Ганцхудагаас ирсэн тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Ганцхудагаас ирсэн тэмдэглэл

Сэтгүүлч Б.Ганчимэгийн “Ганцхудагаас гарт минь ирсэн тэмдэглэл ямар нууц өгүүлэв” нийтлэлийн эхний хэсгийн бид өчигдөр хүргэсэн. “Үндэсний шуудан” сонинд нийтлэгдсэн уг нийтлэлийн үргэжлэлийг хүргэж байна.  

Ганцхудагаас гарт минь ирсэн тэмдэглэл ямар нууц өгүүлэв

УИХ-ын Гадаад харил­цаа­ны хэлтсийн зөвлөх Ц.Жаргал­сайханд улсын нууц задруул­сан хэрэг үүсгэхдээ яг ямар үйлд­лүүдээр буруутгасныг ун­шигчид нарийн мэдэхгүй байх шиг байна. Учир нь, ай­маар том урвагчийг барьчих­сан гэх шоуг хэвлэл мэдээл­лийн хэрэгс­лээр зориуд сул асгаж өгч байгаад цацчихсан учраас.
Түүнийг дөрвөн асуудлаар гүжирдэж байгаа юм.

1.УИХ-ын дарга Д.Дэмбэ­рэлийн БНХАУ-ын Ерөнхий сайд Вэнь Зябаотой хийх уулзалт ярианы сэдвийг Васи­лий Лавреневт дамжуулсан гэх зүйл юм байна. Уг уул­залтын сэдвийг зургадугаар сарын 3-нд Ц.Жаргалсайханыг баривч­лахдаа Василийгийн цүнхнээс олсон болгоод бай­гаа ч үнэн хэрэгтээ баривчилгааны үеэр  ямар жүжиг болгосныг өмнөх өгүүлэлд тодорхой бичсэн.

Бодит байдал дээр Д.Дэм­бэ­рэлийн уулзалт 2010 оны зургадугаар сарын 1-нд болсон. Ц.Жаргалсайхан уулзалтын сэдвийг ГХЯ-ны Б.Байгалмаа­гаас тавдугаар сарын 28-нд авч, УИХ-ын даргын туслахад өгсөн юм байна. Баривчил­гаа­ны үеэр Василий Лавреневийн цүнхнээс гарсан гээд байгаа хав­таст хэрэгт оруулсан мате­риал нь Б.Байгалмаагаас авснаас өөр байсан тухай эх сурвалж мэдээлж байна. Ц.Жаргалсайхан мэдүүлэхдээ “Миний компьютерт байгаа ярианы сэдэвт төмөр замын тухай юу ч байхгүй” гэж удаа дараа хэлсэн ч авч хэлэл­цээгүй. Хамгийн чухал юм нь энэ материал гэж сүржигнээд байгаа мэдээллүүд нь бараг бүх телевиз, сонин хэвлэлд тэр өдрөө буюу зургадугаар сарын 1-2 өдрүүдэд цацагдсан. Интернэтээр мөн адил.

Тулгаад байгаа асуудал бодит байдал хоёр нь ийм л инээдмийн гэмээр явдал байна. Дараагийн зүйл.

2. Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин нарын уулзалтын талаархи мэдээллийг дамжуулсан гэж буруутгажээ. Энэ уулзалтыг болоогүй гэж албан ёсны бүх эх сурвалж баталдаг. Болоогүй уулзалтын талаар мэдээлэл дамжуулсан гэж буруутгаж болох уу. Европт хийх айлчла­лын үеэр хамт явах гишүүд, сэтгүүлчид гээд бусад бүрэл­дэхүүний нэрс, онгоцны рей­сийн дугаар зэрэг бол явахаас нэг хоногийн өмнө ил болдог зүйл л дээ. Эдгээрийг ЭСЯ руу факсаар явуулсан гэж Ц.Жар­галсайханыг буруутгасан тухай мэдээлэл байгаа. Хэрэв үнэн бол үүн шиг элэг авмаар юм байж болохгүй. Энэ мэдээ­лэл ёслолын албаныханд нэлэнхүйдээ тардаг төдийгүй, Орос Монголын талууд холбог­дох шугамуудаараа нээлттэй дамжуулцгааж байдаг ил тод зүйл шүү дээ.

3.Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дор­жийн айлчлалын талаархи мэдээллийг дамжуулсан гэжээ. Энэ айлчлалд хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өргөн хүрээтэй оролцсоныг бүгд мэдэж байгаа. Бээжин, Шаньхай, Хөххотод хийсэн айлчлалуудыг тухай бүрт нь интернет, ТВ, сонин хэв­лэ­лээр мэдээлж байсан. Энэ айлч­лалын илтгэх хуудсыг Ц.Жар­гал­сайхан хэвлэлд аль хэ­дийнэ цацагдсанаас хойш Засгийн газрын нээлттэй хуралдааны дараа авсан гэж үнэнээ мэдүүлсэн ч мөн л энэ­хүү хэргийн шоу менежерүүд хэрэг­сээгүй бололтой юм. Зургадугаар сарын 18-19-нд Өвөрмонголоос том зочин ирэх ёстой байсан тул үүнд сайн бэлтгэ, өмнөх айлчла­луудыг хар гэж УИХ-ын дэд дар­га Г.Батхүү Жаргалсай­ханд тухайн үед үүрэг болгож байжээ. Харин энэ бүхний талаар үнэн зөвийг мэдүүлэх гэрч болох, УИХ-ын дэд дар­гын туслах Очко айж ичсэн үү, элдэв дарамтад автсан уу, худа­ргагүй мэдүүлэг өгчихсөн юм болов уу гэсэн бор шувуу учир мэдэх улсын дунд тарх­сан байна. Очко, УИХ-ын ги­шүүн Д.Загджав нараас гэр­чийн мэдүүлэг авсныхаа да­раа тагнуулынхан “хөөрхий эд ч өөдгүй улс юм даа” гэлцэн инээж байсан мэдээлэл бай­на. Өөрсдөө тоглоомын хэрэг дэглэж тавьчихаад, арьсаа бодож яваа айж сандарсан улсаар ингэж л даажигнаж суудаг байх нь гэсэн зэвүүн бодол өөрийн эрхгүй төрнө.  

4. 2009 оны арваннэг­дү­гээр сард УИХ-ын дарга  Д.Дэм­бэрэлийн ОХУ-д хийх айлч­лалын талаархи хөтөлбө­рийг дамжуулсан гэж буруут­гаж байгаа юм байна. Айлч­лалын үндсэн чиглэлийг Ц.Жар­галсайхан өөрөө бо­ловс­руулсан аж. Бүх мате­риал дээр ГХЯ-ны ажилтан Б.Болортой хамт сууж байсан гэж ГХЯ-ныхан ярьж байх юм. Айлчлалд сэтгүүлчид мөн явцгаасан. Тухай бүртээ мэ­дээл­лээ дамжуулцгаасан. Д.Дэм­бэрэл дарга ОХУ-ын пар­ламентын дээд, доод тан­химын хоёр даргатай уулзсан. Тэр үеэр ямар ч гэрээ хэлэл­цээр явагдаагүй гэдгийг манай сэтгүүлчид лав бүгд мэдэж бай­гаа шүү дээ. Энэний юуг нь дамжуулдаг юм бэ.

Манай шүүхийнхний болон тагнуулынхны үзэж зүйлчилж байгаагаар манай оронтой дайсагнагч орон болох ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан Лавренев ингэхэд яагаад мэдүүлэг өгсөнгүй вэ. Хэрэгт авсан ма­териалууд дотор Лавренев Ц.Жар­галсайхан нарын эн­гийн, хүний ёсны нөхөрлөл, ха­рилцааг илтгэх бүх зүйл байх­гүй байдаг гэнэ. Ту­хайл­бал, өнгөрсөн гуравдугаар сард уулзахдаа Василий түүнд өө­рийн хийж буй эрдэм шинжилгээний ажил болох “Мон­гол Улсын өнөөгийн улс төр, гадаад бодлогын хөгжил дэв­шил” сэдэвт ажлынхаа явцын та­лаар ярьж, тусалж дэмжи­хийг гуйж байсан уулзалтыг чагнах төхөөрөмж алгасч бич­нэ гэж баймгүй юм. Эр улсын нө­хөрлөл хэчнээн өргөн хү­рээтэй билээ. Хамтдаа ууж, эр­чүүдийн халуун сэдвүү­дээр бие биедээ онгирцгоож юу эс бо­лох билээ. Энэ өргөн хү­рээнээс тоглоом шоглоом, тог­ло­чихож болох мушгичихаж болох үг хэллэг, чаатын яриа­нуудыг хэрэгт өлгөж аван ашиг­лаж буй нь энэ хэргийн мөн ча­нарт эргэлзээ төрүүлж байна.

Сайтар ажиглахад Ц.Жар­гал­сайхан эрх танхил өссөн, мэдлэг боловсрол, эзэмшсэн чадвартаа итгэдэг атлаа хувь хүн талаасаа гэнэн хүн юм шиг. Саарал ордныхон бол айх­тар гэх үнэлгээ жижигдэхээр улсууд байдаг. Заримыг нь ёс­той нөгөө “До яам”-ны шур­гуу­лууд ч гэж шивэр авир ярьдаг. Цал буурал болтлоо тусгай мэ­дээлэгчийн ажил хийчихсэн гад­наа намбалаг албан хааг­чийн дүрийг эсгэсэн, дотроо бууны нохой төрхөө нуу­чих­сан тэтгэврийн насны нөхдүүд л сэм­бэлзтэл алхаж явдаг шүү дээ. Ийм аймаар орчинд арван жил ажиллах­даа гэнэн ан­зааргагүй зангаа гээгээ­гүй л явж дээ, Ц.Жаргалсайхан. Нэг шинэ шургуулга өрөөнд нь оруулж ирээд тавихад л хаалга үүдийг нь онгойлгож сонирхож ч үздэггүй гэнэн алмай хүн юм даа гэж эрхгүй бодогдоно. Эдүгээ цаг бол хүн халгиа цалгиатай, алдаа оноотой, амьд халуун шинжээ тээгээд хүн шиг явахад хал­гаатай болсон үе шүү дээ.

ААВТАЙГАА Л УУЛЗЪЯ

Ц.Жаргалсайханы зөөлөн, ноомой зан, тулгасан хэргийн улмаас цочирдсон байдал зэрэг мөрдөн байцаагчийг дур зоргоороо авирлахад хүргэж байж ч болох.
Энэ тухай тэрбээр тэм­дэг­лэлдээ: Би эрүүлжүүлэх бай­ранд ч орж үзээгүй хүн. Ийнхүү хоригдож, маш аймаар ял тулгуулж сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд унасан үедээ сайн үндэс суурьтай, оновчтой хариулж, тайлбарлаж чадах­гүй байсан. Тэгээд ч байцаагч байцаалт эхлэнгүүт өөрийн асуултуудыг маш хурдан асууж, бодох завдалгүй да­раа­гийн асуултуудыг үргэлжлүүл­дэг бөгөөд хамгийн сүүлд л “нэмж хэлэх зүйл байна уу” гээд миний хэлсэн бүх зүйлийг 1-2 өгүүлбэрт багтаадаг байсан. Тэр нь ч зөв ч юм шиг. Гэхдээ л бүх санааны маань 30-40 хувь нь л буусан байдаг. Би тэгж хэлэх гэсэн юм гэхээр “Та одоо бодохоор л тэгж хэлдэг байсан юм байна гэж бодоод байна. Үнэндээ бол тэгж л хэлсэн шүү дээ” гэнэ. Байцаалтын цаг нь давчуу, асууж буй зүйлүүд нь олон тайлбар шаардсан асуудлууд байсан. Би Василийтэй уулзаж байсан газар, өдрүүдээ одоо ч сайн санахгүй байна. Учир нь найзууд болохоор тэр бүр ач холбогдол өгдөггүй байсан. Гэтэл байцаагч “Дараа нь та хоёр хаана уулзсан бэ. Танд ямар даалгавар өгсөн бэ, тэр өдрийн уулзалтаараа яг юуны тухай асуусан бэ” гэх зэргээр зай өгөхгүй асуухад би урьд нь байцаалт өгч үзээгүй хүн болохоор сандарч “санахгүй байна”, “тийм байх аа” зэрэг маш эргэлзсэн хариултууд олонтаа өгсөн харагдана.

Хоёр том хавтаст хэрэгтэй би гурав орчим цагийн дотор л танилцсан. Учир нь, байцаагч “та үүнийг үзсэн шүү дээ”, “аан, энэ бол нэг их ач холбог­долгүй зүйл”, “манай жолооч явах гээд байна”, “прокурорт явуулж амжихгүй нь” гэснээр би бүтэн нэг хавтас болон хоёр дахь хавтасны ихэнх хэсэг болон Василийтэй уулзсан 1-2 уулзалтыг л харж амжсан. Намайг баривчлах үедээ Василийгийн цүнх юмсыг шууд ухаж, түүнд байсан юмыг шууд миний юм, надаас гарсан гэж ойлгогдохоор “сэжигтний цүнхнээс гарсан” гэж хавтаст хэрэгт оруулжээ. Би энэ тухай байцаагчаас асуухад “Тийм ээ, тийм. Энэ бол таных биш түүний цүнх­нээс гаргасан. Авч явахдаа л цүнхэнд чинь хийсэн. Энэ тухай мэдэж байгаа. Санаа зоволтгүй” гэж хэлсэн боловч хавтаст хэргээс харахад энэ нь миний цүнхэнд байсан гэж ойлгогдохоор болжээ.

Миний сэтгэл санаа маш хүнд байна. Төрд зүтгэсэн олон жилийн минь хөдөл­мөрийг ийнхүү үгүй болгож, нэр хүндийг минь асар их унагалаа. Намайг хорьсноос хойш удалгүй эхнэрийг маань ажлаас нь түдгэлзүүлсэн тухай мэдсэн. Энэ бүхэн миний болон эхнэрийн маань сэт­гэлд том зовиур нэмсэн. Мөн би ээж, эхнэр хоёртойгоо уулзмааргүй байна. Сэтгэл санаа хүнд байна. Зөвхөн аавтайгаа л уулзъя гэхэд зориудаар хийж байгаа мэт зөвхөн ээж, эхнэр хоёрт л зөв­шөөрөл өгсөн байна. Бай­цааг­чаас энэ тухай асуухаар аав чинь ирээгүй гэсэн. Харин өм­гөөлөгч аавд чинь зөв­шөө­рөл өгөхгүй байна гэсэн. Миний үйлдсэн гэх хэрэг олон нийтэд нээлттэй болж эндхийн хоригдогсод хүртэл “тагнуул” хэмээн дууддаг болсон. Үүнээс болж миний талд үнэн зөв мэдүүлэг өгөх гэрчүүд миний эсрэг гэмээр мэдүүл­гүүд өгсөн байна. Би ч тэднийг ойлгож байна. Хэн ийм хэрэгт өөрийн нэрийг хутгах вэ дээ.

Тэмдэглэлийг түр зав­сар­лая.  

ТАГНУУЛАА Ч ХАТ ДАА

Ц.Жаргалсайхан най­зын­хаа ажилд туслах үүднээс за­римдаа өөрийн мэдэхгүй сэд­вийг тухайлбал Далай ламын тухай ч юм уу материал хэрэг болбол зарим нэгэнд бичлэ­гийн шагналыг нь өгөөд би­чүүл­дэг байж. Тэгсэн зарим нь огт шагнал аваагүй гээд л зал­сан байх юм гэнэ. Хүн бол ийм л арчаагүй амьтан.

Энэхүү хэргийн хүрээнд өөрийн баттай эх сурвалж, баримтуудаас авсан мэдээл­лээс үзэхүйд XXI зуунтай өөр­тэй нь харьцуулшгүй инээд­тэй юмаар бүхэл бүтэн хүнийг хэл­мэгдүүлж болдог цаг үед амьдарч байгаагаа мэдэрнэ.

Нууц…нууц….мэдээж нууц юм гэж байлгүй яахав. Ц.Жар­галсайхан ажил үүргийнхээ ёсоор өргөн мэдээллийн дунд байсан хүн. Үүний ард улс хоорондын харилцаа гэж том ойлголт бий. Энэ ойлгомжтой. Парламентын харилцааг нийт улс төрийн харилцаанаас сал­гаж үзвэл хэт өрөөсгөл болно. Иймд Ерөн­хийлөгч, Ерөнхий сайдын ОХУ эсвэл БНХАУ-д хий­сэн айлчлалууд нь парла­ментын харилцаанд ч хамаа­рал­тай билээ. Учир нь Ерөн­хийлөгч, Ерөнхий сайдын хүр­сэн тохиролцоог парламент баталгаажуулдаг. Тэгэ­хээр энэ хэлтэст падлийгүй асуу­дал энэ хавьд байхгүй гэсэн үг.  Төрийн нууцын хуульд га­даад айлчлалтай холбоотой материа­луудыг ерөнхийд нь нууц гэжээ. Харин бодит бай­дал дээр төрийн институ­циудын гадаад харилцааны албад ч, ГХЯ-нд ч байдал нэлээд замбараагүй талдаа байдаг. Хэдийд нууц байдаг, хэдийд нууц бус болдог, юу нь нууц, юу нь биш болох нь нэлээд тодорхойгүйг энэ орчинд ажилладаг хүмүүс бүгд мэднэ. Тухайлбал, сүү­лийн үед бүх гадаад айлч­лалуудыг ГХЯ-наас нууц гэдэг хөмсөг тавьдаг болсон. Энэ утгаа­раа цаг хугацаа ач хол­бог­дол нь аль хэдийнэ алдагд­сан 2000 оны ч юм уу айлч­лалууд ч нууц болох юм. Гэтэл энэ бүхэн нь хэвлэл мэдээл­лээр тэр даруйдаа л нийтлэгд­дэг, өргөн хүрээтэй цацагд­чих­сан зүйлүүд. Тэр битгий хэл айлчлалаар явж байхдаа аль гишүүн нь аль гишүүн рүүгээ агсамнав, хоорондоо юунаас болж зодолдов, хаана хэнтэй уулзав гээд бүгд л цацагд­чихдаг. Ийм л орчинд ажиллаж байгаа улсууд шүү дээ, өнөөд­рийн гадаад харил­цааны ажилтнууд. Үүнийгээ ухаарч, гүт­гэгдэж гүжирдүүлж, гэр бүлээрээ шаналж, яахаа мэдэхгүй үймэрч байгаа нэгэн гэр бүлд хүн шиг хандах ёстой санагдана. Бултаж булзаж, хэн нэгнийг нь маргааш сугалж аваачаад хэлмэгдүүлж мэдэ­хийг бодохгүй өнөөдрийн улаан нүүрээ бодон увайгүй аашилж болно гэж үү.

Иймэрхүү институциуд ажилт­нуудаа он удаан жилийн шалгуураар, сайтар судалж, мэдлэг боловсрол, гарал угсаа, гэр бүлийн байдал зэргийг нь хянуур авч үзэж баймаар. Тэгэхгүй бол хэн нэгэн даргын ша­хаасаар хаа яаж явсан нь мэдэг­дэхгүй нэг нөхрийг шууд дунд нь оруу­лаад ирж болохгүй. Өмнө нь тө­рийн алба явдаг ёсоороо л явж байсан. Хөндлөнгийн хөл гиш­гэснээс болж л иймдээ тул­сан байхыг үгүйсгэх аргагүй.

ТӨГСГӨЛД НЬ…

 Өнөөдөр бидний хэн маань ч хэн явж болно. Эрх ту­шаалтан, өндөр цалинтан, хө­рөнгө мөнгөтөн…гэвч үй­лийн хорвоог туулж бараад нэг л газар очно. Энийгээ бодохгүй зарим дарга даамлууд сүрхий өндөрт хямсайж суугаа үзэг­дэх юм. Хүмүүсийн хувь заяаг шийдээд л, халаад л солиод л, хуучин цагийн төрх нь орвонгоороо эргэчихсэн. Мэн­дэлдэг байсан нь больчихсон ч байх шиг. Найз явсан нь танихаа  байчихсан явах шиг.  Хүн нь ийм хэврэгшсэн байхад төр нь ямар болж бай­гаа нь ойлгомжтой.  Байгуул­ла­гууд зүгээр л бие биенээ тагнаж чагнаж суудаг болсон. Хуучин нийгмийн үеийн мэдээлэгчдийн сүнс эргэж сэрсэн.  Бие биенээ матаж, дээш нь бичиж, хор­лож, бахаа хангаж суугсдын хойд дүр эргэж ирсэн. Төрийн албанд зүтгэж байгаа хүмүүс бүгд энэхүү өөрчлөгдсөн бараан орчинг зүрхшээн ярьж байна.   

Өнөөгийн дарга нар зөвхөн мөнгөөр л бүгдийг хэмждэг бол­сон. Зөвхөн мөнгөөр ху­дал­даад авчихсан хүмүү­сээ­рээ л хүрээлүүлнэ. Тэдэн­дээ илүү юм хаяна. Тэднээрээ эл­дэв төрлийн ажлууд хийлгэнэ. Гар хөлөө болгох энэ тэр бүр утгаа алдсан. Гэдгэр ааштай, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, чадалтай, айх юмгүй, алдах юмгүй хүмүүсээс тэд шууд л дөлдөг. Төрийн алба руу за­луучууд ихээхэн хошуурдаг болсон учраас бибээр элдэв хараал зүхлээс үл айн өнөө цагийн төрийн албыг хэрсэн ёс суртахууны энэхүү бохир мананг  сөрөн байж хэдэн үг хэлж байгаа юм. Залуус ийшээ ханарах хэрэггүй. Төрийн албаны шалгалт энэ тэр гэсэн  хахууль нүүрлэсэн газар ду­гаарлан байж, дарга нарын харцыг эргүүлдэн байж ийшээ зүтгэх хэрэггүй залуус аа. Шударгаар хөдөлмөрлөөд амжилтад хүрэх, хөдөл­мөрийг тань хэлмэгдүүл­дэг­гүй, тунгалаг орчинтой газар ажиллацгаа.
Ц.Жаргалсайхан хэрвээ чаддаг нь оройд нь оршдог сэтгүүл зүйдээ явж байсан бол ийм бохир машины эргүүл­гэнд хавчуулагдахгүй л байсан шүү дээ.

Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж