Парламентад суудалгүй улс төрийн намд ч төсвөөс санхүүжилт олгоно

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

Парламентад суудалгүй улс төрийн намд ч төсвөөс санхүүжилт олгоно

Парламентад суудалгүй улс төрийн намд ч төсвөөс санхүүжилт олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ УИХ-д өргөн барихаар болсонтой холбогдуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр /2023.04.14/ мэдээлэл хийлээ.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.СОДБААТАР:

Улс төрийн намын тухай хуулийн төсөл нь 7 бүлэг, 46 зүйлтэй.  Өмнөх Ерөнхийлөгч,  УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, УИХ-ын гишүүдээс зургаан ч ажлын хэсэг гарч, Улс төрийн намын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байсан.

Энэ удаад бид Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулахдаа хэд, хэдэн зарчмын зүйл дээр анхаарал хандууллаа.

Нэгдүгээрт, улс төрийн намуудыг хариуцлагажуулах чиглэлээр томоохон заалт  орууллаа. Нэг ёсны улс төрийн нам нь Монголын төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх, Монголын төрийг байгуулахад оролцдог гол Үндсэн хуулийн субьект учраас улс төрийн намаа хариуцлагажуулж, улс төрийн намууд ёс зүйтэй зөв хүмүүс дэвшүүлэхээс эхлээд хөгжлийн бодлогод нийцсэн бодлогын санаачлага дэвшүүлдэг,  санхүү үйл ажиллагаа нь нээлттэй ил тод байх чиглэлээр олон заалт орууллаа.

Хоёрдугаарт, улс төрийн намыг бодлогын институци болгон төлөвшүүлэх шаардлага тулгарч байна. Нэг ёсны улс төрийн намууд, хөгжлийн бодлогоороо хоорондоо өрсөлддөг, үнэт зүйл, үзэл баримтлал , улс орны хөгжлийн асуудлаар ард түмнээ соён гэгээрүүлдэг чиг үүрэгтэй байх ёстой. Тийм учраас бодлдого чиглэл рүүгээ  анхаарал хандуулж, ажилладаг байх чиглэл рүү заалтууд тусгаж өглөө.

Гуравт, улс төрийн намуудын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгох шаардлага байна. Авлига хээл хахууль хууль бус үйлдлийг таслан зогсоох, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал яригдаж байгаа үед санхүүжилтийг ил болгох нь нэн чухал байгаа. Тийм учраас улс төрийн намууд санхүүгийн  тайлан гаргадаг, хуулийн этгээдээс , иргэнээс авах хандивын хэмжээг нь зааж өглөө. Ингэснээр санхүүжилт ил тод шилэн болж, авилаг хээл хахуультай тэмцэж байгаа тэмцэлд дэвшил гарна гэж үзэж байна.

Дөрөвт, улс төрийн намуудаар дамжуулж иргэд хүсэл зоригоо илэрхийлдэг учраас хүйсийн тэгш харьцааг зааж өглөө. Мөн шийдвэр гаргах төвшинд оролцоо бага байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон бусад нийгмийн бүлгийн төлөөллийг тусгах асуудлыг тодорхой зааж өглөө.

Өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн нам байгуулах асуудал бэрхшээлтэй байдаг. Улс төрийн намаар бүртгэгдээд байгуулсны дараа нь  тавих шаардлага , хяналт сул учраас 30 жилийн хугацаанд улс төрийн нам төлөвшөөгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах үүднээс улс төрийн нам байгуулах процессыг хялбаршуулж, улс төрийн намаар бүртгэгдсэний дараа буюу жилийн дараагаас үйл ажиллагааны тайлан гаргаж байх, аудитын тайлан гаргаж байх.

Сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн намуудын үйл ажиллагаа, санхүүгийн тайланг нь жил бүр УИХ-д нээлттэй тайлагнадаг байх гэхчлэн олон заалт хуульд нарийвчлан тусгаж өгсөн.

Тавдугаарт, улс төрийн намын дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэл рүү энэ удаагийн хуульд тодорхой зааж өгсөн.

Иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, нэгдэл болж байгаа улс төрийн институци нь дотоод ардчиллаа бэхжүүлэх нь чухал байгаа. Сүүлийн 10 гаруй жилийн түүхийг аваад үзвэл парламентад суудалтай, суудалгүй намууд дотроо хоёр, гурав хуваагддаг. Зарим намуудын дотоод тэмцэл нь ужгирдаг, хагарал нь хоёр гурван жилээр үргэлжилдэг асуудал байна. Тийм учраас намуудын дотоод ардчиллыг бэхжүүлэх, асуудлыг зааж өглөө. Ингэснэр улс төрийн намууд цаашдаа олон улсын жишигт нийцэхүйц интституци болж төлөвшинө. Энэ бүхэн нь өнөөгийн хөгжлийн хурдад нийцэх, ард иргэдээс тавьж байгаа шаардлагад нийцнэ.

Ийм Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж байна.

Хуулийн төслийг өнгөрсөн оноос эхлэн улс төрийн намууд,  ард иргэдээр хэлэлцүүлж эхэлсэн. Ерөнийхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн даруйдаа Улс төрийн намын тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар болловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт улс төрийн намын тухай хуулиар судалгаа хийдэг эрэмдэн судлаачдаас гадна парламентад  суудалтай, суудалгүй намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулсан. 2022 оны тавдугаар сарын 3-нд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас санал авахаар хуулийн төслийг хүргүүлсэн. Үүнээс хойш улс төрийн намуудтай хамтарч болон дангаар 10 гаруй удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, улс төрийн намуудаас хоёр удаа саналыг бичгээр авч, саналыг нь тусгалаа.  Нэг ёсны энэхүү хуулийн төмслийг олон талаас нь хэлэлцүүлж, санаал авсны дараа УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна.


Парламентаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа цаг үетэй давхцуулан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж байна” гэлээ.  Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Улс төрийн намын тухай хуулийн төсөлд иргэнээс өгөх хандив дээр хувь хэмжээ заасан зохицуулалт бий юу.  УИХ-ын сонгуулиар сонгогчоос санал аваагүй намд төсвөөс санхүүжилт олгох уу?

-Улс төрийн намын тухай хуульд санхүүжилтийг шилэн болгох асуудлаар тусгайлсан бүлгүүд орсон. Дэлхийд улс төрийн намын санхүүжилтийн хоёр хэлбэр байдаг. Европын загварт төсвөөс дэмжлэг үзүүлж, эргээд хариуцлага ярьдаг. Эдийн засгийн бүлэглэл,  томоохон олигархи бүлэглэлийн хамааралыг багасгах, улс төрд мөнгөний оролцоог багасгах зорилготой Европ загвар гэж байдаг. Улс төрийн нам нь мөнгөн урсгалаа ард иргэдийг соён гэгээрүүлэхэд зарцуулдаг. Үзэл баримтлалаа сурталчлах чиглэлтэй.

Хоёр дахь нь Америк загвар гэж байдаг. Хувийн аж ахуй нэгжүүдээс өгсөн хандив дээр түшиглэдэг. Бид энэ удаад Европ загварыг голчлон авсан.

Улс төрийн намуудад өнөөдөр ч гэсэн УИХ-ын сонгуулиар сонгогчоос авсан суудлынх нь тоогоор төрөөс санхүүжилт өгдөг. Энэ асуудлыг нэлээн толдорхой болгож, тусгаж өгсөн. Парламентад суудалгүй ч улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа намд төрөөс санхүүжилт болон төрийн шууд бус санхүүжилт олгохоор хуульчилж өгсөн.

Тодруулбал, сонгуулиар нийт сонгогчийн хоёр хувиас дээш санал авсан тохиолдолд төсвийн тодорхой санхүүгийн дэмжлэг авна.

Сонгуулиар сонгогчийн нэг хувиас дээш санал авбал шууд бус төсвийн дэмжлэг авна. Улирал тутамд  олон нийтийн радио телевизээр өөрсдийн намын хөтөлбөр,  үзэл баримтлалаа 30 минутын хугацаатай сурталчлах боломж нээгдэнэ. Төрийн болон төрийн өмчийн компанийн заалыг жилд нэг удаа үнэгүй ашиглах зэрэг дэмжлэг авахаар зааж өгсөн.

Хоёрт, шинээр төлөвшиж гарч ирж байгаа шинэ улс төрийн хүчнийг дэмжих зорилгоор тодорхой заалт оруулсан.

Хандивын хэмжээг эрс хязгаарлаж байгаа. Монголын улс төрд мөнгө их байна гэдэг. Нэг хуулийн этгээд жилдээ 27 сая төгрөгийн хандив өгнө. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хандив өгч болохоор хязгаар тавьсан.  Хувь хүний хандив 6 сая төгрөгөөс хэтэрч болохгүй. Улс төрийн нам нэг данстай, тэр нь шилэн байна.

Эцсийн өмчлөгчөөр хандивыг тооцно. Өмнө нь эцсийн өмчлөгч охин компани, өөрийн эзэмшигч, өмчлөгч аж ахуй нэнгжээр дамжуулж, жилд хэдэн ч удаа хандив өгч болдог байсан бол одоо зөвхөн эцсийн өмчлөгчөөр хязгаарлан, жилд нийлээд 27 сая төргрөгт багтана гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас хандив эрс багассан.

Төрийн санхүүжилт болон хандивын зарцуулалтыг маш тодорхой зааж өгсөн. Нийт санхүүжилтийн 20 хувийг бодлогын хүрээлэнгээр дамжуулж,судалгаа шинжилгээ,  хөгжлийн бодлого тодорхойлоход зарцуулдаг байх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн,  эмэгтэйчүүд, нийгмийн давхаргын оролцоог хангахад зарцуулдаг байх гэхчлэн хувь зааж өгсөн. Хэрвээ энэ хувиудаар санхүүжилт гаргаагүй байвал санхүүжилтийг нь зогсоох, улс ын орлого болгохоор нарийвчлан зааж өгсөн.

Эргээд санхүүжилтээрээ дамжуулж, улс төрийн намуудыг төлөвшүүлж, нийгмийн оролцоог хангах хатуу заалт оруулж өгсөн. Улс төрийн намуудын байнгын үйл ажиллагааг хянах байгууллага нь төрийн төв байгууллага Сонгуулийн ерөнхий хороо байна.

Улс төрийн намыг тараах, татан буулгах, бүртгэх процесс Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдэнэ. Бусад улс төрийн намтай холбоотой асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцна. Тухайн жилийн дөрөвдүгээр сард улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүгийн тайланг УИХ-д тайлагнадаг,  нээлттэй сонсдог байхаар зааж өгсөн. Тайлангийн хугацааг маш нарийвчлан зааж өгсөн.

-Улс төрийн нам байгуулах босготой холбоотой заалтыг хэрхэн тусгасан бэ. Намын хатуу гишүүнчлэлээс татгалзах асуудал хэрхэн туссан бэ?

-УИХ 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, намтай холбоотой гурван заалт оруулсан.Түүний нэг нь улс төрийн нам нь  нийт сонгочдын нэг хувийн дэмжлэг авч улс төрийн нам байгуулахаар зааж өгсөн. Үндсэн хуульд зааснаар энэ заалт 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.  Хүчин төгөлдөр хуулийн хүрээнд хуулийн төсөл боловсруулах шаардлагатай учрас  801 иргэний санал авч улс төрийн нам байгуулж байхаар заасан. Цаашдаа Үндсэн хуулийн заалт хэрэгжээд явах учраас санхүүжилт болон бусад хэлбэр дээр сонгогчдын 1 хувь гэдэг заалт хэрэгжээд явахаар оруулсан.

Хатуу гишүүнчлэлийн асуудлыг судлаачид, парламентад суудалгүй намуудын зүгээс хүчтэй тавьж байсан. Тийм учраас гишүүдийг хоёр хуваана. Нэгдүгээрт, намын гишүүн буюу намын жинхэнэ гишүүн байна. Намын жинхэнэ гишүүн нь сонгогдох, томилогдох албан тушаалд явдаг, гишүүний татвараа төлдөг,  дотоод сонгуульд саналын эрхтэй оролдцог байх.

Намын дэмжигч гишүүн нь намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, заавал татвар төлөхийг шаардахгүй, саналын эрхтэй байхаар оролцохыг шаардахгүй байхаар зааж өгсөн.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж