Иргэн Д.Монголхүүг хүн амины хэрэг хийсэн рецедивүүдтэй хамт хорьсон гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээлэхдээ "Д.Монголхүүг хүн амины хэрэг үйлдсэн хоригдогчтой хамт хорьсон гэдэг мэдээлэл ташаа" гэдэг хариултыг өгөв.
ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодруулахад "Д.Монголхүүг хүн амины хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүдтэй хамт нэг камерт хорьж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Д.Монголхүү ял эдэлж байх хугацаандаа удаа дараалан зөрчил гаргасан. Тиймээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг зургаан сар найман хоног хорих ялаар солих шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар Д.Монголхүү давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол түр түдгэлзсэн байна.
Түүнийг одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа. Гэхдээ хүн амины хэрэг үйлдсэн хоригдогчтой хамт хорьсон гэдэг нь ташаа мэдээлэл байна. Д.Монголхүүг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл ангиар (дээрэмдэх) хоёр жилийн ял авсан 22 настай Б-тэй хамт хорьж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд Хүний эрхийн Үндэсний комисс, прокурорын байгууллага хяналт тавьдаг. Энэ хүрээнд дээрх хоёр байгууллагаас Д.Монголхүүгийн нөхцөл байдалтай танилцаж, тогтмол хяналт тавьж байгаа" гэв.
Харин Д.Монголхүүгийн өмгөөлөгч Б.Баяраа "Д.Монголхүүг хүн амины хэрэгтэй рецедивүүдтэй хамт хоригдсон байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлээд гүтгэгдэх, хүний амь нас хохироох гэмт хэрэг ижил түвшинд очсон уу. Яагаад Д.Монголхүүд давхар стандарт дандаа явагддаг вэ" гэдэг байр суурийг олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн.
Холбоотой мэдээ