"Хятадын том компаниуд МХБ-ийн арилжаанд орохоор бүртгүүлсэн"

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

"Хятадын том компаниуд МХБ-ийн арилжаанд орохоор бүртгүүлсэн"

"Хятадын том компаниуд МХБ-ийн арилжаанд орохоор бүртгүүлсэн"

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас дараах тодруулгыг хийлээ.


-Биржээр арилжаалдаг нүүрсний үнэ өндөр байгаагаас дуудлага худалдаанд оролцдог компаниуд цөөн байна гэдэг асуудал хөндөгдөх боллоо?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд долоон удаагийн арилжаагаар нүүрсээ борлууллаа.  Гол худалдан авагчид нь Хятад улсын бизнес эрхлэгчид.  Бид анх удаа биржээр нүүрсээ арилжиж байгаа учраас хүлээлт байна.

Ний нуугүй хэлэхэд биржээр нүүрсээ зарахад амаргүй байсан.  Ганц мод боомт дээр нэг тонн нүүрсний зах зээлийн үнэ 197-200 орчим ам.доллар байхад хэдэн ам.доллараас үнээ дуудах вэ гэдэг асуудал гарсан. Хэт доогуур үнээр нүүрсээ дуудахаар дээшээ үнэ өсөхгүй бол яах вэ. Хямд үнээр нүүрс борлуулсан асуудал үүснэ.  Бид болж өгвөл хямдаар дуудахгүйг зорьсон. 20 ам.долларын зөрүүгээр үнэ дуудсан.

Бирж дээр өрсөлдөөн бий болгох зорилго  бий ч нүүрс маань Монголын баялаг учраас  нэг доллараар ч болов өндөр үнээр зарахыг л зорьж байна. Бид хилийн цаана нүүрсээ хүргэж өгөх нөхцөлтэйгээр борлуулж байгаа учраас үнэ өсч байгаа.

Бусадтай харьцуулахад хамгийн бага зөрүү үүсгэж нүүрсээ борлуулж байгаа нь “Эрдэнэс Тавантогой” компани.

Нүүрсний үнэ хэлбэлзэлтэй байгаа учраас урд хөршийн худалдан авагч нарын тухайд болгоомжилж байна, туршилтын арилжааг ажиглаж байна. Гэхдээ дараагийн арилжаанд томоохон компаниуд оролцохоор Монголын хөрөнгийн биржид бүртгүүлээд байна.

-Нүүрсийг хилийн цаана хүргэхэд үндэсний компаниудын оролцоо чухал байгаа. Энэ ажилд нүүрс тээврийн компаниудыг илүү олноор оролцуулж болдоггүй юм уу?

-Монгол Улсын хэмжээнд нүүрс тээврийн зориулалттай 22 мянган хүнд даацын автомашин байна гэдэг Авто тээврийн үндэсний төвийн судалгаа бий. Үүнээс  5000-6000 нь манай тээвэрт явна. Тийм учраас сонгон шалгаруулалт зарласан. Хоёрдугаар улирлын С зөвшөөрөл олгосон.  Гэтэл 12 мянган хүсэлт ирсэн. Бидний олгох зөвшөөрөл 680 автомашинаар хязгаарлагдаж байгаа. Аль болох тээврийн ил тод байлгах, тээврийн компаниудыг ажилтай болгох бодлого л барьж ажиллаж байна. Үр дүн ч гарсан. Тээврийн компаниудын татвар төлөлт 2.5 дахин нэмэгдсэн. Энэ нь нүүрсний экспорт нэмэгдсэн, тээвэрлэлт нэмэгдсэн, тээврийн компаниудын олрлого нэмэгдэж байна л гэсэн үг.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоохоос өмнө маш олон гэрээ байгуулагдсан байсан. Гэрээг сайжруулахгүй бол нүүрсээ маш хямд үнээр борлуулахаар байгаа. Энэ чиглэлээр хийсэн ажил бий юу?

-Тийм ээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох үед 178 гэрээ байгуулагдсан байсан. Үүнээс 133 гэрээ нь ам нөхцлөөр нүүрсээ нийлүүлэх гэрээ байсан.  Хугацаа нь дууссан гэрээг сунгахгүй гэдэг байр суурь барьж ажиллаж байна. Хугацаа нь дуусаагүй нүүрсээ бүрэн авч чадаагүй байгаа гэрээн дээр хэлцэл хийж, нүүрсний үнийг хил нөхцөл болгосон. Одоогоор 87 гэрээг хил нөхцөл буюу биржийн үнэ рүү шилжүүлсэн.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт өссөн, нүүрсний үнэ өндөр байгаа үед иргэдэд 1072 ширхэг хувьцааных нь ногдол ашгийг тараахгүй юм уу гэдэг асуудал яригдаад удлаа. Харин та угаах үйлдвэр барих нь чухал байна гэдэг. Яаж шийдэх вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос өмнө төрсөн Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшиж байна. Хамгийн сүүлд 2019 оны ашгаасаа 2020 онд ногдол ашиг олгосон. Нэг иргэнд 96 мянган төгрөг олгосон.

Хувьцаа эзэмшигчдийн ашгийг нэмэгдүүлэх шаардлага байгаа. 2022 оны жилийн эцсийн тайлангаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.3 их наядын ашигтай ажилласан. 2.5 сая иргэндээ 2020 онд олгосон шиг ногдол ашиг өгнө гэвэл нэг иргэнд 100-120 мянган төгрөг ногдоно.

Компанийн хувьд нэн тэргүүнд өрийн төслүүдийг дуусгах шаардлага байгаа. Угаах үйлдвэрээ ашиглалтад оруулаад орлогоо нэмэгдүүлбэл нэг тонн нүүрснээс 60-80 ам.доллар нэмж олох боломжтой.

Одоо бидэнд ногдол ашиг тараах уу, угаах үйлдвэрээ барьж дуусган,  үр өгөөжөө илүү нэмэгдүүлэн хувьцаа эзэмшигчддээ хүргэх үү  гэдэг сонголт байна. Гэхдээ бид энэ асуудлаа ТУЗ-д танилцуулна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүд аудит ороод дуусч байна.  Дараа нь хувьцаа эзэмшигчдийн хуралд энэ бүхнээ танилцуулна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сарын 28-нд  зарлагдсан, эцсийн шийдвэр эндээс гарна. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараа гэвэл ногдох хэмжээгээр олгоно.

-Компани 4 их наяд төгрөгийн өртэй гэх. Хэдий хугацаанд яаж барагдуулах вэ?

-Хэд, хэдэн өр төлбөр бий. Урт хугацаат өр төлбөр гэдэг дээр 2022 онд урьдчилаад авчихсан 603 сая ам.доллараас  585 сая ам.долларын үлдэгдэл байсан.

Урьдчилж аваад нүүрсээр төлөхөөр байсныг яаралтай барагдуулах арга хэмжээ авч ажиллаж байгаа. 2019 онд гаргасан бондын төлбөрийг төлсөн.Дөрөвдүгээр сарын 7-нд  400 гаруй тэрбумын бондын төлбөрийг  борлуулалтын орлогоосоо хугацаанд нь төлсөн.

Одоо 280-аад сая ам.долларын урьдчилж авсан өрийг барагдуулах шаардлага байгаа. Богино хугацаанд өрийг барагдуулчихаад цаашдаа өргүй явахыг зорьж байна.

Нөгөө талдаа богино хугацаат өр төлбөрийг тайланд хугацаандаа барагдуулна.

Борлуулалт нэмэгдэхийн хэрээр төлөх татвар нэмэгдэж байна, Эхний нэгдүгээр улиралд 7.5 сая тонн нүүрс борлуулснаар тооцоолсноос 500 тэрбумаар илүү татвар төлнө. Хоёрдугаар улиралдаа багтаан татвараа төлөөд дуусгана. Өмнө нь ажил гүйцэтгэсэн байсан бол нүүрсээр төлбөр барагдуулдаг байсныг зогсоосон.

Нэгдүгээр улиралд хөрс хуулалт, олборлолтын ажил хийсний төлбөрийг дараа улиралд төлнө.

Ирэх наймдугаар сард бондын 100 гаруй сая ам.долларын төлбөр хийх шаардлага бий.  Үүнийгээ төлөвлөсөн хугацаанд нь төлчихнө.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж