Хөгжлийн банкны хэрэг хэмээх “жүжиг” өдөр бүр тайзнаа…

Хуучирсан мэдээ: 2023.04.18-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны хэрэг хэмээх “жүжиг” өдөр бүр тайзнаа…

Хөгжлийн банкны хэрэг хэмээх “жүжиг” өдөр бүр тайзнаа…

Энэ хаврын онцлох “жүжиг” Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал болов.  Шүүхийнхнийг шахаж, өмнө нь өөрсдөө сонсгол гэгчээр “шүүж” байгаад Хөгжлийн банкны хэргийг нэгтгэн шүүлгэхээр болсон нь Монголд урьд өмнө нь үзэгдэж, харагдах нь байтугуй дуулж, төсөөлөөгүй явдал болов.  Монголын түүхэнд прокурор 6, иргэний хариуцагч 6, шүүгдэгчийн өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1, хохирогч 8, гэрч 18, шинжээч 2  гээд нийт 192 оролцогчтой шүүх хурал болж байгаагүй бол ийм нүсэр бүрэлдэхүүнтэй жүжиг ч тавигдаж байсангүй.

Монголын шүүхэд ийм нүсэр бүрэлдэхүүнтэй байтугай 10-20 хүний оролцогч шүүх хурал болоход ч багтах танхим байдаггүй болохоор Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүсэлт гаргажээ.

 Улстөрчид шоу үзүүлэх дуртай юм болохоор шийдэж өгсөн газар нь залуучуудын “театр”. Өөрөөр хэлбэл, нийслэлийн МАН-ын эзэмшлийн талбай гэсэн ч буруудахгүй л болов уу. МАН-ынхан ер нь акустикт их ач холбогдол өгдөг нам. Тусгаар тогтнолын ордны хурлын танхим нь гэхэд Монголд нэгт орохоор акустик сайтай гэж урлагийнхан ярьдаг. “Мөрөөдлийн таетр” моданд оруулж тоглолтоо тавьсан бол Ерөнхийлөгчийн “Андууд” хамтлаг ая дуугаа өргөж байсныг фанатууд нь андахгүй.

…Нэгэнт театрын зохион байгуулалттай танхим болохоор гэрэлтүүлэгнээс эхлээд бүх зүйл урлаг уран сайханд зориулагдсан. Тиймээс л Хөгжлийн банкны шүүх хурлыг харахаар жүжиг үзэж буй мэт сэтгэгдэл эрхгүй төрөх агаад тайзан дээр байрлуулсан хавтаст хэргүүдийг харахад жүжигтээ хүч оруулах гэж жижиг хэрэглэлдээ мөнгө хаясан найруулагч нүсэр шийдэл шиг санагдах ажээ. Ядаж байхад шүүгчийн ширээ, шүүгчийг гэрэлтүүлэхдээ буун гэрлийг ашигласан нь бүр итгэл үнэмшилтэй болгоно. Нэгэнт театрын зориулалттай болохоор тайзнаас хэлэх шүүгчийн үг аль нэг дүрийг эрхгүй санагдуулах бол шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн шүүх хуралдааны дэгтэй холбоотой саналаа үзэгчдийн суудлаас босч хэлэх нь яг л “Гэм зэм” жүжгийн найруулагч М.Батболдын шийдэл шийдэл шиг санагдана.

Дээр нь олны танил “жүжигчид” ирсэнийг хэлэх үү, “Хэн юу гэх бол…” хүлээзнэх маягтай. Хэдийгээр театрын танхимд болж буй ч шүүх хурал бол шүүх хурал. Шүүгч нар урьдчилсан хэлэлцүүлгийг хийхэд л өмгөөлөгчид ядаж хөшигний ард орж зөвлөлдөхийг шаардаж, шүүх бүрэлдэхүүн ч түүнийг хүлээн зөвшөөрсөн болж хөшигний ард орсон болоод гарч ирж л байсан. Гэхдээ огтоос өөр өөр хэрэгт холбогдоод буй 80 шүүгчдэгчийг нэг дор, бүгдийг хамруулж шүүх нь анхнаасаа боломжгүй гэдгийг өмгөөлөгчид тавьж байсан ч шүүх рүү уулгалсан улстөрчдийн удаа дараагийн шахалтаар нэг дор болгож байна.

Энэ хэргийн шүүх хурал сонгуулиас өмнө дуусна гэдэг нь эргэлзээтэйг болж буй процесс нь харуулаад өглөө. Өчигдрийг л гэхэд зөвхөн өмгөөлөгчдийн  гаргасан хүсэлтийг хэлэлцсээр дууссан. Өнөөдөр гэхэд л прокурор яллах дүгнэлтээ танилцуулсаар завсарлаад 14.18 цагийн байдлаар үргэлжлүүлэн танилцуулж байна. Иймэрхүү байдлаар 80 шүүгдэгчийг байр байдал, шүүгдэгчдийн 72 өмгөөлөгчийн ажил, эрүүл мэндийн шалтгааныг тооцвол маш удаан үргэлжилнэ.

Эцэстээ энэ хэрэг шийдэгдэх магадлал тун бага. Үүнийг эрх баригчид хамгийн сайн тооцсон улс. Тиймээс өөрсдөө сонсгол хийж урьдчилан сөрөг хүчнийхнээ дуудан “яллаад” авсан. Одоо Хөгжлийн банкны хулгайг өөрсдөө илрүүлсэн баатар болж, тонон дээрэмдсэн адгийн шаарууд нь сөрөг хүчнийхэн болгож нийгмийн сэтгэл зүйг бэлдээд байх шиг.

Ингэж тэд нийгмийн сэтгэл зүйг сайтар бэлдэж сурсан улс. Сайн жишээ гэвэл “Тусгай салаа” киног гаргаж цэрэг, эх оронч үзлийг шаггүй залууст төрүүлснээр цэрэгт явах сонирхолтой залуусын тоон үзүүлэлт өсч байв. Түүнийг соргогоор харсан улстөрчид нэг хэсэг “Вохошеловын мэргэн бууч” киног байнга бидэнд үзүүлсэн. Ингэхдээ хүчингийн хэргийг ам уралдан ярьж цаазын ялыг сэргээхийг оролдсон. “Бурхан багш” кино УИХ-ын даргын ивээлээр үзүүлээд байсан. Гэтэл 32 тэрбумаар бурхан багшийн хөшөөг босгож, төсөв нь батлагдаагүй байхад ажлыг нь эхлүүлчихсэн явсан. Сүүлийн өдрүүдэд телевизээр “Үнэгний ав” киног зэрэг зэрэг гаргаад байгаа. Жигтэй биш байна уу?

Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралд ямар нэгэн алдаа гарах нь тодорхой болчихлоо гэж хуульч нар шинжиж байна. Мэдээж алдаа гарлаа гэхэд “Авлигажсан шүүх”, “Худалдагдсан шүүгчид” гэж харлуулаад дараагийн мөрийн хөтөлбөртөө энэ талаар тусгаж, иргэдийн саналыг хамахыг хичээхээ бэлдсэн байгаа гэдэгт бат итгэлтэй байна. Дуулсан дуундаа өөрсдөө уяраад их л харц дээгүүр, итгэл төгс хэлж, ярьж байгааг та анзаарсан л байлгүй дээ.

Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал хэмээх “жүжиг” Шархүүд залхуутай байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж