Монголд газрын ховор элементийн зургаан орд байна

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

Монголд газрын ховор элементийн зургаан орд байна

Монголд газрын ховор элементийн зургаан орд байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга, доктор Б.Уянгын мэдээлснээр, улсын хэмжээнд газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тоннын нөөцтэй, нийт 6 орд илрүүлсэнээс 4 нь том, 2 нь жижиг орд юм байна. Монгол Улс энэхүү эрдсийн баялгаараа дэлхийд эхний 15-д ордог бөгөөд эдгээр ордыг бүрэн ашиглаж, цаашид боловсруулалтад шилжүүлэх шаардлагатай болжээ. Үүнд:

-Улаандөлийн 124.78 тоннын орд,

-Халзанбүрэгтэйн 1.511.6 мянган тоннын орд,

-Мушгиа худагийн 365.1 мянган тоннын орд

-Хотгорын 1,213.7 мянган тоннын нөөцтэй орд

-Цагаан чулуутын 274.55 тоннын орд,

Лугийн голын 14.5 мянган тоннын орд тус тус багтаж буй юм.

Тэр дундаа Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын болон аж ахуйн нэгжүүдийн төсвөөр газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгэжээ.

Газрын ховор элементийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулбал “сэхээ"-нд орсон эдийн засгаа сэргээх боломжтой гэж судлаачид тайлбарлаж байна. Учир нь газрын ховор элементээс хүдрийн баяжмал гаргаж авах, элемент тус бүрээр нь салгахад өндөр үнэтэй, нарийн технологи шаардлагатай аж.

Нэг грамм цэвэр элемент 10-20000 ам.долларт хүрдэг байна.

Монголд нөөц нь бий ч технологи, боловсон хүчин байхгүй учраас салгалгүйгээр нэг тонныг нь 4000 ам.доллараар “Монгол газрын ховор элемент” компани экспортолдог аж. Гэвч газрын ховор элементийг олборлох, ашиглалтад оруулахад багагүй асуудал тулгардаг байна. Тухайлбал, газрын ховор элементийн болон стратегийн ач холбогдолтой металлын талаар зохицуулсан эрх зүйн орчин, газрын ховор элементийг ангилан, дан исэл гаргаж авах, боловсруулах технологи, тэнд ажиллах боловсон хүчин байхгүй аж.

Нөөц нь тогтоогдоод буй орд, газруудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хувь хүмүүс эзэмшдэг нь тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэ салбарыг хөгжүүлэхэд хүндрэлтэй гол асуудлын нэг болдог. Иймд нүүрсний экспорт шиг улсаар нь тэжээх энэ салбараа хайгуулаас нь эхлээд хөгжүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлсээр байна.

Газрын ховор элементүүд (химийн элементүүдийн үелэх системийн 57-гоос 71 хүртэл дугаарт байрлах лантаноид элементүүд болон эдгээртэй химийн шинжээрээ ойролцоо төстэй №39-д байрлах иттрийг оролцуулаад, газрын ховор элементүүд (ГХЭ) гэж нэрлэдэг)-д лантан, цери, празеодим, неодим, проимети, самарц, европи, гадалони, терби, диспрози, гольми, эрби, тули, иттерби, лютеци гэсэн лантаноидууд болон иттри, сканди гэсэн 17 элемент багтдаг байна.

Төр засгаас жилийн өмнө буюу 2022 оны аравдугаар сард “Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Герман улстай зэс боловсруулах үйлдвэр, цахилгаан автомашин, техник хэрэгслийн гол түүхий эд болох газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх талаар ярилцаж, судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтжээ.

2023 оны хоёрдугаар сард Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татан, ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах болон газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тогтсон. Мөн Монгол Улс, БНСУ-ын хооронд хамтарсан Ховор металлын судалгааны төв байгуулахаар болсон байна.

Газрын ховор элемент нь өндөр технологид хэрэглэгддэг чухал эрдэс, түүхий эд болдог. Ялангуяа тогтмол соронзонгийн үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэдэг. Гэрлийг өөртөө маш сайн, тод дамжуулдаг чадвараар бүхий л техникийн дэлгэц, цахилгаан дамжуулагч, хөдөлгүүр, цахилгаан машины зай хураагуурт ашигладаг байна.

Тухайлбал, салхин сэнсний хөдөлгүүр, катализатор, цэнэглэдэг батарей, нарны хавтан зэрэг сэргээгдэх эрчим хүч болон байгаль орчинд сөрөг нөлөө багатай, ногоон эрчим хүчний үйлдвэрлэлд өргөн ашигладаг, мөн цөмийн технологи болон цэргийн техникт хэрэглэдэг байна.

Иймд газрын ховор элементийг тусад нь бус лит, зэс зэрэг бусад эрдэс баялгийн хамт өндөр технологийн түүхий эд гэж цогцоор нь авч үзэн хайгуул, боловсруулалтад анхааран, ашиглалтыг дэмжин хөгжүүлэх хэрэгтэй аж.

Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн эрэлт, хэрэгцээ эрс нэмэгдсэнээр үнэ нь өсч, түүнд онцгой анхаарч эхэлсэн билээ. БНХАУ газрын ховор элементийн экспортдоо хяналт тавьж, экспортын квот хүртэл тогтоожээ.

АНУ-ын Геологийн судалгааны газрын тооцоогоор, дэлхий дээр газрын ховор элементийн ашиглаж болохуйц 100 сая гаруй тонн нөөцийг баттай тогтоосон байна. Үүний 40-өөд хувь нь Хятадад (Өвөрмонголд), үлдсэн хэсэг нь АНУ, ОХУ болон хуучин Зөвлөлтийн харъяаны орнууд, Афганистан, Монголд байдаг ажээ.

Газрын ховор элементүүд мөнгөлөг цагаан өнгөтэй металлууд бөгөөд нягт нь 4,48г/см3 /иттри/ ээс 9,33 г/см3 /тули/ хүрдэг. Хайлах температур нь +804° С (цери)-ээс 1550° С (тули) байдаг аж. Агаарт амархан исэлдэх ба нүүрстөрөгч, хүхэр, фосфор, азот, бусад зарим элементүүдтэй идэвхтэй нэгддэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж