Өнөөдрийн хуралдаанаар таван багц асуудал шийдвэрлэлээ
Өнөөдрийн /2023.04.18/ хуралдаанаар таван багц асуудал шийдвэрлэснийг шүүх бүрэлдэхүүн танилцууллаа. Хурал маргааш дахин ажлын найман цаг үргэлжлэх аж. Энэ үеэр даргалагч шүүгч Ж.Болдбаатар:
- Хөгжлийн банкнаас гарсан зээлийнх нь цаг хугацаагаар шүүх хуралдааны дарааллыг тогтож, хэлэлцүүлэг хийх
- Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн яллах дүгнэлтийг бүрэн уншуулах шаардлагагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг тогтоох хэсгийг нь уншаад явах боломжтой.
- Хэргийг тусгаарлах талаар хүсэлтүүд ирж байгаа. Тэднийг хүлээн авах боломжгүй.
- Өмгөөлөгч Ч.Болдбаатар, Б.Наранцэцэг, Д.Түвшинтамир нараас хэрэгт нэр бүхий гэрчүүдийг оролцуулъя гэж хүсэлт гаргасан, үүнийг боломжгүй гэж үзсэн.
- Шүүх хуралдааныг өдөрт найман цаг үргэлжлүүлэх зэрэг таван шийдвэр гарсан талаар мэдээллээ.
Н.Батбаяр: Шүүх хурал хаалттай болбол бухимдлыг тайлж чадахгүй
Шүүх хуралдааны завсарлага дууссаны дараа прокуророос үргэлжлүүлэн яллах дүгнэлтийг танилцуулж байна.
Үүний өмнө шүүх хуралдаанд оролцож байгаа Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр шүүх хуралдааныг нээлттэй явуулах саналтай байгаагаа уламжилсан. Тэрбээр "Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа шүүх хуралд 80 хүн холбогдож 200-гаад хүн оролцож байна. 1930, 1940-өөд оны үед иймэрхүү шүүх хурал болж байсан.
Нийгэм өнөөдөр бухимдалтай байгаа. Шударга бус зүйлд дургүйцсэн учраас иргэд бухимдаж байна. Шударга бус байдлыг таслан зогсоох нь шүүхийн үүрэг. Шүүх хурал нээлттэй явах ёстой. Хөгжлийн банктай холбоотой УИХ-аас зохион байгуулсан сонсгол нээлттэй болсон. Шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч байна.
Нээлттэй сонсголыг телевизүүдээр шууд дамжуулахад төрөөс хөрөнгө гаргаж өгсөн юм билээ. Шүүх хуралдааныг 3-4 телевизээр шууд дамжуулах зардал мөнгийг нь Хөгжлийн банкнаас гаргаад нээлттэй хийхийг хүсч байна. Шүүх хурал хаалттай болбол нийгмийн бухимдлыг тайлж чадахгүй" гэсэн юм.
Ийнхүү өнөөдрийн хуралдаан прокурорын саналаар үргэлжилсэн.
Шүүх хуралдаан дахин түр завсарлав
Прокурорын талаас яллах дүгнэлтийг уншиж танилцуулснаар хуралдаан үргэлжилсэн. Тус дүгнэлтийг үдийн цайны дараа үргэлжлүүлэн танилцуулах учир түр завсарлав.
Шүүхийн бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа
Шүүх хуралдаан өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хэлэлцэж хурал нэг цагийн хугацаан түр завсарласан. Энэ хугацаанд хүсэлтүүдийг хэлэлцэж шийдвэрлэжээ.
- Гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй
- Шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай, заримыг нь нээлттэй зохион явуулах өмнөх шийдвэрээ баримталж ажиллахаар болсон байна.
Шүүхийн бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулсны дараа прокурорын талаас яллах дүгнэлтийг уншиж байна.
-Яллах дүгнэлт 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны 06 дугаартай. Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Ц.Гансүлд, Б.Бүжинлхам, Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Г.Эрдэнэ, Х.Онолвит яллагдагч Б.Батбаяр нарт холбогдох эрүүгийн 1741000380228 дугаартай хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөгч нар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан. үүнийг хүлээн авч хянаад тогтоосон нь:
1. Яллагдагч Лхагвасүрэнгийн Аззаяа нь Монгол Улсын Хөгжлийн банкны төслийн санхүүжилт, зээлийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллах хугацаандаа буюу 2017 оны 8-9 дүгээр сард зээлийн шалгуур үзүүлэлт хангахгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй гэх дүгнэлт гарсан НВЦ ХХК-д 21 сая ам.долларын зээл олгохын өмнө тус компанийн зээлийг судалж, зээл удирдлагын хорооны хуралдаанд тус аж ахуй нэгжийг Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан мэтээр танилцуулсан. Ийнхүү албан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2017 оны аравдугаар сарын 11-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо TRUE L хотхоны гадна 19:00 цагийн үед НВЦ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэгээс 1000 ам.доллар авсан. Мөн 1,2 сая төгрөгийн үнэ бүхий хэтэвч, оргилуун дарс, үнэртэй ус тус тус хахуульд авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар. Яллагдагч Цэвээндээгийн Билгүүн нийтийн албан тушаалтан буюу Хөгжлийн банкны төслийн санхүүжилт зээлийн газрын байгууллагын зээл санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа
Хөгжлийн банкны зээлийн удирдлагын хорооны дарга Б.Батбаяр, гишүүн дэд захирал Ч.Энхбат, хөрөнгийн удирдлагын хорооны захирал Б.Чойжилжалбуу, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан, хууль эрхзүйн хэлтсийн захирал Б.Будхүү, санхүүжилт хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирал Д.Рэнчиндорж нарын эрсдэлийн удирдлагын газрын дарга Г.Дөлгөөнтэй гэмт хэрэг үйлдэхээр санаатайгаар хуйвалдаж, албан тушаалаа урвуулан ашиглаж, зээл удирдлагын хорооны 2017 оны есдүгээр сарын 11-ний өдөр Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.5, 10.1.6 мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2012 оны А56Б дугаартай тушаалаар батлагдсан Зээлийн үйл ажиллагааны журмын 5.7-д заасан шаардлагуудыг хангаагүй буюу барилга дахин төлөлвлөлтөд хамаарахгүй, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээнд хүрэхгүй шүүхийн шийдвэрээр баталгаажсан бусдад төлөх төлбөртэй Пирамид Од ХХК-ийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буман Залуус орон сууцны хороолол төсөлд 15 тэрбум төгрөгийн зээлийг нөхцөл зааж буюу илт хууль бусаар олгохыг дэмжиж, удирдах зөвлөлд танилцуулж зээд олгосон.
Ийнхүү прокурорын талаас яллах дүгнэлтийг бүтэн уншиж танилцууллаа.
Шүүх хурал түр завсарлав
Шүүх хуралдааны дэгтэй холбоотой саналыг мөн шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс илэрхийлсэн. Мөн хэргийн шүүх хурлыг тусгаарлах, гэрч оролцогчдын эрхийг хангах асуудлаар өмгөөлөгчид санал хэлсэн учир шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээр хурал хэсэг хугацаанд завсарлалаа. Завсарлагааны өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Н.Батбаяр шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг гаргав.
Н.Алтанхуягийн өмгөөлөгч Болдбаатар:
-Хөгжлийн банкны гэх хэрэгт Н.Алтанхуяг ямар ч холбоогүй. Шинжээчийн дүгнэлтээр ч баталсан. Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа Засгийн газраас гарагсан тогтоолуудтай холбогдуулж процесс зөрчсөн гэх үнэдслэлээр шалгаж байна. Тиймээс Эрүүгийн хэргийн тодорхой заалтуудыг үндэслэж, Н.Алтанхуягт холбогдох хэргийг тусгаарлаж, шийдвэрлэж өгөхийг хүсч байна.
Мөн Н.Батбаяр өөрийгөө өмгөөлж оролцож байгаа бөгөөд шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол хууль бус шийдвэр гарах вий гэх иргэдийн хардалт байна. Тиймээс хуралдааныг шууд нээлттэй явуулж өгөхийг хүслээ. Мөн тэрбээр, өмнө нь өргөн бүрэлдэхүүнтэй шүүх хурал болж байгаагүй. Хэлмэгдүүлэлтийн үед буюу 30-40 онд болж байсан юм билээ. Энэ шүүх хурал иргэдийн хамгийн их анхаарлыг нь татаж буй хурал юм. Тиймээс Төрийн ордонд хийж байсан шиг телевизээр дамжуулж, нээлттэй явуулахыг хүсч байна.
Нээлттэй явуулж чадвал иргэд үнэн зөв явсан эсэхийг шийдэж чадна. Тиймээс анхааралдаа авна уу. Төрийн ордны хэлэлцүүлгийг телевизүүдээр шууд дамжуулахад төсвөөс мөнгө гаргасан юм билээ. Энэ удаагийн шүүх хурлыг ч нээлттэй явуулж, иргэдийн бухимдлыг тайлах хэрэгтэй гэлээ.
Өмгөөлөгчдийн зүгээс цагаатгах байр суурьтай байгаагаа илэрхийлж байна
Шүүх хуралдаан шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн саналаар үргэлжилж байна.
Мөнхтөр, Цэлмэгийн өмгөөлөгч О.Батсүх:
-Миний бие цагаатгах байр суурьтай оролцож байна. Миний үйлчлүүлэгчид гэм буруугүй гэдэг дээр маргана. Шүүхэд ирүүлсэн нийт 19 хавтаст хэргээс 161 нотлох баримтыг шинжлэн судалж оролцож байна. Үүнийг шүүгчид танилцуулахаар бичгээр авч ирсэн.
Болдмаагийн өмгөөлөгч Энхтүвшин:
-Энэ хэрэгт цагаатгах байр сууринаас оролцоно. Хэрэгт холбоотой нотлох баримт бичиг болон үйлчлүүлэгч Болдмаагийн хувийн байдалтай холбоотой 10 хуудас баримтыг бичгээр хүргүүлж байна.
Шүүгдэгч Мөнхтөрийн өмгөөлөгч Хатанбаатар:
-Бэрэн группийн ерөнхий захирал Мөнхтөр нь 2013 оны долдугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын төмөрлөгийн үйлдвэрлэлийг дэмжих 256 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас олгосон зээлээр Гангын үйлдвэр барьсан бүтээн байгуулалтыг гэмт хэрэг үйлдсэн болгож гэм буруутайд тооцож байгаа нь иргэний эрхзүйн харилцаатай аж ахуй нэгжийг үйл ажиллагаатай байхад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хилс хэрэгт хэлмэгдүүлж байгаа учир хэргийн бодит байдалтай нийцэхгүй, гэмт хэргийн шинжгүй учир цагаатгах эрхзүйн хамгаалал, өмгөөлөл явуулах болно. Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.8, 35.7.2, 35.8.2-т үндэслэж дараах нотлох баримтыг шинжлэн судлуулна. Бэрэн групптэй холбоотой хавтаст хэргийн материал 367-424 дүгээр хуудас хүртэл байна. Материал олон байгаа учир нэг бүрчлэн дурдахгүйгээр бичгээр өгнө. Мөн үүн дээр нэмээд нотлох баримт гаргана. 2023 оны хоёрдугаар сарын 23-нд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан Гангын үйлдвэрийн зээлтэй холбоотой шийдвэр. Үүнээс гадна мөрдөн байцаалтын шатанд албадан арга хэрэгсэл ашиглаж байсан талаар аудио бичлэгийг шүүхээр шинжлүүлэх хүсэлтэй байна.
Г.Байгалмаагийн өмгөөлөгч:
-Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гурван хэргийн 22, 12, 18, 6 дугаар зүйлд заасан зүйлчлэлийг цагаатгах тал дээр байр суурьтай оролцоно. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан зүйл ангийг цагаатгахаар оролцоно. Ингэхдээ хавтаст хэргийн бичгээр өгсөн дараах хэсгийг шинжлэн судална. Тодруулбал, 150 дугаар хэргийн 45, 56, 57, 69, 85, 89, 94, 239-243, 249, 151 дүгээр хавтас хэргийн 1-2, 7-9, 15-23, 24, 155-157, 229-247. Мөн 159 дүгээр хавтаст хэргээс 14-31, 43-44, 104-105, 140-141, 180 тал дээрх баримтууд болон бусад холбогдох хавтаст хэргийн зарим баримтыг судлан шинжилж оролцоно.
Б.Батбаатарын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ:
-Миний үйлчлүүлэгч Б.Батбаатарыг Нийслэлийн прокурорын газраас хоёр гэмт хэрэгт буруутгаж, шүүхэд шилжүүлсэн. 22.5.2 дугаар хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Харин 18, 6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт цагаатгах байр суурьтай оролцоно.
Ч.Өлзийгийн өмгөөлөгч Очирваань:
-Нийслэлийн прокурорын газраас Ч.Өлзийг 22.5.2-т заасан болон Эрүүгийн хуулийн 18.6-д зааснаар зүйлчилж ирүүлсэн. Зүйлчлэлийн тухайд гэмт хэргийн шинжгүй гэдэг агуулгаар цагаатгах байр сууринаас оролцоно. Ч.Өлзийгийн хувьд гэм буруу дээр маргахгүй явж байгаа. Шүүх хуралдааны дэг дээр санал байна. Ажлын цагт багтааж шүүх хуралдааныг явуулах нь зүйтэй.
Б.Батдоржийн өмгөөлөгч Жавхлантөгс:
-Цагаатгах байр суурьтай оролцож байна. Шинжлэн судлуулах нотлох баримтын тухайд хавтаст хэргийн 92-105 дугаар хэргийг бүхэлд нь шинжлүүлнэ. Хэлэлцүүлэх дарааллын тухайд мэтгэлцэх зарчим бодит байдлыг тогтоох замаар явагдах нь зүйтэй гэж бодож байна.
Хөгжлийн банкинд холбогдох шүүх хурал үргэлжилнэ
Хөгжлийн банкинд холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.04.18/ хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдтэй холбогдож буй уг шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын гишүүд яллагдагчаар татагдан оролцож буй.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй явуулах санал гаргасан ч өмгөөлөгч нарын зүгээс “Хувь хүний нууцтай холбоотой асуудлууд яригдах тул хаалттай хийх ёстой” гэх санал гаргасан юм.
Холбоотой мэдээ