“Бүгд суудлаасаа босоцгооно уу. Шүүхийн шийдвэр танилцуулахад бэлэн боллоо” хэмээн хаалганы цаанаас дуулдахад сандлаа шалтай хавсаргах нир хийсэн чимээ гарч "Чи наашаа, цаашаа" хэмээн хэсэг шуугилдаад танхим нам гүн болов. Монгол Улсын нэрийн өмнөөс…… шийдвэрлэлээ хэмээн алх цохив. Шүүх танхимын хаалгыг цагдаагийн алба хаагч онгойлгохтой зэрэгцэн шүүгч, шүүгчийн туслах, хэргийн оролцогчид өмгөөлөгч нийлсэн 10 гаруй хүн увж цувсаар гарч одов. Шүүх тахим руу өнгийвөөс 10 метр квадрат хүрэхтэй үгүйтэй өрөөнд хамгийн цаад хэсэгт хоёр метр орчим бор ширээ байрлуулж ард нь гурван сандал өржээ.
Түүнээс метр хүрэхгүйн зайнд Шүүгчийн нарийн бичиг гэх тодотгол бүхий намхан ширээн дээр суурин компьютер байрлуулж, өөдөөс нь мөн ижил ширээ байрлуулсан байна. Ингээд үлдсэн багахан зайнд хоёр хоёр эгнээгээр байрлуулсан ширээний ард хоёр сандал эгнүүлжээ. Цагаан цамц хар өмд өмссөн 20 гаруй насны эмэгтэй дараагийн шүүх хурлыг тус өрөөнд хуралдуулахад бэлэн болсон талаар дуулгав. Хэргийн оролцогчид байр байраа эзэлсэн ч зарим хүмүүст суух сандал олдохгүй байгаа бололтой. Шүүгчийн туслах багтаамж арай томхон өрөөнд сул цаг байгаа эсэхийн лавласан ч санаснаар нь болсонгүй. Сүүлдээ багтахгүй байгаа нь ардуур нь зогсохоос өөр сонголтгүй болоод хаалгаа тас хааж орхив.
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үдээс хойш товлогдсон шүүх хуралдаанууд ийнхүү үргэлжилж, эхнээсээ шийдвэрээ гаргаж байна. Хүлээлгийн тэнхимийн багахан зайнд багталцаж ядах иргэд “Шүүх хуралдаан явагдаж байна. Чимээгүй” гэх анхааруулгыг амьхандаа л биелүүлэхийг хичээх боловч хэн нэгнийх нь утас дуугарах, хэн нэгнээ дуудах, хоорондоо ярилцах гээд дуу чимээ гаргах хэрэгцээ дуусахгүй л харагдана. Анхаарч сонссон хүнд хаалганы цаана болж байгаа шүүх процесс дотор нь байгаа мэт сонстоно. Шүүх хуралдааны үйл явц хэрхэн өрнөж хэний тал ялж, хэний тал ялагдаж, хэнд ямар шүүхийн тогтоол уншиж байгаа нь хаалттай мэт боловч нээлттэй байдлаар ийнхүү үргэлжилж байна.
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өдөрт хамгийн багадаа 60 гаруй шүүх хуралдаан болдог бөгөөд түүний нэгээхэн хэсгийн дүр зураг ийнхүү үргэлжилнэ. Хөдөлмөрийн маргаанаар түлхүү мэргэшиж ажилладаг Ц.Мөнхбат өмгөөлөгчийн өмгөөлөл үзүүлсэн хэргийн 80 орчим хувь нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр явагддаг аж.
Шүүх танхимын зай талбай хэт жижиг, стандартын бусаас үүдэн олон хүндрэл бэрхшээл тулгардаг талаар Ц.Мөнхбат хэлж байна. Шүүх танхимд эсрэг талынхаа өмгөөлөгчтэй хамт суудаг. Түүний үйлчлүүлэгчид асуултыг ойлгохгүйн улмаас лавлах, түүнд хэрхэн яаж хариулах зэрэг эрх зүйн туслалцаа авах шаардлага гардаг.
Гэтэл заал танхимын хүрэлцээ байхгүйн улмаас эдгээр нв боломжгүй болох тохиолдол гардаг байна. Мөн шүүхийн байр хүрэлцээгүйн улмаас удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах олон цагаар хүлээх тохиолдол ч бий гэв. “Иргэд шүүх танхимыг ихэвчлэн кинон дээр гардаг шигээр төсөөлдөг. Гэтэл бодит байдал дээр зарим нэг өмгөөлөгчийн ажлын өрөөнөөс ч жижиг өрөө тасалгаанд шүүхийн үйл ажиллагаа өрнөж байна. Түүнчлэн кинон дээр гардаг сүрлэг өндөр бор ширээ, том том сандал ч алга.
Харин 10 жилийн сургуулийн ашиглахаа болиод актлагдсан юм уу гэмээр өрөөнд шүүх хуралдаан үргэлжилж будаг нь халцарсан ширээ, цуурсан хана, цөмөрчихсөн шалтай, агааржуулалтгүй өрөөнд үнэн, худлыг дэнсэлж байна. Тийм учраас өмгөөлөх эрх асар ихээр зөрчигддөг гэдгийг Ц.Мөнхбат хэлж байна. Түүнчлэн гэрчийн мэдүүлэг авах үед оролцогчид муухай харах, сүрдүүлэх гэх мэтээр янз янзын эрсдэлүүд гарахыг үгүйсгэдэггүй байна. Мөн шүүгчийн хараат бус байдал алдагддаг аж. Тухайлбал, хэргийн оролцогчидтой нүүр тулсан ярилцлага хийж байгаа мэт ойрхон зайд байхаар шүүгчийн аюулгүй байдлыг хангах орчин бүрддэггүй гэдгийг учирлаж байна.
Нэрээ нууцлахыг хүссэн иргэний хэлж байгаагаар, Зоорины давхарт шүүх хуралдаан явагдахад агаар солилцоо муугаас үүдэн агааргүйтэх, чийг, хөгц үнэртэх, дотор муухай оргих, толгой эргэх гэх мэт шинж тэмдэг шүүх хуралдаанд оролцогч нэг бүрд илэрдэг гэнэ. Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг хангах нь бүү хэл Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, норм нормативыгхангасан шүүх хуралдааны өрөө тасалгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн Тамгын газарт хомс байдаг. Өвлийн улиралд гадуур хувцастайгаа шүүх танхимд орж суухад хүндрэлтэй зүйл олон тулгардаг, ямар ч тав тух мэдрэгддэгүй учраас шүүхийг хүндлэх сэтгэгдэл төрж байгаагүй талаараа ч хэлж байна. Тус шүүхийн хэмжээнд шүүх хуралдаан явуулах зориулалт бүхий 11 танхим байдаг бөгөөд харилцан адилгүй хэмжээтэй байдаг аж. Хамгийн жижиг шүүх хуралдааны байр нь 10 гаруй метр квадрат бол хамгийн том нь 30 орчим метр квадрат байна.
Олон улсын стандартын дагуу шүүх танхимын өрөө цэлгэр сайхан, шүүх рүү урт шат бүхий байгууламжаар дамжиж ордог байх нь шүүх хуралдаанд оролцогчид өөрөө өөртөө дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах, сэтгэл зүйгээ тогтворжуулах, тайвшруулах зэргээр олон талын ач холбогдолтой байдаг гэдгийг барууны өндөр хөгжилтэй оруудын жишээ баталдаг байна.
Мөн шүүх хуралдаанд оролцогч талуудад шүүхээс гаргасан шийдвэр итгэл үнэмшил төрүүлэх нь илүү байдаг нь судалгаагаар тогтоогджээ.Шүүхийн шийдвэр заавал биелэгддэг. Гэтэл жижигхэн зай талбайтай хонгилын өрөөний өмхий танхимаас шүүхийн шийдвэр гарч байгаа учраас түүнд итгэл иргэдийн итгэл сул байдаг аж.
Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар нийтдээ гурван байртай. Нэгдүгээрт, 1995 онд тухайн үеийн Сүхбаатар дүүргийн шүүхийн байр нэртэйгээр гурван давхар байр барьж байгуулсан түүхтэй. Ингээд 2007 онд хоёр давхар нэмж өргөтгөснөөр таван давхар өөрийн өмчлөлийн үндсэн байртай болжээ. Хоёрдугаарт 2015 онд Сүхбаатар дүүргийн Тамгын газрын өргөтгөлийн барилгыг дүүргийн хуучин байрыг нураах үед авч үлдэж өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа Нийслэлийн өмчийн барилга. Өмчийн хэлбэрийн хувьд улсын өмчөөс тусдаа орон нутгийн өмчит барилга учраас тус барилга байшинд засвар үйлчилгээ хийх болон бусад тохижилтын ажил хийхэд ихээхэн хүндрэл үүсдэг гэдгийг Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү хэлж байна. Гуравдугаарт, шүүхийн I,II байрнаас ойролцоогоор 50 метр зайд байрлах нийтийн орон сууцны нэг давхрын үйлчилгээний зориулалттай 300 гаруй метр квадрат талбайг 2017 оноос хойш түрээсэлж III байрны зориулалтаар ашиглаж байгаа ч ирэх жил түрээсийн үнээ нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа түрээслэгч тал илэрхийлсэн байна. Тусгаар улсын хараат бус шүүх засаглал ашиглалтын хугацаа дууссан байр, нураахад нь авч үлдсэн балгас, түрээсийн байраар тэнүүчилж, шударга үнэнг дэнслэхээр тэмтчиж байгааг харахад гунигтай. Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн320 гаруй мянган иргэний эрх зүйтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хэргийн шүүгчид оногдох өсөлт жилд дундаар 10 хувиар өссөн байна. Өдөрт нэг шүүгч 15-20 шүүх хуралд оролцож байгаагаас шүүхийн ачаалал хэрхэн нэмэгдсэн нь тодорхой харагдана.
Шүүхийн ачаалал нэмэгдэхийн хэрээр архивчдын ачаалал дагаад нэмэгдэнэ. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны байрны хоёрдугаар давхарт байрлах таван метр хүрэхтэй үгүйтэй өрөөнд 20 гаруй насны хоёр эмэгтэй бичиг цаасандаа дарагдан сууна. Өөд өөдөөс нь харуулан тавьсан хоёр ширээн дээр бичгийн цаас бүхий хэргийн бүрдлүүдийг эгнүүлэн өрсөн байх бөгөөд түүний цаанаас архивч охидын толгой ч үл харагдана. Энэ их цаасан дундаа тэд бараг л живэх нь. Гэсэн хэдий ч залуу насныхаа аагиар ажилдаа дуртай. Цайны цагаараа аль болох өрөөнөөсөө гарахыг хичээдэг. Заримдаа ч гарах сэхээ байхгүй цайны цаг өнгөрчихсөн байдаг хэмээн инээмсэглэх энэ бүсгүйг Г.Бямбажаргал гэдэг.
Тэдний хувьд долоо хоногийн долоон өдөр ажиллах тохиолдол олон. Бичиг цаасны ажил нэг л эхлүүлсэн бол дуусгаж байж санаа амраадаг хэмээн хэвлүүхэн ярих түүний үеийн найзууд нь хааяа нэг ажил дээр нь ирэхдээ гайхах, алмайрах, шантрах, өрөвдөх, хайрлах сэтгэлээр хандах нь олон.
“Чи яаж ийм их цаасан дунд ажилладаг юм бэ гэх” үеийн хүүхдүүдийн гайхсан асуултад тэд бүр дасчихсан аж. Хөл гишгэх зайгүй болсон өрөөнийхөө булан тохой бүрд цаас эгнүүлэн өржээ.
Тэр их цаасны хаана нь юу байгааг тэд л мэдэх байх. Тэд шүүх хуралдаанаас гарсан шийдвэрүүдийгэмхэлж, хэргийн бүрдүүлбэрүүдийг архивлахаас гадна лавлагаа мэдээлэл авахаар ирсэн иргэдийн материалыг архиваас шүүж өгдөг байна Өдөрт хамгийн багадаа 30 гаруй иргэнд лавлагаа мэдээлэл олгодог байна. Шүүхийн байрны хүрэлцээгүйгээс үүдсэн дараагийн нэг асуудал бол шүүхийн архивын байр юм.
Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүүгийн хэлж байгаагаар тус шүүхийн байр нийтдээ гурван архивын өрөөтэй аж. Архивтөнөөдрийн байдлаар 20 гаруй мянган архивын нэгж хадгалагдаж байгаа бөгөөд иргэний хэргийн анхан шатны шүүхэд сүүлийн гурван жилийн хэрэг материал хадгалагддаг учраас архивын өрөөнүүдийн багтаамж нь дүүрсэн байдалтай байгааг хэлж байна. Хонгилын давхарт байрлах архивын өрөөнд очиход үүднээс нь авхуулаад цаас эгнүүлжээ. Зарим бичиг цаасны боловсруулалт нь бүрэн дууссан учраас төсөр шүүгээнд хийж өрсөн харагдана. Нэг тавиур, хоёр тасалгаа бүхий шүүгээ авч түүнийг хоёр тавиур бүхий гурван тасалгаатай болгож зай талбай, багтаамжийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.
Үнэндээ бидэнд ямар ч хөгжил дэвшил ирээгүй гэдгийг тод илрэл нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тамгын газрын байрны багтаамж, хүрэлцээ, байгаа байдлаас нь тод харагдаж байлаа.
Энэ бүхнээс юу харагдаж байна гэхээр шүүх хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл бүрдээгүй байна. Хэдий болтол үнэн худлын дэнс болсон шүүхийнхэн зориулалтын бус байртай хэмээн адлуулж, түрээснээс түрээсийн хооронд займчиж, хонгилын ёроолоос шударга ёсыг тогтоосоор байх юм бол. Хөгц үнэртсэн хонгилын өрөөнөөс шүүхийн алх ёолж байна.
Холбоотой мэдээ