Монголбанк арилжааны банкуудад 14 хувийн хүүтэй зээл (бодлогын хүү 13 хувь) өгч, банкууд бизнесийнхэнд 16-18 хувийн хүүтэй зээлдүүлдэг. Өвөл бизнесийн идэвх саарч, хавар зээл олголт өсдөг дагуу энэ сараас зээл олголт өсөх хүлээлттэй байна.
Системийн нөлөө бүхий банкууд IPO хийхээс өмнө санхүүгийн үзүүлэлтүүдээ өндөр, эерэг харуулахыг эрмэлзэн, бизнесийн зээл олголтоо хумьж, зөвхөн хэрэглээний, цалингийн зээл олгож байв. Тэдгээр банкууд энэ оны эхний хагаст нийт хувьцааныхаа 10 хувийг олон нийтэд нээлттэй худалдах үүрэгтэй. ХААН банкны хувьцааны анхдагч арилжаа энэ долоо хоногт эхэлсэн. ХХБ-ны хувьд IPO хийх төлөвлөгөө ирүүлснийг Төв банк хүлээн авсан бөгөөд хянаад, Санхүүгийн зохицуулах хороо руу шилжүүлэх юм байна.
IPO гаргах үйл явц өндөрлөснөөр бизнесийн зээл энэ оны гуравдугаар улирлаас өсөх төлөвтэй байна.
Төв банкны хувьд өмнө нь банкуудад гаднаас эх үүсвэр татахад 18 хувийг нь заавал байлгах нөөцөд хадгалах шаардлага тавьдаг байв. Жишээлбэл, нийт 100 сая ам.долларын эх үүсвэр татлаа гэхэд 18 сая ам.долларыг нь Төв банкинд байршуулж, 82 сая ам.долларыг зээлд зарцуулдаг байсан нь төгрөгийн ханшийн савлагаанаас сэргийлсэн шийдвэр байв.
Өдгөө банкууд нэг жилийн хугацаатай эх үүсвэр гаднаас татвал 100 хувь зээл гаргах боломжтой болсон байна.
Холбоотой мэдээ