Тэд дандаа л "дийлдэг"

Хуучирсан мэдээ: 2023.04.19-нд нийтлэгдсэн

Тэд дандаа л "дийлдэг"

Тэд дандаа л "дийлдэг"

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC лэнд барих болих маргаан амралтын өдрүүдэд ам дамжин яригдаад өчигдрийн Байгаль орчны байнгын хорооны хурлаар төгсгөл болох шиг боллоо. Цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгт хүрээлэнгээр нь байлгая гэсэн олон нийтийн санал шүүмж, үүнийг ажил хэрэг болгох гэсэн зарим гишүүн, сошиал идэвхтнүүдийн оролцоо санаачлага бүтсэнгүй.

Үндэсний томчууд гэгдэх компаниуд хэрэгтэй улстөрчдөө угжиж, хөнгөлөлттэй зээл, хөтөлбөр бүгдийг хамдаг дүр зургийг бид Хөгжлийн банкны сонсголоос хангалттай харж шогширч сууснаа мартсан бололтой. Таван богд олон нийтийг дийлдгээрээ дийлж, ухаж сэндийлсэн газартаа төлөвлөсөн зүйлээ барих нь ээ.

Нийгмийн сүлжээнд нэг хэрэглэгч "Бид эднийг хэзээ ч дийлэхгүй юм байна" гэж жиргээд, ухсан нүхний зураг хийснээс үүдэн нээрээ тэд дийлдгээрээ л дийлжээ гэх харамсал төрлөө.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчнөөн мянган га газар байхад заавал бордож арчилж, мод суулгасан газрыг ингэж сүйтгэх нь үнэхээр дийлж сурсных л юм даа.

Тарьсан модыг шилжүүлж суулгасан гэх тайлбар байгаа ч очоод үзэе гэхээр харуулах юм байхгүй гэнэ.

Баянзүрх дүүргийн иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу очиж танилцсан Байнгын хорооны дарга " Нэгэнт газрыг нь ухсан учир одоо хийгдэх төсөл дээрээ 15 хувь нь барилгажилт, 85 хувь ногоон байгууламж байлга" гэсэн аргаа барсан шийдэл гаргажээ. Өнөөдрийн Байнгын хорооны хурлаар асуудал дуусгавар болжээ гэх учир энэ.

Иргэдийн эрх ашигт нөлөөлөх энэ мэт ажил хуулийн дагуу яагаад явж болдоггүй, модыг нь тайраад газар ухсаны дараа олон нийт мэдэж, эсэргүүцсэн ч дийлдээд өнгөрдгийг дуугай хараад суух дэндүү харамсалтай юм даа.

Тэрбум мод тарих ажлыг нь 80 модоор "хохироосон" энэ ажлыг төрийн тэргүүн зүгээр хараад өнгөрөмгүй. Олон нийт ч түүнийг "сэлэм эргүүлнэ" гэж найдсан. Гэтэл толгой мэдэн газар олгосон ҮЦХ болон хот, нийслэлийн хурган дарга нар өөрсдийгөө өмгөөлж, "Тарьсан модгүй талбай байсан" гэх тайлбар өгч төөрөлдүүлсэн бололтой.

Хувийн хэвшлийг дэмжих, тэдэнд боломж олгох тухай Засгийн бодлого зөв ч, хаана ашигтай байршил, алдамгүй боломж байна түүнд өрсөлдөөнгүй, "өөр замаар" хүрдэг "Таван богд" мэтийн дархлагдсан хөрөнгөтнүүд цадах цаг болоогүй юу.

Үнэхээр л огт ашиггүй, нийгмийн төлөө үйл ажиллагаа юм бол ингэж "чичрэлгүй"  гэр хороололд хэрэгжүүл гэсэн олонхийн саналыг сонсмоор юм даа.

Б.ДОНДОГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж