Нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээвэл мөнгөтэй болно

Хуучирсан мэдээ: 2023.04.18-нд нийтлэгдсэн

Нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээвэл мөнгөтэй болно

Нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээвэл мөнгөтэй болно

"Хууль төрөхийн өмнө" буландаа энэ удаад “матаачдын”  гэгдэх Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулж байна.


Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөл нь таван бүлэг 22 заалттай. Уг хуулийн төслийн гол зохицуулалт нь шүгэл үлээсэн иргэнийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор заасан. Гэхдээ, шүгэл үлээсэн тохиолдол бүрт мөнгөн урамшуулал заавал олгохгүй.

Харин тухайн асуудлыг шалгаж, холбогдох ажиллагаа явуулж, асуудал шүүхээр эцэслэсэн шийдвэрлэгдэж, батлагдсан тохиолдолд шүгэл үлээгчийн гаргасан хүсэлтийг прокурорын байгууллага, АТГ, ХЭҮК цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, ШӨХТГ-ын төлөөлөл бүхий Мөнгөн урамшууллын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх ажээ.

Дэлхийн 27 оронд шүгэл үлээгчийн бие даасан хуультай. Уг хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2021 оны арваннэгдүгээр сард өргөн барьсан. Уг хуулийн төслийг энэ хаврын УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.

Төсөлд хуулийн үйлчлэх хүрээг “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцаа” хэмээн тодорхойлсон аж. Мөн шүгэл үлээгчид хуулиар эрх олгох, дэмжих, урамшуулах, хамгаалах мөнгөн хөрөнгийн хэмжээ, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдэл буюу шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өш хонзон, ялгаварлан гадуурхалд хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлт, хувийн мэдээлэл, аюулгүй байдалд учрах эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зохицуулалтыг төсөлд тусгажээ.

УИХ-ын намрын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжих үеэр УИХ-ын гишүүд "өрсөлдөгчөө намнах" хууль болох вий гэх болгоомжлол байсан билээ.

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ НЬ БАРИМТАА АТГ, ХҮЭК, ШӨХТГ, ЦАГДАА, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЖ БОЛНО

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:

-Шүгэл үлээнэ гэдэг анхдагч мэдээллийг илрүүлэн гаргаж ирэх явдал бөгөөд шилэн дансан дээр тавьсан ил мэдээллийг гаргаж тавих нь шүгэл үлээсэн хэрэг бус. Учир нь нийтийн сайн сайхны төлөө гаргаж байгаа үйлдлийг шүгэл үлээсэн явдал гэж үзнэ. Шүгэл үлээгч нь баримтаа АТГ, ХҮЭК, ШӨХТГ, цагдаа, гаалийн байгууллагад хүргүүлж болно. Иймд эдгээр байгууллагуудын дунд дундын мэдээллийн сан байгуулна. Уг санг хэн, хэрхэн, хэзээ ашиглав, хааш шилжүүлэв гэдэг нь ил байх болно. Мэдээлэл гаргах үйл ажиллагааг сэтгүүлчээр дамжуулж гаргаж болно. Гэхдээ тухайн сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа хадгалах бололцоотой. Амьдрал дээр мэдээлэл цацсан этгээдийг ажлаас нь халах, цалин бууруулах, өөр ажилд шилжүүлэх, ар гэрт нь дарамт үзүүлэх, мэдээллийн хэрэгслээр "буланд шахах" үзэгдэл гардаг. Тиймээс шүгэл үлээгчийг хамгаалах зохицуулалтыг тусгаж өгсөн.

Мөнгөн урамшууллын тухайд, 100 мянгаас 1.5 тэрбум төгрөг хүртэл байна. Гэхдээ уг мөнгийг шууд олгохгүй. Тухайн шүгэл үлээсэн мэдээллийг шалган шийдвэрлээд, торгууль нь улсын төсөвт орсон тохиолдолд урамшууллыг тодорхой хувьчилж олгох юм.

Түүнчлэн уг хуулийн төсөлд татвараас зайлсхийсэн асуудлыг нэмж тусгах чигтэй ажиллаж байгаа аж.


Хуулийн төслийн онцлох заалтуудыг танилцуулъя.

-Шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээнэ. Шүгэл үлээхдээ бичгээр болон амаар мэдээллээ гаргах боломжтой.

-Шүгэл үлээгч өөрийн мэдээллийг нууцлах боломжтой.

-Шүгэл үлээгчийн мэдээллийг прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүргүүлнэ. Эдгээр эрх бүхий байгууллага нь зарим мэдээллийг шүгэл үлээгчээс нэмж тодруулж болно.

-Илт худал мэдээллээр шүгэл үлээсэн, өмнө нь шалгаж үр дүнг нь мэдэгдсэн асуудлаар дахин шүгэл үлээсэн бол дээрх эрх бүхий байгууллагууд шүгэл үлээгчийн мэдээллийг хянан шалгахгүй.

-Цахим орчинд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болгосон үйл баримтаас өөр шинэ баримтгүйгээр шүгэл үлээсэн бол мөн хянан шалгахгүй.

-Шүгэл үлээгч хууль зүйн болон сэтгэл зүйн үнэгүй зөвлөгөө авч болно.

-Шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мэдээлэл өгсөн асуудлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж болно. Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага нь шүгэл үлээсэн асуудлыг мэдээлсэн эх сурвалжаа нууцлах эрхтэй.

-Дараах тохиолдолд шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мөнгөн урамшуулал авах өргөдлөө гаргаж болно.

Авлигын эсрэг хуулийн 33.2-т заасны дагуу улсад хохирол учруулсан этгээдийн эд хөрөнгө, орлогыг хураасан;

Хуульд заасны дагуу зохих торгох ял, торгох шийтгэл оногдуулсны дүнд төлөх ёстой байсан төлбөрийг төлүүлсэн.

-Мөнгөн урамшууллыг дараах хэлбэрээр олгоно.

-Тавин сая хүртэл төгрөгийн 15 хувийг;

-Тавин саяас хоёр зуун тавин сая хүртэл төгрөгийн 10 сая төгрөг дээр 50 сая төгрөгөөс давсан дүнгийн 12 хувийг;

-Хоёр зуун тавин саяас нэг тэрбум хүртэл төгрөгийн 36 сая төгрөг дээр 250 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувийг;

-Нэг тэрбумаас хоёр тэрбум хүртэл төгрөгийн 113 сая төгрөг дээр 1 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 6 хувийг;

-Хоёр тэрбум, түүнээс дээш төгрөгийн 173 сая төгрөг дээр 2 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 4 хувийг.

-Мөнгөн урамшууллын хэмжээ нь 100 мянган төгрөгөөс 1 тэрбум 500 сая төгрөг хүртэл байна.

Хуулийн төсөлтэй энд дарж танилцана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж