Европын холбооноос Суданд суугаа Элчин сайд Айдан О’Хара халдлагад өртсөн талаар мэдээллээ. Ирланд гаралтай Элчин сайд Айдан О’Хараг тус улсын нийслэл Хартум хот дахь гэртээ байхад нь зэвсэгт этгээдүүд нэвтэрч, хүнд гэмтээсэн гэж Ирландын гадаад хэргийн сайд мэдэгджээ. Хэдийгээр Элчин сайд халдлагад өртсөн ч Европын холбооны төлөөлөгчдийг хараахан нүүлгэн шилжүүлээгүй байгаа бөгөөд аюулгүй байдлыг хангахад анхаарч байгааг "AFP" агентлаг мэдээлэв.
Суданд сөрөг хүчнүүдийн хооронд зөрчил хурцадаж, гурав хоног үргэлжилсэн мөргөлдөөний улмаас 185 хүн амь үрэгдэж, 1800 гаруй хүн гэмтэж бэртээд байгааг НҮБ мэдээлсэн. Хартум хотод агаарын довтолгоо, их буугаар галлах зэргээр тулаан эрчимтэй үргэлжилж байна. Суданы засгийн газрын арми болон "Шуурхай дэмжих хүчин" гэгдэх хагас цэрэгжсэн зэвсэгт бүлэглэлийн аль аль нь Хартум хотыг хяналтдаа авахаар хичээж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Холбоотой мэдээ