Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн аваргын цувралын дөрөв дэх тоглолтууд өчигдөр/2023.04.16/ “UG” аренад боллоо. Улирлын эхэнд таамаглаж байсны дагуу Эрдэнэтийн Уурхайчид баг нэг ч ялагдалгүй, төвөггүйхэн аварга болж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын анхны эздээр тодроод зогсохгүй багийнхаа түүхэн дэх анхны түрүүг хүртэв. Цаасан дээрх хүчирхэг багууд бүтэлгүйтэж байсан гадаад, дотоодын бишгүй л олон жишээ бий. Харин Уурхайчид бичигдсэн үлгэр шиг эхнээсээ онцгойрсоор амар сайхандаа жаргалаа.
Ерөнхийлөгчийн цом гэдэг утгаараа төрийн тэргүүн У.Хүрэлсүх "UG" аренад хүрэлцэн ирж, өөрийн биеэр аварга болсон багт цомыг нь гардуулсан юм. Түүнийг ирсэнд үзэгч, хөгжөөн дэмжигчид янз бүрээр хандаж байлаа.
Өнгөрсөн улирал финалд Хасын Хүлэгүүд багт бараа сураггүй хожигдож байсан тэд зун, намрыг зүгээр сууж, өнгөрүүлсэнгүй. Грек дасгалжуулагч Василис Фрагкиас багаа дагуулан Европд бэлтгэл хийж, удирдлагууд нь бүрэлдэхүүнээ зузаатгах тал дээр гар татсангүй. Финалд шалгарсан Т.Санчир, Н.Золжаргал, А.Бямбадоржтой баг дээр О.Энхбаатар, Г.Баттөр нар нэмэгдэнэ гэдэг нөсөр нөлөө үзүүлэх нь дамжиггүй байсан. Мөн Г.Болор-Эрдэнийг Металлаас авчирч, ахтай нь нийлүүлсэн нь зөв нүүдэл байжээ. Ах, дүү хоёр улирлын турш багийнхаа довтолгоог зохион байгуулж, бөмбөг бүрийн төлөө зүтгэж байгаа харагдсан.
Т.Санчир энэхүү аваргын цомоо бурхан болсон ижийдээ зориулсан юм.
Мэдээж Пендарвис Уиллиамсыг дурдахгүй өнгөрч үл болно. Италид замналынхаа ихэнхи хугацааг өнгөрүүлсэн 31 настай тэрбээр Уурхайчидын хамгаалалт, довтолгооны гол хүн байлаа. Пендарвис улирлын шилдэг легионер тамирчнаар тодроод зогсохгүй финалын үнэ цэнтэй тамирчин болсон юм.
Эцэст нь Монголын сагсан бөмбөгт Уурхайчидын эрин үе эхэлж байх шиг. Дахин хоёр дараалж аварга авахад л “Цагийг эзэлсэн баг” гэж яригдана. Өнөөдрийн байдлаар Уурхайчидыг долоон тоглолтод дөрөв хожих баг харагдахгүй байна гэхэд хилсдэхгүй.
Харин Тэнүүн Өлзий Металл баг амжилтаа ахиулж, лигийн дэд аварга боллоо. Тэднийг энэ хүртэл явна гэж таамаглаж байсан хүн фэнүүдээс нь өөр байгаагүй биз. Улиралд л тэд чимээгүй, гоцгойрохгүй явсаар плей-оффд шалгарч, эхний шатанд Дайчидыг, хоёрдугаар шатанд хүчирхэг бүрэлдэхүүнтэй Завханыг буулган авсан. Металлын дасгалжуулагчийн баг, удирдлага, тамирчид төсөөлснөөс илүү амжилтыг үзүүлж, гайхалтай тоглолоо. Кристофер Блэйкийг авсан нь зөв сонголт байжээ. Залуучуудаар багийнхаа цөмийг бүрдүүлсэн тэдэнд туршлага, ялагчийн сэтгэл зүй, зориг дутах шиг боллоо. Аваргуудын эсрэг ганц байтугай хожил байгуулах боломж байсан ч өөрсдийнх нь жижиг алдаанууд шийтгэчихлээ. Ирэх жил илүү хүчтэй эргэн ирэх нь дамжиггүй биз.
Гэхдээ үндэсний дээд лиг дуусаагүй. Ирэх Мягмар гаригт эмэгтэйчүүдийн лигийн шигшээ цувралын тав дахь тоглолт болно. Одоогоор Улаанбаатар Амазонс баг 3-1 гэсэн харьцаатай цувралыг тэргүүлж явна.
Холбоотой мэдээ