Уртын дууны гайхамшгийг түгээж яваа дууч хос

Хуучирсан мэдээ: 2023.04.15-нд нийтлэгдсэн

Уртын дууны гайхамшгийг түгээж яваа дууч хос

Уртын дууны гайхамшгийг түгээж яваа дууч хос

‘’Тэмүүлэл’’ сургалтын төвийн үүсгэн байгуулагч, хөгжийн багш, уртын дуучин хос болох С.Сүхбат, Б.Даваацэрэн нартай ярилцлаа.


-Сайн байна уу? Юун түрүүнд урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өөрсдийгөө манай уншигчдад товчхон танилцуулна уу?

– Сайн байна уу, намайг Сүхбаатрын Сүхбат гэдэг. Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрж өссөн. Одоо уртын дуулаач мэргэжлээрээ ажиллаж байгаа. Мөн нийслэлийн  102 дүгээр сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байна.

– Сайн байна уу, урьсанд баярлалаа. Намайг Бямбасүрэнгийн Даваацэрэн гэдэг. Би Увс аймгийн Баруунтуруун суманд төрж өссөн. 2022 онд Соёл урлагийн их сургуулийг уртын дуучин мэргэжлээр төгссөн. Одоо мэргэжлээрээ ажлаад мөн давхар хөгжмийн багш хийдэг.

-Анх яагаад уртын дуучин болъё гэж шийдсэн юм бэ? Дурсамжаа эргэн хуваалцаач

С.Сүхбат: Багаасаа л дуулах дуртай дуулдаг, тэмцээн уралдаанд их оролцдог хүүхэд байсан. Би угаасаа дуулж чадах юм чинь гэж бодоод өөр мэргэжлээр бас явъя гэж бодож байсан ч ер нь л дуучнаараа явсан нь дээр юм байна гэж шийдээд СУИС-д шалгалт өгч тэнцээд уртын дуулаач мэргэжлээр суралцаж төгссөн.

Б.Даваацэрэн: Багаасаа л дуулах сонирхолтой хүүхэд байсан. Үүнийгээ дагаад сонирхлоо хөгжлүүлэхээр уртын дууны багш дээр хичээллэдэг байлаа. Түүнийгээ дагаад сонирхлоо бүр илүү хөгжүүлэхийн тулд сургуульд уртын дуулаач мэргэжлээр элсэж орсон.

-Хосуудын анх танилцсан түүх хамгийн нандин байдаг. Та хоёрын хувьд анх яаж танилцаж байсан бэ? 

С.Сүхбат : Намайг СУИС-д сурч байхад манай хүн нэгдүгээр курсийн оюутан болж орж ирээд тэр цагаас хойш танилцан дотносч өнөөдрийг хүртэл бие биенээ дэмжээд, биенийхээ алдаа оноог нөхөөд , хамдаа хөдөлмөрлөөд явж байна даа.

-Танай мэргэжилийн хамгийн гол онцлог, давуу тал юу вэ?

С.Сүхбат:  Монголынхоо биет бус өв болох уртын дуу гэдэг зүйлийг мэргэжлийн хэмжээнд сураад цааш нь өвлүүлж үлдээх. Уртын дууг хүн болгон дуулаад байдаггүй учир зорьж мэргэжлийн түвшинд сурч цаашаа Монголынхоо биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх чухал үүрэгтэй гэж бодож байгаа.

-Гэр бүлийн хоёр хүн урлагын чиглэлээр явахад хэр их асуудал тулгардаг вэ? Мөн бие биенийгээ хэрхэн дэмждэг вэ?

Б.Даваацэрэн:  Нэг мэргэжлийн хүмүүс хамтраад дуулаад ажлаа хамтдаа хийх нь нэг нэгэндээ маш их түшигтэй байдаг. Нэг нэгнийхээ дутууг нь нөхөж, аливаа юман дээр нь  дэмжиж, туслах боломж байдаг нь сайхан.

-Та хоёрын хувьд бас Тэмүүлэл гээд сургалтын төвтэй. Сургалтын төвөө хэзээнээс ажиллуулж эхэлсэн бэ?  Ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна?

С.Сүхбат: Cургалтын төвөө анх 2022 oнд нээсэн. Үйл ажиллагаагаа явуулаад нэг жил орчим болж байна. Уртын дуу ,төгөлдөр хуур, гитарын сургалттай байж байгаад сүүлд морин хуурын анги эхлүүлсэн. Манай сургалтын гол онцлог давуу тал нь бүх хичээлүүд маань ганцаарчилсан сургалтууд байдаг.

Б.Даваацэрэн: Цаашдын зорилго гэвэл өөрсдийн сургалтын төвөө бүр илүү өргөжүүлэн олон хүүхүүд, дүү нартаа чаддаг мэддэг бүхнээ зааж сургахыг илүү зорьж ажиллаж байна.

-Та хоёрын хувьд сошиалд маш идэвхтэй байдаг. Мөн олон сайхан дуунуудыг гитартай хоршуулан ковер хийдэг. Түүгээрээ дамжуулж ямар нэгэн зүйлд уриалах юм уу, хэлэхийг хүсдэг үү?

-Бид хоёр коверуудаараа дамжуулан хосууд бие биетэйгээ ойлголцон хамт нэг зорилгын дор тууштай байгаасай гэдгийг харуулахыг их хичээдэг. Нэгдүгээрт, хийж байгаа зүйлээрээ гэр бүлийн харилцааг илүү гоё эерэгээр харуулна. Хоёрдугаарт, дуучин гэдэг эзэмшчихсэн мэргэжлийнхээ онцлог давуу талыг харуулахыг зорьдог.

-Дуугаа дуулах тэр мөчид ямар сэтгэгдэл төрдөг вэ?

С.Сүхбат:  Маш тайван нэг тийм дураараа ,юунд ч баригдахгүй хамгийн тайвнаараа байдаг.

Б.Даваацэрэн: Уртын дуугаа дуулах мөчид хөдөө, тал амар амгаланг илүү их мэдэрдэг. Нэг тийм тайван бөгөөд уужим мэдрэмж төрүүлдэг.

-Сүүлийн үеийн сонин сайхан юу байна? Шинэ уран бүтээл гаргахаар төлөвлөж байгаа юу?

-Уртын дуу, ардын дуу чиглэлээрээ нэг томоохон юм хийхээр төлөвлөөд одоо талаас илүү хувьдаа орчихсон явж байгаа.

-Уртын дуучин мэргэжлээр сонгож суралцах гэж байгаа хүүхдүүд их байгаа болов уу? Тэдгээр хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ? Өөрсдийнхөө туршлагаас хуваалцаач?

С.Сүхбат, Б.Даваацэрэн:  Дуучин мэргэжил бол хамгийн хүндтэй, олны хүрээлэл дунд байдаг. Яг энэ мэргэжлийг сонгосноороо би монгол хүнд өвлөгдөж ирсэн өв соёлоо тээж цааш нь өвлүүлж үлдээх том уурхайн эзэн болноо гэж хэлмээр байна. Битгий шантраарай. Нэг сонгосон зүйлийнхээ төлөө тууштай, шантарсан ч эргээд босох тэнхээтэй байгаарай гэж хэлмээр байна.

Т. Буянбилэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж