УИХ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог 152 болговол Төрийн ордондоо багтах уу гэдэг асуудал хөндөгдөх болсон.
Энэ асуудалд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын гишүүд хоёр, хоёроороо нэг өрөөнд сууж болох байлгүй дээ. 76 гишүүнд жилдээ 10 орчим тэрбум төгрөгийн зардал гаргадаг. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж, зардал 20 тэрбум болоход түүнийг нь даах санхүүгийн бололцоотой болсон. УИХ 152 гишүүнтэй болсноор нэг гишүүний кнопны эрх мэдэл 30-50 хувиар буурах тооцоолол гарсан. Энэ нь бусдад давуу байдал бий болгодог байдал алга болно гэсэн үг. Хувь улстөрчдийн бодлоор шийдвэр гардаг бус улс төрийн институцын шийдвэр гардаг болно гэж ойлгож болно” гэдэг тайлбар хийгээд байна.
Гурван жилийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ парламентын ордныг Их тэнгэрт барих боломжтой гэдэг мэдээллийг хийж байсан. Харин иргэд “Парламентын шинэ ордныг агаарын бохирдол хамгийн их бүсэд буюу Баянхошуу зэрэг гэр хороололд байгуулж, утааны асуудлыг шийдвэрлэхийн төлөө хууль тогтоогчдын толгойг ажиллуулдаг болгоход анхаарах шаардлагатай” гэдэг асуудлыг хөндсөөр ирсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ