Нийслэлийн "Өргөө" амаржих газрын эмч нарын буруугаас болж хүүхэд нь хохирсон талаар иргэн Б.Эрдэнэцэцэг өнөөдөр /2023.04.14/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Миний бие нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны аравдугаар сарын 2-ний 05:30 цагт ургийн ус гараад, өглөө 08:00 цагт Өргөө амаржих газарт очсон. Эмч нар ээлжээ хүлээлцтэл би хүлээж суугаад төрөх хэсэгт орсон. Тасгийн эрхлэгч нь өөрөөрөө төрөх боломжтой юм байна гэсэн. Ус гарсан учраас сэдээлт хийсэн. Базалт удаан байсан болохоор нийт гурван удаа сэдээлт хийсэн. Ус гарчхаад байхад хоёр хоног төрөхийн өрөөнд хонуулаад, аравдугаар сарын 4-нд хүүхэд чинь доошлохгүй байна гээд кесар хийж хүүг маань төрүүлсэн. Өөрөөрөө төрөх боломжтой байна гээд ус гарсан ч өвдөхгүй байсан учраас хоёр удаа сэдээлт хийсэн. Үүнээс хойш намайг төрхийн өрөөнд хоёр өдөр байлгасан. Намайг гурван өдөр усгүй өвтгөөд, гэнэт хагалгаагаар төрүүлэхээр болсон. Хүү маань маш бүтэлттэй төрсөн. Ингээд хүүг маань сэхээн амьдруулах тасаг руу авч явсан.
Хүү минь одоо зургаан сартай ч их жижигхэн. Бүтэлттэй төрсөн гээд сэхээн амьдруулах тасаг руу авч явсан. Хүүтэйгээ дөрөв хоногийн дараа уулзсан. Эмч нарын буруутай үйлдлээс болоод хүү маань зургаан сартай мөртлөө, хоёр сартай хүүхэд шиг жижигхэн байна.
Толгойгоо даахгүй, нүд нь солир, ээжийгээ харж, мэдрэхгүй байгаа. Би бүх эмчийг буруутгаагүй. Тухайн үеийн тасгийн эмч болон Оргилсайхан, Мядагмаа эмч сэтгэл гаргасан бол миний хүү эрүүл саруул байх байлаа.
"Хүү минь бүтлээ шүү дээ" гэж хэлээд байхад "Зүгээр ээ, бид ганцхан чамайг үзэхгүй байгаа юм биш. Залуу хүн байж, тэвчээртэй бай гэж намайг загнасан. Одоо тэр эмч нар "Ээж халдвартай байсан, ээжээс нь л болсон" гэж намайг буруутгаад байгаа
Хүүхэд маань хүчилтөрөгчийн архаг дутагдлаас болоод тархиндаа нөлөөлөөд ийм байдалтай болчихсон. Гэтэл Өргөө амаржих газраас ээж халдвартай байсан, хүүхэд ээжээсээ халдвар авсан гэж байгаа. Гурав хоног өвдөж байхад яагаад хурдан төрүүлээгүй юм. Би гомдолтой байна. Төрснөөс хойш “Өргөө” амаржих газар ганц ч хүүг маань асуугаагүй. Өргөө амаржих газраас би болон хүүхэд маань Covid-19-ийн халдвар авсан. Эх нялхас руу шилжүүлсэн боловч хүүгээс маань Covid-19 илрээд аваагүй.
Манай хүүхдийг Монголд эмчлэгдэхгүй гэсэн. Шинжилгээ хийлгэхэд хүчилтөрөгчийн дутагдлаас болоод тархиа гэмтээсэн байна. Дээрээс нь халдвар авсан байна гэсэн.
Бүх үйл явц эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж бодож байгаа. Намайг зүгээр төрүүлсэн бол ийм асуудал гарахгүй. Хүүхдэдээ эмчилгээ хийлгэх гээд олон нийтийн сүлжээгээр хандивын аян зарласан боловч дөнгөж 20 хувьтай явж байна. Хандив цугларахгүй байна. Өргөө амаржих газрын эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болоод миний хүүд өнөөдөр эрүүл бие, эрхтэн алга. Хүү минь өнөөдөр эмчийн буруугаас болоод ийм болсон байхад Өргөө амаржихын эмч нар яагаад тоохгүй байгаа юм бэ. Яагаад юу ч болоогүй мэт ажиллаж байгаа юм бэ. Би гомдолтой байна" гэв.
Холбоотой мэдээ