Гэр хороололд их, дээд сургуулийг байгуулбал түгжрэл буурна

Хуучирсан мэдээ: 2023.04.18-нд нийтлэгдсэн

Гэр хороололд их, дээд сургуулийг байгуулбал түгжрэл буурна

Гэр хороололд их, дээд сургуулийг байгуулбал түгжрэл буурна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит III хуралдаанаар өнөөдөр /2023.04.18/ Сэлбэ, Баянхошуу, Шар хад дэд төвийг түшиглэн их, дээд сургуулийг шилжүүлэх боломжтой гэдэг асуудал хөндөгдлөө.

Нийслэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатарын тайлбараар төр өнгөрсөн хугацаанд нийслэлийн захын гэр хорооллыг хөгжүүлэх зорилгоор 600 тэрбум төгрөг зарцуулж, дэд бүтцийн шугам татсан ч барилга нь баригдахгүйгээс өнөөдөр үхмэл хөрөнгө болжээ.  Өөрөөр  хэлбэл, түгжрэлийг сааруулах зорилтоо хэрэгжүүлэхэд ч мөн үхмэл хөрөнгийг амилуулах ганц боломж нь төрийн өмчийн их, дээд сургуулийг дэд төвүүдийг түшиглэн байгуулах нь хамгийн зөв гарц гэж түгжрэл сааруулах ажлын хэсэг үзсэн байна. Энэ гаргалгааг гаргахдаа судалгаанд түшиглэсэн.

Судалгааг ажил хэрэг болгохын тулд Засгийн газраас шийдвэр гаргах ёстой.

Учир нь, их, дээд сургуулийг Улаанбаатар хотоос нүүлгэх шийдвэрийг С.Батболдын Засгийн газрын үед буюу 2010 онд гаргаж байсан түүхтэй. Ингэхдээ нийслэлийн алслагдсан дүүрэг буюу Багануур дүүрэгт төрийн өмчийн их, дээд сургуулийг байгуулах асуудлыг анх гаргаж тавьсан. Харин энэ шийдвэр хэрэгжээгүй нь зардал өндөр гарсантай холбоотой.

Дараа нь Л.Оюун-Эрдэнийн танхим Өмнөговь, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудад мөн их, дээд сургуулийг нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж үзсэн.

Иймээс нийслэлээс санал болгож буй энэхүү хувилбар дэмжлэг хүлээх үү гэдэг нь анхаарал татаж буй юм.  Гэхдээ Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагвын мэдээллээр төрийн өмчийн таван их, дээд сургуулийг дэд төвийг түшиглэн, гэр хороолол руу нүүлгэхэд Засгийн газраас онцгой анхаарч, кампусыг нь барих мөнгийг шийдэх хэрэгтэй гэж үзсэн байна.

Энэ тохиолдолд ерөнхий боловсролын сургуулиудад ч ээлтэй тусна гэж үзсэн аж.

Судалгаагаар  Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 294 сургуульд 364,186 хүүхэд суралцдаг. Төрийн өмчийн 158 сургуульд нийт сурагчийн бараг 90 хувь буюу 310,184 хүүхэд суралцаж байгаа бол хувийн 136 сургуульд 54,002 сурагч суралцдаг.

Хотын төвийн сургуулиудын ихэнхийнх нь суудлын ачаалал хэт ихэссэн бол гэр хороололд байрладаг сургуулиудын суудлын ачаалал бага.

Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва "Нийслэлийн хойд хэсэгт байрших гэр хорооллын хэсэгт нийт 50 мянган хүүхдийн хүчин чадалтай 60 сургууль бий. Тэдгээрт 93 мянган хүүхэд суралцаж байна. Гэтэл тухайн хэсэгт сургуулийн насны 184 мянган хүүхэд бий. Түүний 93 мянга нь 60 ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа бол 91 мянга нь хотын төв рүү өглөө бүр сургуульдаа явдаг. Гэр хорооллын бүсэд сургууль нэмж барьсан тохиолдолд замын хөдөлгөөн саарах боломжтой.

Тус бүр нь 960 хүүхдийн суудалтай 52 сургууль барихад 540 тэрбум төгрөг хэрэгтэй. Ингэвэл замын хөдөлгөөний түгжрэл 16 хувиар буурах дүн гарсан гэсэн юм.

Түүнчлэн түгжрэлийг бууруулахын тулд хотын дөрвөн гол өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобусыг явуулах, мөн дотор тойргийг бий болгох, гэр хорооллын авто замуудыг сайжруулах зэрэг арга хэмжээг авснаар түгжрэл 18 хувиар буурч, дундаж хурд 13 км цаг болох боломжтой гэсэн тооцоо гарчээ.

Дугуйн замыг зөв төлөвлөн сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, чиглэлийн оновчтой зохион байгуулалт хийх, дугуйн зам, гүүрэн байгууламжийг нэмэх шаардлагатай аж.

Эцэст нь хуралдаанаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Чингэлтэйн өргөн чөлөө, Шархадны зам, Энхтайвны гүүрний буцах эргэлт, АПУ ХХК-ийн уулзвар орчим, Мишээл экспогийн хойд тал, Улиастайн зам, Нарны замын нэгдүгээр эгнээг өргөтгөн шинэчилж, нийтийн тээврийн автобуснууд зорчдог байхаар зохион байгуулахыг үүрэг болгов.

Мөн авто замын ачааллыг бууруулах зорилгоор гэр хорооллын нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт 27.3 км авто зам тавих, дамжин суух терминалыг нэмэгдүүлэх талаар санал боловсруулан ажиллахыг холбогдох албан тушаалтанд даалгалаа. Түүнчлэн Улаанбаатар хотын төвийн болон баруун, зүүн бүсийн дугуйн зам, гүүрний ажлын санхүүжилтийг шийдэхийг үүрэг болгов.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж