Батлан хамгаалах яамнаас оюутан цэрэг хөтөлбөр болон хугацаат цэргийн албыг арван сар болгосон гэх асуудлаар тодруулга авлаа. Энэ жилийн тухайд хот, хөдөөгийн их сургууль, МСҮТ-д суралцдаг нийт 1500 оюутан зуны амралтаар цэргийн мэргэжлийн бэлтгэлд хамрагдах аж.
Энэ талаар албаны хүн ярихдаа "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оюутан цэрэгт хамрагдах оролцогсдын тоог жил бүр 500-аар нэмэгдүүлнэ гээд заасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу 2023 онд 1500 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдахаар болсон. Үүнээс Улаанбаатар хотод байгаа их, дээд сургууль, МСҮТ-ээс 1100 оюутныг, 400 нь хөдөө орон нутагт суралцдаг оюутнуудаас хамруулна. Одоогоор 19 аймаг онолын сургалт эхлүүлчихсэн явна. Онолын сургалт нь зөвхөн амралтын өдрүүдээр ордог. Онолын сургалт зургадугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилж, зургадугаар сарын 15-наас цэргийн мэргэжлийн бэлтгэл гэдэг хичээл орж эхэлнэ. Энэ дадлага нь ҮБХИС-ийн хээрийн сургалтын төв дээр, орон нутагт Зэвсэгт хүчний ангиудын хээрийн сургалтын төв дээр тус тус болно. Наймдугаар сарын 15-н хүртэл хоёр сарын хугацаатай үргэлжилнэ. Ингээд амжилттай суралцсан хүүхдүүдийг цэргийн алба хааснаар тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэдэг" гэв.
Мөн хугацаат цэргийн албыг 10 сар болгон хугацааг нь бууруулснаар наймдугаар сард халагдах хуваарьтай болсон гэх мэдээлэл гарах болсон юм. Тэгвэл энэ талаар "Энэ бол худал мэдээлэл. Жилийн хугацааг арван сар болгоно гэх шийдвэр гараагүй. Хугацааг нь хасах, нэмэх талаар судалж байгаа” гэв.
Холбоотой мэдээ