БАЙР СУУРЬ: Банкууд IPO хийх эхлэлийг тавьж чадсан нь том амжилт

Хуучирсан мэдээ: 2023.04.19-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Банкууд IPO хийх эхлэлийг тавьж чадсан нь том амжилт

БАЙР СУУРЬ: Банкууд IPO хийх эхлэлийг тавьж чадсан нь том амжилт

УИХ 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болж эхэлсэн. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч хуулийн үйлчлэх хугацааг нэг жилээр буюу 2023 оны зургадугаар сарын 30 болгож сунгасан. Өнөөдрийн байдлаар системийн нөлөө бүхий таван банкнаас Голомт, ХААН, Төрийн банкууд олон нийтэд хувьцаагаа санал болгосон бол Худалдаа хөгжлийн банк, Хас банкны IPO гаргах асуудал хүлээгдэж байгаа билээ.

Зарим шинжээчид дотоодын болон олон улсын байгууллагууд банкууд IPO гаргахад эрт байна гэсэн сануулга өгөөд байхад яаран сандран хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжиж буй нь эргээд эрсдэл дагуулж болзошгүйг хэлж буй юм. Харин зарим эдийн засагчид банкны хувьчлал цагаа олоогүй, ёс төдий боллоо гэж дүгнэж байгаа билээ. Бид энэ асуудлаар эдийн засагчдын байр суурийг сонирхсоноо хүргэе.


"ӨМНӨ НЬ ХОЁР БАНК ХУВЬЦАА ГАРГАЖ, ЗАХ ЗЭЭЛЭЭС 20 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОСОН Ч ЗАЛУУС ЗОЛИОС БОЛСОН"

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.ЛХАГВАЖАВ:

-Банкуудын IPO гаргаж, олон нийтэд нээлттэй болох үйл ажиллагаа хэр амжилттай явагдаж байна гэж та хэлэх вэ? Цагаа олсон зөв шийдвэр байсан гэж бодож байна уу? 

-Банкуудын санхүү ил тод байх үйл явц сүүлийн арваад жил яригдсан. Хууль гараад, банкууд эхнээсээ хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэлсэн. Уг нь энэ хууль хэрэгжээд, жил гаруйн өмнө банкууд IPO-гоо гаргачихсан байх ёстой ч хойшилсон. Түүний гол шалтгаан нь мэдээж ний нуугүй хэлэхэд, өнөөдрийг хүртэл банкны систем IT-гийн менежмент бага хийж байсан. НӨАТ-ын систем орж ирснээр банкууд хоёр жилийн дараа буюу 2018 оноос эхлээд улсын үйлдвэрийн газартай төстэй дэд бүтэц бий болгож, IT-гийн үйл ажиллагаа эрчимжсэн. Хамгийн наад захын жишээ гэвэл, картын гүйлгээ зөвхөн долоохон хувьтай байсан, одоо 99.97 хувь болсон. Үүний цаана бүх гүйлгээ банкин дээр явж байна гэсэн үг. Өмнө нь хойшилсон шалтгааныг IT чиглэл нь хоцрогдсон байсан, томхон компаниуд нь тэрийгээ гүйцэх гэж жаахан хугацаа хожсон болов уу гэж би бодож байгаа юм. Үүн дээр IT-гийн хувьд өөрчлөгдсөнийг илтгэх сүүлийн үед M банк гэж гараад байгаа шүү дээ. Бараг зургаа, долоон жил эрхийг нь өгөхгүй саатуулсан байгаа юм. Шалтгаан нь бас л энд байсан IT-гийн технологи нь хоцрогдсон байсан тул шинэ технологи, шинэ менежмент хайж байсан л даа. Одоо хүссэн хүсээгүй энэ чиглэл рүү явж байна. IT-гийн технологи, дээр нь нийтийн халдгаламж эргэлддэг учраас ил тод байх ёстой. Covid-ын гурван жилд банкны хувьцааг монгол хүн биш гадныхан авчих болов уу гэсэн айдас  байсан, одоо гайгүй байна. Зарим нь өндөр хувьтай авсан. Тиймэрхүү үйл явц ажиглагдсан. Энэ ажил эрчимтэй явах байх аа. Өмнө нь хоёр банк хувьцаа гаргасан. Хоёулаа унасан. Тухайн үед хоёулаа зах зээлээс 20 тэрбум төгрөг босгож байсан байх. Тэр залуус хөөрхий минь урьдчилж хийгээд, Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж аль аль нь эдгээр залуусын хийсэн юмнаас хоцорсон байсан учраас тэд дампуурсан. Банкууд IPO гаргахад тэр хоёр банк золиос болсон, энэ нь банкуудад маш их туршлага болсон.

-Банкууд IPO гаргах нэрээр хүүгүй мөнгө татаж байна гэсэн шүүмжлэлтэй та санал нийлэх үү? 

-Хөрөнгийн бирж дээр гарах үйл явцтай холбоотойгоор ерөнхийдөө нэг жилийн хугацаанд зах зээл рүү ерөөсөө мөнгө гараагүй. Гол шалтгаан нь активаа өндөр харуулахын тулд чанаргүй зээлийг аль болох байхгүй байлгах зорилго. Үүнд тусалсан нь мэдээж өндөр хүү тогтоож өгсөн манай Төв банк. Хадгаламж, зээлийн хүүний зөрүүн дээр амьдарч байгаа компаниуд. Тийм учраас үнэт цаас гаргахтай холоотойгоор банкууд ерөөсөө зээл гаргаагүй. Энэ бол зах зээлд нөгөө талаасаа сөргөөр нөлөөлж байна. Мөнгө хөрөнгө дутагдаж байна. Ковидын үед бид 10 их наяд төгрөг хэвлээд оруулсан шүү дээ. Төмөр зам барих нэрийн дор. Үүнээс үүдэн мөнгөний алдагдал болон мөнгөний уналт бий болсон. Зах зээл дээр микро эдийн засагт хэрэгтэй мөнгөний хэрэгцээ байдаг, банкууд гаргахгүй, үүнээс болж мөнгө дутагдах үйл явц нийгэмд их байна. Мэдээж үнэт цаас гаргасныхаа дараа нөхөгдөж хийгдэх байх. Асуудал юунд байна вэ гэхээр, сүүлийн найман жил Засгийн газар үнэт цаас гаргасангүй. Зөвхөн Монголбанк гаргаж байна. Монголбанк арилжааны банкны алдагдлыг татвар төлөгч бидний мөнгөөр Монголбанкны алдагдал маягаар л төлж байна. Төв банкны алдагдал таван их наяд төгрөг байгаа юм. Энэ таван их наядаас аль ч засгийн газар төлөөгүй байна. Тэтгэврийн зээл тэглэж, төмөр зам барьж байна гэх мэтчилэн дандаа мөнгө хэвлээд оруулчихсан. Энийг Засгийн газар төлдөггүй, төв банк алдагдал хүлээгээд байдаг. Дундаж хүүний өсөлт, арилжааны банкуудын алдагдлыг хаацайлахын тулд дахиад татвар төлөгч нарт л ачаа нэмээд байгаа юм. Макро эдийн засагт нөлөөлөхөөр энэ их мөнгөнд зохицуулалт хийж чадахгүй бол өөр зохицуулалт хийгддэг. Сая ковидын үед мөнгө эргэхгүй, гаргахгүй байх үеийг ашиглаад бараг хоёр их наяд төгрөгөөр койн худалдаж авсан нь иргэдэд их нөлөөлсөн. Баахан гомдол яваад байгаа. Тэгэхээр макро эдийн засагт нөлөөлөхөөр мөнгөний эргэлтээ хийж чадахгүй бол сайн дурынхан  хийгээд явна. Аль аль нь мөнгө эргэлтээ гацаасан үеийг далимдуулж, тэр их мөнгө койн руу урсаж орж байгаа байхгүй юу. Том мөнгөний урсгалуудаа хянаж байх нь төв банкны үүрэг.

-Хоёр их наяд төгрөг гэдэг хайран юм…

-Харин тийм. Энэ хоёр их наядыг хянаагүйн төлөө Төв банк ч, Засгийн газар ч хариуцлага үүрэх ёстой. Койн гарч байх үед би өөрийн фэйсбүүкээр бичиж л байсан. Эцсийн эцэст төр гэдэг бол хулгайчаас иргэнийхээ эд хөрөнгийг, дээрэмчнээс амь насыг нь аварч хамгаалах үүрэгтэй. Гэтэл улаан цайм хэдэн тэрбум төгрөг мэдэдэхгүй юм руу урсаад орохоор хянаж байх ёстой газрууд нь хэзээ хойно мэдэгдэл өгсөн болоод арьсаа хамгаалцгаасан. Санхүүгийн зохицуулах хороо ч тэр, Төв банк ч тэр хэзээ хойно мэдэгдэл гаргаж байсан. Энийг сайн ажиглаж байх ёстой.

Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 101.1 (4.8 хувь) төгрөгөөр өссөн статистик дүн гарлаа. Чанаргүй зээлийн улмаас банкны хувьцаа эзэмшигчдэд ирээдүйд эрсдэл учрах вий гэсэн болгоомжлол байна. Та юу хэлэх вэ? 

-Одоо хямралын цикл. Сая ковидоор дэлхий даяар хямарсан. Америк 4 их наяд ам.доллар, Европын холбоо 2020 онд 800 тэрбум евро хэвлэсэн. Гэхдээ энэ мөнгүүд нь тухайн улсын төсвийн 10 хувь. Манай улс улсынхаа төсвийн 60, 70 хувьтай тэнцэх буюу 10 их наяд төгрөг хэвлэсэн. Одоо мөнгө хэвлэсний дараахь бүх уналт явагдаж байна. Энэ нь бүх улсад явагдсан үйл явц. Эндээс хэн яаж бага эрсдэлтэй гарах вэ гэдэг дээр сая уралдаан болсон. Сая Америкт банкууд дампуурсан. Цахиурын хөндийн банк ерөөсөө л Засгийн газрынхаа бондыг авчихсан байхгүй юу. Долларын ханш унангуут Америкийн төв банк хүүгээ өсгөөд, Засгийн газрын үнэт цаасыг унагасан. Тэгж байж 10 жилийн дараахь мөнгөний үнэ цэн тэнцэж очно. Энэ хоёр зөрүүний тоглолтын улмаас саяын банк дампуурч байна.


"БАНКУУДЫН IPO ГАРГАХ АЖИЛ БОЛОМЖИЙН ХЭМЖЭЭНД ЯВАГДАЖ БАЙНА"

Эдийн засгийн ухааны доктор Р.ДАВААДОРЖ:

-Банкуудын IPO гаргаж, олон нийтэд нээлттэй болох үйл ажиллагаа хэр амжилттай явагдаж байна гэж та бодож байна вэ?

УИХ 2021 оны нэгдүгээр сард Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд хувьцаат компани болох боломж нээгдсэн. Банкны салбарын нөлөө бүхий /банкны салбарын таваас дээш хувийг эзэлж буй/ таван банк нээлттэй хувьцаат компани байхаар хуульчилсан. Хаан, Худалдаа Хөгжил, Голомт, Төрийн банк, Хас банк нээлттэй хувьцаат компани болох эхлэл тавигдсан юм. Банкууд олон нийтийн болж, компанийн засаглал, ил тод байдал, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлж байгаа нь Монголын санхүүгийн салбарт, хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал үйл явдал. Олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох ажлыг Төрийн банк эхлүүллсэн. Төрийн банкны хувьцааны 20 хүртэлх хувийг үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан. Өнгөрсөн жил таван хувь, энэ оноос нэмээд 15 хувийн хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгох байх. Одоо ХААН банк нээлттэй хувьцаат компани болох үйл ажиллагаа ид явагдаж байна. Ер нь банкуудын IPO гаргах ажил боломжийн хэмжээнд явагдаж байна.

-Банкны хяналтын тогтолцоог сайжруулж байж IPO гаргах ёстой байсан гэж эдийн засагчид хэлдэг. Цагаа олсон шийдвэр мөн байсан гэж та үздэг үү?

-Иргэд хувьцаа эзэмшигч, өгөөж хүртэгч болох боломжийг банкууд олгох болсон нь үнэхээр зөв бодлого. 2010 оноос эхлэн дэлхий нийтэд ийм үзэгдэл эрчимжсэн. Банкны салбарт реформ хийх болсон шалтгаан нь зах зээлд эргэлдэж буй мөнгийг цөөн хүн удирдах бус, олон нийтийн хяналт дор эрүүл үйл ажиллагаа явуулах боломж бий болгож байгаа юм. Улс орныхоо санхүүгийн гол зуучлагч банкны салбарын нэр нөлөө бүхий банкууд хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгаад зогсохгүй өрсөлдөөнийг түргэсгэх зорилготой. Манай улсын голлох банкууд нийт хувьцааныхаа 10 орчим хувийг нийтэд санал болгож байгаа нь харин чамлалтай. Гэхдээ ямар ч байсан эхлэлийг тавьж чадсан нь том амжилт. Элдэв зовлон тоочоод байвал хойшлоод л байна. Манай санхүүгийн салбарын бараг 90 хувийг банкууд эзэлж байгааг олон улсын санхүүгийн байгууллагууд шүүмжилсээр ирсэн.

Яг өнөө цагт цагаа олсон шийдвэр мөн эсэхийг хэлэхэд хүндрэлтэй. Гадаад нөхцөл байдал сайнгүй байна. Банкны салбар бол итгэлцэл дээр суурилсан бизнес. Активынхаа хэмжээгээр АНУ-д 16 дугаарт бичигддэг, 212 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, 175 тэрбум ам.долларын хадгаламжтай "Silicon Valley Bank" (SVB) банк гуравдугаар сарын 11-нд дампуурлаа зарласан. Мөн “Signature Bank” дампуурч байгаа нь Америкийн санхүүгийн зах зээлд томоохон доргилт болж байна. Швейцарын томоохон банк "Credit Swiss"-ийн санхүүгийн байдал хүндэрч, хувьцааны ханш нь 24 хувиар унаж, түүхэн доод хэмжээндээ хүрчээ. Энэ үзэгдэл гинжин хэлхээ мэт үргэлжлэх юм биш байгаа гэдэг айдас байсаар байна.

-Банкууд IPO гаргах нэрээр хүүгүй мөнгө татдаг болсон гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Банкууд цаашид амжилттай хөгжихөд зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын хөрөнгийг татахын тулд хувьцаа гаргаж байна. Нөгөө талаас иргэд, аж ахуйн нэгжүүд ашиг олохын тулд банкны хувьцаа худалдан авч байгаа. Хувьцааны үнийн өөрчлөлт янз бүрийн хүчин зүйлээс шалтгаална. Гэхдээ юуны түрүүнд тухайн үнэт цаасны үнэ цэн түүнийг гаргасан банк хэр амжилттай ажиллаж байгаагаас хамаарна. Өнөөдрийг хүртэл туршлагатай мэргэжилтнүүд хувьцааны үнийн өөрчлөлтийг өндөр нарийвчлалтайгаар урьдчилан таамаглах боломжгүй байдаг. IPO гэдэг нэр томъёо нь компани зах зээлд гарах, тухайлбал, хувьцаагаа хөрөнгийн бирж дээр анхлан байршуулах гэсэн үг юм.

-Банкуудын чанаргүй зээл өссөн үед хувьцаа буцаж өсөх нь эргэлзээтэй. Тиймээс эрсдэл учирвал хэн хариуцах вэ гэсэн асуудал гарч ирж байна. Та юу хэлэх вэ?

-Мөнгөний нийлүүлэлт (M2) 2023 оны гуравдугаар сарын эцэст 30.9 их наяд төгрөг болжээ. 2016 онд энэ үзүүлэлт бараг гурав дахин бага байсан. Валютын хадгаламж 6.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр өсчээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны гуравдугаар сарын эцэст 1.4 их наяд төгрөг буюу нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.0 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2023 оны гуравдугаар сарын эцэст 2.2 их наяд төгрөг болсон нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.6 хувийг эзэлж байна. Эдгээр үзүүлэлтүүдийг харвал банкны салбарын байдал тийм ч сайн биш байна.


“НЭГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ 20 ХУВИАС ДЭЭШ ХУВЬЦАА ЭЗЭМШИХГҮЙ ГЭСЭН ЗААЛТ ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ БОЛОХ БАЙХ”

Санхүүч Г.БАТЖАРГАЛ:

-Банкуудын IPO хэр амжилттай хийгдэж байгаа талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Банкуудын IPO амжилттай хийгдэж байна. Яагаад гэхээр банкуудын олон нийтэд гаргаж буй хувь бага байна. Өндөр хувиар гаргавал дүүргэж чадахгүй. Багаар гаргаж байгаа учраас харьцангуй гайгүй. Хоёрдугаарт, банк өөрөө санхүүгийн системийн хамгийн том мөнгө эргэлддэг салбар. Бүх хүн банктай харьцаж байна. Мөнгө байгаа учраас харилцагч нарынхаа үнэмлэхүй давуу талаа ашиглаж IPO амжилттай болж байна гэсэн үг. Банкны шинэчлэл үүгээр дуусаагүй. 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор нэг хувьцаа эзэмшигчид 20 хувиас дээш хувьцаа эзэмшихгүй гэсэн заалт бий. Тэр хамгийн том асуудал болох байх. Одоо 10, 15 хувьтай гаргаад байна. Тухайлбал, ХААН банкны хувьцаа эзэмшигч тав байлаа гэхэд холбоотой этгээдээрээ нийлээд нийлээд 20 хувь хэтрэхгүй байхгүй юу. Энэ задаргаа яаж явах вэ гэдэг хамгийн чухал. IPO-гоос өөр тусдаа асуудал болоод явчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, би 40 хувь эзэмшдэг байлаа гэхэд хаалттай хүрээнд, 20 хувиа өөр хүнд шилжүүлэх юм уу, зарах болно. Тэгэхээр яах вэ. IPO-гоо шахаж хийж байхад дахиад хөрөнгө оруулагч нартай холбоотой асуудал үүсвэл зах зээлийн багтаамж байхгүй гэдэг утгаар хуулийг хойшлуулна гэдэг чиг явж магадгүй л байх.

-IPO гаргах нэрээр хүүгүй мөнгө татаж байна гэсэн шүүмжлэл бий. Та санал нийлж байна уу?

-Зардалгүй мөнгөтэй болчихож байна гэсэн үг. Яагаад вэ гэхээр, банкны ихэнх буюу 70-80 хувь нь стратегийн хөрөнгө оруулагч байдаг. Тэгэхээр банкууд стратегийн хөрөнгө оруулагчаа ийм ийм давуу талтай гээд харилцагч нартаа санал болгочихож байгаа юм. Гэхдээ бүр ч зардалгүй гэж бас хэлж болохгүй. Дараа нь ногдол ашиг тараана. Ногдол ашиг тараахдаа тухайн банк хэрхэн ашигтай ажилласнаас хамаараад, тухайн жилийнхээ хадгаламжийн хүүнээс болж өгвөл өндөр өгөх байх. Тэгэхээр огт зардалгүй биш, гэхдээ тухайн жилийн өдөр бүр хуримтлагддаг байсан хүү чинь жилийн дараа дотроо зардал нь гүйж байна гэсэн үг. Хувьцаа эзэмшигчдийн нийт хурлаараа бид энэ жил ногдол ашиг тараахгүй гээд шийдвэр гаргачихвал зардалгүй мөнгө болж таарна гэсэн үг. Банкны хувьд эхний жилд ашигт ажиллагаа нь нэмэгдэж таарах нь байна шүү дээ. Яагаад вэ гэвэл хадгаламжийн хүү төлдөг байсан бол тэр нь байхгүй болоод, багасч байна л гэсэн үг болж байгаа юм.

-Банкууд IPO амжилттай хийсэн ч чанаргүй зээл өсөөд байвал бас асуудал үүсэх болов уу?

-Чанаргүй зээл өсвөл банкны ашигт ажиллагаа багасна. Гэхдээ одоо байгаа системийн нөлөө бүхий банкууд олон жил үйл ажиллагаа явуулсан, зах зээлийн харилцагч нараа таньсан учраас өөрийн үйл ажиллагаанаас үүдэн банкийг дампууруулах эрсдэл бараг байхгүй. Одоо дайны байдал сунжраад, цаашид нийтээрээ өөр эрсдэл гарвал асуудал гарч магадгүй. Түүнийг өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, банкны тогтвортой байдлын тухай хуулийн төслийг Баярсайхан ерөнхийлөгч байхдаа өргөн бариад, систщмийн нөлөө банкууд руу 250 орчим тэрбум төгрөгийг дүрмийн санд нь хийж аврах төлөвлөгөөг баталсан. Бүр гурав, дөрвөн жилийн өмнө, ОУВС-гийн AQRтай холбоотойгоор. Тэр хууль хүчинтэй байгаа байх. Тэгэхээр систщмийн нөлөө бүхий банкууд дампуурах эрсдэл бага гэж ойлгож болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж