“Пидон Ганбаа” нэрээр олонд танигдсан УИХ-ын гишүүн Д.Ганбат чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр өчигдөр /2023.04.13/ өөрийгөө нэр цэвэр цөөн улстөрчдийн нэг гэж тодотгон “онгиров”.
Тэрбээр “Манай энэ УИХ-ын байж байгаа царай. УИХ-ын гишүүд нь бүгдээрээ ямар нэгэн хулгайд холбогдсон. Цөөхөн нэр цэвэр над мэтийн хүн л байна. Сонгогч дээрээ очоод ярихад нүүртэй.
Бүгд мэдлэгтэй, мэдээлэлтэй ч тэрийгээ ашиглаад ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайд холбогдчихсон.
УИХ-ын сонгуулиа цааш нь маргаангүй явуулах хэрэгтэй. Гадна дотны олз болж болохгүй. Хамгийн их мэдлэг, мэдээлэлтэй байгаа нь бид нар. Мэдлэг, мэдээллээ хувийнхаа эрх ашигт л ашигладаг, ард түмэндээ тайлагнадаггүй. Тэр орон зайг нь троллууд нөхөж байна.
Хар машин, луйвар, мөнгө тараадаг, янз бүрийн юманд холбогдсон нь эртхэн сонгуульд өрсөлдөхөө больсон нь дээр шүү. Цаашдаа явцгүй боллоо. Янз бүрийн асуудалд холбогдсон хүмүүсээ нам нь ч УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол УИХ-ын нэр хүнд уначихлаа” гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат нь анх 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Баянхонгор аймагт нэр дэвшин өрсөлдсөнөөр ялалт байгуулсан. Энэ хугацаанд УИХ-ын Хууль зүйн байнгын хороог удирдаж байсан. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодож, 2020 оны УИХ-ын сонгуульд дахин ялалт байгуулсан юм.
Түүнийг УИХ-д хоёр дахь удаагаа ялалт байгуулсныг нь үнэлж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга болгосон ч удирдаж чадахгүй байна гэж үзэн, чөлөөлсөн. Харин тэрбээр дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бүлгийнхэндээ гомдон хуралдаа ч суухгүй, “бойкот” зарлаж байв. Мөн С.Эрдэнэд ч "молигдуулж", батламж авч чадуулж байсан. Гэвч УИХ-ын сонгууль ч ойртож, ажилдаа идэвхтэй оролцох шаардлага тулгарсан уу, С.Эрдэнийг орхин, Л.Гантөмөр тэргүүтэй Ардчилсан намынхнаа бараадан бүлэгтээ нэгдсэн билээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ