Байгаль орчинд ээлтэй загвар бүтээхийг эрмэлзэгчид хамгийн тохиромжтой материалыг хайсаар ирсэн. Ноолуураас эхлээд хан боргоцойн хальс, хулс гэх мэт бүх л түүхий эдийг ашиглах гэж тэд оролджээ. Хулс л гэхэд байгальд задрах чадвартай боловч химийн үйлдвэрлэлийн хүчтэй процессоор дамжиж байж үүнийг хувцас болгох юм. Хан боргоцойн хальс ч ялгаагүй их хэмжээний агрохимийн бодис хэрэглэж байж материал болдог.
Нүүрстөрөгчийн ялгаралтаар тогтохгүй биологийн олон янз байдал, бохирдол, дахин боловсруулах чадвар, нийгэмд үзүүлэх нөлөө гээд олон зүйлийг нягтлан шалгах шаарлдагатай.
Загвар зохион бүтээгч Ван дер Вик, Вессели нар 2018 онд хонины ноосонд анхаарлаа хандуулж эхэлжээ. Тэд өөрсдийн үйлдвэрлэлд эрс өөрчлөлт хийхийг хүссэн нөхөн төлжих чадвартай хонины фермерүүдтэй уулзсан. Жилийн дараа тэд дэлхийн анхны “нүүрстөрөгчөөс ангид” загварын брэнд гэж хэлж болох “Sheep Inc”-ийг байгуулсан юм. Хониноос ялгарах метан хий, үйлдвэрлэл, сав баглаа боодол, тээвэрлэлт зэрэг дагавар хүчин зүйлсийг эс тооцвол ноос нь харьцангуй байгальд ээлтэйд тооцогдох аж.
Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нь бага байлгахын тулд нарны эрчим хүчээр ажилладаг сүлжмэлийн машин ашиглах, нарны эрчим хүчээр ажилладаг агуулахуудыг ашиглалтад оруулах зэрэг аргыг ашиглаж байна. Мөн үйлчлүүлэгчид өмсөхгүй болсон хувцсаа “Sheep Inc”-д буцааж өгч, засварлуулах боломжтой юм байна. Тогтвортой загварын мэргэжилтнүүд тус брэндийн хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ.
“Энэ бол миний зүрх сэтгэлд нийцсэн брэнд. Нөхөн сэргээгдэх байгалийн утас, сэргээгдэх эрчим хүч, бүрэн хянах боломжтой ханган нийлүүлэлтийн сүлжээ бүхий хариуцлагатай үйлдвэрлэл. Байгаль орчинд эерэгээр нөлөөлдөг бөгөөд гоёмсог хувцас хийх боломжтойн баталгаа бол энэ брэнд юм” гэж Тогтвортой загварын бие даасан зөвлөх Люсиан Тонти хэлсэн байна.
Загварын салбар дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтын 8-10 хувийг эзэлдэг нь агаарын тээвэр, усан тээврийг нийлүүлснээс ч илүү гэсэн үг юм. Тэр дундаа загварын салбарын нийт хүлэмжийн хийн ялгаралтын 70 орчим хувь нь түүхий эд үйлдвэрлэх, боловсруулах, бэлтгэх явцаас гардаг. Ийм учраас түүхий эд нийлүүлэгчээ анхааралтай сонгох нь нэн чухал аж.
Ноос нь ихэнх утаснаас илүү хатуу, угаах хэрэгцээ бага, дахин боловсруулах боломжтой гэдгээрээ загварын салбарт гайхамшигтай түүхий эдэд тооцогдож байна. Мөн полиэстер гэх мэт газрын тосонд суурилсан даавуунаас ялгаатай нь хөрс, усанд шингэхдээ био задралд ордог.
Тогтвортой загварын салбарт ноосон эдлэл хүч түрэн гарч ирж байгаа гэх ч уламжлалт үйлдвэрлэл үү, орчин цагийн байгальд ээлтэй үйлдвэрлэл үү гэдгээсээ хамаараад харилцан адилгүй. Уламжлалт ноосны үйлдвэрлэл нь уур амьсгалд ээлгүй хэвээрээ л байна. Хонь 100 жилийн хугацаанд нүүрстөрөгчийн давхар ислээс 28-36 дахин хүчтэй метан ялгаруулдаг. Түүнчлэн уламжлалт ноосны аж ахуйн гол эх үүсвэр нь малын бэлчээр. Гэтэл энэ нь цөлжилт, биологийн төрөл зүйл алдагдал, хөрсний элэгдэл зэрэг олон асуудал дагуулдаг.
Харин “Sheep Inc”-ийн хувьд нөхөн сэргээх технологи бүхий фермийг үйлдвэрлдээ ашиглаж байна. Ийм ферм нь нүүрстөрөгчийг агаар мандлаас илүү шингээх давуу талтай аж. “Sheep Inc” компани Шинэ Зеландын анхны нүүрстөрөгчгүй ферм гэж нэрлэгдсэн “Lake Hāwea Station”-ээс ноосоо авдаг. Сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг тус ферм нь ой модыг нөхөн сэргээх замаар агаар мандлаас ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж авдаг гэв. “Lake Hāwea Station” нь энэ үйл ажиллагааныхаа хүрээнд 20 мянган мод тарьсан бөгөөд ингэснээрээ 300 гаруй зэрлэг ан амьтдын өлгий нутаг болжээ.
Уламжлалт аргаар гаргаж авсан нэг кг ноосноос 25 кг гаруй нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг бол “Sheep Inc”-ийн ноосноос дунджаар 14 кг нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг.
Өдгөө нөхөн сэргээгдэх тариалан эрхэлж буй компаниуд ч олон болжээ. Судалгаанаас харахад нөхөн сэргэх чадвартай ноос нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулж, агаар мандлаас нүүрстөрөгчийг шингээх чадвартай аж. Цаашилбал, энэ нь хөрсний уян хатан чанарыг нэмэгдүүлж, амьтдад хортой, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бий болгодог суперфосфатын нэг төрлийн бордооны хамаарлыг бууруулна.
АНУ-ын загварын акул “Allbirds” компани ноосныхоо тодорхой хэсгийг “Lake Hāwea Station”-ээс авдаг. Тус компани 2025 он гэхэд бүх ноосоо нөхөн сэргэх чадвартай болгохоор төлөвлөж байна. Их Британийн “Marks & Spencer” тэргүүтэй зарим брэнд мөн ноосон хувцас үйлдвэрлэлийг анхаарах болжээ.
Гэхдээ “Sheep Inc”-ийн юүдэнтэй цамц 222 ам.доллар, “Allbirds”-ийн цамц 133 ам.доллар зэрэг үнэтэй байдаг тул төдийлөн олон хэрэглэгчийг татаж чадахгүй байна.
Ноосыг нийлэг материалтай холих, химийн будагч бодис хэрэглэх зэрэг нь технологийг үр дүнгүй болгох сөрөг талтай. Гэхдээ эцсийн дүндээ хэрэглэгчийн сонголт хамгийн чухал юм. 5900 хэрэглэгчийн дунд судалгаа явуулахад тэдний 65 хувь нь тогтвортой загварыг сонгох хэрэгтэй гэдгийг мэддэг гэжээ. Гэтэл дөнгөж 15 хувь нь худалдан авалт хийхдээ үүнийг чухалчилдаг гэсэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ