Тойм: Төслийг буруу хийвэл түүнийг засах нь бүр илүү зардалтай

Хуучирсан мэдээ: 2023.04.15-нд нийтлэгдсэн

Тойм: Төслийг буруу хийвэл түүнийг засах нь бүр илүү зардалтай

Тойм: Төслийг буруу хийвэл түүнийг засах нь бүр илүү зардалтай

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


 

М.БУЯНБАДРАХ: АМНАТ-ӨӨС БОЛЖ ОЛОН КОМПАНИ ХААЛГАА БАРИЛАА

“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа. 

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг 2021 оны долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг үндэслэлгүйгээр татвар төлөхөд хүргэж, татварын дарамтад оруулж, цаашлаад үйл ажиллагаагаа зогсооход хүргээд байна. Үүнийг өөрчлөх ямар боломж байна гэж та бодож байна вэ?

-Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийг 2016 оноос Засгийн газрын тогтоолоор батлаад, Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан комисс экспортод гаргасан бүтээгдэхүүний тухайн сарын АМНАТ ногдох үнийг тогтоодог. Энэ үнэ манай компаниудын экспортолсон бүтээгдэхүүний гэрээний үнээс 40-100 хувь орчим өндөр байдаг. Харин 2021 оны 174 дүгээр тогтоолоор төмрийн хүдэр, нүүрсэнд гэрээний үнээр АМНАТ ногдуулдаг байсныг болиулж, олон улсын жишиг үнээр тооцдог болсон. Эрчим хүчний нүүрсийг 14 ам.доллар амны үнээр зараад, 15 ам.долларын АМНАТ ногдуулдаг боллоо гээд “ЭТТ” ХК-иас Сангийн яамыг Захиргааны хэргийн шүүхэд хүртэл өгч байсан. Нэг жилийн дараа нүүрсний стандарт ангиллыг өөрчилж, асуудал намжсан.

-Та АМНАТ-ийг өөрчлөх асуудлаар олон жил тууштай ярьж байна. Таны “тэмцэл” хэр үр дүнтэй байна вэ?

-Үр дүн маш бага. УИХ 2019 оны 3 сард Ашигт малтмалын тухай хуулинд алтны роялтиг нэмэх заалт оруулах гэж байхад Сангийн яамнаас гэнэт баяжуулах үйлдвэрүүдийг АМНАТ төлөгч болгох өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн өөрчлөлтөөр АМНАТ шингэсэн үнээр, НӨАТ-тай үнээр агуулга багатай хүдэр, нүүрс худалдаж аваад, баяжуулаад, угаагаад, экспортлоход дахин АМНАТ ногдуулдаг болсон. Үр дүнд нь өөрийн ордгүй 20 гаруй баяжуулах үйлдвэр АМНАТ-ийн өрөнд орж, 1500 гаруй хүнээ ажилгүй болгож, үйл ажиллагаагаа зогсоосон. Ийм бодит хүндрэл тулгараад байхад Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам үйлдвэрүүдээ дэмжихгүй, бодлогоо өөрчлөхгүй байгаа нь маш харамсалтай. Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 мөрийн хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Аж үйлдвэржилт”-ийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, экспортлох үйлдвэргүй болж эхэллээ. Шинээр байгуулагдсан үйлдвэрүүд үйл ажиллагаагаа эхлүүлсэнгүй.

-Сангийн яам сар бүр нүүрсний зах зээлийн жишиг үнийг тогтоохдоо бодит бус, хөөсөрсөн үнэ тогтоож байна гэсэн шүүмжлэл гарсаар ирсэн. Энэ талаар та ямар бодолтой явна вэ?

-Нүүрсний жишиг үнэ одоо ч хүндрэлтэй хэвээр байгааг экспортлогчид хэлж байна. АМНАТ-ийн маш их өр үүссэн гэдэг. Харин биржээр арилжаалагдсан нүүрсний үнээр АМНАТ-ийг тооцож авдаг эрх зүйн тогтолцоог яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Төмрийн баяжмалыг 80 ам.доллараар экспортлоход олон улсын жишиг үнэ 120 ам.доллараар борлуулсанд тооцож, АМНАТ ногдуулдаг. Жонш, нүүрсэн дээр ялгаагүй ийм жишигтэй. Мөн баяжмалд ногдох өчүүхэн хувийг эзэлдэг дагалдах металлыг /хорт хольц/ мөн олон улсын жишиг үнээр борлуулсан гэж АМНАТ ногдуулдаг.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

 

"ТӨСЛИЙГ БУРУУ ХИЙВЭЛ ТҮҮНИЙГ ЗАСАХ НЬ БҮР ИЛҮҮ ЗАРДАЛТАЙ"

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай уулзаж ярилцлаа.

-Ардчилал ялснаас хойш Монголд 33 жил өнгөрчээ. Та АН-ын анхны Ерөнхий сайд. Өнгөрсөн 33 жилд Монголын ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж ирсэн хүн. Тиймээс танаас шулуухан асууя, Монгол Азийн ардчиллын баян бүрд байж чадаж байна уу?

-1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар монголчууд ардчилал, зах зээл рүү шилжсэн. Тухайн цаг үед хойд, урд хоёр хөршид ч нийгэм, эдийн засгийн өөрчлөлт явагдсан. Аль аль нь хөгжлийн асуудалдаа илүү төвлөрч байсан тул Монголын ардчилал алдаа оноотой ч “амьд” байж ирсэн. Гэвч өнгөрсөн жилүүдэд гадаад нөхцөл байдал аажмаар хувьсан өөрчлөгдлөө. Авторитари чиг хандлага хоёр хөршид бэхжлээ. Орос, Хятадад төрийн капитализм хөгжив. Ардчилал уу, аль эсвэл авторитари дэглэм үү аль нь дээр вэ гэдэг асуулт гарч ирнэ. Алсаа харвал, тогтвортой хөгжил гэж бодвол бэрхшээлтэй ч ардчилал нь чухалчлагдана гэж бодож байна. Энэ бол хөгжлийн гадаад орчинтой холбоотой асуудал юм.
Сүүлийн үед дэлхийн гео улс төрийн нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна.

Орос-Украины дайны үр дүнгээс хамаарч дэлхийн дэг журамд өөрчлөлт гарна, гарцаагүй. Улс орнууд энэ өөрчлөлтийг урьдчилан харж, бэлтгэж, шинэ сонголтод хэний талд, аль талд байх вэ гэсэн ухаалаг бодлого хэрэгжүүлж байна.

Монголчууд бид түүхэн сонголтоо зөв хийж чадвал ирээдүйд илүү амьдарна. Буруу хийвэл өнөөдрийнхөөс ч илүү зовлон, бэрхшээл бидний өмнө бий. Таны асуултад шулуухан хариулахад, би Монголын ардчиллын баян бүрд ширгэж хатаж байна гэж хэлнэ. Бүх үзүүлэлтээс харвал Монгол арагшаа улам ухарч байна. Авлигын индексээр 16 байр, ардчиллын индексээр зургаан байр, хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байр ухарчээ. Их хэмжээгээр итгэл үнэмшил, ёс суртахууны доройтолд орсон байна. Их хэмжээгээр хувь хүний эрх, эрх чөлөө хумигдсан байна. Их хэмжээгээр хууль сахиулагчид, шүүх нь ялзарсан байна. Их хэмжээгээр төр засаг жонхуурсан байна. Чөлөөт эдийн засаг чөдөртэй морь шиг догонцож байна. Энэ бүхэн ардчилалд харшилтай.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

М.МӨНГӨНЦЭЦЭГ: БҮЖГИЙН УРЛАГ НАДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН

Гурван настай бяцхан охин дөрвөн давхраас унаж, маш хүнд бэртсэн. Тухайн үед охины ходоод нь хагарч, эмч нараас найдваргүй гэх үгийг сонсч байжээ. Гэсэн ч олон том хагалгааны дараа охин амьд гарч чадсан. Энэ бүхнийг даван туулсны дараа аав, ээж нь охиноо бүжгээр хичээллүүлэхээр болжээ. Учир нь хагалгааны дараа ходоодонд нь наалданг үүсэх эрсдэлтэй учраас байнгын хөдөлгөөнтэй байлгавал охин минь урт насална гэж бодсон хэрэг. Нээрээ л бүжгийн урлаг охинд амьдрал бэлэглэж чадсан. Тэр бүжгийн урлагт анхны гэх үндэс суурийг тавьж, олон сайхан авьяаслаг шавь нарыг төрүүлсэн гавьяатай бүжиг дэлгээч, урлаг судлаач болсон. Энэ хүн бол Мөнхбадрахын Мөнгөнцэцэг. Тэрбээр одоо ЮНЕСКО-ийн Дэлхийн бүжгийн зөвлөлийн гишүүн, СУИС-ийн ахлах багш, “Соёмбо” чуулгын бүжиг дэглээч, урлаг судлалын ухааны доктор /Ph.D/ хүн. Тун удахгүй “Тэнгри бүжи” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж буй түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.


-Таныг найман наснаасаа бүжгээр хичээллэсэн гэж сонссон. Багаасаа авьяаслаг охин байж дээ. Анх хэрхэн бүжгийн урлагт хөл тавьж байв?

-Би есөн хүүхэдтэй айлын дөрөв дэх охин. Улаанбаатар хотод төрсөн. 1979 онд Монголын пионерын ордон гэж байхад бүжгийн дугуйланд анх элсэн орсон. Анх орсон жилээсээ цасан охин болж, Монголын анхны өвлийн өвгөн, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайг дагаж байгууллагуудаар явдаг болсон. Дараагаар нь Монголын бүжгийн урлагийн мундаг мастер, бүжиг дэглээчдийн гараар орж, бүжиглэсэн. Энд тэнд тоглолтоор их явна. Үйлдвэрчний соёлын төв ордоны “Хараацай” цэнгээнт бүжгийн дугуйланд их юм сурсан даа. Хүүхэд нас маань Хүүхдийн ордон болон “Хараацай” чуулгад өнгөрсөн гэж хэлж болно. Би 75 дугаар сургуульд арван жилээ төгссөн. Үеийнхэн дундаа ганцаараа бүжгээр хичээллэдэг байсан учраас ангийнхны бүгдийг нь бүжиглэдэг болгохын тулд бүжиг зааж өгнө.

Ангиараа вальс, танго, самбо бүжиглэе гэж уриална. Зарим хүүхдүүд нь их дурамчхан, ичиж зовно. Тэгээд төгсөлтийн баяраараа ангиараа вальс эргэж байлаа.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

"ҮХНӨ-ИЙГ ХЭЛБЭР ТАЛААС БИШ АГУУЛГА ТАЛААС ХАРАХ ЁСТОЙ"

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар ярилцлаа.


 -УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг ид хэлэлцэж байна. Та тус хуулийн үзэл баримтлал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг ар араас нь хэлэлцэх байх. Ер нь бид том зургаараа тогтолцоогоо өөрчлөх цаг нь болчихсон. Зарчмын хувьд сонгодог парламентын тогтолцоо руу шилжиж пропорциональ тогтолцоо руу шилжих нь зөв. Гэхдээ өнөөдөр аль тойрогт хэн, хэн жагсаалтаар орж, хэн тойргоор явах вэ гэдэгт ач холбогдол өгөхөөс илүү хамгийн түрүүнд хоёр зүйлийг шийдэх ёстой. Нэгдүгээрт, хэн УИХ-д нэр дэвшиж болох вэ. Өөрөөр хэлбэл, хүн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгох, сонгогдох, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй хэмээн заасан.

Гэтэл бодит байдал дээр сонгуулийн процесс өрнөхөд нөгөө л  хэдэн улстөрч дэвшдэг. Хэн сайн орилсон, сайхан ярьсан нь нэр дэвшдэг. Үүний үр дүнд улс төрийн тогтворгүй байдал үргэлжилж, төр нь төлөвшдөггүй, улс нь хөгждөггүй. Улстөрчид нь хэл үгээ олдоггүй. Гарч байгаа тогтоол шийдвэр, хууль журам нь тооцоо судалгаагүй, эдийн засгийн үр дагаврыг нь тооцдоггүй.

Өнөөдөр баталсан хуулиа маргааш нь үгүйсгэдэг, нөгөөдөр нь өөрчилдөг энэ байдлаар явсаар 30 гаруй жил өнгөрлөө. Үүний хор уршиг, учир шалтгаан нь юу байна гэхээр эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны салбарынханыг хууль батлах процесстоо хангалттай хэмжээнд оролцуулдаггүйтэй холбоотой. Эмч, багш, доктор профессорууд, инженер техникийн ажилчид буюу мэргэжлийн хүмүүсээ оруулж ирж хууль батлах, төрийн бодлого, шийдвэрт оролцох боломж нөхцлийг төдийлөн сайн бүрдүүлээгүйтэй холбоотой. Тийм учраас сэтгэлийн хөөрлөөр, хэт их туйлширсан, улс төржилтийн уршигаар хөнгөн хуймгай хандаж, тухайн үедээ улс төрийн оноо авч л байвал болдог, эсвэл дөрвөн жилийн сонгуулийн циклээр асуудалд ханддаг явцуу жишиг тогтлоо.

-Хоёр том нам хоёулаа пропорциональ тогтолцоон дээр санал нэгдэж байх шиг байна. Харин тойрог томсгосон байх уу, эсвэл жижиг тойргоор явах уу гэдэг дээр гишүүд өөр өөр байр суурь илэрхийлж харагдана лээ. Таны хувьд ямар саналтай байна?

-Тойргийг томруулах ёстой. Манайх шиг хэт туйлширдаг, нутаг усаараа хуваагддаг, хэт их жалга довны асуудал ярьдаг, ахуйн чанартай асуудлуудад анхаарч ажиллах нь их байдаг ийм гажуудал ихтэй байгаа энэ үед тойргийг заавал томруулах шаардлагатай. Яагаад заавал С.Амарсайхан нэг дүүргээс байнга сонгогддог байх ёстой юм. Эсвэл хэн нэг нь  Монгол Улсын аль нэг хэсгийг өмчлөөд авчихсан мэт нэг тойрогтоо байнга нэр дэвших ёстой юм. Бид үнэхээр том зургаараа хөгжье, өөрчилье, ул суурьтай шийдвэр гаргадаг байя,  улс орныхоо тогтвортой байдлыг хангая гэвэл тойргоо томосгох ёстой. Тухайлбал, нийслэл нэг тойрог болох ёстой.

Хэрэв улс төрд оръё, УИХ-ын гишүүн болъё гэж байгаа бол нийслэлийн бүх иргэдийн саналыг авч байж сонгогдох ёстой.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж