Молдав Москвагаас зай барив

Хуучирсан мэдээ: 2023.04.19-нд нийтлэгдсэн

Молдав Москвагаас зай барив

Молдав Москвагаас зай барив

Молдавт удахгүй болох бүс нутгийн сонгуулийн өмнө ОХУ-ын төлөөлөгчдийг тус улсад оруулахыг хориглож, Москвагийн улстөрчдийг дотоод хэрэгт нь оролцохгүй байхыг уриалжээ. ОХУ-ын Татарстан мужийн захирагч Рустам Минниханов тэргүүтэй төлөөлөгчид хагас автономит Гагаузийн бүс нутагт болох форумд оролцох ёстой байв. Тус бүс нутагт засгийн газраа сонгох сонгууль дөрөвдүгээр сарын 30-нд болох товтой. Рустам Минниханов Даваа гаригт Татарстаны засгийн газрын онгоцоор Молдавт ирсэн ч газардахыг нь зөвшөөрөөгүй байна.

Молдавын цагдаагийн газраас хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ, Рустам Миннихановын айлчлал нь сонгуульд оролцож буй Оросын талыг баригчдыг дэмжих зорилготой байсан гэв. 

Түүнчлэн хилийн хамгаалалтын газраас "Молдавын орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжих нь үндэслэлтэй шалтгаан биш бөгөөд Оросын хүнд сурталтнуудыг манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг эрх баригчид хүсч байна" гэж мэдэгдсэн байна. Харин Рустам Минниханов нийгмийн сүлжээнд нийтэлсэн бичлэгтээ, "Төлөөлөгчдийг хилээр нэвтрүүлээгүй нь харамсмаар үйлдэл" гэж тайлбарлаад "Түрэг үндэстнүүдийн өлгий болох Татарстан, Гагаузийн ард түмэн нь "ахан дүүс" гэж мэдэгджээ. Гагаузия бол Оросыг дэмжигч, үнэн алдартны шашинтай түрэг үндэстнүүдийн оршин суудаг автономит муж юм. Молдов улсын газар нутгийн багахан хэсэг болох Транснистрийн бүс нутаг Оросын эрх баригчдын дэмжлэгтэйгээр салан тусгаарласан байдаг. Одоо тус бүс нутагт ОХУ-ын 1400 орчим цэрэг тогтмол байрладаг аж.

МОЛДАВ-ОРОСЫН ХАРИЛЦАА

Хөрш Украинтай зэрэгцэн өнгөрсөн жил Европын холбоонд элсэх хүсэлтээ гаргасан Молдав улс нь ОХУ-ыг улс орныг нь тогтворгүй болгохыг оролдож байна гэж удаа дараа буруутгаж байсан ч Москва заримыг нь үгүйсгэсэн. Хоёр орны харилцаа өнгөрсөн онд Орос-Украины дайны улмаас хурцадсан. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сард Оросын зэвсэгт хүчний Украины хотууд руу харвасан далавчит пуужингуудын зарим нь хөрш Молдов улсын агаарын хилд нэвтэрсэн. Улмаар нэг пуужин Молдавын газар нутагт унаснаар тус улсад суугаа ОХУ-ын Элчин сайдыг хөөх шийдвэрийг гаргаж байв.

Оросын байгалийн хийгээс 100 хувь хамааралтай Молдавт эрчим хүчний хямрал үүссэнээр инфляци өссөнөөс үүдэлтэй нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч, эсэргүүцлийн жагсаал удаа дараа гарах болсон. Молдавыг бүхэлд нь хамарсан улс төр, эдийн засгийн хямрал 18 сар үргэлжилсний эцэст Молдавын өмнөх засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард огцорсон. Тус улсад нийгмийн талцал үүсгэж, тогтворгүй байдлыг бий болгоход ОХУ зөөлөн хүчний бодлогоор нөлөөлдөг гэж эрх баригчид үздэг. Тодруулбал, ОХУ төрийн бус байгууллага, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Молдав улсад зөөлөн хүчний бодлого явуулдаг гэж буруутгагддаг.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЗҮҮН ТИЙШ ТЭЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Молдав бол Зүүн Европдоо хамгийн ядуу орон бөгөөд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан жижиг улс юм. Баруун талаараа Румын бусад хэсгээрээ Украинтай 1222 км газраар хиллэдэг, 2.6 сая хүн амтай. Тус улс Орос-Украины дайны үр дагаврыг багагүй амссан бөгөөд дайнд тун ойрхон орон гэдгээрээ багагүй айдастай байна. ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд Украинд албан ёсоор дайн эхлүүлсний дараа найм хоногийн дотор Молдав, Гүрж улсууд Европын холбоонд элсэх хүсэлтээ өгч, Киевийг элсүүлэх процессыг эхлүүлэх шийдвэр гарсан.

Европын холбооны дорно зүгт тэлэх зорилготой төлөвлөгөө 2009 онд “Дорнын хамтын ажиллагааны” хөтөлбөрийг  зарлахад ил болсон. Энэ нь Украин, Беларусь, Молдав, Гүрж, Армен, Азербайжан улсуудыг өөртөө элсүүлэх төлөвлөгөө юм.

Улмаар 2019 онд болсон тус түншлэлийн хөтөлбөрийн 10 жилийн ойгоор Европын холбоонд бүрэн интеграц хийж гишүүн болгох хугацааг 2030 он гэж тодорхой зааж, дээрх зургаан улсыг институцийн түвшинд бэлтгэл хангуулахад гарах зардлыг төсөвтөө суулгасан юм.  Беларусийн 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Александр Лукашенко илт давуу ялалт байгуулсныг  хүчин төгөлдөр бус гэж үзсэн маргааны улмаас тус улсыг Европын холбоонд элсүүлэхийг түр зогсоосон. Азербайжаны хувьд улс төрийн систем, ардчиллын зарим асуудал, бүс нутагтаа Арментай мөргөлдөөнтэй байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж