Дэлхийн банкнаас жил бүр шинэчлэн гаргадаг “Монгол Улсын эдийн засгийн тойм” тайланг өнөөдөр /2023.04.19/ танилцууллаа.
Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.7 хувиар өссөн бол цаашид уул уурхайн олборлолт болон экспорт тэлж, цар тахлын дараа үйлчилгээний салбар үргэлжлэн сэргэснээр 2023 онд 5.2 хувиар өсөх төлөвтэй байна. Үүнд хилийн боомтуудын үйл ажиллагаа жигдэрч, Оюутолгойн гүний олборлолт эхэлснээр уул уурхайн салбар эрчимтэй сэргэнэ. Мөн үйлчилгээний салбарын сэргэлт ихээр нөлөөлөхөөр байна гэж тайланд дүгнэжээ.
Хөдөлмөрийн зах зээл сайжрахын хэрээр өрхийн хэрэглээ тогтвортой түвшинд хадгалагдаж, улсын хөрөнгө оруулалт тэлснээр энэ онд эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна гэжээ.
Харин өвөлжилтийн хүндрэлээс шалтгаалан хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл саарах төлөвтэй. Мөн үйлчилгээний салбар, аялал жуулчлалын салбар сэргэх боломжтой. Нөгөөтэйгүүр ажиллах хүчний оролцооны түвшин цар тахлын өмнөх үеэс доогуур түвшинд хэвээр байна. Үүний зэрэгцээ өндөр инфляци, улсын салбарын өр, төсөвт дарамт учруулж болохуйц эрсдэлүүд, гадаад секторын тэнцвэргүй байдал болон уул уурхайн салбараас хэт хамааралтай байдал зэрэг нь эдийн засагт тулгамдаж буй гол асуудал болоод байна гэв.
"Уул уурхайн бус салбарыг бэхжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, ажиллах хүчний, ялангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Дэлхийн банкны суурийн төлөөлөгчийн үүргийг Түр орлон гүйцэтгэгч Тиласони Бенжамин Мусуку онцлов.
Тэрбээр "Байгалийн баялгийн бус салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах нь бүтээмжийг дээшлүүлж, түүхий эдийн үнийн цочролд өртөх эмзэг байдлыг бууруулах боломжтой" гэсэн юм. Эдийн засгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй хэд хэдэн эрсдэлүүдийг тайланд дурджээ. Тухайлбал, хөгжингүй орнууд мөнгөний бодлогын төлөвөө хүлээлтээс илүү хэмжээгээр чангаруулах, геополитикийн хурцадмал байдал даамжрах, Засгийн газрын өр төлбөрүүд их хэмжээгээр хуримтлагдах, нүүрсний экспорттой холбоотой тодорхой бус байдал хэвээр хадгалагдах зэрэг нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна гэжээ.
Уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр эдийн засгийн өсөлт 2024-2025 онд зургаан хувиас давж өсөх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
Төсвийн тогтвортой байдал, аливаа цочмог нөлөөлөлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд төсвийн сахилга бат, засаглалын реформууд чухал ач холбогдолтой болохыг тайланд онцолсон байна.
Холбоотой мэдээ