Ах нарын "гал хамгаалагчид"

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

Ах нарын "гал хамгаалагчид"

Ах нарын "гал хамгаалагчид"

Улс төрд өөрийн хүчин чадлаар бус ах нарын болон найз нөхдийнхөө цүнхийг барьсныхаа хариуд албан тушаалаа шагнуулах нь бий. Гэвч, монголчууд "Сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал могойн хорлол" гэдэг.  Гэвч ах нарын нохойд барьдаг мод болсныхоо хариуд амьдрал, нэр төрөөрөө хохирч үлдэх нь цөөнгүй. Жишээ нь, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ЖДҮ, жаран тэрбум гэх мэт нийгэмд дуулиан болж олон хэргийн золиослогчид нь цүнх баригчид. Ард нь ах нар нь гэм зэмгүй, ял шийтгэлгүй үлдэх нь бий.


НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БУЙ 17 АЛБАН ТУШААЛТНЫ НЭГ Ө.ШИЖИР

Тэрбээр Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Тамгын газрын даргын албыг нь хашиж байв. АТГ-аас нэрлэсэн нүүрсний хэрэгт шууд ба шууд бусаар холбоотой 17 сэжигтний нэг нь Ө.Шижир. Нүүрсний хэрэг ид дуулиан дэгдээхээс өмнө түүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт гадаад руу зугатсан гэх мэдээлэл ч бий.  Тэрбээр Монголд байгаа аж. Ямар ч байсан түүнд хилийн хориг тавиагүй болохоо АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох мэдээлсэн бөгөөд хэдийгээр "сэжигтнүүд" гадаад руу зугатсан ч хэргийг нь мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдэг хариултыг албаныхан өгч буй.

Н.АЛТАНХУЯГИЙН ХҮРГЭН Г.ДЭНЗЭН 3.6 ЖИЛИЙН ЯЛ СОНССОН

Н.Алтанхуягийн хүргэн болсноороо ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалд "морилж" байсан тэрбээр шүүхээс 3.6 жилийн ял сонсч байлаа. Ерөнхий сайдын төрсөн дүүгийн 23 настай бүсгүйн нэр дээрх “Говь повер” хэмээх дүрмийн сандаа ганцхан сая төгрөгтэй компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерт оролцоод 17 тэрбум төгрөг авсан байдаг.

Түүний нөхөр Г.Дэнзэн нь ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Таван толгой” компанийн ТУЗ-ийн дарга байхдаа эхнэрийнхээ “Говь повер” компанийг тендерт ялуулж, улсад 5.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон билээ. Тэрбээр 2020 онд “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Бүхэл бүтэн долоон жил өнгөрчихөөд байхад Дэнзэнгийнх гэх тодотголтой улс төрийн зохиомол хэрэг одоо болтол шийдэгдээгүй. Таны дурдаж байгаа 2013 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр МАН-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах зургаан зүйлтэй санал өргөн барьсан ч УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй. Гэтэл МАН-ынхан нэмээд гурван санал оруулж ирсэн байдаг юм. Түүний нэг нь хүргэн Дэнзэнгийн гэх хэрэг. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой хэрэг” гэсэн байдаг.

Л.НАРАНБААТАРЫН "НАЙМАА"

“Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлөх эсэх асуудал олны анхаарлыг төвд байна. Л.Наранбаатарын хувьд тус компанийн гүйцэтгэх захирлаар яг жилийн өмнө томилогдож байсан. Энэ хугацаанд үйлдвэрт хоёр ч удаагийн техникийн гэмтэл гарч, үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон. Мөн ТУЗ-өөс баталсан ажилчдын орон тоог зөрчиж, олон хүнийг цомхотголд оруулсан. Цаашлаад компанийн бэлэн мөнгөний кассаас зориулалтын бусаар мөнгө авч зарцуулсан зэрэг гомдлууд баримтын хамт ТӨБЗГ-т хүргэгдээд байгаа юм.

Тэрбээр өмнө нь "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны асуудалд олон жил шүүмжлэлтэй хандаж, иргэдэд ногдол ашиг олгох ёстой гэж тэмцэж ирсэн. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, хоёр ч намаас нэр дэвшсэн гэж СЕХ үзэж, бүртгэхээс татгалзаж байсан юм. Улмаар 2020 оны есдүгээр сард МАН-д элссэн. Л.Наранбаатар МАН-ын гишүүн болсон талаараа "Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ. МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал (Социал Демократ)-ын үзэл баримтлалтай нам юм. Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт, хичээнэ" хэмээн өөрийн цахим хуудастаа бичиж байв.

Тэгвэл өмнөх өдөр нь ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "Хөтөлийн цемент шохой компанийн захирал Л.Наранбаатар цахимаар ажлаа хийдэг. Мэдээллийн бодит үнэн, мэдээллийн зөрүүтэй байдлыг нягталж шалгана. Үндэсний аудитын газрын байгууллагын дүгнэлтийг Л.Наранбаатар хүлээн зөвшөөрөхгүй байгаа.Түүнчлэн архи уухаараа ажилдаа ирдэггүй, хэдэн хоног алга болдог ийм удирдлага надад хэрэггүй гэдгийг нөхөрсөгөөр хэлж байсан" тухайгаа матаж зогссон бол дараагийн өдөр нь түүнийг ажлаа сайн хийж байгаа хэмээн ТУЗ-ийг нь тараагаад ирсэн нь олны элгийг хөшөөх дөхсөн.  Эндээс харахад Л.Наранбаатарыг "нохойд хаях" цаг болоогүй, гэхдээ түүнийг архичин нэр зүүлгээд адгийн шаар болгоход амархан болохыг энэ үйл явдал харуулав.

Х.БАТТУЛГЫН ГАРЫН ҮСГИЙГ ДУУРАЙЛГАСАН ГЭХ Г.БАЙГАЛМАА 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан, Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Байгалмаад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлснээр сураг алдарсан байдаг. Түүнийг мөнгө угаах, хуурамч баримт бичиг үйлдэх, ашигласан гэж Эрүүгийн хуулийн 18.6-1, 23.2-1 дэх зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна. "Пирамид-Орд” компани Хөгжлийн банкнаас зээл авахад МоАХ-ын газрыг барьцаанд тавих зөвшөөрөл олгосон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг Г.Байгалмаа нь дуурайлгаж зурсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хэрэгт холбогдон ийнхүү шүүхийн хаалга татахад хүрсэн.

Хөгжлийн банкны зээлийн нээлттэй сонсголд"Пирамид орд" ХХК-ийн зээлтэй холбоотойгоор тус компанийн хувьцаа эзэмшигч Г.Цолмон, барилгын ерөнхий гүйцэтгэгч "Бесон" ХХК-ийн захирал Д.Батжаргал, нягтлан Ц.Хонгормаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, түүний гарын үсгийг дууриалгасан гэх Г.Байгалмаа нарыг гэрчээр дууджээ.  Ерөнхийлөгч асан Х.Баттулга "намын дотоод сонгуультай", "АТГ-т гэрчээр мэдүүлэг өгч, мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаанд гарын үсэг зурсан учир сонсголд ирэх боломжгүй" гэх тайлбар хэлж "зугатсан" байдаг.  Харин Г.Байгалмаа нь "эмнэлэгт хэвтсэн" гэх шалтгаанаар ирээгүй юм.  Тэгвэл уг гарын үсэг Х.Баттулгынх мөн болохыг шинжээч нар нотолсон байдаг.

Н.МӨНХБАТ АН, МАН-ЫН УЛС ТӨРИЙН ШОГЛООМ БОЛОВ УУ?

Авлигатай тэмцэх газраас 2016 онд УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарыг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт буруутгаж, эрүүгийн хэргээр шалгаж байсан удаатай. Н.Мөнхбатыг шүүхээс гэм буруутайд тооцож, улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Түүний албан тушаалтай байхдаа давуу байдал олгосон нэр бүхий компаниас найм орчим тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банкинд буцаан төлүүлэх шийдвэр гаргасан юм.

Хөгжлийн банкийг шалгасан ажлын хэсгийн тайлан 2022 онд улсын нууцаас гарч, олон нийтэд ил болсон. Уг тайланд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр нарын гадаадад зугаалсан тухай баримт дурдагдсан байв. Н.Батбаярыг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад Н.Мөнхбат туслахаар нь ажиллаж байсан.Тухайлбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат гадаад албан томилолттын нислэгээ тогтмол бизнес ангиллаар захиалж байсан байна.

Н.Батбаяр, Н.Мөнхбат нар 2014 онд Санкт-Петербург хотноо хийсэн албан томилолтоор ажиллажээ. Н.Мөнхбат нь зочид буудлын гурав хоногийн төлбөрт 11.925.000 сая төгрөг, тийзэнд 8.985.000 төгрөг зарцуулсан бол Н.Батбаяр сайд Блүүмберг ТВ-ийн телевизийн хөтлөгч, зураглаачийн хамт буудлын төлбөр болох нэг хүний хоногийн 1.224.300 болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргуулсан байна.

Н.Мөнхбат нь Хонгконгт чуулган уулзалтад оролцох гурав хоногийн нийт зардалд 8.691.703, нэг хоногийн буудлын төлбөр 786 ам.доллар зарцуулсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв. Тэрбээр сүүлд, энэ тухайгаа олон нийтийн сүлжээнд ярихдаа “Хөгжлийн банк зөвхөн УИХ, Засгийн газраас баталсан төслүүдэд зээл олгох тухай хуулийн заалтыг нь МАН-ынхан өөрчилсөн” талаар ярьсан байдаг.

Б.ГАНХУЯГИЙН АРДАХ АНД НӨХДҮҮД ХЭН БЭ?

“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нүүрсний хэрэгт буруутгагдан цагдан хоригдож буй. Түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан /2022.12.08/ прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд найман хүнийг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Эрдэнэс силвер ресурс" компанийн захирал асан Т.Мөнхбаярыг сэжигтнээр баривчилж, цагдан хорих хүсэлт гаргасан.

Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр П.Бадамxанд, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, тус компанийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг цагдан хорих тухай хүсэлт гаргасан.

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулж, дээрх хүмүүсийг саатуулсан. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж