Эрх баригч МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө эцэслэж, ирэх долоо хоногт өргөн барихаар тохирчээ. Энэ удаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэх заалтыг л хөндөхөөр тохирсон байна. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа олон зүйл, заалт хөндөхгүйгээр сонгууль, улс төрийн намын хуулиудтай уялдуулан цөөн тооны заалтуудад өөрчлөлт оруулахаар болсон байна.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, 152 болгохоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаж байгаа ч хэлэлцүүлгийн явцад энэ тоог бууруулж 108 болгоно гэж эрх баригч намын удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд ярилцсан гэнэ.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал сүүлийн хоёр жилийн хугацаанд хөндөгдөж, УИХ-д суудалгүй улс төрийн намуудыг нь нэгтгэж, саналыг нь “авч” чадсанаар ийнхүү дөрвөн жилийн дараа эрх баригчид дахин Үндсэн хуульд “гар хүрэх” гэж байна.
Хэрэв ирэх долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцвэл УИХ бусад хэлэлцэж буй хуулийн төслүүдийг хойшлуулж, зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Шаардлагатай тохиолдолд Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн хуулийн төслийг хэлэлцэж болох бөгөөд бусад тохиолдолд зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг л хэлэлцэх зохицуулалттай.
Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнөөдөр Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан юм. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг парламент хэлэлцэж эхлээд буй. Тиймээс эдгээр хуулиудтай уялдуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.
Холбоотой мэдээ