундад улс сонирхон үзэж байгаа" дууны уралдаанд гуравдугаар байрт шалгарснаар эх газарт нэр хүнд нь өсч эхэлсэн.

Эцэст нь 2015 оны зургадугаар сард "Баярлалаа" гэх анхны соло синглээ гаргаж,  оны сүүлээр "Аянгын бурхны эргэн ирэлт" нэртэй тоглолтоо Ордос хотод хийсэн. Дараа нь хоёр, гурав дахь тоглолтоо 2017, 2018 онуудад хийсэн нь Хятадын "CCTV-15" телевизээр гарсан байна. Үүнээс гадна Аянга 2016 оны хоёрдугаар сард Хятадын төв "CCTV" телевизийн Цагаан сарын гала тоглолтод анх удаа оролцсон. Үүгээр ч зогсохгүй тэрбээр "Зэвсэг ба сүнс" нэртэй вэб драмад тоглож, жүжигчний ур чадвараа харуулаад амжжээ.

Мөн 1960-аад онд  Хятадын байгалийн гамшигт өртсөн бүс нутгуудаас 3000 өнчин хүүхдийг өргөж авсан өвөрмонгол малчны тухай бодит явдлаас сэдэвлэсэн "Алдагдсан цаг хугацааны эрэлд" кинонд дүр бүтээсэн байна.

Аянга засгийн газраас зохион байгуулсан олон арга хэмжээний нээлт, хаалтын ёслолд оролцсоны дунд 13-р Үндэсний спортын наадам, Хятадын Алтан азарган тахиа, Зуун цэцэг кино наадам, Хятад-Оросын урлагийн гала зэргийг нэрлэж болно.

Хятадын Форбс сэтгүүлээс 2019 онд түүнийг Азийн 30-аас доош насны нөлөө бүхий 30 эрхмийн нэгээр нэрлэсэн.

Энэ оны нэгдүгээр сарын 9-ны байдлаар түүний цэвэр хөрөнгийн хэмжээ таван сая ам.доллараар үнэлэгдсэн. Аянга телевизүүдэд өгсөн ярилцлагадаа найз охингүй гэдгээ удаа дараа хэлж байсан бөгөөд урьд нь хүнтэй нэр холбогдож байгаагүй гэжээ. Тэрбээр 1.84 см өндөртэй.

Сүүлийн гурван жилд тэрбээр онцгой завгүй ажилласан байна. Тодруулбал, 2021 онд Ромёо Жульетта жүжгийн хятад хувилбарт гол дүр, 2022 онд Монте Кристо гүн жүжгийн хятад хувилбарт, 2023 онд "Дуурийн театрын хий үзэгдэл" жүжгийн хятад хувилбарт тус тус тоглосон байна. Ромёо Жульетта жүжгийн гол дүрд тоглосноороо "SCS" шагнал гардуулах наадмаас шагнал хүртжээ. Түүнчлэн 2022 онд кинонд тоглоод амжсанаас гадна тоглолтоо ч тавьжээ.

2021 онд тэрбээр Соёлын аялал жуулчлалын Топ-10-т багтсан. Өдгөө Аянга Бээжингийн дуурь, бүжгийн театрт хөгжимт театрын найруулагч, Бүжгийн академийн тусгай багшаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж