"ҮХ-ийн дархлааг оруулж өгөхгүй бол өөрчлөлтүүд хулгайлагдах магадлалтай"

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

"ҮХ-ийн дархлааг оруулж өгөхгүй бол өөрчлөлтүүд хулгайлагдах магадлалтай"

"ҮХ-ийн дархлааг оруулж өгөхгүй бол өөрчлөлтүүд хулгайлагдах магадлалтай"

Ардчилсан намаас өнөөдөр\2023.04.16 \ мэдээлэл  хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ,

-Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийсэн. Ардчилсан намаас уг хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага хуралдаж шийдвэр гаргах ёстой. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо эцсийн дүнд улс төрийн шийдвэр гаргаж, АН-ын УИХ дахь бүлэгт эцсийн чиглэл өгөх ёстой гэсэн байр суурь баримталж байгаа. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн шат шатны өөрчлөлтүүд дээр ажиллаж байсан гишүүд, ҮБХ-ноос ажлын хэсэг гарган ажиллаж байна. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуульд АН-аас олон санал хүргүүлсэн. Зарим санал тусгагдаж, зарим нь тусгагдаагүй. УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд шийдэгдэнэ гэсэн байдалтай байна. Гэхдээ зарчмын хувьд хэд хэдэн зүйл баримталж байна. Монголын өнөөгийн улс төрийн тогтолцоонд эрх барьж байгаа нам төр болоод хувирчихдаг. Төр өөрөө эрх барьж байгаа намд дэмжлэг үзүүлдэг хэсэг болоод хувирчихдаг уламжлалт практик нэлээд гүн гүнзгий явж ирлээ. Тухайлбал, эрх барьж байгаа намын заавар шийдвэрээр нөгөө улс төрийн намынхаа дотоод үйл ажиллагаа, оршин тогтноход нь хүртэл нөлөөлж болдог гэдгийг Ардчилсан нам өнгөрсөн хугацааны байр байдлаар харууллаа. Үндсэндээ төрийн захиргааны байгууллага тамга хувилаад өгснөөс үүдэлтэй маргаан ямар байдалд хүрч байгааг олон нийт мэдэж байгаа. Нөгөө талаас төр гэдэг эрх баригч намын дэмжлэг үзүүлдэг бааз болоод хувирчихаар Улс төрийн намын тухай хууль дээр эдгээрийг олон зүйл заалтаар хязгаарлах ёстой гэсэн бодлого барьж байгаа. Ерөнхийлөгчөөс өргөн барьж байгаа хуулийн төсөл дээр зөв зүйтэй саналууд явж байгаа учраас зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ олон асуудалд нухацтай хандана гэж бодож байна гэв.

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин:  

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар Засгийн газар дээр тодорхой санаанууд гарч, санал авч байгаа процесс явагдаж байна. Ардчилсан намын хувьд санал авч байгаатай зэрэгцүүлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал УИХ-д орж ирвэл бид ямар байр суурьтай байх вэ гэдэг дээр санаа бодлоо нэгтгэх, ойлголтоо цэгцлэх хэрэгцээ шаардлага байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой сургамж болсон зүйл юу байсан талаар тодорхой мэдээлэл өглөө. 1999 болон 2000 оны нэмэлт, өөрчлөлт, 2019 оны нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлууд, 2022 онд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулан дахин өөрчлөлт оруулсан асуудлуудад дүн шинжигээ хийсэн. 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үед тухайн үеийн Ардчилсан нам, намын бүлэг байр сууриудтай байсан. Тухайн байр сууриуд дотор гурван байр суурь чухалд тооцогдож байсан боловч зөвшилцөл болон эрх барьж байсан намын олонхын санаа бодлоос болоод бүрэн шийдэгдэж чадаагүй. Ихэнх нь зөвшилцөл нэрийн дор хамгийн түрүүнд хасагдсан байсан. Бидний авсан сургамж  бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг цомхон хийх ёстой. Гэхдээ цомхон хийхдээ тодорхой зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол бүрэн дүүрэн хийх ёстой. Дутуу хийснээсээ болоод хоёр жил хүрэхгүй хугацааны дараа дахин гар хүрэх, дахин ямар нэгэн арга залиар асуудлыг шийдэх гэж оролдох улс төрийн үл явц явагдаж байгаа нь Үндсэн хуулийг тогтворгүй болгох эрсдэл байгаа гэдгийг хамгийн түрүүнд дүгнэх ёстой байсан. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ардчилсан намын гурван гол байр суурийн нэг нь сонгуулийн тогтолцоо байсан. Пропорциональ тогтолцоо оруулж ирэхгүйгээр саналаа өгч байгаа иргэдийн санал ихээр гээгдэж байна. Хоёрдугаарт УИХ-ын чадавхи сул дорой болж байна. Дандаа жалга довны санаа бодлоор улс орны  асуудлыг шийдэх гэж оролдож байна. Тийм учраас пропорциональ тогтолцооны сонгуулийг холимог байдлаар оруулах ёстой гэдэг саналыг 2019 онд АН-ын бүлэг тавьсан. Харамсалтай нь уг санал дэмжигдээгүй. Дахин дөрвөн жил хүрэхгүй хугацаанд дахин энэ санал эрх баригч намын зүгээс гарч ирж байна. Бид өмнөх саналтайгаа нэг хэвээр байгаа. Гэхдээ Үндсэн хуульд холимог тогтолцоог 50:50 хэмээн бичих нь болих бүдүүлэг алдаа болно.Цаашид юм сайжирахын хэрээр пропорциональ сонгуулийн эзлэх жин нэмэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ямар нэгэн холимог тогтолцоо байх зохицуулалт орох нь Ардчилсан намын хувьд өмнөх байр сууриа илүү баталгаажуулах, цаашид улс орны хөгжил дэвшилд өнөөдрийн сэтгэл хөөрөөр шийдэх гэж оролдож байгаа зүйл садаа болохгүй байх ёстой гэсэн агуулгатай байна. Хоёрдугаарт, тухайн үед АН маш хүчтэй  тавьсан боловч  АН,МАН хоёрын дундах зөвшилцөл нэрийн дор тухайн үеийн Ерөнхийлөгчийн үед хасагдсан. Иргэний үндсэн эрхийг Үндсэн хуулийн шүүх буюу Үндсэн хуулийн Цэцэд өгөх тухай асуудал байсан. Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхтэй. Харамсалтай нь энэ эрхээ эдэлснийхээ төлөө ял авдаг байдал өнөөдөр ч байсаар байна. Хэрэв Үндсэн хуульд заасан үндсэн эрх нь хангагдахгүй байгаа тохиолдолд иргэд үндсэн эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргадаг байсан бол энэ асуудал аль эрт шийдэгдэх байсан. Дахин дутуу хагас зүйл хийж болохгүй .Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Цэцийг сайжруулъя гэж бодож байгаа бол Цэцтэй холбоотой зүйл заалтуудыг бүрэн дүүрэн цогцоор нь шийдэх ёстой. Үгүй бол дахин урууландаа будаг түрхээд өөр зүйл хийгээгүй мэт жижиг дүр зургийн завсар Үндсэн хуулийг улам сул дорой болгох байх хэмээн болгоомжилж байна. Гуравдугаарт,  АН энэ удаагийн ЗГ-аас санал авч байгаа асуултуудад ороогүй боловч зайлшгүй орох ёстой гурван зүйл бий.

Нэгдүгээрт, Олон улсын өмнө амлалт авсан. НҮБ-ын конвенцэд нэгдэн орсон. Бид цаазаар авах ялыг албан ёсоор халсан боловч Үндсэн хууль дээрээ тухайн бичвэр байх нь хэр зохимжтой вэ гэдгийг эргэж харах ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуульд бичигдэх шаардлагагүй байсан, шүүхтэй өдөр бүр өрсөлдөж байгаа прокурорын тогтолцоогоо Үндсэн хуулиас хасвал яасан юм бэ гэдэг санал байна. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдэлд ордоггүй, бусад улсын жишгээр гүйцэтгэх эрх мэдлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн нэг хэсэг байдаг энэ байгууллагыг Үндсэн хуульд бичснээр байнга хонгил, шударга бусын хэлмэгдүүлэлт газар авч байгаа өгөгдлийн суурь нь Үндсэн хуулийн тухайн зүйл заалттай ноцолдох уу үгүй юу гэдгийг эрх баригчдаас асуух ёстой байх. Гуравлугаарт, 1992 оны Үндсэн хуульд дутуу бичигдсэн Үндсэн хуулийн дархлаагаа яах ёстой вэ. Сая Үндсэн хуулийн Цэцийг давхар дээл нөмрөхийн тулд Үндсэн хуульд бичигдээгүй зүйл заалтаар Үндсэн хууль хоорондоо зөрчилдөж байна хэмээн, өөрсдөдөө олгогдоогүй эрх үүргээр Цэцээр шийдвэр гаргуулж шийдсэн. Хэрэв үнэхээр соёлт, Үндсэн хуульт , Ардчилсан улс орны арга замаар явъя гэж байгаа бол Үндсэн хуульдаа дархлааг нь бичгээр суулгаж, мөнхийн заалт хэмээн нэрлэдэг Монгол Улсын Тусгаар тогтнол, парламентын засаглал, хүний эрх болон  эрх мэдлийг дордуулахгүй байх чиглэлд  Үндсэн хуулийн шүүх  Үндсэн хуулийн суурь үзэл санаатай хагаралдуулж хянаж болно гэдэг заалтаа бичихгүйгээр Үндсэн хуулиас гадуур Үндсэн хууль хулгайлдаг энэ арга барилаа дахин үргэлжлүүлвэл өнөөдөр ярьж байгаа зүйлүүд хоёр жилийн дараа дахин хулгайлагдах вий гэсэн болгоомжлол бий. Үндсэн хуулийн дархлааг Үндсэн хуульд оруулж өгөхгүй бол дараагийн эрх баригч гарч ирээд өнөөдрийн дэвшилттэй үзэл санааг дахин хулгайлчихна. Үүний тулд Үндсэн хуулийн мөнхийн заалтууд чинь юу байх юм бэ. Халдаж болохгүй зүйл чинь аль вэ гэдгийг эргэж харах нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж