Прокурорын байгууллагаас оны эхний улиралд хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлыг танилцууллаа. Мөн Нийслэлийн прокурорын газраас хянасан зарим хэргийн шийдвэр, явцын талаар өнөөдөр /2023.04.19/ мэдээлэл хийж байна.
Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган гурван шатны шүүхээс ял оноосон байдаг. Тэгвэл өнөөдөр тэдэнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлэл гарсан.
Тодруулбал, Б.Содномдаржаад 25 жил, Т.Чимгээд 24 жил хорих ялыг оноож, хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон. Гэвч тэднийг эрүүдэн шүүсэн гэж ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил хорих, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатад нэг жил хорих ял оноосон. Мөн Нийслэлийн прокурорын газраас С.Зоригийг хөнөөсөн хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг Дээд шүүхэд гаргасан. Дээд шүүх 2021 оны тавдугаар сарын 14-нд хуралдаж, уг дүгнэлтийг хүлээж аваад, Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг батлан даалтад гаргасан. Түүнээс хойш тэдэнд холбогдох хэргийг дахин шалгаж байсан. Тэгвэл мөрдөн байцаах ажиллагаа дуусч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон байна. Бид энэ талаар тодруулж дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 4 ХҮНИЙГ ХОРЬЖ БАЙНА
НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Г.ГЭРЭЛТУЯА:
-Нүүрс олборлох, худалдах, тээвэрлэх хэргүүдийн талаар товч мэдээлэл өгье. Хамтарсан ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын 48 мөрдөгч ажиллаж, 47 хэргийг мөрдөж байна. 57 хүнд хологдох долоон хэргийг шүүх рүү шилжүүлсэн. 127 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсний 13 нь улс төрд нөлөө бүхий этгээд байна. УИХ-ын долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг мөрдөх байгууллага Ерөнхий прокурорт санал өгч, Прокурор УИХ-д санал оруулдаг. Энэ дагуу гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлдүүлэх саналаас нэг хүнийг буюу Т.Аюурсайхан гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.
107 хүнд таслан сэргийлэх, тэдний 24-т таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоо дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хорьж байна.
Нийт 227 обьект нэгжсэн. 10 мянга орчим хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. 13 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй тул 97 эд хөрөнгийг битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав. Үүнд хувьцаа, үл хөдлөх, хөрөнгүүд, банкуудын зарлагын гүйлгээ, тээврийн хэрэгсэл багтлаа. 630 сая төгрөгийг мөрдөн шалгах явцад хураасан.
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн холбогдогчдын талаар мэдээлэл өглөө. Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөрдөх байгууллагын зүгээс 2022 оны тавдугаар сараас эхлэн нэр бүхий гурван хүнд холбогдсон хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг хүчингүй болгох саналыг прокурорын байгууллагад нийт таван удаа гаргасан. Прокуророос дөрвөн удаа хянаад мөрдөн шалгах ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулах шаардлагатай гэдэг үндсэн дээр НПГ-аас буцаасан. Харин энэ оны гуравдугаар сарын 15-нд мөрдөх байгууллагаас дахин энэ асуудлыг тавьсан. Өөрөөр хэлбэл тус гурван хүнд холбогдох хэргийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох саналыг тав дахь удаагаа тавьсан.
Прокурорын байгууллагаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван хүн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гэм буруутай нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байхгүй гэж үзсэн учир яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон.
Ингээд Прокурорын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн дагуу НПГ-ын хэрэгсэхгүй болгосон тогтоолыг заавал дээд шатны прокурорын байгууллагаас хянах зохицуулалттай. Одоо бол хянан шалгах ажиллагаа НПГ-т явагдаж байна. Үүний дараагаар хэргийн оролцогч нарт тогтоолыг танилцуулна.
Холбоотой мэдээ