Дэлхийн А зэрэглэлийн хамгийн том кино наадам болох Францын Каннын кино наадамд монгол найруулагч бүсгүйн кино албан ёсоор сонгогдсон. Түүхийн хуудас эргүүлсэн энэ уран бүтээл бол “Баавгай болохсон” уран сайхны кино. Найруулагч нь Пүрэвдашийн Золжаргал юм. Уран бүтээлчдийн төлөөлөл өнөөдөр /2023.04.17/ хэвлэлийн бага хурал хийж, киноныхоо талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр найруулагч бүсгүйтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Монголын уран сайхны кино анх удаа Каннын кино наадамд албан ёсоор сонгогдлоо. Баг хамт олонд нь баяр хүргэе. Энэ баярт мэдээг хаана, хэзээ, хэрхэн сонсч, хүлээж авсан нь сонин байна?
-Намайг гэртээ байхад франц продюсер маань над руу орой утасдаж, энэ баярт мэдээг анх дуулгасан. Тухайн үед маш чанга орилмоор байсан боловч гэрийнхэн маань унтаж байсан учраас чадаагүй. Үнэхээр их баярласан бас итгээгүй. Маргааш нь Францад албан ёсны хэвлэлийн бага хурал болж, тэр хурлаар өөрийнхөө нэрийг сонсох хүртлээ нэг л итгэж өгөөгүй. Нэрийг минь хэлж, Монголоос анх удаа кино ирлээ гэж зарлах мөчид үнэхээр их баярласан.
-Одоо нэг сайхан орилчих уу?
-Яаж болдог юм бэ. Дэмий байх. /инээв/
-"Баавгай болохсон" киноны нэр их өвөрмөц санагдсан. Утга санааг нь тайлбарлаж өгөөч?
-Утаатай, өвлийн хүйтэн улирлыг болдогсон бол баавгай шиг ичээндээ өнгөрүүлэхсэн гэсэн утгатай. Нэг сайхан унтаад сэрэхэд утаагүй, ханиад томуу ч байхгүй, зуныг угтах юмсан гэдэг хүүхдийн хүсэл л дээ. Энэ бол киноны гол дүрийн чин хүсэл. Кинонд маань 15 настай физикийн гоц авьяастай хүү, гэр хороололд өрх толгойлсон ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг тухай өгүүлдэг. Тэр хүү өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө явангаа хүйтэн өвөл даарахгүй нь тулд нүүрс түлээ, хоол хүнсгүй болох асуудлыг хэрхэн даван туулж байгааг харуулж буй.
Би энэ киноныхоо зохиолыг 2016-2017 оны өвлөөс эхэлж бичиж эхэлсэн. Кино төслөө олон улсын залуу найруулагчдад зориулсан сангийн сургалтуудад оролцож ирсэн.
Хамгийн анх 2017 онд залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болохсон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлсэн. Тэндээс би үнэ цэнэтэй түүх бичиж байна гэдгээ ойлгосон гэх үү. Мөн надад кино зохиолоо улам хөгжүүлэх тэтгэлэг олгож, тэнд франц продюсертэйгээ анх танилцсан байдаг. Франц улсын Urban Sales компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг хүн. Тэр цагаас хойш зургаан жилийн дараа бидний киноны ажил маань дуусч байна.
-Физикийн хичээлд гоц авьяастай гэснээс П.Золжаргал маань өөрөө цөмийн физикч болох мөрөөдөлтэй байсан гэсэн. Энэ мөрөөдлөө яагаад найруулагч мэргэжлээр солих болов?
-"Баавгай болохсон" уран сайхны кино маань сайн боловсрол олж авахаар тэмүүлж буй хүүхдийн түүх. Хэрэв сайн боловсрол эзэмшиж, боловсролтой, чадвартай хүн болно. Тэгээд хэнээс ч тусламж гуйхгүйгээр өөрийн ирээдүй, гэр бүлээ аваад явж чадна. Би өөрөө физикийн хичээлд маш сонирхолтой хүүхэд байсан. Тэгсэн ч олимпиадад оролцохоор дандаа тав, зургадугаар байр эзэлнэ. Ер нь олимпиадад ямар сургуулийн сурагч алтан медаль авч байна вэ гэдгийг судалсан чинь "Шинэ монгол" сургуулийн сурагчид байсан. Тэгээд би энэ мундаг сургуульд орж, заавал алтан медаль авна гэж тэр сургуульдаа элсэн орсон.
"Шинэ монгол" сургууль нь хүүхдүүдэд ганц физик, математик гэлтгүй сайн боловсролыг олгож, олон төрлийн дугуйланд хамруулдаг. Хүүхдүүдийн авьяасыг олж нээдэг. Миний хувьд драмын дугуйланд орж, урлагт ухаангүй хайртай болсон байдаг юм. Тэгж анх 2008 онд Япон улсын “Обирин” хувийн их сургуулийн кино найруулагчийн ангид суралцах 100 мянган ам.долларын тэтгэлэгт тэнцсэн.
Нэг бодлын энэ киноны түүхийн тал нь минийх. Би сайн боловсрол олж авснаар хэрхэн амьдралаа авч явах боломжтой болсон бэ. Над шиг мянга мянган хүүхэд авьяасаа нээж, чанартай боловсрол эзэмшиж болох вэ гэдэг үүднээс кино төслөө бичсэн.
-Надад энэ түүх П.Золжаргалын түүх шиг санагдсан. Гэр хорооллын жижигхэн мухлагт суудаг байсан охин мөрөөдлийнхөө төлөө алхам алхмаар зогсолтгүй алхаж, дэлхийн кино наадамд энэ түүхээр бичсэн киногоороо сонгогдож чадлаа.
-Хүүхдэд сайн боловсрол олгох боломж хаана бүрддэг вэ гэдэг нэг тод жишээ нь би өөрөө болж байгаад баяртай байна. Баянхошууны Зүүнсалаан дахь дэлгүүрт суудаг охинд Япон улсад найруулагчаар суралцах боломж олдсон. Үүний дараа миний анхны кино бүтэж, Каннын кино наадамд сонгогдлоо. Хүүхэд бүрт сайн боловсролыг олгож чадвал улс эх орны ирээдүй ямар гэрэлтэй байхыг энэ киноноос харахыг хүсч байна.
Анх удаагаа кино хийж буй найруулагч бүсгүйд санхүүжилт олгоно гэдэг өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөн хөрөнгөө өгнө гэдэг асар их эр зориг, эрсдэлийг дагуулна шүү дээ.
Миний хувьд киногоо бүтээхийн тулд хөрөнгө хайж, их олон газраар явсан. Киноны зохиолоо анх "Лантуун дохио" ТББ-ын хамт олонд танилцуулснаар Швейцарийн хөгжлийн агентлагийн Соёлын хөтөлбөр рүү төслөө өгч, анхны санхүүжилтыг авсан. Мөн "Монголын Финтек" групп санхүүжилтээр дэмжсэн. Үүний дараагаар олон байгууллага, хамт олон болон 70 гаруй хувь хүн, байгууллага буцаан төлөх шаардлагагүйгээр чин сэтгэлийн хандив өгч, тусалсан. Ингэснээр бид эх орондоо зураг авалтаа хийх боломжтой болсон юм. Энэ бүх хүмүүс, байгууллагууддаа маш их баярлаж байна. Тэр олон хүний чин сэтгэлээр энэ түүх бүтсэн.
-Таны хувьд киноны жүжигчидтэйгээ Каннын кино наадамд алхахыг хүсч байгаагаа хэлж байсан шүү дээ?
-Францын Каннын кино наадмын зүгээс миний зардлыг гаргана. Соёлын яамнаас ерөнхий продюсер, ерөнхий зураглаачийн маань зардлыг гаргахаар болсон. Одоо би киноны гол дүрийн хүүхдүүдтэйгээ улаан хивсээр алхмаар байна. Энэ хүүхдүүд бүх хүч чадлаа дайчилж, энэ кинонд тоглосон. Тийм учраас хүүхдүүдийнхээ зардал мөнгийг шийдэхээр тусалж дэмжих продюсер хайж байна. Каннын кино наадам маань тавдугаар сарын 16-27-ны өдрүүдэд болно. Манай кино одоогоор хэзээ дэлхийн нээлтээ хийх товоо гаргаагүй байна. Тэр өдрөө зарлавал бид Франц улс руу явна.
-Монголдоо "Баавгай болохсон" киногоо нээхээр тун их яарч байгаа гэсэн үү?
-Улаанбаатар хотын иргэд нэг нэгнээ ойлгож, амьдрахыг хүсч байна. Орон сууц, гэр хороолол гэсэн хоёр хороололд амьдардаг хүмүүс бие бие рүүгээ эргэн харж, нэг нэгнээ тэврэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр хотын энэ их түгжрэл, стресс, утааны асуудлаа бие бие рүүгээ чихэж, чичэлснээр ойлголцохгүй. Тийм болохоор энэ киногоор дамжуулж, энэ бүх асуудлыг хэрхэн хамтдаа шийдэх тухай тусгахыг зорьсон юм. Монголчууддаа хамгийн түрүүнд киногоо үзүүлэхийг хүсч бас яарч байна.
Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ