Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2023.04.18/ рекетүүдтэй холбоотой мэдээлэл хийлээ.
Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Сүхболд:
Урьд өмнө нь удаа дараа ял эдэлж байсан этгээдүүд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулагч компанийн хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоон, тэдгээрийн захиалгаар ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг, өр төлбөртэй этгээдүүдийг зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлж, бүлэглэн үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллага тухай бүрт нь илрүүлэн, прокурор, шүүхэд шилжүүлэн эрүүгийн хариуцлага тооцуулж байсан.
Урьд өмнө удаа дараа ял эдэлж байсан этгээдүүд нь зохион байгуулалттай бүлэг үүсгэж, аж ахуй нэгж, иргэдийн хамгаалалтыг хариуцах халхавчаар бусдын бизнесийн үйл ажиллагааг алдагдуулах, аж ахуй нэгжийн удирдлагын гэр бүл, ойр дотно иргэдийг шууд болон шууд бусаар айлган сүрдүүлэх, захиалагч талд ашигтай байдлаар шийдвэрлэж хувь авч амьдралын эх үүсвэр болгож байгаа этгээдүүдэд мөн цагдаагийн байгууллагаас хяналт тавьж, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох чиглэлээр ажилласан.
Сүүлийн таван жилд гүйцэтгэсэн ажлаас дурдвал 2019 онд таван бүлгийн 6 этгээд, 2020 онд таван бүлгийн 15, 2021 онд 3 бүлгийн 6 этгээд 2022 онд 6 бүлгийн 12 этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж, шүүхээс хорих ял оногдуулсан.
Энэ оны эхний улирлын байдлаар зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан 8 бүлгийн 21 этгээдийн хууль бус үйлдлийг шалгаж, 5 бүлгийн 13 этгээдийг яллагчдаар татан мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна.
Хорихоос суллагдсан иргэдэд захиргааны хяналт тавьж, ажиллаж байна. Тухайн иргэдэд Аймгийн цагдаагийн газар, нийслэл, дүүргийн Цагдаагийн газар, хэлтэс хяналт тавьж ажиллаж байна.
Урьд өмнө ял шийтгэл хүлээж байсан этгээдэд мөн Эрүүгийн цагдаагийн газар хяналт тавьдаг.
Одоогоор 11 этгээдэд мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа бол яллагчадаар татан шүүх прокурор уу шилсэн 19, зорчих эрхээ хязгаарлуулсан 3, хорих ял эдэлж байгаа 6 этгээд байна.
Хяналтад байгаа зарим этгээдүүд дахин гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлагад татагдан дахин ял эдлэх тохиолдол гарч байна.
Захиргааны хяналтад байхдаа амьдралаа зөв авч явах, нийгэмших гэр бүл авч олон нийтийн дунд амьдралаа зөв аваад явж байгаа иргэд ч байна.
Нийгэмд айдас түгшүүр төрүүлж, эд хөрөнгөд халдаж байгаа гэмт бүлэглэл одоогоор байхгүй.
Гэмт хэрэг үйлдвэл хариуцлагаа хүлээгээд ял шийтгэлээ авна. Гэмт бүлэглэл байгуулаад хэн нэгний өмч хөрөнгийг булаагаад байгаа хэрэг үйлдэгдээгүй гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс хүч хэрэглэн татгалзуулсан хэрэг танайд шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. Юу болж байна вэ?
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр:
Цагдаагийн байгууллагад 2021 оны есдүгээр сарын 7-нд иргэн Э-гээс “манай захирал Хятад улсын иргэн Вү Жен Жүн-ийг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 30 дугаар байрны гадаа үл таних гурван залуу зодож, гар утсыг нь дээрэмдлээ" гэдэг дуудлага мэдээлэл ирсэн. Энэ хэргийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагааг явуулснаар яллагдагч О, Б, Э нарын захиалгаар яллагдагч Д, М, Б, Т нар нь Хятад улсын иргэн Вү Жен Жүн-ийг өөрийн эзэмшлийн "Ланд крузейр" машинд суулган, хүзүүнд нь хутга тулган, нүүр хэсэгт гараар цохих зэргээр хүч хэрэглэн, “Шин Жиан Шин Фа” компанийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор Шадар сайдад хаягласан гэрээнээс татгалзуулах тухай хуурамч албан бланк тамга тэмдэг бүхий 2021 оны есдүгээр сарын 2-ны өдрийн албан бичигт хүч хэрэглэн гарын үсэг зуруулж, хохирогчийг эд хөрөнгийн эрхээ шилжүүлж өгөхийг шаардаж, хүч хэрэглэсэн хэргийг зохион байгуулсан гэх хэргийг мөрдөн шалгаж, 2023 оны гуравдугаар сарын 15-нд хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байгаа.
Холбоотой мэдээ