Өмнөд Солонгосын Засгийн газраас гэрээсээ гарахыг хүсэлгүй болж бүгсэн залуусыг эргэж нийгэмтэй холбох ажлыг зохион байгуулж эхэлжээ. Тус улсад 2022 оны байдлаар 19-39 насын 338,000 залуу хүн нийгмээс бүрэн тусгаарласан гэх судалгаа байна. Тиймээс тэднийг дахин нийгэмд гаргаж, өдөрт тутмын амьдралаа дахин сэргээхэд нь туслах зорилгоор сар бүр 500 ам.долларын тэтгэмж өгөхөөр болжээ.
Тус улсын гэр бүлийн яамнаас мэдээлснээр сар бүрийн мөнгөн тэтгэмжийг 9-24 насны хүүхэд, залуус авч болох гэнэ. Энэхүү тэтгэмж нь залуусын хүнс, хувцас, орон байрны түрээс, амьжиргааны зардалд зориулагджээ.
Нийгмээс тусгаарлан “ганцаардал” дунд амьдрах болсон эдгээр залуус хэдэн сараар заримдаа хэдэн жилээр гэрээсээ гарахгүй, өрөөндөө өөрийгөө түгждэг гэнэ. Энэ нь үзэгдлийг Японд “хикикомори” гэж нэрлэдэг бөгөөд тус улсад 1 сая орчим хүүхэд, залуус өрөөндөө өөрийгөө түгжсэн байдаг аж. Эдгээр залуусын олонх нь ядуу гэр бүлээс гаралтай бөгөөд бага наснаасаа нийгмээс тусгаарлаж эхэлдэг байна.
Үүний гол шалтгаан нь сэтгэлийн гэмтэл, шарх, сургуулийн дээрэлхэлт, сурлагын стресс, гэр бүлийн зөрчил, асран хамгаалагчийн халамж дутсанаас болдог.
Өмнөд Солонгост орон сууцны үнэ хөөрөгдөж, ажлын байрны тогтвортой байдал алдагдсан зэрэг нь залуу үеийнхэнд санхүүгийн болон нийгмийн өндөр дарамт болжээ. Тухайлбал, 2019 оны байдлаар тус улсын 20-39 насны залуусын 25 гаруй хувь нь сэтгэл гутралаар оношлогдсон байна. Харин 2019 болон 2021 оны судалгаараар дунд, ахлах ангийн сурагчид сурлагын стрессээс болж амиа хорлох тухай бодох нь нэмэгдсэн гэж хариулжээ.
ЭХ СУРВАЛЖ: INSIDER
Холбоотой мэдээ