Д.Хаянхярваа: Тэр үед чухамдаа юу болсныг, бодит үнэнийг нийгэмд ойлгуулах боломж надад олдоогүй дээ

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: Тэр үед чухамдаа юу болсныг, бодит үнэнийг нийгэмд ойлгуулах боломж надад олдоогүй дээ

Д.Хаянхярваа: Тэр үед чухамдаа юу болсныг, бодит үнэнийг нийгэмд ойлгуулах боломж надад олдоогүй дээ

Сангийн сайд, УИХ-ын гишүүн, сүүлд “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажилласан Дамдины Хаянхярваатай ярилцлаа. Тэр бол маш идэвхтэй, нийгмийн сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нэгэн билээ.


-Та улс төрд их идэвхтэй явсан хүн. УИХ-ын гишүүнээр гурван ч удаа сонгогдож, Монгол төрийн гол яамны сайд, “бүдүүн” Бүлгийн даргаар томилогдож явсан. Мөн 100 гаруй жилийн түүхтэй МАН-ын намын даргад ч өрсөлдөж явсан гэхчилэнгээр тод явсан. Одоо ер нь таны ажил, амьдралын хэмнэл ямар байна. Таны нэг өдөр хэрхэн өрнөж байна?

-Юуны өмнө “Албан ёсны ярилцлага авъя” хэмээн тууштай хандсан танай сонины хамт олонд баярлалаа. Би улстөрчийн болоод төрийн хүний хувьд бус иргэн хүний хувьд өөрийн байр сууриа илэрхийлье гэж таны саналыг хүлээж авсан шүү гэдгээ ярианы эхэнд тодотгон хэлье.

Энэ хүнээс ярилцлага авах хэрэг байна уу даа гэж бодох хүмүүс байгаа байх. Энэ авлигачин нөхөр юу ярих юм бэ гэх нь ч байгаа. Тэгж л ойлгогдохоор зүйлийг нийгэмд хаясандаа. “Гүжирийн өмнө хүчгүй” гэж үг бий. Тэр үед чухамдаа юу болсныг, бодит үнэнийг нийгэмд ойлгуулах боломж надад олдоогүй дээ. Одоо элдэв тайлбар хийгээд яахав дээ.

Миний өнөөдрийн амьдралын хэмнэл, ажлын тухай асууж байгаа тань сонирхолтой байна. Нээрэн юу хийж суугаа билээ гэж зог тусхийж байна (инээв). Би 2020 оны сонгуулийн дараа "Эрдэнэс Монгол"-д жил гаруй хугацаанд ажиллалаа. Жил орчим ажиллаж байтал яаж мултарсныг олон түмэн мэдэж байгаа. Түүнээс хойш тэтгэвэрт сууж байна. Одоо бол айхавтар онцын хийсэн ажилгүй. Нийгмийн сүлжээнд, сошиал ухсан шиг. Хааяа твиттер, фэйсбүүкт өөрийнхөө сонирхлын дагуу авсан ганц нэг фото зургуудаа постолно. Сүүлийн үед төр засгийн ажил төрөл, нийгмийн амьдралтай холбоотой шүүмжлэлтэй санагдсан ганц нэг санаа оноогоо бичсэн шиг цаг өнгөрөөж байна гэх үү дээ.

Ихэнх тохиолдолд гэртээ байна. Бага хүүгийн маань хүү гэж жаахан нөхөр бий. Манай эхнэр бид хоёр тэр нөхрийг хардаг ажилтай. Тэр маань одоохондоо зугаатай байна. Удаан олуулаа болоод ирэхээр ядраах шинжтэй юм байна шүү. Жаахан хүүхэд харна гэдэг чинь амар ажил биш юм байна шүү. Хааяадаа хөдөө гадаагуур тэнэнэ. Ийм л байдалтай амьдарч явна даа. Эргээд харахад би төрийн албанд нийтдээ 35 жил ажилласан байна. Ер нь бидний үеийнхэн адил даа. Өглөө босоод усанд орж, үс толгойгоо янзалж сахал үсээ авчихаад, зангиа цамцаа өмсөөд ажил руугаа явдаг. Ийм хэмнэлээр 35 жил явсан хүн энэ хэмнэлээсээ салахад амар биш байдаг юм байна. Ний нуугүй хэлэхэд, анхандаа жаахан хэцүү л байсан. Өглөө босч дадсан цагтаа босно. Үс толгойгоо янзалчихна. Тэгээд хаачихаа мэдэхгүй, юу хийх билээ гэдэг асуудал үүснэ (инээв). Одоо энэндээ дасч байна. Ер нь өглөө цаг нартай босдог хэмнэлээ бол өөрчилж чадахгүй юм билээ. Босоод хийдэг бүх зүйл дадал болсон байна.

-Та намынхантайгаа холбоотой байгаа юу. Сүүлд хэзээ намынхаа байраар оров?

-Намын дүрэм өөрчлөгдсөн гээд намайг намаас хассан. Энэ их хүнд жилүүдэд энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр явсан хүн. Тэнгэрт гартал магтаж сайшаагаад байсан журмын нөхөд маань “Таныг дүрэмд заасан асуудлаар манай намын гишүүн байх ёс зүй байхгүй учраас намаас хаслаа” гээд хэлчихээгүйд нь жаахан тиймэрхүү л байсан. Нэг л өдөр намаас хаслаа гэсэн мэдээ яваад л байна лээ. Намаас хасагдсан учраас намын байраар ороод байх сонирхолгүй болчихсон. Мэдээж нам дотор байгаа найз нөхөд, танил хүмүүс бий. Тэдэнтэйгээ хааяа уулзаж, утас шөрмөсөөр ярина. Олон жил намынхаа төлөө явсан болохоор журмын нөхдөдөө намынхаа л зовлонг ярих юм. Манай нам ингэмээр байх юм. Залуучууд ийм юман дээр алдаад байх шиг байна. Та нар залуучуудад ингэж хэлж зөвлөж болдоггүй юм уу гэхчилэнгээр нөхдөдөө санал бодлоо хэлнэ бас ярилцана.

Би бол хасагдсан гэдэгтэйгээ эвлэрсэн дээ. Зохих цагтаа ажилладгаа ажилласан. Одоо энэ намд ямар нэгэн байдлаар хэрэггүй болжээ гэж үзэж байгаа тохиолдолд заавал нам руу зүтгээд намын байраар орж тэнд юм яриад байх дэмий биз дээ. Харин найз нөхөдтэйгөө санал бодлоо хуваалцаж байх нь надад амар.

Тантай ярилцаж байгаагийнх Монголын нийгмийн өнөөгийн байдал болоод өнөөдөр “трэнд” болчихоод байгаа улстөрчдийн талаар асууж яриулах нь зүйн хэрэг. Тиймээс улстөрчдөөс эхэлье. Өнөөдөр улс төрийн гол тоглогч болоод байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрт та ямар дүгнэлттэй байна?

-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын зүгээс яриад байгаа авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимтэй эхлүүлснийг маш зөв гэж бодож, хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа. За миний дэмжлэг ч гэж юу байхав дээ. Авлигал хээл хахууль бол манай нийгэм дэх хамгийн бугшсан асуудлуудын нэг гэдгийг монголчууд нийгмээрээ хүлээн зөвшөөрч байна шүү дээ.

Олон жил болсон энэ алдаа завхралыг засаж залруулна гэдэг амар биш. Амаргүй энэ зүйл рүү зориглож орно гэдэг нь хэн бүхэн ч хийгээд байх ажил биш. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд, залуу хүн ийм юм руу Засгийн газартайгаа орж, Монголд болохгүй бүтэхгүй байгаа том асуудлыг цэгцлэх гээд явж байгааг аль ч талаас нь дэмжиж байгаа. Хэн ч байсан хууль шүүхийн өмнө тэгш байх зарчим үйлчлээд эхэлбэл монголчуудад тустай шүү.

-Эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг та Сангийн сайд, эдийн засагч байсан хүний хувьд хэрхэн дүгнэж байна. Оновчтой байж чадаж байна уу. Хаана алдаж, юун дээр онож байна?

-Өнөөдөр улс орны улс төр, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй л байх шиг байна. Харин сүүлийн үед нүүрсний экспорт сэргээд, Оюу толгойн гүний уурхайн ажил эхэлж эдийн засагт сэргэлт бий болох хандлага ажиглагдаж байх шиг байна. Байгалийн баялгийг биржээр дамжуулан зарж байгаа нь, мухар ч гэсэн хоёр ч төмөр замтай болсон зэрэг нь эдийн засагт эерэг дохио өгч эхэлж байна. Төмөр замтай холбоотой асуудал хөгжилд том садаа болсон хэвээр л байна шүү дээ. Төмөр замын талаар төрийн маш тодорхой шийдвэр үгүйлэгдэж байна. Энэ бол хувь миний харж байгаа өнцөг шүү.

Би бол байгууллага, хамт олон, нам, улс төрд байгаа хүн биш, тэтгэврийн хөгшин гэдгээ сануулчихад илүүдэхгүй байх аа. Наад захын жишээ бараа бүтээгдэхүүний үнэ хяналтаас гарчихлаа. Ямар ч зохицуулалт хийж чадахгүй байна. Би зах зээлийн нийгэмд үнийн зохицуулалт хий гэж хэлж чадахгүй. Тэгэх ч ёсгүй. Харин жолоодлогогүй нэмэгдээд байгаа үнийн хөөргөдлийг яах ёстой талаар засаг төр анхаарах ёстой.

Жишээлбэл, эм, хүнсний бүтээгдэхүүний үнэ иргэдийг туйлдуулж байна даа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн Засгийн газрын бодлого ойлгомжгүй байдал руу орчихоод байгаагийн тод жишээ биш үү. Зах дээр очоод хэн дуртай нь юмныхаа үнийг нэмдэг. Ер нь том зургаар нь үзвэл бодлогын алдаа л даа.

Манай улсын эдийн засаг уул уурхайгаас дэндүү хамааралтай. Гэтэл хайгуулын лиценз олголтыг зогсоочихсон. Одоо үндсэндээ зөвшөөрөлтэй ажиллаж байгаа хэдэн уурхайгаа тал талаас нь хэмлээд байгаа болохоос биш нэмэлт хайгуул хийгээд, бодитой гаргаад ирсэн дараагийн шатны уул уурхайн орд газар алга. Хайгуулд ямар их хөрөнгө мөнгө, ямар их цаг хугацаа ордог билээ. Энэ чиглэлд төр тодорхой арга хэмжээ авахгүй бол оройтлоо.

Өөр нэг том алдаа нь, Монголын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаа томоохон компаниуд, хувийн хэвшлийнхнийгээ дандаа харлуулах ажлыг төр өөрөө оройлон гүйцэтгэдэг болоод удлаа шүү. Өмчийн эздийг үр хүүхдийг нь олигархи, тэр л илүү баяжсан, шуналтай сувдаг гэх мэтээр дайрч сошиалаар троллддог гаж хандлага газар авсан.

Энэ бол маш буруу бодлого. Яагаад Монголын нийгэмд нийгмээ чирээд аваад явах чадавхтай 10, 20 компани байж болдоггүй юм бэ. Гэтэл бодит амьдрал дээр тэр компаниуд улсын төсөвт хичнээн төгрөгийн татвар төлчихөөд байна. Тэр татвараар нь юу хийх хэмжээний мөнгө юм бэ. Хичнээн хүнийг ажлын байртай болгочихоод байгаа юм бэ.

Тэрхүү ажилчдын ард хичнээн өрх амьжиргаагаа залгуулж байна. Цаашдаа тэд юу бүтээх гэж байгаа юм бэ гэдгийг зөв талаас нь харж ард түмэнд таниулах ажил хийгдэхгүй байна шүү дээ. Хий хоосон улс төржилт, талцал хуваагдал л гай болж байна даа.

Хөгжлийн банкны нээлттэй сонсголыг сонслоо. Анхны сонсгол гэхэд үнэхээр сайн болсон. Гэтэл томоохон компаниудыг зээлээ аваад өрөө дараад юу ч хийгээгүй юм шигээр ярьж байна лээ. Энэ нь хэд, хэдэн компани дээр ажиглагдсан. Гэтэл нөгөө компаниудынх нь тайлбарыг сонсоход хөрөнгө арай өөр.

Амьдрал нь хүнд байгаа ард түмэн үүнийг буруу талаас нь ойлгоод бөөн нерв болж байна. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээсэн, хөдөлмөрлөж хөрөнгө цуглуулсан хүмүүст ерөөсөө дургүй болоод байна шүү дээ. Энэ бол ажил хийж байгаа хүмүүст дургүй байна гэсэн үг.

Миний эзэмшлийн газар доор хичнээн баялаг байгаад би хөрөнгө босгож эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй бол “Миний өмч” гэж мянга цээжээ дэлдээд яах юм бэ. Яаж ч чадахгүй шүү дээ. Хэн нэгэнтэй хамтарч хөрөнгө босгож байж ажил явна. Хүний хөдөлмөр, нэмүү өртөг шингээж байж тэр чинь баялаг болно. Энэ мэтчилэнгээр нийгэмд байгаа алдаа завхралуудаа засч, хувийн хэвшлийнхэндээ дарамт шахалтгүй ажиллах боломжийг өгөх хэрэгтэй. Баялаг бүтээгчдэд төрөөс хандах хандлагаа жинхэнэ орвонгоор өөрчлөх цаг болсон. Төрийн нэртэй хувьчилж болох бүх өмчийг нэн яаралтай хувьчлах хэрэгтэй. Тэр цагт энэ их хулгай луйвар алга болно.

Бүтээгдэхүүнээ экспортод гаргая гэвч бидэнд ложистик алга. Баахан мухар төмөр замтай боллоо. Үүний шалтгааныг та юу гэж харж байна?

-У.Хүрэлсүх ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газар, Г.Занданшатар даргатай УИХ-ын үед бид хамгийн чухал шийдвэрүүдийг гаргахдаа алдаа гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ямар алдаа гаргасан гэхээр бид Таван толгой-Гашуунсухайт чиглэлд экспортын зориулалттай нарийн царигийн төмөр зам тавих байсан. Эхлээд энэ замаа дуусгах байтал үүнийгээ хаяад хөндлөн төмөр зам тавих шийдвэр гаргасан гээд яривал юм юм л байна даа. Аль замыг түрүүлж барих нь зөв бэ гээд тухайн үед энэ асуудлаар нэлээдгүй байр сууриа илэрхийлсэн. Нэлээн ч үзэлцсэн. Харамсалтай нь бид амжилт олж чадаагүй.

Өнөөдөр мухар, хоорондоо холбогдох цэг нь зөрчихсөн, холболтын ажилд дахиад ч 200-300 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж яриад сууж байгаа нь УИХ, Засгийн газрын түвшинд гаргасан шийдвэрийн алдаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хоёрдугаарт, Ханги-Мандалын төмөр зам. Мөн л өргөн цариг тавьсан. Бодвол холбоно гээд дахиад зардал гарах байх. Хувийн хэвшлийнхэн яаж ажилладгийг энд харуулсан гэж би боддог. Харамсалтай нь өргөн царигаар барих төрийн шийдвэртэй.

Гуравдугаарт, "Эрдэнэс Монгол"-д би ажиллаж байхдаа Гашуунсухайт-Шивээхүрэнд нарийн царигийн экспортын зориулалттай 47 км замыг тавья гэсэн Хятадын талын саналыг ажил болгож чадаагүй. Зураг төслийг нь МАК-ийнхан хийчихсэн байсан. "Эрдэнэс Монгол" 51 хувийг нь эзэмшинэ. Хятадын тал хөрөнгөө гаргаад улирал харгалзахгүй гурван сарын дотор тавья гэж байна. Тэнд AGV буюу жолоочгүй тээврийг туршъя гэсэн. Контейнер тээвэр зам тавья гэж байна. Агаарын дүүжин тээврийг хийе гэж байна гэсэн саналуудыг Засгийн газрын холбогдох яаманд хүргүүлж байсан. Эндээс би бас зэмлэл хүртсэн. Тухайн үеийн ХЭГ-ын дарга намайг “Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр аюултай зүйл ярилаа” гэж ирээд л зэмлэсэн. Ингээд энэ чиглэлд шийдвэр гаргаагүй. Хөөт, Хөшөөтийн чиглэлийн төмөр зам мөн адил хувь тавилан хүлээж байх шиг байна.

Манай улсын эдийн засгийг тэтгэгч гол бүтээгдэхүүнийг авч байгаа Хятад улс хилийн цаана бүх дэд бүтцээ аваад ирчихээд байна. Монголчуудад үүд хаалгаа дэлгэчихээд байна шүү дээ. Нарийн царигаар манай экспортын бараа бүтээгдэхүүнийг авъя, хамт хөгжье гээд байхад манай улс энэ боломжийг ашиглаж чадахгүй байгааг хэний алдаа гэхэв дээ. Арай ард түмэн буруутай гэхгүй байлгүй дээ.

Одоо бид бодитой шийдвэр гаргах цаг болсон. Шивээхүрэнд ч болов нарийн царигийн төмөр замыг тавих шийдвэрийг Засгийн газар, УИХ-ын түвшинд гаргах хэрэгтэй. Бичигтийн боомтын чиглэлд мөн гаргах хэрэгтэй. Яах гэж давхар зардал гаргаад байгаа юм бэ. Экспортын чиглэлээр нарийн царигийн төмөр зам тавихад юу нь болохгүй байгаа юм бэ. Ачиж буулгах, дугуй солих гэхчилэнгээр хоёр ажил хийх ямар шаардлага байна.

Тэгэхэд хятадууд Австралиас нүүрс импортлох эрхийг бүх аж ахуйн нэгжүүддээ олгож байна. Тэднийх ямар хямдхан тээвэртэй билээ. Хятад усан боомттой учраас нүүрсээ маш их хэмжээгээр нь далайгаар тээвэрлээд аваад ирнэ. Тэр үед бидний нүүрсний үнэ өртөг яах билээ. Энэ талд ер нь нэг дорвитой алхам хийгээсэй билээ гэж хардаг.

-Эдийн засгийн хоёр дахь том салбарыг аялал жуулчлал гэж үзэж буй. 2023 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Энэ бодлого өнөөдөр бодитоор хэрэгжих боломжтой юу?

-Утаагүй үйлдвэрлэл гэж дэлхий нийтэд нэрлэж ирсэн аялал жуулчлалыг маш их ярьж байгаа боловч яг бодитоор юу хийх вэ гэдгээ ерөөсөө бид гаргаж чадахгүй байна.

Наад зах нь аялал жуулчлалыг бүх чиглэлд хөгжүүлэх хамгийн боломжтой цэг бол Хөвсгөл нуур. Очоод үз. Тэнд стандартад нийцсэн хичнээн кемп байна. Хуруу дарам цөөхөн хэдхэн кемп байгаа. Дэд бүтэц байхгүй. Ядах нь аа тэнд цэвэр, бохир усны асуудал, зам харгуйг шийдэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаа хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр дэмжих хэрэгтэй. Энэ чиглэлд маш тодорхой шийдвэр гаргаж бодитой хийх ажил үгүйлэгдэж байна.

Засгийн газрыг харахад сүүлийн жилүүдэд сайн пиар хийж байна. Хэтрээд байгаа пиарууд ч байна. Тухайн үед У.Хүрэлсүх , Л.Оюун-Эрдэнэ нарыг Ерөнхий сайд болж байхад би “Бага ярь. Их хий. Та нарын пиар ихдээд ард иргэдэд хүлээлт үүсгээд байна. Тэр чинь ажил хэрэг болохгүй байна. Харин хийчихээд хийчихлээ гэдгээ дараа нь тайлбарла” гэсэн үгийг чуулганы танхимд хэлж байсан. Одоо ч гэсэн хийж хэрэгжүүлэх ажилд хэрэгтэй гэж энэ үгийг хэлж байна.

-Шинэ залуу үе гарч ирлээ. Залуучууддаа зайгаа тавьж өгч байна, зайгаа тавьж өг гэсэн пиар их явлаа. Шинэ залуу үеийн цөөнгүй гишүүн парламент, Засгийн газарт ажиллаж байна. Энэ хэрээр өнөөдөр чадамжийн асуудал яригдаж байна. Та ер нь үе солигдох асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Шинэ залуу үе гарч ирлээ гээд тэднийг би үгүйсгээд, буруутгаад байх юм алга. Ер нь бусад улс орны туршлагыг харахад ажил, амьдралын туршлагатай хүмүүстэйгээ хамтраад ажилладаг. Сонгуулийн үеэр “Манай нам ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээс юм” гэж бид ярих дуртай. Тэгвэл өнөөдөр тэр алтан хэлхээс алдарчихаад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, ахмад үеийнхнийгээ босгоны цаана гаргачихаад байна.

Яахав дунд үе байгаа байх. Ихэнх нь залуучууд байна. Ингэхээр ажлын туршлагатай хэлж ярьдаг хүмүүс цөөрөөд байна. Энэ юунд нөлөөлж байна гэхээр өнөөдөр намын даргаасаа ч юм уу, Ерөнхий сайдаасаа дээд талд нь дарга гээд сууж байгаа эрхмээсээ хүн бүхэн айдаг болчихсон. Энэ нууц биш. Хүний л амьдрал болсон хойно чимхвэл тосч гоожно ус ч гоожно. Юм юм л гоожно. Ийм л айдастай болчихсон байгаа нь алдаа гарах эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Туулсан амьдрал, элээсэн оймс гээд хүнд амьдралаас олж сурсан асар их өв байдгийг залуу дарга нар бодож байхад илүүдэхгүй дээ.

-Өнөөгийн парламент Засгийн газарт тавих хяналтаа хэрэгжүүлж чадаж байгаа эсэхэд та ямар дүгнэлттэй байна?

-Шуудхан хэлэхэд, парламент Засгийн газарт хяналтаа тавих чадамжгүй болчихсон байна гэж би харж байна. Бүлгийн даргын ажлыг өгч байхдаа Д.Тогтохсүрэн даргад “Та олон жил аймаг орон нутгийг удирдсан учраас энэ ажлыг төвөггүй хийнэ. Би итгэж байгаа. Би баримталж ирсэн ганцхан л зарчмаа танд хэлье. УИХ-ын ажил тусдаа. Засгийн газрын ажил тусдаа. УИХ Засгийн газартаа шаардлагаа тавьж болохгүй бүтэхгүй юмыг нь дарж ажиллах ёстой юм шүү. Үүнийг л би хийх гэж ноцолдсон. Энэ бүхэн минь төдийлөн үр дүнд хүрч чадсангүй дээ. Та үүн дээр хичээж ажиллаарай. Ингэж ажиллавал Монголын төрд хэрэгтэй юм” гэж хэлж байсан. Д.Тогтохсүрэн дарга одоо санаж байгаа байх.

Өнөөдөр чухамдаа тэр нь бүтэж байгаа юу, үгүй юу гэдгийг би дотор нь байхгүй учраас тэр хүний, тэр бүлгийн ажлыг дүгнэж цэгнэж хэлж мэдэхгүй байна.

2019 онд Үндсэн хуулийн нэмэлт , өөрчлөлтийг баталж байх үеийн нэг зүйлийг би маш тод санаж байна. Өмнөх парламентад байсан гишүүд санаж байгаа байлгүй дээ.

Бид хүчтэй Ерөнхий сайдтай засаглалыг бий болгоё гэдэг санал тавиад явсан. Ингээд бүх эрх мэдлийг Ерөнхий сайдад төвлөрүүлэх эхлэл тавигдсан. Ялангуяа Ц.Мөнх-Оргил гишүүн тэр үед “Ер нь ерөнхий сайдад асар их эрх мэдлийг өгөхөд ямар ч газар дарангуйлал үүсэх өндөр магадлал байдаг. Тэгэхээр бид ядаж зарим нэг эрх мэдлээ УИХ-д хадгалж үлдэх ёстой” гэсэн тодорхой байр суурийг хэлж байсан.

Би үүгээр Ерөнхий сайдыг дарангуйлагч болчихлоо гэж хэлэх гээд байгаа юм биш. Мэдээж Л.Оюун-Эрдэнэ сайдын хийх гээд байгаа ажил амаргүй гэдгийг би ярианы эхэнд хэлсэн. Чиглэл нь зөв. Маш зөв ажлуудыг хийж байгаа. Ганцхан энэ хүнд аль ч талаас нь буруу, зөвийг хэлж зөвлөж чиглүүлэх хүн хүч жаахан хэрэгтэй юм болов уу даа. Магадгүй энэ парламент, энэ Засгийн газар дотор Л.Оюун-Эрдэнэ сайдын хийж байгаа ажил, хэлж байгаа үгэнд алдаа оноо байна гэж үзвэл хоорондоо жиг жуг хийх биш нүүрэн дээр нь зоригтой үг хэлдэг хүмүүс дутагдаад байна гэж хэлэх гээд байна.

Төр засгийн шугамаар шат шатанд нь ажиллаж байсан хүмүүсийг сонсох асуудал энэ Засгийн газар, залуу дарга нарт учир дутагдалтай байна.

Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байхдаа би чадалтай хүмүүстэй ажиллах дуртай байсан. Чадвартай хүмүүстэй ажиллахад алсыг харсан шийдвэр гаргаж чаддаг юм. Асуудлаа мэддэг чадалтай хүмүүс өөрийнхөө мэддэг зүйлд итгэл үнэмшилтэй байдаг. Тиймээс зөвлөж байгаа хүндээ зоригтой хэлдэг. Харин тэр үгийг нь хүлээж авах чадамжтай байж гэмээнэ залуучууд улам илүү хол явна. Түүнээс "Би бүгдийг мэднэ, чи ингэ" гэж шууд өөрийнхөө үзэл бодлыг тулгах зарчмаар явбал хол явах нь юу л бол.

-Зөвлөж байгаа нэртэй, “Таны зөв” гэж тал засч сөнөөх шахдаг хүмүүс их байх шиг?

-Ер нь сүүлд ийм болчихоод байна. Таны хэлсэн үг нийгэмд мандуулж байна. Таны саяны шийдвэр нийгмийг доргиож байна гэсэн “алга ташигчид” олшроод байна. Энэ юунаас харагдаж байна гэхээр нийгмийн сүлжээ сошиалаас харагдаж байна. Яг амьдрал дээр бодит сошиалын тэр давлагаа хоосон хөөсрөл байгаа юм. Сошиалыг хөөсрүүлээд байгаа хүмүүс бол өнөөх троллууд.

Сошиалд идэвхтэй байдаг хүмүүсийн тоо их биш. Коммент бичдэг хэсэг бүлэг троллуудын арми байна. Хэний ч арми юм.Тийм армиуд хүмүүсийн оюун санаа тархийг угааж байгаа зүйл харагдаад байна. Тэр бүхэнд нь ард түмний дийлэнх масс итгээд, Засгийн газар юм хийхгүй байна гэвэл хийхгүй байна гэж хошуураад. Лаг байна гэвэл лаг байна гэж хий хошуураад байна. Түүн дээр нь голлож Засаг пиараа явуулах гээд оролдоод байх шиг байна. Сошиал дахь хандалт маш савлагаатай байна. Тэгэхээр пиарыг маш оновчтой хийж өөрсдийнхөө бодит амьдрал, ажлыг зөв үнэлж байж ажлаа явуулах нь хамгийн чухал гэж харж байна.

Танаас төрийн албан хаагчдын талаар асууя. Төрийн албыг чанаржуулах шийдвэр гаргаад байна уу, эсвэл бас л холион бантан хутгаад байна уу?

-Төрд ажиллаж байгаа хүмүүсийн нурууг нь үнэхээр авлаа. Одоо төрийн албанд үнэнч шударга чадалтай хүн ажиллах ямар ч боломжгүй.

болсон. Би бол багаасаа төрийн албанд доод шатнаас нь эхлээд дээд шат хүртэл нь өөрийнхөө хичээл зүтгэлээр явсан хүн учраас төрийн албаныхныг маш их хайрладаг. Өнөөдөр төрийн албаныхныг нурууг автал нь “балбаж” байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд. Бид 2016 онд ялсан. Өөрийн намын хүнээ тавина гээд баахан “бантан” болгосон.

Дараа нь У.Хүрэлсүх дарга гарч ирсэн. Баахан л өөрчлөлт болсон. Дараа нь дахиад л Л.Оюун-Эрдэнэ сайд болсон. Баахан л өөрчлөлт болсон. Яам тамгын газрынхныг сонсохоор чөлөө завгүй бүтцийн өөрчлөлт гээд байх юм. Одоо Д.Амарбаясгалан дарга дахиад 6000 хүнийг хална, солино гэж байна. Ийм аймаар айдсын дотор хэн төрийн албанд ажиллаж чадах юм бэ. Бүх ажлыг гардан гүйцэтгэдэг, хэвийн түвшинд авч явах ёстой дунд, доод шатны албан хаагчид нэгдүгээрт хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй болчихоод байна. Хоёрдугаарт, шийдвэр гаргаж чадахгүй болчихоод байна. Гуравдугаарт, тэр ажилдаа байх үгүйгээ мэдэхгүй байгаа хүн яаж тэнд ажиллах хүсэлтэй байх юм бэ. Яаж ийгээд амиа аргацаад хэдэн төгрөгийнхөө цалинг аваад сууж байх сонирхолтой байна биз дээ.

Сүүлийн үед хараад байхад төрийн албаа чичилж дайрч попордог зүйл газар сайгүй бий болчихлоо. Чи ажиллаж чадахгүй байна. Чи зайлаарай гэдэг байнгын заналхийлэл, зүхэлт дор төрийн албаныхан ажиллаж байна. Хэзээ байтлаа төрийн албан хаагч хүн доод шатны төрийн албан хаагчидтайгаа тэгж харилцдаг байсан юм бэ. Болж байвал болж байна гээд, болохгүй байвал болохгүй байна гэдэг. Алдаа оноо байвал түүнийг нь хэлдэг. Засч залруулдаг байх ёстой болохоос нэг алдаа гармагц нь зайл гээд чичлээд байдаг.

Мэдээж хөөж явуулах алдаа гэж байна. Ер нь төрийн албанд ч бай өөр албанд ч бай ажил хийж байгаа ямар ч хүн алдаа гаргалгүй явчихдаг юм гэж хаана ч байхгүй. Хүний амьдралд ч ийм зүйл байдаггүй юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд төрийн албыг бүү хэл нийгмийн амьдралыг цогцоор нь томоор харж байгаа төрийн бодлого байхгүй болчихоод байна.

-Тэгвэл энэ асуудлуудыг шийдэхийн тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та харж байна?

-Төрийн алба, яам тамгын газрын бүтцийг Үндсэн хуульд тусгана гэж ярьдаг байсан. Төрийн алба, бүтэц ийм байхад болох юм гэдгийг нэлээн ул үндэстэй судалгаан дээр тулгуурлаж зурах ёстой юм. Өөрөөр хэлбэл, тэдэн яамтай байна, тэдэн агентлаг байна гэдгийг маш нарийн зурмаар байна.

Жишээ нь, энэ жил МХЕГ-ыг татан буулгачихлаа. Нэлээд олон жилийн өмнө яамдад байж байгаад болохгүй байна гэж бөөн хэл ам болж МХЕГ-ыг байгуулсан. Мэргэжлийн хяналт нь овоо зүгшрээд ирмэгц дахиад тараагаад хаячихлаа. Давхар харьяалалтай зүйлүүд олон бий шүү дээ. Ингээд наанадаж энэ нийгмийг нуруун дээрээ авч яваа хувийн хэвшлийнхэнд яам яамнаас баахан шалгалт очих нь. Мөн маш олон хяналт шалгалт, зөвшөөрөл олгох ажил байна. Авлига, хүнд суртлыг бий болгож байгаа давхардсан олон хяналт шалгалт, зөвшөөрлүүдийн тоог нь цөөлье гэж яриад байгаа ч бодитоор хэрэгжиж чадаж байна уу үгүй юу.

Сонгууль болгоны дараа хийдэг халаа сэлгээгээ болих хэрэгтэй.

Нөгөө талаас төр цомхон байх ёстой гэдэг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Төр цомхон байх ёстой гэдэгт би санал нэг байдаг. Төрийг данхар болгосон нь улс төрийн намууд өөрсдөө шүү дээ. Тэр дундаа сүүлийн найман жил манай нам нэлээд нэмэх шиг болсон. Үүний өмнө Ардчилсан нам байсан. Түүний өмнө хамтарсан байсан. Бүгд л нэмсээр ирсэн шүү дээ. Ер нь төрийн албыг ийм данхар болгосон нь төрийн эрхэнд байснаараа Ардын нам, Ардчилсан нам хоёрын хамтран бүтээсэн том алдаа.

Буцаагаад түүнийгээ яаж цэгцлэх вэ гэдэг нь өөрөө асуудал болчихоод байна. Түрүүн хэллээ шүү дээ. Энэ хүнд үед зургаан мянган хүнийг гудамжинд гаргаад хаячихаар цаана нь хичнээн хүн амьжиргаагаа залгуулах орлогогүй болох вэ. Манай улсын өрхийн гишүүдийн дунджийг дөрвөөр бодвол ойролцоогоор 26 мянган хүн амьжиргаагаа залгуулах орлогогүй болж байна. Бүхэл бүтэн ийм нэг арми бий болгож байна. Мэдээж энэ алдааг засах ёстой яаж гэдгийг залуусын ухаан мэдэх хэрэг. Би ингэнэ тэгнэ гэж мэдэмхийрэх юм алга.

Тэгвэл бүхэл бүтэн нэг ийм арми бий болгохгүй нь тулд, төрийн албанд ажиллаж байгаад гарч байгаа хүмүүсийг яах вэ?

-Дээхэн үед л дээ. Ардчилал, зах зээл эхэлж байхад Дэлхийн банкнаас төрийн албан хаагчдын тоог цомхотгохдоо ажлаас гарч байгаа хүмүүст тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлж байсан. Нэг ёсондоо бизнесийн эхлэл болгох мөнгийг өгөөд төрийн албанаас гаргаж байсан.

Одоо давлагаалж байгаа нэг юм бол, ерөөсөө ужиг болсон олон ахмад хүмүүсийг төрөөс зайлуул. Ерөөсөө л зайгаа тавьж өг. Тэтгэвэртээ гар гээд байна. Тэд хэдэн хувийг эзлээд байгаа юм бэ. Тэнд ажиллаж байгаа нэг ахмад ажилчныг гаргаад нэг л хүнийг цомхотгоно шүү дээ. Тэр хүн ямар гай болоод байгаа юм бэ гэдгийг өнөөдөр нийгэм зөв талаас нь харж чадаж байна уу гэвэл би чадахгүй байна гэж харж байна. Ерөөсөө тэр ахмадын хичээл зүтгэл, хөдөлмөр нь нийгэмд ямар ч хамаагүй болчихоод байна. Тэр хүн хөгшин учраас гай болоод байна зайлах ёстой мэтээр тэр хүн рүү шүлсээ үсчүүлж байна.

Тэр хүнийг аль болох хулгайч луйварчин авлигачин гэдэг талаас нь харлуулах гэж ноцолддог боллоо. Ингэхээр Монголын төрд ажиллаж байсан цэвэр хүн байхгүй болчихож байгаа биз дээ. Бүгдээрээ хулгайч болчихоод байна. Ингээд төрд хулгайчид гардаг гэсэн ойлголт, хандлага бий болох гээд байна шүү дээ. Энэ хэрээр иргэдийн төрийг үнэлэх үнэлэмж, итгэх итгэл суларч байна. Энэ бол цаагуураа их урхагтай зүйл шүү дээ. Энэ чиглэлд зарим зулаас арай л эрээ цээргүй болж байна даа .

Дараагийн сэдэв Үндсэн хууль. Үндсэн хуульд энэ хавар нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд та ямар байр суурьтай байна. Өөрчлөх нөхцөл шалтгааныг юу гэж харж байна?

-Шуудхан хэлэхэд, болоогүй. Суурь нөхцөл нь бүрдээгүй. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гэж бий. Тэр хуулиар Үндсэн хуульд гар хүрэх хугацааг найман жил гэж заасан.

Одоо л бүгдээрээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя, болохгүй байна гэдэг жишиг тогтчихвол бид Үндсэн хуульгүй болчих вий гэх болгоомжлол байна. Үндсэн хууль судалдаг хүмүүс өнөөгийн Үндсэн хуулийн суурь зарчмыг тал талаас нь харж дүгнэдэг байх. Би хувь хүнийхээ хувьд одоогийн хэрэгжиж байгаа Үндсэн хуулийг муу биш гэж боддог. Тиймээс энэ хавар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байгаа бол цаг хугацааны хувьд амжихгүй гэж харж байна. Оруулаад ч нэмэргүй.

Ер нь Үндсэн хуульд оруулах гээд байгаа гол өөрчлөлт нь гишүүдийн тоог нэмье. Сонгуулийн тогтолцоогоо холимог болгож үндсэн хуульдаа тусгаж авъя гэсэн хоёр зүйлийг голлож яриад байгаа шүү дээ. Нэмээд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох. Гэхдээ сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах шийдвэрээ Сонгуулийн тухай хуулиар гаргачихлаа. Тиймээс цаана нь гишүүдийн тоог нэмэх тухай асуудал л үлдэж байна.

-Та парламентад 12 жил суусан хүний хувьд гишүүдийн тоог нэмэх тухайд ямар байр суурьтай байдаг вэ?

-Манай улсын хүн амын тоо нэмэгдсэн. Тиймээс түүнтэй уялдуулж нэмэх ёстой хэмээн томоохон судлаачид, улстөрчид бичсэн байдаг юм билээ. Тоондоо биш шүү дээ. 76 гишүүн цөөдөж, лоббид автаж шийдвэр гаргаад байна гэж ойлгож байгаа бол энэ худлаа ойлголт. Гишүүн хүн хэлэлцэж байгаа асуудал дээр өөрийн байр суурь, улс орны эрх ашгийн төлөө хандаад сурчихвал бид хэзээ ч алдаатай шийдвэр гаргахгүй. Тиймээс хамгийн гол нь УИХ-ын гишүүн хүн шийдвэр гаргахдаа улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж шийдвэр гаргаад сурчихвал болно. 76-ааг 120 болголоо. Шинээр нэлээд гишүүн орж ирнэ. Нэг хууль батлахад олон түмэнд таниулах шаардлагатай болно. Нэг хууль батлахын тулд 100 хүн яръя. 50 гишүүн асууя. 100 хүн саналаа хэлье. Тэр дотор яг оновчтой шийдвэр гарах уу үгүй юу.

Та бүхэн баталж байгаа хуулийг ажиглаад үзээрэй. 76 гишүүн үнэтэй цэнтэй санал хэлээд тэр хуульд тусгагдаж суурь зарчим зөв болж гарч байна уу үгүй юу. Хуулийг хаана боловсруулсан. Ямар үндэстэй хэрхэн зөв боловсруулсан. Яавал тэрхүү хууль зөв байх вэ гэдгийг мэддэг хүн ахалж байж сайн хууль гардаг. Түүнээс биш 76 гишүүн тал талаасаа саналаа хэлээд тэр хуулийн суурь зарчим өөрчлөгдөж байсныг би мэдэхгүй л дээ. Би амьдралд ажиглагдсан харагдсан зүйлийг парламентад 12 жил суусан, тэтгэврийн хүний хувьд ярьж байна.

-Танаас асуух асуулт олон байгаа ч энэ хүрээд ярилцлагаа жаргаая. Эцэст нь холбогдсон хэргийн тань талаар асуулгүй өнгөрч болохгүй. Яагаад ийм хэрэгт орооцолдчихов оо?

-Би ард түмнээс нуугаад сүйд болоод байх юм алга. Нэгэнт шүүх шийдээд авлигачин гэж “цоллоход” би “тийм ээ” гэхээс өөр үг хэлж чадаагүй.

Ихэнх тохиолдолд би өөрийгөө хохь нь гэдэг юм. Ний нуугүй хэлэхэд, би ажил хийх л гэж зүтгэсэн. Шивээ-Овоо дээр 300 МВт-ын цахилгаан станц барина гээд төсөл төлөвлөгөө ТЭЗҮ-г нь хийсэн. Тусгай зөвшөөрлүүдийг нь авсан. Түүнтэйгээ уялдуулж "Эрдэнэс Монгол" дээр 51 хувийн оролцоотой төмөр зам, 2000 чингэлэгтэй чингэлэг тээврийг хийе, 10 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолъё гэсэн ажлуудыг хийх гэж л зүтгэж байсан үндсэндээ тохиролцсон.

Энэ мэтчилэнгээр ажил хийхээр төсөл төлөвлөгөө хэрэгжүүлээд явж байсан. Тэгсэн манай намын нэг нөхөр "Миний нэг оффшор компани байгаа хамтарч оролцмоор байна. Энэ төслийг хамт хэрэгжүүлье" гэсэн саналыг надад тавьсан. Тэгье энэ төсөл урагшилж байвал хамаа алга. Зардал мөнгөө гаргаад явахад болно гэж хэлсэн.

Ингээд хамтран ажиллах болоод тодорхой хөрөнгө гаргах асуудал тохироод зээлийн гэрээ хийхээр ярилцаад мөнгө төгрөгөө гаргаад явж байснаа авлига өгсөн гээд АТГ-т өгсөн л дөө.

Чухамдаа тэр хүн юу хийх гээд би хааж боож мөнгө төгрөг нэхсэн бэ гээд бодоод үзэхээр инээдтэй нь ямар ч тийм юм байхгүй, төлөвлөсөн ажил явж л байсан. Анхандаа бүр хясан боогдуулсан гэж мэдүүлсэн байсан. Би аргаа бараад байцаагчдаа тэр хүнтэй нүүрэлдье. Яг чухам юу хийлгэх гээд юуг нь би хяхан боогдуулсан юм бэ гэж хүртэл асуусан. Ямар ч тийм юм байхгүй шүү дээ. Ээ хүний жудаг гэж… Үнэн хогийн юм даа гэж л бодоод үлдсэн. Бас нэгэнт алдсан хүн чинь өөрийгөө зөвтгөх юм бодно оо инээдтэй байна уу? Би нэгэнт авлигачин гэх нэртэй болсон учир элдвийн юм бодно оо, бас. Би төрөөс болоод төрийн компаниас мөнгө авч төрд хохирол учруулаагүй гэж өөрийгөө тайвшруулна аа. Харин оффшорын мөнгө оруулж ирсэн гэж энэ тэр инээдмийн юм боддог л юм билээ. Хүн гэж хөгийн амьтан юм даа, Хишгээ минь.

Гаргаж байсан мөнгө хөрөнгөн дээрээ гэрээ хийнэ гээд тэдний тал гарын үсгээ зураагүй байсныг нь мэдээгүй байсан миний алдаа. Тэр нөхөр "Би авлига өгсөн" гэж хэлсэн юм билээ. Ер нь тэрэнтэй, тэрэнгүй намайг сошиалаар аль хэдийнээ яллачихсан юм шүү дээ.

Миний гэм буруутай эсэхийг тогтоогоогүй, тэгэх нь битгий хэл би авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгч дуусаагүй байхад миний хувийн оффис, манай гэр хоёрт нэгжлэг хийж надад байсан мөнгийг тавьж байгаад сошиалын бүх хэрэгслээр цацсан. Тэгэх, тэгэхдээ Д.Хаянхярваа гэж нөхөр авлига авч байгаад яг үйлдэл дээрээ баригдсан мэтээр олон нийтийн сүлжээ, хэвлэлээр баахан сэвсэн. Яг ийм нөхцөлд орчин цагт баталгаатай “Нөгөө хэцүү нэртэй газар руу” гэсэн үг биз дээ. Тиймээс надад тэр газар руу орох уу, авлигачин болох уу гэсэн сонголт байсан. Яаж ч бодсон тийшээ орсон ч авлигачин болно. Гарсан ч авлигачин шүү дээ. Надад нэг л юм бодогдсон. Амьдралынхаа төгсгөлд алдартан, авлигачин хоёрын очих цэг адилхан болсон хойно гэж л шийдсэн асуудал л даа.

-Өөрийн тань мөнгө байсан юм уу?

-Тийм ээ. Өөрийн мөнгө байсан юм. Авлигынх гээд сэвээд байсан тэр мөнгийг дараа нь надад тоо ёсоор нь буцаагаад хүлээлгэж өгсөн.

Нарийн ширийн юм яривал ярина. Гэхдээ нэгэнт болоод өнгөрсөн асуудал. Өнгөрсөн хойно гоншигнож элдэв юм яриад яахав дээ.

-Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: Өдрийн сонин

Р.ХИШИГЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж