Төр өмчтэй байсан цагт бурхан Будда ч хулгай хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.04.19-нд нийтлэгдсэн

Төр өмчтэй байсан цагт бурхан Будда ч хулгай хийнэ

Төр өмчтэй байсан цагт бурхан Будда ч хулгай хийнэ

Төрийн өмч бол ялсан намын өмч байдаг. Тиймээс улс төрд өрнөж буй зодоон болгоны ард төсвийн мөнгө, төрийн өмч дээр хэн нэгэн хэрхэн эзэн суух тухай яригддаг. Түүнээс Ц.Нямдоржийн хэлсэнчлэн  “Эрдэнэт” зуун хувь ард түмний өмч боллоо гээд ард түмний өмч болчихсонгүй. Ялсан нам нь “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” гэх мэт төрийн өмчөө хувааж, хувьчилж авдаг, тэнд тэдний утсан хүүхэлдэйнүүд, цүнх баригчид төрийн томилгоотой очдог, эзэн суудаг, элдвийн шахаа хийдэг.  Энэ жишиг өнөөдөр төрийн бүхий л өмч дээр давтагдаж байна. Эцэст нь “Эрдэнэс Тавантолгой”-н Б.Ганхуяг шиг шоронд сууж мэдэх хувь тавилан Л.Наранбаатар, Ц.Ариунболд гэх хоёр залууг тойрохгүй, дайрах шинжтэй.

Б.Цэнгэл нь Л.Наранбаатарыг адгийн архичин болохыг олон нийтэд цоллов. Л.Наранбаатар нь Б.Цэнгэлийгээ шахаа хийсэн гэж хэвлэлд ярилцлага өгчээ. Нэг нь Төрийн өмч бодлого зохицуулалтын газрын дарга, нөгөө нь “Хөтөл цемент шохой” төрийн өмчит үйлдвэрийн гүйцэтгэх захирал. Хувь хүмүүс хоорондоо хэрэлдэж эвлэрэх нь байдаг асуудал, гэхдээ төрийн өмч гэж байсан цагт нэг нь шахаа хийсэн, нөгөө нь хөрөнгө, мөнгө шамшигдуулсан гэх энэ мэт хэрүүл, зарга, хулгай хуйвар тасрахгүй.

Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 23-ны хуралдаанаар Ч.Сайханбилэгийн засгаас 2015 онд гаргасан "Хөтөлийн цемент, шохой" үйлдвэрийг хувьчлах  тогтоолыг хүчингүй болгосон. Ингээд тус үйлдвэр төрийн мэдэлд шилжиж, гүйцэтгэх захирлаар нь Л.Наранбаатарыг томилсноос хойших есөн сарын  санхүүгийн балансыг шалгахад 462 тэрбум 551.8 сая төгрөгийн зөрчил илэрчээ.

Аудитын дүгнэлтийн мөрөөр АТГ-аас энэ сарын 17-ны өдөр "Цемент Шохой" ТӨХК-ийн  гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын гэр болон оффисын өрөөнд нэгжлэг хийж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Тэгвэл мөн оны дөрөвдүгээр сард "Кью Эс Си" ХХК-ийн эзэмшиж байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” концессын гэрээг Засгийн газраас мөн цуцлах шийдвэр гаргаж, төрд буцааж авсан билээ. Харамсалтай нь, тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболдыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэргээр  яллагдагчаар татан шалгаж, харин "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн газрын дарга С.Энхзоригийн өрөөг нэгжсэн байна. Ийнхүү “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий хоёр ч үйлдвэрийг төрийн өмчид авснаар,  үйл ажиллагаа нь өөдөлсөнгүй, төрийн томилгоотой, намын даалгавартай очсон захирлууд нь эхнээсээ энэ мэт хулгай, луйврын хэргээр дээлээ нөмрөхөд хүрч байна.  Төрд бугшсан хулгайтай тэмцмээр байгаа бол төрд "илүүдсэн" өмчүүдээ хувьчлах ганцхан гаргалгаа байна. Төр цемент шохойтой зууралдсанаараа хүчтэй, мөнгөтэй төр болчихдоггүй юм.

Төрийн өмчийн тоо нэмэгдэх тусам нэг талдаа төрөөс төрсөн тэрбумтнуудын жагсаалт, нөгөө талдаа  цагаан захтнуудын хулгай луйврын хэрэг геометрын прогресс шиг өсөх болсон.

Төрийн өмчийг бодлогоор зохицуулах үүрэгтэй Б.Цэнгэл шахаа хийсэн нь, төрийн өмчийн үйл ажиллагааг сайжруулах, үгүйдээ хэвийн ажиллуулах даалгавартай Л.Наранбаатар хөрөнгө зувшуулсан нь үнэн бол адилхан гэм буруутай, хэний хүн, ардаа ямар татаастай бай хамаагүй, хийсэн гэмт үйлдэлдээ хариуцлагаа хүлээх нь шударга ёс.

Төр өмчтэй байсан цагт дараагийн Б.Ганхуяг, дараагийн Л.Наранбаатар “төрнө”. Тэгж ярих юм бол Хуулийн сайд Х.Нямбаатар өөрийн гараараа Т.Бадамжунай, Х.Баттулга нарыг барьж шоронд хорилоо ч, данхар төрөөс дараагийн Женко, дараагийн Жунай дахиад гарч ирэх нь дамжиггүй.

Төрд хоёр төрлийн өмч байдаг, нэгийг нь үнээ болгодог, нөгөөг нь гахай болгодог. Үнээг нь төрд аль нам ялж, хэн нь дарга болно, тэд сааж “амьдардаг”. Гахай нь үйл ажиллагааг нь дампууруулах замаар өөрсдөө зах зээлийн үнээс хамгийн хямдаар  хувьчилж авдаг.

Монголд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит 170, орон нутгийн өмчит 270 компани байдаг, тэдгээр аж ахуйн нэгж өнгөрсөн 2022 онд нэг их наядын ашигтай ажилласан ч эсрэгээрээ алдагдал нь 18 их наяд хүрсэн нь ТӨБЗГ-ын даргын бодлогын үр дүн. Жишээ нь, “MCS”, “Таванбогд”, “Оюутолгой” 90 хувийн алдагдалтай, 10 хувийн ашигтай ажилласан бол дампуурлаа хэдийнэ зарлаж, тэнд хэн нэгэн дарга нь шахаа хийж, архи ууж ажлаа таслах аваас хэзээний ажлаа өгчихсөн байгаа. Харин төрийн өмч дээр "би, чи, чи би" гэсэн хэрүүл зарга үргэлжилдэг, нэг удирдлагыг нөгөө удирдлагаар сольсон ч өгөөж нь бага, үр ашиг муутай.

Хөгжлийн банкны найдваргүйд тооцогдсон 1.6 их наядын зээлийн 874 нь төрийн өмчит найман компанийнх. Хувийн хэвшлийг хууль, шүүхтэйгээ нийлж “чихдэж” авчраад өрийг нь төлүүлж байна. Өрөө төлөөгүй нэгнийх нь өмч хөрөнгийг нь хураачихаж чадаж байна. Харин банкны мөнгөөр “банкаад” хийсэн төрийн өмчит компаниудын дарга нар ял шийтгэлгүй, ямар ч гэмгүй үлдэж буй нь шударга бус. Зүй нь, Хөгжлийн банкнаас авсан зээлээ зөв зарцуулсан, зарцуулахдаа дундаас нь завшсан эсэхийг хууль, шүүх шалгах, нотлох ёстой.

“Эрдэнэс Тавантолгой”-г 2015 онд Монголын “MCS”, Хятадын “Шинхуа”, Японы “Сумитома”-д эдийн засгийн эргэлтэд оруулахаар өгсөн бол  өдийд 40 их наядын хулгайг илрүүлэх гэж Л.Оюун-Эрдэнэ толгойгоо гашилгах биш тэднээс татвараа тултал нь аваад, түүнийгээ юунд зарцуулах талаар бодож суух байлаа. Төмс тарьчихаад алим ургана гэж хүлээдэг тэнэг тариачин байхгүй. Гэтэл монголчууд  мухар төмөр зам тавьчхаад эдийн засаг сайжирна, экспортын орлого нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй сууж байна.

Бизнесээс тэрбумтан төрөх нь сайн, тухайн хүн морь, нохой мэт ажилласаны шан. Харин төрөөс тэрбумтан төрөх нь муу, чөлөөт зах зээлд халтай, тухайн хүн төрийн өмчийг үнээ, гахай болгожээ гэсэн үг.  Монголд төрийн өмчит үйлдвэрийн даргын халаас нь зузаарч, компанийн данс улайдаг урвуу хамааралтай, улсын өмчид гахай илүү эрхтэй байдаг нь бичигдээгүй хууль  болсон.

Засгийн газраас нисгэсэн “Шувуу”-нд хамгийн түрүүнд хамгийн эхэнд шүүрүүлж, Филиппинээс Монголд баривчлагдан ирсэн Т.Бадамжунайг хүргэн ах нь бурханы шашинд өглөг их өгдөг, “Ловон” шахуу юм ярьсан бол АТГ-аас нэр зааж зарласан нүүрсний 17 хулгайчийн нэгээр тодрохдоо Ц.Анандбазар бурханы шавь болохоо хэлнэ лээ.  Яг үнэндээ Бурхан Буддаг төрийн өмчийн даргаар томилсон ч хулгайч, луйварчин болж дуусна, төрийн өмч эзэнгүй өмч байдаг нь бодит амьдрал дээр ч батлагдсан, онолын хувьд ч нотлогдсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж