Үнэмлэхүй олон болж, сүүлийн долоон жилийн хугацаанд төрийг эрхийг барьж буй МАН гурван жилийн хугацаанд Үндсэн хуульд гурав дахь "гар дүрэх" гэж байна. 2019 онд сөрөг хүчний "кноп"-гүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бол өнгөрсөн 2022 онд өөрсдийнхөө хийсэн “давхар дээл”-ийн заалтаа Үндсэн хуулийн Цэцээр дамжуулан өөрчилсөн. Харин энэ удаад УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн тоог 76 мажоритар, 76 зургаа нь порпорционалиар сонгох зохицуулалт хийж, 152 гишүүнтэй байхаар уг нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ. Тэрчлэн Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой хэд хэдэн заалтыг оруулснаар парламентыг чадамжуулж, цэцийг цэгцлэнэ гэж эрх баригчид тооцоолж сууна.
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 152 ГЭЖ ТӨСӨЛД ТУСГАСАН Ч ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЯВЦАД БУУРУУЛНА
Ийм чиг хөшигний ард хөндөгдөж байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, холимог тогтолцоотой байх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал олон жил яригдаж буй ч улс төрийн дэмжлэг авч чадахгүй, улс төрийн намууд төдийгүй эрх барьж буй нам нь дэмжихгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Ардчилсан парламентын засаглалтай улс орнуудын хамгийн сайн жишиг болох холимог тогтолцоог олон ч судлаач, хуульчид, мэргэжлийн хүмүүс зөвлөж ирсэн. Хүн амын тоо өсч, суурьшил зэргээс шалтгаалан УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой гэдэг. Энэ удаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд 152 гишүүнтэй байхаар тусгаж байгаа ч эрх баригчдын зүгээс 108 эсвэл 99 зэрэг хэлэлцүүлгийн явцад тоог нь буулгахаар тохиролцоод буй.
- Үндсэн хуулийн 21.1-т Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритари, далан зургааг пропорциональ аргаар сонгоно.
ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ НЭГ УДАА ДАХИН СОНГОЖ, ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ НЬ “НЭМНЭ”
Манаачийг хэн, яаж манах тухай асуудал хөндөгдөх аж. Манаж яваа хуулиа "машинаар" тулчихсан явдал манай Цэцэд нэг удаа тохиолдож байсан. Тиймээс Цэцийн дээр Үндсэн хууль байдаг уу, эсвэл ялсан нам залардаг уу гэдэг нь асуултын тэмдэг.
Тэгвэл Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой заалт дээр иргэн, УИХ гомдол гаргах эрхийг нь нээж байна. Өөрөөр хэлбэл, иргэний үндсэн эрх зөрчигдвөл, Цэцэд хандах, мөн УИХ өөрөө Цэцэд гомдол гаргах боломжтой болох гэнэ. Түүнээс гадна Үндсэн хуулийн Цэцийн гишүүн улиран сонгогддог байсныг өөрчилж, зөвхөн нэг удаа сонгогдох зохицуулалтыг оруулж байгаа аж. Өмнө нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилсон газраас нь улираан томилдог байсныг ийн өөрчилж, зөвхөн нэг удаа томилохоор болж байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрх нь дуусгавар болоод багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд түүнийг улираан томилохоор улс төрийн хүрээнд тохироо хийж байсан билээ. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьж, хэлэлцэхээс өмнө түүнийг улирааж, томилох боломжтой. Үгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа Цэцийн шинэ гишүүнийг томилж магадгүй юм.
- Үндсэн хуулийн 66.1-т Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж, эцсийн шийдвэрийг гаргана
- Үндсэн хуулийн 66.2-т Үндсэн хуулийн Цэц нь УИХ, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж, УИХ-д оруулна
- Үндсэн хуулийн 65.1-т Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно зэрэг Цэцтэй холбоотой заалтуудыг нэмж буй.
УЛС ТӨРИЙН НАМ БАЙГУУЛАХ БОСГО ТОГТООСНЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО
Монголын улс төрийн намуудын хууль шинэчлэгдэхгүй, өөрчлөгдөхгүй, парламентын босго давж чадахгүй олон жилийг ардаа үдсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн барьснаар Үндсэн хуульд ч мөн улс төрийн нам байгуулах босготой холбоотой заалтыг хүчингүй болгохоор нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ.
- Үндсэн хуулийн 191.2. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэснийг хүчингүй болгохоор тусгажээ.
ЗАРИМ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫГ ОРОН НУТАГТ ШИЛЖҮҮЛНЭ
Төрийн дээд байгууллагуудыг улсын нийслэлд заавал байх зохицуулалтыг өөрчилж, төрийн зарим байгууллагыг нийслэлээс нүүлгэх эрх зүйн үндэслэлийг бий болгохоор нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ. Зарим төрийн байгууллага Улаанбаатар хотоос нүүх, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хөдөөгийн сэргэлтийг дэмжиж хот, хөдөөгийн ялгааг багасгах ач холбогдолтой учраас энэхүү заалтыг оруулж буйгаа тодотгожээ. Төрийн байгууллагуудыг хөдөө орон нутагт шилжүүлэхээс илүү аймаг, сумдын дэд бүтцийг сайжруулах, төвлөрлийг сааруулах зорилгыг энэ заалтаар өөрчлөх гэнэ.
- Үндсэн хуулийн 13.1-т Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага байнга оршпог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэсэн заалтыг оруулах юм байна.
Тайлбар: Засгийн газраас санал авч буй ҮХНӨ-ийн хувилбар
Холбоотой мэдээ