Б.Ганчимэгийн “Ганцхудагаас гарт минь ирсэн тэмдэглэл ямархан нууцыг өгүүлнэ вэ” нийтлэлийн эхний хэсгийн бид өчигдөр хүргэсэн. “Үндэсний
шуудан” сонинд нийтлэгдсэн уг нийтлэлийн үргэжлэлийг хүргэж байна.
Ганцхудагаас гарт минь ирсэн тэмдэглэл ямархан нууцыг өгүүлнэ вэ
УИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайханд улсын нууц
задруулсан хэрэг үүсгэхдээ яг ямар үйлдлүүдээр буруутгасныг уншигчид
нарийн мэдэхгүй байх шиг байна. Учир нь, аймаар том урвагчийг
барьчихсан гэх шоуг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зориуд сул асгаж өгч
байгаад цацчихсан учраас.
Түүнийг дөрвөн асуудлаар гүжирдэж байгаа юм.
1.УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн БНХАУ-ын Ерөнхий сайд Вэнь Зябаотой хийх
уулзалт ярианы сэдвийг Василий Лавреневт дамжуулсан гэх зүйл юм байна.
Уг уулзалтын сэдвийг зургадугаар сарын 3-нд Ц.Жаргалсайханыг
баривчлахдаа Василийгийн цүнхнээс олсон болгоод байгаа ч үнэн хэрэгтээ
баривчилгааны үеэр ямар жүжиг болгосныг өмнөх өгүүлэлд тодорхой
бичсэн.
Бодит байдал дээр Д.Дэмбэрэлийн уулзалт 2010 оны зургадугаар сарын
1-нд болсон. Ц.Жаргалсайхан уулзалтын сэдвийг ГХЯ-ны Б.Байгалмаагаас
тавдугаар сарын 28-нд авч, УИХ-ын даргын туслахад өгсөн юм байна.
Баривчилгааны үеэр Василий Лавреневийн цүнхнээс гарсан гээд байгаа
хавтаст хэрэгт оруулсан материал нь Б.Байгалмаагаас авснаас өөр байсан
тухай эх сурвалж мэдээлж байна. Ц.Жаргалсайхан мэдүүлэхдээ “Миний
компьютерт байгаа ярианы сэдэвт төмөр замын тухай юу ч байхгүй” гэж удаа
дараа хэлсэн ч авч хэлэлцээгүй. Хамгийн чухал юм нь энэ материал гэж
сүржигнээд байгаа мэдээллүүд нь бараг бүх телевиз, сонин хэвлэлд тэр
өдрөө буюу зургадугаар сарын 1-2 өдрүүдэд цацагдсан. Интернэтээр мөн
адил.
Тулгаад байгаа асуудал бодит байдал хоёр нь ийм л инээдмийн гэмээр явдал байна. Дараагийн зүйл.
2. Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин нарын уулзалтын
талаархи мэдээллийг дамжуулсан гэж буруутгажээ. Энэ уулзалтыг болоогүй
гэж албан ёсны бүх эх сурвалж баталдаг. Болоогүй уулзалтын талаар
мэдээлэл дамжуулсан гэж буруутгаж болох уу. Европт хийх айлчлалын үеэр
хамт явах гишүүд, сэтгүүлчид гээд бусад бүрэлдэхүүний нэрс, онгоцны
рейсийн дугаар зэрэг бол явахаас нэг хоногийн өмнө ил болдог зүйл л
дээ. Эдгээрийг ЭСЯ руу факсаар явуулсан гэж Ц.Жаргалсайханыг
буруутгасан тухай мэдээлэл байгаа. Хэрэв үнэн бол үүн шиг элэг авмаар юм
байж болохгүй. Энэ мэдээлэл ёслолын албаныханд нэлэнхүйдээ тардаг
төдийгүй, Орос Монголын талууд холбогдох шугамуудаараа нээлттэй
дамжуулцгааж байдаг ил тод зүйл шүү дээ.
3.Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын талаархи мэдээллийг дамжуулсан
гэжээ. Энэ айлчлалд хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өргөн хүрээтэй
оролцсоныг бүгд мэдэж байгаа. Бээжин, Шаньхай, Хөххотод хийсэн
айлчлалуудыг тухай бүрт нь интернет, ТВ, сонин хэвлэлээр мэдээлж
байсан. Энэ айлчлалын илтгэх хуудсыг Ц.Жаргалсайхан хэвлэлд аль
хэдийнэ цацагдсанаас хойш Засгийн газрын нээлттэй хуралдааны дараа
авсан гэж үнэнээ мэдүүлсэн ч мөн л энэхүү хэргийн шоу менежерүүд
хэрэгсээгүй бололтой юм. Зургадугаар сарын 18-19-нд Өвөрмонголоос том
зочин ирэх ёстой байсан тул үүнд сайн бэлтгэ, өмнөх айлчлалуудыг хар
гэж УИХ-ын дэд дарга Г.Батхүү Жаргалсайханд тухайн үед үүрэг болгож
байжээ. Харин энэ бүхний талаар үнэн зөвийг мэдүүлэх гэрч болох, УИХ-ын
дэд даргын туслах Очко айж ичсэн үү, элдэв дарамтад автсан уу,
хударгагүй мэдүүлэг өгчихсөн юм болов уу гэсэн бор шувуу учир мэдэх
улсын дунд тархсан байна. Очко, УИХ-ын гишүүн Д.Загджав нараас
гэрчийн мэдүүлэг авсныхаа дараа тагнуулынхан “хөөрхий эд ч өөдгүй улс
юм даа” гэлцэн инээж байсан мэдээлэл байна. Өөрсдөө тоглоомын хэрэг
дэглэж тавьчихаад, арьсаа бодож яваа айж сандарсан улсаар ингэж л
даажигнаж суудаг байх нь гэсэн зэвүүн бодол өөрийн эрхгүй төрнө.
4. 2009 оны арваннэгдүгээр сард УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн ОХУ-д
хийх айлчлалын талаархи хөтөлбөрийг дамжуулсан гэж буруутгаж байгаа
юм байна. Айлчлалын үндсэн чиглэлийг Ц.Жаргалсайхан өөрөө
боловсруулсан аж. Бүх материал дээр ГХЯ-ны ажилтан Б.Болортой хамт
сууж байсан гэж ГХЯ-ныхан ярьж байх юм. Айлчлалд сэтгүүлчид мөн
явцгаасан. Тухай бүртээ мэдээллээ дамжуулцгаасан. Д.Дэмбэрэл дарга
ОХУ-ын парламентын дээд, доод танхимын хоёр даргатай уулзсан. Тэр үеэр
ямар ч гэрээ хэлэлцээр явагдаагүй гэдгийг манай сэтгүүлчид лав бүгд
мэдэж байгаа шүү дээ. Энэний юуг нь дамжуулдаг юм бэ.
Манай шүүхийнхний болон тагнуулынхны үзэж зүйлчилж байгаагаар манай
оронтой дайсагнагч орон болох ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан Лавренев ингэхэд
яагаад мэдүүлэг өгсөнгүй вэ. Хэрэгт авсан материалууд дотор Лавренев
Ц.Жаргалсайхан нарын энгийн, хүний ёсны нөхөрлөл, харилцааг илтгэх
бүх зүйл байхгүй байдаг гэнэ. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард
уулзахдаа Василий түүнд өөрийн хийж буй эрдэм шинжилгээний ажил болох
“Монгол Улсын өнөөгийн улс төр, гадаад бодлогын хөгжил дэвшил” сэдэвт
ажлынхаа явцын талаар ярьж, тусалж дэмжихийг гуйж байсан уулзалтыг
чагнах төхөөрөмж алгасч бичнэ гэж баймгүй юм. Эр улсын нөхөрлөл
хэчнээн өргөн хүрээтэй билээ. Хамтдаа ууж, эрчүүдийн халуун
сэдвүүдээр бие биедээ онгирцгоож юу эс болох билээ. Энэ өргөн
хүрээнээс тоглоом шоглоом, тоглочихож болох мушгичихаж болох үг
хэллэг, чаатын яриануудыг хэрэгт өлгөж аван ашиглаж буй нь энэ хэргийн
мөн чанарт эргэлзээ төрүүлж байна.
Сайтар ажиглахад Ц.Жаргалсайхан эрх танхил өссөн, мэдлэг боловсрол,
эзэмшсэн чадвартаа итгэдэг атлаа хувь хүн талаасаа гэнэн хүн юм шиг.
Саарал ордныхон бол айхтар гэх үнэлгээ жижигдэхээр улсууд байдаг.
Заримыг нь ёстой нөгөө “До яам”-ны шургуулууд ч гэж шивэр авир
ярьдаг. Цал буурал болтлоо тусгай мэдээлэгчийн ажил хийчихсэн гаднаа
намбалаг албан хаагчийн дүрийг эсгэсэн, дотроо бууны нохой төрхөө
нуучихсан тэтгэврийн насны нөхдүүд л сэмбэлзтэл алхаж явдаг шүү дээ.
Ийм аймаар орчинд арван жил ажиллахдаа гэнэн анзааргагүй зангаа
гээгээгүй л явж дээ, Ц.Жаргалсайхан. Нэг шинэ шургуулга өрөөнд нь
оруулж ирээд тавихад л хаалга үүдийг нь онгойлгож сонирхож ч үздэггүй
гэнэн алмай хүн юм даа гэж эрхгүй бодогдоно. Эдүгээ цаг бол хүн халгиа
цалгиатай, алдаа оноотой, амьд халуун шинжээ тээгээд хүн шиг явахад
халгаатай болсон үе шүү дээ.
ААВТАЙГАА Л УУЛЗЪЯ
Ц.Жаргалсайханы зөөлөн, ноомой зан, тулгасан хэргийн улмаас цочирдсон
байдал зэрэг мөрдөн байцаагчийг дур зоргоороо авирлахад хүргэж байж ч
болох.
Энэ тухай тэрбээр тэмдэглэлдээ: Би эрүүлжүүлэх байранд ч орж үзээгүй
хүн. Ийнхүү хоригдож, маш аймаар ял тулгуулж сэтгэл санаа, эрүүл мэндийн
хувьд унасан үедээ сайн үндэс суурьтай, оновчтой хариулж, тайлбарлаж
чадахгүй байсан. Тэгээд ч байцаагч байцаалт эхлэнгүүт өөрийн
асуултуудыг маш хурдан асууж, бодох завдалгүй дараагийн асуултуудыг
үргэлжлүүлдэг бөгөөд хамгийн сүүлд л “нэмж хэлэх зүйл байна уу” гээд
миний хэлсэн бүх зүйлийг 1-2 өгүүлбэрт багтаадаг байсан. Тэр нь ч зөв ч
юм шиг. Гэхдээ л бүх санааны маань 30-40 хувь нь л буусан байдаг. Би
тэгж хэлэх гэсэн юм гэхээр “Та одоо бодохоор л тэгж хэлдэг байсан юм
байна гэж бодоод байна. Үнэндээ бол тэгж л хэлсэн шүү дээ” гэнэ.
Байцаалтын цаг нь давчуу, асууж буй зүйлүүд нь олон тайлбар шаардсан
асуудлууд байсан. Би Василийтэй уулзаж байсан газар, өдрүүдээ одоо ч
сайн санахгүй байна. Учир нь найзууд болохоор тэр бүр ач холбогдол
өгдөггүй байсан. Гэтэл байцаагч “Дараа нь та хоёр хаана уулзсан бэ. Танд
ямар даалгавар өгсөн бэ, тэр өдрийн уулзалтаараа яг юуны тухай асуусан
бэ” гэх зэргээр зай өгөхгүй асуухад би урьд нь байцаалт өгч үзээгүй хүн
болохоор сандарч “санахгүй байна”, “тийм байх аа” зэрэг маш эргэлзсэн
хариултууд олонтаа өгсөн харагдана.
Хоёр том хавтаст хэрэгтэй би гурав орчим цагийн дотор л танилцсан. Учир
нь, байцаагч “та үүнийг үзсэн шүү дээ”, “аан, энэ бол нэг их ач
холбогдолгүй зүйл”, “манай жолооч явах гээд байна”, “прокурорт явуулж
амжихгүй нь” гэснээр би бүтэн нэг хавтас болон хоёр дахь хавтасны ихэнх
хэсэг болон Василийтэй уулзсан 1-2 уулзалтыг л харж амжсан. Намайг
баривчлах үедээ Василийгийн цүнх юмсыг шууд ухаж, түүнд байсан юмыг шууд
миний юм, надаас гарсан гэж ойлгогдохоор “сэжигтний цүнхнээс гарсан”
гэж хавтаст хэрэгт оруулжээ. Би энэ тухай байцаагчаас асуухад “Тийм ээ,
тийм. Энэ бол таных биш түүний цүнхнээс гаргасан. Авч явахдаа л цүнхэнд
чинь хийсэн. Энэ тухай мэдэж байгаа. Санаа зоволтгүй” гэж хэлсэн боловч
хавтаст хэргээс харахад энэ нь миний цүнхэнд байсан гэж ойлгогдохоор
болжээ.
Миний сэтгэл санаа маш хүнд байна. Төрд зүтгэсэн олон жилийн минь
хөдөлмөрийг ийнхүү үгүй болгож, нэр хүндийг минь асар их унагалаа.
Намайг хорьсноос хойш удалгүй эхнэрийг маань ажлаас нь түдгэлзүүлсэн
тухай мэдсэн. Энэ бүхэн миний болон эхнэрийн маань сэтгэлд том зовиур
нэмсэн. Мөн би ээж, эхнэр хоёртойгоо уулзмааргүй байна. Сэтгэл санаа
хүнд байна. Зөвхөн аавтайгаа л уулзъя гэхэд зориудаар хийж байгаа мэт
зөвхөн ээж, эхнэр хоёрт л зөвшөөрөл өгсөн байна. Байцаагчаас энэ
тухай асуухаар аав чинь ирээгүй гэсэн. Харин өмгөөлөгч аавд чинь
зөвшөөрөл өгөхгүй байна гэсэн. Миний үйлдсэн гэх хэрэг олон нийтэд
нээлттэй болж эндхийн хоригдогсод хүртэл “тагнуул” хэмээн дууддаг
болсон. Үүнээс болж миний талд үнэн зөв мэдүүлэг өгөх гэрчүүд миний
эсрэг гэмээр мэдүүлгүүд өгсөн байна. Би ч тэднийг ойлгож байна. Хэн ийм
хэрэгт өөрийн нэрийг хутгах вэ дээ.
Тэмдэглэлийг түр завсарлая.
ТАГНУУЛАА Ч ХАТ ДАА
Ц.Жаргалсайхан найзынхаа ажилд туслах үүднээс заримдаа өөрийн
мэдэхгүй сэдвийг тухайлбал Далай ламын тухай ч юм уу материал хэрэг
болбол зарим нэгэнд бичлэгийн шагналыг нь өгөөд бичүүлдэг байж.
Тэгсэн зарим нь огт шагнал аваагүй гээд л залсан байх юм гэнэ. Хүн бол
ийм л арчаагүй амьтан.
Энэхүү хэргийн хүрээнд өөрийн баттай эх сурвалж, баримтуудаас авсан
мэдээллээс үзэхүйд XXI зуунтай өөртэй нь харьцуулшгүй инээдтэй юмаар
бүхэл бүтэн хүнийг хэлмэгдүүлж болдог цаг үед амьдарч байгаагаа
мэдэрнэ.
Нууц…нууц….мэдээж нууц юм гэж байлгүй яахав. Ц.Жаргалсайхан ажил
үүргийнхээ ёсоор өргөн мэдээллийн дунд байсан хүн. Үүний ард улс
хоорондын харилцаа гэж том ойлголт бий. Энэ ойлгомжтой. Парламентын
харилцааг нийт улс төрийн харилцаанаас салгаж үзвэл хэт өрөөсгөл болно.
Иймд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ОХУ эсвэл БНХАУ-д хийсэн айлчлалууд
нь парламентын харилцаанд ч хамааралтай билээ. Учир нь Ерөнхийлөгч,
Ерөнхий сайдын хүрсэн тохиролцоог парламент баталгаажуулдаг. Тэгэхээр
энэ хэлтэст падлийгүй асуудал энэ хавьд байхгүй гэсэн үг. Төрийн
нууцын хуульд гадаад айлчлалтай холбоотой материалуудыг ерөнхийд нь
нууц гэжээ. Харин бодит байдал дээр төрийн институциудын гадаад
харилцааны албад ч, ГХЯ-нд ч байдал нэлээд замбараагүй талдаа байдаг.
Хэдийд нууц байдаг, хэдийд нууц бус болдог, юу нь нууц, юу нь биш болох
нь нэлээд тодорхойгүйг энэ орчинд ажилладаг хүмүүс бүгд мэднэ.
Тухайлбал, сүүлийн үед бүх гадаад айлчлалуудыг ГХЯ-наас нууц гэдэг
хөмсөг тавьдаг болсон. Энэ утгаараа цаг хугацаа ач холбогдол нь аль
хэдийнэ алдагдсан 2000 оны ч юм уу айлчлалууд ч нууц болох юм. Гэтэл
энэ бүхэн нь хэвлэл мэдээллээр тэр даруйдаа л нийтлэгддэг, өргөн
хүрээтэй цацагдчихсан зүйлүүд. Тэр битгий хэл айлчлалаар явж байхдаа
аль гишүүн нь аль гишүүн рүүгээ агсамнав, хоорондоо юунаас болж
зодолдов, хаана хэнтэй уулзав гээд бүгд л цацагдчихдаг. Ийм л орчинд
ажиллаж байгаа улсууд шүү дээ, өнөөдрийн гадаад харилцааны ажилтнууд.
Үүнийгээ ухаарч, гүтгэгдэж гүжирдүүлж, гэр бүлээрээ шаналж, яахаа
мэдэхгүй үймэрч байгаа нэгэн гэр бүлд хүн шиг хандах ёстой санагдана.
Бултаж булзаж, хэн нэгнийг нь маргааш сугалж аваачаад хэлмэгдүүлж
мэдэхийг бодохгүй өнөөдрийн улаан нүүрээ бодон увайгүй аашилж болно гэж
үү.
Иймэрхүү институциуд ажилтнуудаа он удаан жилийн шалгуураар, сайтар
судалж, мэдлэг боловсрол, гарал угсаа, гэр бүлийн байдал зэргийг нь
хянуур авч үзэж баймаар. Тэгэхгүй бол хэн нэгэн даргын шахаасаар хаа
яаж явсан нь мэдэгдэхгүй нэг нөхрийг шууд дунд нь оруулаад ирж
болохгүй. Өмнө нь төрийн алба явдаг ёсоороо л явж байсан. Хөндлөнгийн
хөл гишгэснээс болж л иймдээ тулсан байхыг үгүйсгэх аргагүй.
ТӨГСГӨЛД НЬ…
Өнөөдөр бидний хэн маань ч хэн явж болно. Эрх тушаалтан, өндөр
цалинтан, хөрөнгө мөнгөтөн…гэвч үйлийн хорвоог туулж бараад нэг л
газар очно. Энийгээ бодохгүй зарим дарга даамлууд сүрхий өндөрт хямсайж
суугаа үзэгдэх юм. Хүмүүсийн хувь заяаг шийдээд л, халаад л солиод л,
хуучин цагийн төрх нь орвонгоороо эргэчихсэн. Мэндэлдэг байсан нь
больчихсон ч байх шиг. Найз явсан нь танихаа байчихсан явах шиг. Хүн
нь ийм хэврэгшсэн байхад төр нь ямар болж байгаа нь ойлгомжтой.
Байгууллагууд зүгээр л бие биенээ тагнаж чагнаж суудаг болсон. Хуучин
нийгмийн үеийн мэдээлэгчдийн сүнс эргэж сэрсэн. Бие биенээ матаж, дээш
нь бичиж, хорлож, бахаа хангаж суугсдын хойд дүр эргэж ирсэн. Төрийн
албанд зүтгэж байгаа хүмүүс бүгд энэхүү өөрчлөгдсөн бараан орчинг
зүрхшээн ярьж байна.
Өнөөгийн дарга нар зөвхөн мөнгөөр л бүгдийг хэмждэг болсон. Зөвхөн
мөнгөөр худалдаад авчихсан хүмүүсээрээ л хүрээлүүлнэ. Тэдэндээ илүү
юм хаяна. Тэднээрээ элдэв төрлийн ажлууд хийлгэнэ. Гар хөлөө болгох
энэ тэр бүр утгаа алдсан. Гэдгэр ааштай, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг,
чадалтай, айх юмгүй, алдах юмгүй хүмүүсээс тэд шууд л дөлдөг. Төрийн
алба руу залуучууд ихээхэн хошуурдаг болсон учраас бибээр элдэв хараал
зүхлээс үл айн өнөө цагийн төрийн албыг хэрсэн ёс суртахууны энэхүү
бохир мананг сөрөн байж хэдэн үг хэлж байгаа юм. Залуус ийшээ ханарах
хэрэггүй. Төрийн албаны шалгалт энэ тэр гэсэн хахууль нүүрлэсэн газар
дугаарлан байж, дарга нарын харцыг эргүүлдэн байж ийшээ зүтгэх хэрэггүй
залуус аа. Шударгаар хөдөлмөрлөөд амжилтад хүрэх, хөдөлмөрийг тань
хэлмэгдүүлдэггүй, тунгалаг орчинтой газар ажиллацгаа.
Ц.Жаргалсайхан хэрвээ чаддаг нь оройд нь оршдог сэтгүүл зүйдээ явж
байсан бол ийм бохир машины эргүүлгэнд хавчуулагдахгүй л байсан шүү
дээ.
Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ