Эхлээд сонгуулиа өгчихвөл дараа нь “бүүлэх” шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2023.04.19-нд нийтлэгдсэн

Эхлээд сонгуулиа өгчихвөл дараа нь “бүүлэх” шаардлагагүй

Эхлээд сонгуулиа өгчихвөл дараа нь “бүүлэх” шаардлагагүй

Хэд хоногийн өмнө сагсан бөмбөгийн лигийн шигшээ тоглолтыг үзсэн Ерөнхийлөгчийг ордонд хуран цугласан олон “бүүлж”, таагүй хүлээн авав. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн У.Хүрэлсүх угтаа талцаж, хуваагдсан сагсан бөмбөгийн холбоог чөлөөт бөх, үндэсний бөхийн холбоог эвлэрүүлэн зуучилсан шигээ нэг талд нь гаргасан ачтан гэмээр. Үүнд ч холбооны удирдлагууд нь ач санаж, лигийн аваргын цомоо Ерөнхийлөгчийн нэрэмжит болгосон аж.

Гол асуудал нь Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог. Гэтэл иргэд сонголтоо үгүйсгэж, эргээд “бүүлж” байгаа нь харамсалтай. Дараа нь ухаарсан, харамссан сонголт хийхгүйн тулд бид саналаа өгч, хий хоосон тэнгэрийн амлалтад хууртагдахгүй байх нь чухал.

2021 онд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахдаа нийт сонгуульд оролцогсдын 67.69 хувь буюу 823,326 хүний санал авсан. Сонгуулийн насны нийт 2 сая гаруй хүнээс 1.2 сая нь саналаа өгсөн түүхтэй. Бүхэл бүтэн 800 мянган иргэн саналаа өгөөгүй гэхээр бидний зарим нь улс орон, өөрсдийнхөө ирээдүйд төдийлөн санаа зовнидоггүй эсвэл саналаа өгөх боломжоор нь хангадаггүй гэлтэй.

Насны тухайд 20-29 насныхан сонгуульд идэвх муутай оролцдог гэх судалгаа бий. Тодруулбал, 20-24 насныхны 43.7 хувь, 25-29 насныхны 46.3 хувь тус тус саналаа өгчээ. Энэ насны сонгуульдаа оролцоогүй хүмүүс “UG” аренад Ерөнхийлөгч рүү “бүүлсэн” гэхэд эргэлзэх зүйл алга.

Гэтэл нөгөө талд 55-70+ насныхан 70 болон түүнээс дээш хувьтай саналаа өгч, улс орны ирээдүйн дүр зурагт үлэмж нөлөө үзүүлж байна. Сонгуулийн дараа, жагсаал бүрээр “Эмээ, өвөө нар саналаа худалддаг”, “Залуучууд бид энэ улсад амьдарч чадахгүй байна”, “Гадагшаа явбал ямар ч ажил хийсэн яах вэ?”, “Энэ улсаас зайлуулдаг пост” гэх мэтээр ярьдаг, бичдэг гэм биш зан, гэнэтийн биш эртний явдал бий.

Ирэх жил сонгууль болно. Тэр үед ардчилсан улсад амьдарч байгаа гэдгээ мэдэрч, сонгуульд саналаа өгөх эрхээ эдлээрэй. Саналаа өгөөд сонгосон УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчөө тааруу ажилвал “бүүлэх”, шүүмжлэх эрх нь та нарт бий. Тэрнээс биш сонгуулиа өгөөгүй байж дараа нь бусдын сонголтыг шүүмжлэх, харлуулах нь учир дутагдалтай. Эхлээд сонгуульдаа оролцож, сонголтоо зөв хийчихвэл дараа нь “бүүлэх” шаардлагагүй гэдгийг санаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж