Сурвалжлага: Шинэ номын санг барихаар дахин тендер зарлажээ

Хуучирсан мэдээ: 2023.04.19-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Шинэ номын санг барихаар дахин тендер зарлажээ

Сурвалжлага: Шинэ номын санг барихаар дахин тендер зарлажээ

Гадна талбайдаа хэсэгчлэн блок, хавтан хураагаад удсан байдалтай харагдана. Хамгаалалтын ажилтан нь "Барилгын ажил түр зогссон. Дотогш хүн нэвтрүүлэх боломжгүй" гэдэг хариултыг өгөв. Энэ бол Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Америкийн Элчин сайдын яамны чанх урд баригдаж буй Үндэсний номын сангийн шинэ барилга.

Энэ номын сан шинэ барилгаа удтал хүлээж буй. Төлөвлөгөө ёсоор 2022 онд үүдээ нээх ёстой байв. Гэвч нээлтээ хийх дөхсөн барилгын ажил өнөөдрийг хүртэл бүрэн дуусаагүй. Албаныхны мэдээлснээр,  11 давхар, 9948.2 ам метр талбай бүхий шинэ байр 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэв. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа Үндэсний төв номын сангийн шинэ барилгын асуудлыг сурвалжиллаа.

ШИНЭ НОМЫН САНГ ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Анх 2008 оноос эхлэн шинэ байрны асуудал яригдаж, 2014 оноос барилгын ажил эхэлжээ. Гэвч төсөв, санхүүгийн улмаас барилгын ажил удааширч, 2017 оноос ажил нь эхэлсэн байдаг. Шинэ номын сангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” компани ажиллаж байв. Гэвч гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нас барж, цаашлаад хүүхдүүдийн хооронд өвийн асуудал үүссэнээс болж, ажлыг гүйцэтгэх чадамжгүй болсон байна. Тиймээс шинэ гүйцэтгэгч оруулахаас өөр аргагүй болжээ.

Улмаар 2023 оны гуравдугаар сард дахин тендер сонгон шалгаруулалт зарлаж, одоогийн байдлаар гурван барилгын компани оролцож байгаа аж.

Тендер сонгон шалгаруулалт амжилттай болбол тавдугаар сарын эхээр хамтран ажиллах гэрээ байгуулж, есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Үндэсний төв номын сангийн гүйцэтгэл 90 хувьтай байгаа ч анх төсөвт тусгахдаа дотоод интерьер зураггүй хийсэн байна. Тиймээс интерьер дизайны зураг төслийг "Сая санаа" ХХК хийж гүйцэтгэж дуусчээ. Улмаар интерьер дизайн, дотоод засал чимэглэлийн ажилд шаардагдах зардал 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг 2023 оны улсын төсөвт тусгасан байна.

ШИНЭ НОМЫН САНГИЙН БАРИЛГА 19.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВТ ӨРТӨГТЭЙ

Барилгын асуудлаар Соёлын дэд сайд М.Батбаяраас тодруулахад "Үндэсний номын сангийн шинэ барилгыг 2014 онд эхэлж, нийт ес дэх жилдээ үргэлжилж байна. Нийт 19.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас шалтгаалж, барилгын ажил хэд хэдэн удаа саатсан байдаг. Сүүлд 2021 он хүртэл барилгын ажил боломжийн явцтай үргэлжилсэн. Гэвч харамсалтайгаар гүйцэтгэгч компанийн эзэн нас барж, барилга угсралтын ажил 2022 онд бүрэн зогссон.

Соёлын яам, Барилгын хөгжлийн төв, зураг төслийн зохиогч байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, энэ барилгын үлдсэн ажлын тоо хэмжээ, гүйцэтгэлийн хувь, цаашдаа хийж хэрэгжүүлэх ажлын бодит хэмжээг тодорхой болгосон. Үүний дагуу мэргэшсэн төсөвчнөөр төсвөө хийлгэсэн. Төсвийн хүрээнд Барилгын хөгжлийн төвийн Улсын экспертизээр төсвөө хянуулсан. Ингэснээр интерьер дизайны ажилд 2023 оны улсын төсөвт 3.5 тэрбум төгрөг, өмнө хийгээгүй үлдсэн ажлын хоёр тэрбум төгрөг, үнийн өсөлтийг тооцоолсон 367 сая төгрөг нийт 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгийг тусгасан" гэв.

Шинэ номын сангийн барилга 90 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд шугам сүлжээний ажлыг бүрэн холбожээ. Одоо дотор заслын ажил, агаар сэлгэлт, гадна фасадны ажил, төрөлжсөн 16 танхимын интерьер дизайныг нь бүрэн дуусгах ажил үлдсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм.

ХУУЧИН НОМЫН САНГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЗАРДЛЫГ 2024 ОНЫ ТӨСӨВТ ТУСГАНА

Хуучин номын сангийн төв байраа Монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх аж. Энэ хуучин байрыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж, ашиглалтад оруулж байсан бол гурван сая орчим номтой болж өргөжин, даац хэтэрчээ. Мөн ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийгээгүй бөгөөд МХЕГ-ын дөрвөн удаагийн шалгалтаар 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан юм.

Тиймээс 2022 онд хуучин номын сангийн барилгыг хүчитгэл хийх засварын зураг төслийг баталжээ. Төсвийг нь 2024 оны улсын төсөвт тусгахаар төлөвлөсөн байна.

Үндэсний номын сангийн сан хөмрөг хоёр хуваагдах гэнэ. Тодруулбал, шинэ барилгадаа уншигчдад зориулсан ном бүтээлээр олон нийтэд үйлчлэх бол хуучин номын сан нь судалгаа шинжилгээний тал руугаа түлхүү ажиллах гэнэ.

Соёлын салбарт 2023 онд улсын төсвийн 1.3 хувийг зарцуулж буй. Нийт 143 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөжээ. Дийлэнх нь эхэлсэн хөрөнгө оруулалтаа дуусгахад чиглэсэн гэдгийг салбарын сайд нь онцолсон байдаг.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж