Ромын пап Францис ирэх есдүгээр сард Монгол Улсад аялах талаар эх сурвалжууд мэдээлж байна. Ингэснээр тэрбээр Монголд айлчилсан анхны Ромын пап болох юм. 3.4 сая хүн амтай Монгол Улсад 1300 орчим католик шашинтан байдаг гэх судалгаа бий.
Ромын пап 2021 оноос хойш гадаад айлчлалууддаа "ITA Airways" компаниар үйлчлүүлж байгаа. Тэрбээр дөрөвдүгээр сарын 14-нд тус компанийн удирдлагуудтай уулзаж, айлчлалын товуудаа ярилцах үеэрээ ирэх есдүгээр сард Францын өмнөд хэсгийн Марсель боомт хотод айлчлах бөгөөд тэндээсээ шууд Монголд очих төлөвлөгөөтэй байгаагаа дуулгажээ. Үүнээс ч өмнө өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Суданаас эргэж ирснийхээ дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр Монголд очно гэдгээ хэлж байсан.
Францис пап дөрөвдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Унгарт айлчлах бөгөөд наймдугаар сарын 1-6-ны өдрүүдэд Португалд очно. Харин есдүгээр сарын 23-нд Марсель хотноо Газар дундын тэнгисийн хамба нартай уулзалт хийх аж. Улмаар Францаас шууд Монголд ирэх бололтой байна.
Ватиканы хувьд Ромын папын Монгол дахь айлчлал нь стратегийн ач холбогдолтой. Ватикан нь хамба нарыг томилох журмыг тодорхойлсон Хятад, Ватикан хоорондын хэлэлцээрийг илт зөрчсөнөөс үүдэн Бээжинтэй харилцаагаа муутгасан.
Францис пап өнгөрсөн 2022 оны наймдугаар сард Италийн хамба Жоржио Маренгог Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод суух элчээр томилсон. Тэрбээр Ватиканаас Монголд суух анхны хамба болсон. Өдгөө 48 настай Жоржио Маренго нь 2003 оноос хойш Монголд байрлан ажиллажээ.
ЭХ СУРВАЛЖ: CATHOLIC NEWS AGENCY, REUTERS
Холбоотой мэдээ