Сурвалжлага: Ундны усны эх үүсвэрийг ухаж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.18-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Ундны усны эх үүсвэрийг ухаж байна

Сурвалжлага: Ундны усны эх үүсвэрийг ухаж байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж буй тохижилтын ажил олныг талцуулаад байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яамныхан ч уг асуудалд нухацтай хандаж, нийслэлийн ундны эх үүсвэр болсон ногоон тохижилттой газарт заавал дахин бүтээн байгуулалт хийх шаардлагагүй гэдгийг мэдэгдсэн. Харин нөгөө талд бүтээн байгуулагч компани зураг төслөө батлаагүй ч аль хэдийнэ ажлаа эхлүүлээд хөрс, шороогоо ухаж, тэгшлээд эхэлжээ. Тэгвэл тус бүтээн байгуулалт үнэхээр ногоон байгууламж, ундны усны эх үүсвэр сүйтгэхгүй баригдах эсэхийг сурвалжиллаа.

2023.04.17. "KFC Land" тохижилтын ажлын 12 дахь хоног.

Хүмүүсийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг тоотой хэдхэн газрын нэг бол цэцэрлэгт хүрээлэн. Тус амралтын бүс нийт 973 га газартай. Харин "Таванбогд трейд" ХХК-ийн хэрэгжүүлж буй тус ажил 1,1 га талбайд нь хийгдэнэ. Бараг 1000-ны нэг хэсгийг тохижуулах гэж байхад юун сүртэй юм бэ? гэх хандлага зарим хүнд төрөх нь тодорхой. Гэхдээ нөгөө талдаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, агаар амьсгалах боломжтой ганц газрыг дахин дотор нь хашаалж тусгайлсан бүс буюу гадаадын томоохон брэндийн нэршлийг оруулж бүсчилж байгаа нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байгаа билээ. Барилгын ажил эхэлсэн тус бүсэд 10-аад ажилчид байлаа. Тус хүмүүсийн хэлж байгаагаар "Бид ажил гүйцэтгэгч хүмүүс. Яг нарийн учир холбогдлыг хэлж мэдэхгүй.

Ажил энэ сарын 5-нд эхэлсэн. Албаны хүмүүс ч ирж танилцсан. Гэхдээ бидэнд үйл ажиллагаагаа зогсоо гэдэг шаардлага тавиагүй. Тиймээс бид захиалагчдынхаа хүсэлтийн дагуу ажлаа л хийж байна. Одоогоор нэг ч мод шилжүүлэн суулгаагүй. Мөн хашаалсан хэсэгт ямар ч бүтээн байгуулалт байгаагүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Бүтээн байгуулалт хийхийн тулд энэ талбайд хоёр л өөрчлөлт хийж байгаа. Эхнийх нь гэрлийн шонгуудыг авсан. Хоёр дахь нь моддыг шилжүүлэн суулгах.

Маш том газрын жаахан хэсэгт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гээд бүх насныхан амарч, тоглох боломжтой орчныг бий болгох гэж байна. Тиймээс энэ ажлыг зогсоохгүй үргэлжлүүлэх байх" гэсэн юм.

1,1 га газрыг тойруулан төмөр хашаа татаж, завсар гаргалгүй шахжээ. Гэхдээ хажуугаар нь явах хүмүүс ойролцоох сандал дээр зогсч, мөн төмөр хашааны доод хэсэгт гарсан зайгаар сонирхон харна. Цэцэрлэгт хүрээлэнд салхилж яваа хүмүүсээс энэ газарт ямар нэгэн бүтээн байгуулалт, орохыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байсан эсэхийг асуухад "анзаарч байгаагүй. Ямартай ч мод бол бий. Сандал, гэрлийн шонгууд байсан" гэлээ.

ТАВДУГААР САРЫН 20-НД ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН "KFC LAND"-Г ХҮЛЭЭЖ АВНА

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзулын хэлснээр "Тус төслийн зураг төсөл батлагдсан бөгөөд энэхүү ажлыг эхлүүлэх санал таван жилийн өмнө гарсан. Тодруулбал, тус төслийг хэрэгжүүлэхээр тухайн компани 2018 онд анх хандсан. Шаардлагатай төсвөө бэлдээд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй зөвшилцөж зургаа эцэслээд, гэрээгээ албажуулаад эхэлсэн цаг хугацаа нь л одоо таарч байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс анх санал тавихдаа барилга барихгүй, хөшөө босгохгүй, худалдаа үйлчилгээ хийхгүй, жил бүр арчилгаагаа танай, манай хамтраад хийгээд явна, ногоон байгууламж хийнэ. Иргэдэд шаардлагатай орчин бүрдүүлнэ гэж тохирсон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа төсөл.

Тавдугаар сарын 20-нд ажил нь дуусаад цэцэрлэгт хүрээлэнд хүлээлгэн өгч, нийслэлийн өмчид бүртгэж авна. Ажлыг зогсоох шийдвэр огт гараагүй.

Цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөлтийн дагуу 973 га талбайн 15 хувьд тохижилт хийгдэх ёстой. Одоогийн байдлаар 15 хувийн тохижилтын даалгавартай газрын таван хувьд улс, нийслэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар тохижилт хийгдсэн 10 хувь нь хийгдээгүй. KFC-ийн тохижилт хийж байгаа талбай бол таван хувьд багтсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн жилд дунджаар давхардсан тоогоор дулааны улиралд өдөр 15 мянга орчим хүн, хүйтний улиралд таван мянга гаруй хүн хүлээж авдаг. Ногоон орчноос гадна, тохижилт, тоглоомын талбай зайлшгүй хэрэгтэй. Тиймээс төрөөс дэмжлэг хүлээх биш хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах нь зөв гэж шийдсэн" гэх тайлбарыг өгсөн юм.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН 85 ХУВЬ НЬ НОГООН БАЙГУУЛАМЖ БАЙХ ЁСТОЙ

Харин нөгөө талд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон БОАЖЯ-наас энэ төслийн эсрэг байр суурьтай байгаа. Тодруулбал, тус дүүргийн иргэдээс санал гомдол олноор ирсэн аж. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга, 26 дугаар хорооны Засаг даргаас ч яам болон гишүүнд гомдол хүргүүлжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн анх байгуулагдахдаа 85 хувь нь ногоон байгууламж байна. Ундны усны эс үүсвэр дээр байгаа учраас барилга байшин барихгүй, зам талбай хийе гэсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаж байсан. Гэвч өнөөдөр ерөнхий төлөвлөгөө алдагдахад хүрчээ. Тиймээс УИХ-аас Ерөнхий төлөвлөгөөг алдагдуулахгүй байх тал дээр шаардлага хүргүүлжээ. Үүнтэй Байгаль орчин аялал жуулчлалын сайд ч санал нэгдсэн байна. Тэдний зүгээс цэцэрлэгт хүрээлэнд KFC газар ухаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ зөвшөөрөл гарсан учир зогсоох шийдвэрийг ч албан бичгээр гаргана. Харин өнөөдрийн байдлаар тус бүтээн байгуулалтын ажлыг зогсоох шийдвэр, албан шаардлага гаргаагүй байна.

Энэ бол эхний асуудал. Хэдийгээр хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний газар байгуулахгүй гэдгээ гүйцэтгэгч компанийн зүгээс амалсан ч ногоон байгууламж хэвээр үлдээх дараагийн том зүйл бий. Тэр бол Улаанбаатарын ундны усны эх үүсвэрийн бүс.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт газар нутгийн 90-ээс дээш хувь нь байгалийн унаган төрхийг хадгалсан ногоон бүс болон ногоон байгууламж байхаар тооцож газар нутгийг хамгаалах шаардлагатай. Тухайлбал, Улаанбаатар хотод нийт 88 цэвэр усны гүнийн худаг байдгаас 61 нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлаж байна. Цэвэр усны нөөцийн 50 гаруй хувь нь хүрээлэнгийн газар нутагт байрлаж байгаа учраас усны нөөцийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Тиймээс бүтээн байгуулалтын ажил нэрийдлээр байгаль болоод ундны усны эх үүсвэрээ хөндөж болохгүйг иргэд хэлж буй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж