Аз жаргалын индексээр бусад улс оронтой өрсөлдөхүйц эгнээнд жагсдаг Улаанбаатарт асуудал мундахгүй. Улирлын чанартайгаас эхлээд нийгэм, эдийн засаг гээд дурдаад байвал олон. Үүний нэг нь хаврын хавсаргатай хамт хальдаг лагийн үнэр. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шаардлага үүссэн ч тус ажил таван жил хойшилж буй. Хойшлохын хэрээр лагийн үнэр хотын төвд тодорно. Салхигүй дулаан өдөр хүртэл лагийн үнэр сэнгэнэж байгаа нь нийслэлийнхэнд нэмэлт цэвэрлэх байгууламж зайлшгүй хэрэгтэй болсныг илтгэж байна. Гэлээ ч бүтээн байгуулалтын ажил нь он дамжсаар л. Хэдийгээр албаныхан энэ жил ашиглалтад оруулах ам гарсан ч ирэх сарын 1-нд эхлэх ажлыг лагийн үнэр хүлээж тэсэхгүй нь. Хаа нэг үнэртдэг бохир одоо агаар мэт тархжээ.
Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын төслийн удирдагчийн өгсөн мэдээллээр "Энэ жил нийт 350 хятад ажилтан ажиллах бөгөөд барилга угсралтын ажлаа 90 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар ажил 65 хувьтай үргэлжилж байна. Энэ хавар барилгын ажил эхэлбэл 2024 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Гэвч барилгын үнийн өсөлтийн асуудал тулгарч байна" гэсэн юм.
Энэ бол асуудал. Үнийн өсөлт, цар тахлын хоригоос шалтгаалж шаардлагатай бүтээн байгуулалтын ажил саатах ёсгүй. Угтаа бол энэ өмхий зайсанд ч, төрийн ордоны гадна талбайд ч үнэртэж байгаа. Шийдвэр гаргах түвшний хүмүүс нь хамраа таглаад явдаггүй л бол тулгамдаад байгаа өмхийн асуудалд гол анхаарлаа хандуулна. Гэтэл цаг агаар дулаарахын хэрээр тодорсон үнэрт хэн арга хэмжээ авах талаар нэг ч мэдээлэл гарсангүй.
БАРИЛГЫН АЖИЛ ЗОГСВОЛ ҮНЭР ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС 3 ДАХИН НЭМЭГДЭНЭ
Шинэ төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд баригдах зураг төсөлтэй. Тус бүтээн байгуулалтад нийт 17.7 га газрыг ашиглахаар төлөвлөсөн байдаг. Зээл нь жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай. Эхний долоон жил зээлийн хүүгээс чөлөөлөгдөхөөр гэрээ байгуулжээ. Нийт санхүүжилтийн 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг Хятадын Засгийн газраас, таван хувь буюу 13.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргах заалттай.
Уг байгууламж хоногт 250 мянган м/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашиглан, эрчим хүч ба дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дулаан, цахилгааны дотоод хэрэгцээний 34 хувийг хангах боломжтой. Хэрэв энэ жил тус ажил дахин хойшилбол лагийн үнэр 2-3 дахин тодрох нь гарцаагүй. Учир нь нийслэлийн хүн ам, орон сууцны барилга жил ирэх тутам өсч байгаа.
Цэвэрлэх байгууламжийн ажлын нарийвчилсан зургийг Францын “Артелиа Вил энд Транспорт” компанийн ТЭЗҮ-г үндэслэн БНХАУ-ын Шанхай хотын инженерийн зураг төслийн институт гүйцэтгэж байгааг албаныхан хэлсэн. Харин монгол хэл дээр хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” болон “Криетив монголия” компанийн түншлэл хариуцаж байгаа аж. Бүтээн байгуулалтад ажиллах хүчний хувьд 50-иас доошгүй монголчууд байхаар гэрээндээ тусгасан бол тоног төхөөрөмжийн хувьд 100 хувь Хятадаас татна. Хүний нөөц, тоног төхөөрөмжөөс илүүтэй хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж төв цэвэрлэхээ түргэн ашиглалтад оруулах нь чухал. Зуны дэлгэр цагт бохир үнэртэж алхмааргүй л байгаа бол хавраас урьтаж шийдвэр гаргах хэн нэгэн хэрэгтэй.
НИЙСЛЭЛЧҮҮДЭЭС ГАДНА НЭН АЮУЛТАЙ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС ҮХЭХ НЬ…
Хамгийн чухал анхаарах зүйл бол хордож байгаа хотынхноос гадна лаг цэвэрлэх эх үүсвэрт ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд. Нэн аюултай нөхцөлд ажиллаж байгаа тэдэнд тусламж дутагдаж байна. Цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй нь үнэн. Мөн түүнд ажиллах хүсэл сонирхолтой хүмүүс ч цэрвэж байгаа нь худал биш. Одоогийн төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ болиод удсан. Аль 1964 онд ашиглалтад орж байсан төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил 2017 онд эхэлж, одоог хүртэл барилгын ажил нь дөнгөж талдаа л орж байна. Засгийн газраас тус бүтээн байгуулалтын шавыг тавьж байхад ойрын гурван жилд үнэр ялгарахгүй шинэ төв цэвэрлэхтэй болно гэж амалсан. Харин өдгөө гарсан ам нь хуучирч, хотынхон дахин нэг үзэгдэлдээ дасан зохицож хүлээх нь. Хэдхэн жил лагийн үнэртэй зууралдчихвал хавар, зундаа цэвэр агаараар амьсгалах цаг айсуй.
Холбоотой мэдээ