Энэ долоо хоногийн VS буландаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх намуудын байр суурийг онцолж байна. МАН-аас энэ удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2019 онд хийж чадаагүй дутуу асуудлаа шийднэ гэж мэдээлсэн бол, АН-аас цомхон байдлаар өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Д.Тогтохсүрэн
МАН-ын бүлгийн дарга
Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн оны наймдугаар сард Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулж өөрчлөлт оруулсан. Одоо хийж байгаа өөрчлөлтүүд 2019 онд хийх гэж өргөн бариад дутуудуулаад тухайн үедээ хийж чадаагүй дутуу асуудлуудаа л хийж байгаа гэж ойлгож болно. Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, холимог тогтолцоонд орох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд нэг удаа сонгогддог болох зэрэг бүгд 2019 онд яригдаж байсан. Зарим нь санал хураалтын явцад унасан. Ийм учраас энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт бол 2019 онд хийх гээд чадаагүй асуудлаа гүйцээх, парламентын тогтолцоогоо боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж буй өөрчлөлтүүд бий. Хуулийн хүрээнд эдгээр заалтуудыг хориглоогүй.
Х.Тэмүүжин
Хууль зүйн сайд асан
Бидний авсан сургамж бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг цомхон хийх ёстой. Гэхдээ цомхон хийхдээ тодорхой зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол бүрэн дүүрэн хийх ёстой. Дутуу хийснээсээ болоод хоёр жил хүрэхгүй хугацааны дараа дахин гар хүрэх, дахин ямар нэгэн арга залиар асуудлыг шийдэх гэж оролдох улс төрийн үйл явц явагдаж байгаа нь Үндсэн хуулийг тогтворгүй болгох эрсдэл байгаа гэдгийг хамгийн түрүүнд дүгнэх ёстой байсан. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ардчилсан намын гурван гол байр суурийн нэг нь сонгуулийн тогтолцоо байсан. Пропорциональ тогтолцоо оруулж ирэхгүйгээр саналаа өгч байгаа иргэдийн санал ихээр гээгдэж байна. Хоёрдугаарт УИХ-ын чадавхи сул дорой болж байна. Дандаа жалга довны санаа бодлоор улс орны асуудлыг шийдэх гэж оролдож байна. Тийм учраас пропорциональ тогтолцооны сонгуулийг холимог байдлаар оруулах ёстой гэдэг саналыг 2019 онд АН-ын бүлэг тавьсан. Харамсалтай нь уг санал дэмжигдээгүй. Дахин дөрвөн жил хүрэхгүй хугацаанд энэ санал эрх баригч намын зүгээс гарч ирж байна. Бид өмнөх саналтайгаа нэг хэвээр байгаа. Гэхдээ Үндсэн хуульд холимог тогтолцоог 50:50 хэмээн бичих нь болхи бүдүүлэг алдаа болно. Цаашид юм сайжрахын хэрээр пропорциональ сонгуулийн эзлэх жин нэмэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ямар нэгэн холимог тогтолцоо байх зохицуулалт орох нь Ардчилсан намын хувьд өмнөх байр сууриа илүү баталгаажуулах, цаашид улс орны хөгжил дэвшилд өнөөдрийн сэтгэл хөөрлөөр шийдэх гэж оролдож байгаа зүйл садаа болохгүй байх ёстой гэсэн агуулгатай байна. Хоёрдугаарт, тухайн үед АН маш хүчтэй тавьсан боловч АН, МАН хоёрын дундах зөвшилцөл нэрийн дор тухайн үеийн Ерөнхийлөгчийн үед хасагдсан. Иргэний үндсэн эрхийг Үндсэн хуулийн шүүх буюу Үндсэн хуулийн Цэцэд өгөх тухай асуудал байсан. Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхтэй. Харамсалтай нь энэ эрхээ эдэлснийхээ төлөө ял авдаг байдал өнөөдөр ч байсаар байна. Хэрэв Үндсэн хуульд заасан үндсэн эрх нь хангагдахгүй байгаа тохиолдолд иргэд үндсэн эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргадаг байсан бол энэ асуудал аль эрт шийдэгдэх байсан. Дахин дутуу хагас зүйл хийж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Цэцийг сайжруулъя гэж бодож байгаа бол Цэцтэй холбоотой зүйл заалтуудыг бүрэн дүүрэн цогцоор нь шийдэх ёстой. Үгүй бол дахин урууландаа будаг түрхээд өөр зүйл хийгээгүй мэт жижиг дүр зургийн засвар Үндсэн хуулийг улам сул дорой болгох байх хэмээн болгоомжилж байна. Гуравдугаарт, АН энэ удаагийн ЗГ-аас санал авч байгаа асуултуудад ороогүй боловч зайлшгүй орох ёстой гурван зүйл бий.
Холбоотой мэдээ