Л.Наранбаатарыг халж чадаагүй төр "хувалзнууд"-аасаа сална лөөлөө !

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

Л.Наранбаатарыг халж чадаагүй төр "хувалзнууд"-аасаа сална лөөлөө !

Л.Наранбаатарыг халж чадаагүй төр "хувалзнууд"-аасаа сална лөөлөө !

Бумбын тахилгад 5.9 сая, Улаанбаатар дахь оффисын үйл ажиллагаанд 26.9 сая, урлагийн наадамд 900 мянга, улсын баяр наадам зохион байгуулахад 789 мянга, барилгачдын баяр зохион байгуулахад 1.8 сая төгрөг, дарга нарын амьдрах байрны түрээсэнд 40 сая төгрөг зарцуулж, нийт дүнгээрээ 21.3 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил гаргасан “Цемент шохой” төрийн өмчит ХК-ийн захирал Л.Наранбаатар чөлөөлөгдөх нь гэтэл Д.Эрдэнэбилэг тэргүүтэй мафиудтай тэмцсэн баатар болж хувирав.

Уг нь “Цемент шохой” төрийн өмчит үйлдвэрийн газар нь 21.3 тэрбум төгрөгийг зүй бус зүйлд зарцуулж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргасан субьект нь Үндэсний аудитын газар.

“Уг сөрөг дүгнэлттэй маргах ч аргагүй, Л.Наранбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх хангалттай үндэслэл болно” гэдэг тайлбар хэлж зогссон хүн нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын дарга Б.Цэнгэл юм.

Түүгээр ч зогсохгүй Б.Цэнгэл дарга “Архи уухаараа хэд хоногоор алга болдог, алсын зайнаас үйлдвэр удирддаг дарга надад хэрэггүй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. Энэ тухай би өмнө нь Л.Наранбаатарт ахын ч хувиар, алба хашиж байгаа даргын хувиар ч хэлж явсан” гэдэг яриа хэвлэлийнхэнд өгсөн. Гэтэл маргааш нь Хөтөлд очингуутаа “ТӨБЗГ, “Цемент шохой” ХК хоёр хүйн холбоотой. Яам байхгүй, би мэддэг юм, би бас хариуцлага хүлээдэг юм. Үнэн зөв мэдээлэлд тулгуурлаж дараагийн шийдвэр гарах ёстой. Л.Наранбаатар маш сайн ажилласан” гэж хамгаалав.

ТӨБЗГ-ын дарга ийм хоёр нүүртэй байж болох уу.  “Архи дарс уудаг, ажилд тэнцэхгүй даргыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт танилцуулсан” гэж ярьчихаад маргааш өдөр нь өөр зүйл ярихаар “Дээрээс хэн нэгэнд чихдүүлэв үү” гэх хардлага ч  дагаж байна.  Хардахаас ч аргагүй.

Уг нь төр “Цемент шохой” компанийг төрд шилжүүлэн авсан нэг том шалтгаан нь цементийн хэрэглээг дотоодоосоо хангах, барилгын гол түүхий эд болсон цементийн үнийг бууруулах зорилго байв. Гэтэл уг компани төрд ирснээр цементийн үнэ буурах нь уу гэтэл бүр тэнгэрт гарсан, түүгээр зогсохгүй, хомсдол үүссэн. Ид бүтээн байгуулалтын цагаар Л.Наранбаатар тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож байв.

Дээр нь “Цемент шохой” ХК-ийн удирдлага нь жил болох хугацаанд 21.2 тэрбум төгрөг зориулалт бус зүйлд зарцуулсан атал хариуцлага хүлээхгүй нь.  Ийм байхад төрд хэчнээн олон компани, үйлдвэр ажиллах шаардлага бий юу.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн оролцоотой 100 гаруй компани, үйлдвэр бий. Ихэвчлэн ашиггүй ажилладгаас жил бүр төсвөөс татаас авдаг. Татаас гэдэг нь цаад агуулгаараа татвар төлөгчдийн мөнгийг л зарцуулдаг. УИХ, Засгийн газар ч “Төсөвт дарамт учруулж байгаа төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг хувьчилна, бие даалгана” гэж их ярьдаг. Гэвч ажил хэрэг болсон нь үгүй. Хувьчлах гэхээр үнэ хөлсөн дээрээ тохирохгүй байна уу, эсвэл намын тавиулуудаа албан тушаалд тавиад амийг нь тасалчихгүй аваад явж байх нь илүү унацтай юу, бүү мэд. Лав л МАН 2016 оноос хойш Засгийн эрхийг тасралтгүй барихад хувьчилсан нэг ч төрийн өмчит компани алга. Харин хувьд очсоныг нь хууль зөрчсөн үндэслэлээр буу, шийдэм агссан төрийн тусгайгийнхныг аваачиж зогсоож байгаад төрд буцаан авсан нь бишгүй. Түүний нэг нь ч энэхүү “Цемент шохой” компани.

Төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компанид Л.Наранбаатар шиг намын тавиулууд олон. Компанийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэх дүгнэлтээс зөвхөн Л.Наранбаатартай холбоотой хэсэг л ил болсноос биш ухвал энэ байтугай нь ч бий. Гагцхүү хэний “но”-г олон нийтэд ил болгох вэ, хэнийхийг нуух вэ гэдгээ заавар, чиглэлээр дарахыг нь дарж, зарлахыг нь зарлаж ирснээс биш.

Дээр нь төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниуд бүгд Төлөөлөн удирдах зөвлөлтэй. ТУЗ-ийн гишүүд нь ихэвчлэн намын “шахаа”-ны хүмүүсээс бүрддэг. Тэднийг “хувалзууд” ч гэж нэрлэх нь бий. Компани нь ашигтай, ашиггүй ажиллахаас үл шалтгаалж "хувалзууд" цалин авдаг.  “Шүүр” ажиллагаагаар тэргүүн ээлжинд явах хүмүүс бол тэд. Гэвч "хувалзууд" биш жинхэнэ ажлын төлөө зүтгэснүүд нь фракц, бүлэглэлд харьяалагддаггүй зэргээсээ болж, хавчигдсаар өөрсдөөр нь өргөдлийг нь бичүүлэн, “Шүүр” ажиллагаагаар явуулах жагсаалтад багтаагаад байна.

Хамгийн эмгэнэлтэй нь, халагдсан тэр хүний ажлыг авахаар Л.Наранбаатар шиг бас нэг МАН-ын тавиул ирнэ.

Юун төрийг хууль бусаар эзэлсэн төрийн албан хаагчдаас цэвэрлэх, харин ч намын тавиулуудыг хууль дүрэм баталж, бүр төрийн жинхэнэ албан хаагч болгон, залах гэж байна.

Уг нь хууль дүрэм үйлчилдэг оронд бол ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, “Цемент шохой” төрийн өмчит ХК-ийн захирал Л.Наранбаатар нар хоёулаа чөлөөлөгдсөн.

Харин Монголд хууль дүрэм үйлчилдэггүй болохоор нэг нь орон гаран зүйл ярьсан хүн болж, нөгөө нь сөрсөн базаа хийж, жүжиг тавиад өнгөрч байна.

Ийм байхад төр хувалзнуудаасаа сална, лөөлөө шүү!

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж