"Импортыг орлох үйлдвэрлэгч байя гэвэл өрсөлдөх чадвартай бай"

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

Live"Импортыг орлох үйлдвэрлэгч байя гэвэл өрсөлдөх чадвартай бай"

16 : 24
2023-4-14

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Төрийн оролцоотой асуудлыг асуух гэж байсан ч Д.Амарбаясгалан дарга сая ярьчихлаа. Үндсэндээ бид урд хормойгоо хойд хормойгоороо л нөхөж байна. Цаашдаа хийх ажлууд байна. Яаж хувийн хэвшлийг 80 хувь дээр, төрийн оролцоог 20 хувь дээр байлгах вэ гэдгийг хамтдаа хийх хэрэгтэй. Засгийн газрын тусгай зориулалттай сан гээд 25 сан байна. Ойролцоогоор 2 их наяд төгрөг сайд нарын хармаагаар дамжаад аж ахуй нэгжүүдэд нь очдог. Санг анх их гоё зорилго тавиад байгуулдаг. Гэвч явцын дундаа салбарын өрсөлдөөнийг байхгүй болгодог. Цаашдаа сайн байгуулвал хугацаатай болмоор юм байна лээ. Зорилт нь хэрэгжсэн бол татан буудаг. Татварын хөнгөлөлт ч бас тийм байх хэрэгтэй. Цемент болон бусад төрлийн импортын татвар дээр үйлдвэрлэгч нараа дэмжинэ гээд татварыг нь өндөр болгодог. Гэхдээ эцсийн хохирогчид нь хэрэглэгчид байдаг. Импортыг орлох үйлдвэрлэгч байя гэвэл өрсөлдөх чадвартай бай. Тэрнээс биш зах зээлийг нь хамгаалаад байвал үйлдвэр хөгжихгүй байна. Хоёрдугаарт, татвар төлөгчдийн хармаанаас энэ мөнгө нь гарч яваад байна. Дарханы захирлын яриаг би сайн сонслоо. Асуудал гэхээр өмнөх асуудлаа яриад байна. Цаашдаа яах юм бэ гэдэг дээр харьцангуй анхаараарай. Асуулт гэвэл цаашдаа төсөвд ямар хэмжээний татвар төвлөрүүлэх вэ? Хэзээ олон нийтэд нээлттэй болох вэ? Гуравдугаарт, дотоодын арматурын хэрэгцээг хэзээ хангах вэ?

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав:

-Цаашдаа бид “Монгол ган” цогцолборыг хийх ёстой. Үүгээр бид 350 мянган тонн гангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлыг үүсгэнэ. Анхнаасаа манай үйлдвэр хаягдал төмөр боловсруулах хүчин чадалтай суурилагдсан гангийн үйлдвэр. Өнөөдрийн байдлаар бид 11 мянган тонн арматур үйлдвэрлэж байна. Импорт бол 2022 онд 340 гаруй мянган тонн байсан гэдэг гаалийн тоо байна. 2021 онд 260 мянган тонн, 2020 онд 238 мянган тонн арматур тус тус импортлогдож байжээ. “Монгол ган” цогцолбор баригдсанаар импортын арматурын 50 хувийг орлоно гэсэн зорилттой байгаа. Энэ хүрээнд төслийн санхүүжилтийг хувьцаа эзэмшигч компани, Засгийн газартай ярилцаж байгаад бүрдүүлнэ. 508 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Олон нийтийнх болох асуудал дээр толгой компанийн захирал хариулаасай гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Дарханы үйлдвэр ашиглалтад орсон цагаасаа эхлэн зарим нэг хүний арааны шүүсийг асгаруулсан. Янз бүрийн хүмүүс томилсон. Хулгай дээрэм өнгөрсөн хуагцаанд зөндөө гарсан. Ашигт малтмалын лицензийг хүртэл хувь хүмүүс авсан байсан. 2011 оноос эхлэн үүнийг авах бизнес, улс төрийн бүлэглүүд арга зохиож эхэлсэн. Концессын гэрээгээр өгөх шийдвэр гаргаад тендэр зарласан. Монголд бүртгэгдээд удаагүй байсан “QSC” гэдэг компанид дэлхийн таван том компани навс ялагдсан. Эндээс л луйвар эхэлсэн. Луйвар гэдэг нь 1.3 их наяд төгрөгийн хохирол учирсан. Ямар үйлчилгээний төлбөр гэдэг нь тодорхойгүй мөнгөнүүд гарсан. Ингээд л төрийг төгс тоносон хулгай. Эзэнгүй төрийн эмгэнэл гэдэг энэ. Төрд авсан. Хоёр захирлын нүүр үзээд явж байна. Г.Дугаржав сайн ажиллах ёстой. Муу ажиллавал Дарханаас сонгогдсон гишүүний хувиар өөрчлөх санал тавина.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Төр муу менежер гэдгийг харуулж болохгүй. Сайн ажиллана шүү. Тойргоос сонгогдсон гишүүд нь хэлээд байна шүү. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул хуралдаан дууссаныг мэдэгдье.  

15 : 55
2023-4-14

"Төр чадахгүй юмандаа хошуу дүрээд байх юм"

С.Одонтуяа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сонсоод байхад нэг жишиг тогтсон байна. Тийм газартай шүүхдэж байгаа, тийм хэмжээний өртэй, тийм дарга нь шалгагдаж байгаа гэх мэт. Ерөөсөө хөгжил дэвшил яригдахгүй. Би Ерөнхий сайдад хэлсэн. Ерөнхий сайд буруу ойлгосон уу, гуйвуулсан уу. Авилгалчдыг өмөөрлөө гээд уурласан. Та нар Монголын хувийн компаниудын хуралд очоод суугаад үзээрэй. Яаж дэлхийн зах зээл рүү гарах уу, яаж экспортоо нэмэгдүүлэх үү гэж л ярьж байгаа. Стратеги ярих юман дээр ийм юм ярьж байгаад харамсалтай байна. Чадалтай чансаатай залуучууд өдөр бүр өр төлбөрөө төлөх гээд л хамаг цагаа барж байна. Угаасаа жишиг нь буруу. Хувийн хэвшлийн юмыг төр аваад л булуу хурааж байна. Төр яагаад бизнес хийх гээд байна вэ? Чадахгүй юмандаа хошуу дүрээд байх юм. Даахгүй нохой булуу хураагаад байх юм. Д.Амарбаясгалан дарга энд сууж байна. Одоо энэ төрийн өмчид авдгаа боль. Хувийн хэвшилтэйгээ хэлэлцэл хий. Хамтарч ажилладаг болохоос биш булааж авдаг байж болохгүй. Өнөөдөр та нар эдийн засгийн бүтцийг хараарай. Хувийн хэвшил улам л багасаад байна. Төрийн өмчит компаниуд дээр л хулгай, авилгал байна. Үүнийгээ больж болохгүй юм уу? Хувийн хэвшил баяжихаас яагаад айгаад байгаа юм бэ? Хувийн хэвшил баяжвал ажлын байр бий болно, татвар төлнө ш дээ. Та нарын бас нэг жишээ нь Хөтөл.

 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-Стратеги, зарчмын асуудал яригдаж байгаа. Одоо нэгдлийн дүрмээр үндсэн гол зарчим нь засаглалыг бизнесийн маш туршлагатай хувийн хэвшлийн хүмүүсийг түлхүү оруулж, ТУЗ нь хариуцлага тооцдог байхаар сонгон шалгаруулалт явж байгаа. Үүнээс хойш Засгийн газар үндсэндээ компаниудын ноогдол ашиг, үр ашигтай л асуудал яръя гэж байгаа. Тэрнээс биш компанийн бизнес шийдвэр, үйл ажиллагаанд оролцохгүй гэж байгаа. Энэ бол засаглалын хэлбэрийг сайжруулах чиглэлд явж байгаа гэсэн үг. Б.Баттөмөр гишүүний хэлснээр компанийг олон нийтэд нээлттэй болгох нь ТУЗ, компанийн өөрийн шийдвэр байх хэрэгтэй.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Төр бизнесийн үйл ажиллагаанаас аль болох богино хугацаанд татгалзах нь Засгийн газрын гол стратеги гэдгийг С.Наранцогт захирал дэлгэрэнгүй тайлбарлалаа. Өнөөдрийн байдлаар төрд 119 компани байна. Нийслэлд 107, дүүргүүдэд 22 байна. Засгийн газар энэ онд эдгээр газруудыг үйл ажиллагааны чиглэлээр нь нэгтгэж, цөөлөх бодлогыг баримтална. Хоёрдугаарт, төрд байх шаардлагагүй компаниудыг татан буулгана. Бидний тооцоолж байгаагаар 30-40 хувиар тоог нь цөөрүүлэх бодлого барина. Үүний дараа засаглалыг сайжруулах, ТУЗ-ийг нээлттэй шалгаруулах, гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгох шаардлагатай гэж үзэж байгаа. Монголын төр жилдээ 12 орчим их наядын худалдан авалтыг хийж байгаагийн 7 орчим нь төрийн өмчит компаниудтай холбогдож байгаа. Үүнийг л хувийн хэвшил рүү шилжүүлнэ. Нээлтэй компани болгох төрийн өмчит компаниудын жагсаалт гарсан. Үүний дагуу Төрийн банк, Хөрөнгийн биржийг “IPO” хийх ажил амжилттай болсон. Цаашдаа “Давхар даатгал” тэргүүтэй компаниудыг “IPO” хийхээр судалж байна. Харамсалтай нь, УИХ-ын тогтоолыг амьдрал дээр хэрэгжүүлэх дээр асуудал гарч байна. Худалдан авах хувийн хэвшил гарч ирэхгүй байна.

Хоёрдугаарт, Дархан, Хөтөлийн үйлдвэр дээр төр хийсэн байсан концесс болон хувьчлалын гэрээгээ цуцалсан гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш зүгээр байсан хувийн хэвшлийн компаниудыг төр хураагаад авсан гэсэн үг биш. Төртэй байгуулсан гэрээгээ бүрэн хангаж чадаагүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр гангийн үйлдвэр байгуулна гэж концессоор авсан ч өнөөдрийг хүртэл ган үйлдвэрлэж чадаагүй. Зүгээр л зэсийн баяжмал зардаг худалдааны компани болчихсон. Хөтөл ч мөн ялгаагүй. Төр гэрээгээ цуцалж, шүүхийн асуудлыг нь богино хугацаанд шийдвэрлье гэсэн юм. Хувьчлалд оролцож буй аж ахуй нэгжүүд хариуцлагатай байх ёстойг Засгийн газар хүсч байгаа.

15 : 29
2023-4-14

"Улсын мөнгөөр вагон аваад буцаад улсад түрээслэнэ гэж байж боломгүй"

Б.Баттөмөр, Баттөмөр (1 of 1)

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Дарханы үйлдвэр төмрийн хүдрийг л авах чиглэлд л гол анхаарлаа хандуулсан болохоор боловсруулах үйлдвэр дээр нэг шон ч босгоогүй. Монгол ган гээд ярьж байна. Монголын төмрийн хэрэгцээ 700 мянган тонн байдаг. Монгол ган төслийг хэрэгжүүлбэл 350 мянгыг хангана гэдэг. 30 жилийн хугацаанд энэ цогцолборуудаа ашиглалтад оруулах боломж байсан уу гэвэл байсан. Өнгөрсөн хугацаанд чадсангүй. Нэг тонн төмрийн хүдрийг 60-70 ам.доллараар гаргаад буцаагаад 700-1000 доллараар арматурын төмөр авч байна. Үүнээс болж орон сууцны үнэ буурахгүй байна. Төлөөгүй татвар байна. Орон нутаг нь зарга хийж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нийт өр 805 тэрбум төгрөг байгаагаас “QSC”-тай холбоотой 508 тэрбум төгрөг байна. Үүнийг яах вэ? Хоёрдугаарт, Дарханы үйлдвэрт 303 техник байдаг. Өнөөдрийн байдлаар 77 нь ажиллаж байна. Парк ашиглалт нь 22.6 хувь. Үлдэж буй 77.4 хувийг ашигладаггүй. Үүнийг ашигтай болгох чиглэлээр юу хийх вэ? Гуравдугаарт, концессын гэрээнээс үүдэж улсад хохирсон хохирол нь 1 их наяд 373 тэрбум төгрөг. Үүн дээр эрүүгийн хэргийн хохирол нэмэгдэж байгаа. Үүн дээр шүүхийг хүлээхгүйгээр төлөх боломжтой гэрээ хэлэлцээ бий юу? Мөн “QSC” шүүхдэж байгаа гэсэн. Одоог хүртэл шүүхдэж байгаа юу? Тавдугаарт, 3 сая тонн хүдрийн баяжмал бий. 70 ам.доллараар бодоход 210 сая ам.доллар. Энэ жил 1.5 саяыг нь экспортлоно гэвэл сард 30 цуваа хэрэгтэй. Ачааны мянган вагон хэрэгтэй. Энэ дээр ямар бодлого барьж байна вэ? Монгол ган төслийг хэрэгжүүлэхэд эрчим хүчний асуудлаа яаж шийдэх вэ? Хаягдал төмрийг авах чиглэлд ямар ажил хийх гэж байна вэ?

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав:

-Би асуултад хариулъя. Өр төлбөр шүүх дээр явж байгаа асуудлууд бий. Үнэндээ 805.8 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн. Энэ бол 94 хувь нь “QSC” компанитай холбоотой. Нэн шаардлагатай биш хоёр зээлийг авсан. Татварын өр 44 хувийг нь эзэлж байна. Одоо хууль, хяналтын байгууллага дээр явж байгаа. Нэг эрүүгийн хэрэг нь 700 орчим тэрбум төгрөгийн хохирол нь АТГ дээр шалгагдаад прокурор руу шилжсэн. Хохирол 1.3 их наяд. Техникийн хувьд манай дээр 303 техник бүртгэлтэй байгаагаас 51 нь “QSC”-ийн паспорттой.Тиймээс бидэнл 252 техник бий. Үүнээс ажиллаж байгаа нь 77 техник. Энэ техникийн ашиглалтын нэмэгдүүлэхээр шат дараалалтай арга хэмжээг авах ёстой. Түрээсээр 18 техникийг авч ажиллуулснаар уулын ажлаа хэвийн явуулж байна. Мөн захиргааны гурван хэрэг бий. Үүний нэг нь концессыг үндэслэлгүй цуцалсан гэх хэрэг. Энэ асуудлаар гомдол гаргасан. Дараагийн хэрэг нь Засгийн газар, Эдийн засаг хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас  нөхөн төлбөр шаардсан хэрэг. Сүүлийнх нь сая гарсан 1.2 их наядын хохирлын асуудлаар хяналт шалгалтын дүн дээр гомдол гаргасан. Ер нь таван захиргааны хэргээс энэ гурав нь хүчингүй болгох талаар өмгөөлөгчдийн баг ажиллаж байна.3 сая тонн гаргаад тавьчихсан байгаа. Вагоны хүчин чадлыг яаж нэмэгдүүлэх вэ талаар О.Наранцогт дарга хариулах байх. Биржээр арилжаалах талаар бид ярьж байгаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-Вагон дээр хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, Дарханы төмөрлөгөөс 15 сая ам.доллар авч, 700 вагон авна гэсэн. Мөнгийг нь авангуутаа зураг төслийн институц гээд өөр компани дээр вагоны гэрчилгээг нь гаргачихсан. Тэгээд түрээслэнэ гээд маргаан үүссэн. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Улаанбаатар төмөр зам, Монросцеветмет хамтран 400 вагон Дархан руу хуваарилагдаж байгаа. Дахиад маргаан гарч байгаа учир өнөөдрөөс бид шалгалтаар очиж ажиллана. 700 вагоны 100 нь эвдрэлтэй, 150 нь өөр компанийн нэр дээр байна. Манай хоногт гардаг цувааны квот, лимит үүнд хамаатай. Вагоныг нэмэгдүүлэх талаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрсдөө хувилбарууд гаргаж танилцуулахаар ажиллаж байна. Хамгийн боломжит хувилбараар ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Энэ компанийг олон нийтийнх болгох тал дээр ямар ажил хийх вэ? Дугаржав захирал 50,60 доллараар худалдах юм яриад байна. 2022 оны гаалийн статистикаар нэг тонн 74 доллар байна. Гэтэл гадаадын бирж дээр 125 доллар байна. Хаягдал төмрийн менежментийг яаж хийх вэ? Вагонуудын асуудал ойлгомжтой ш дээ. Улсын мөнгөөр вагон аваад буцаад улсад түрээслэнэ гэж байж боломгүй.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-Нэгдлийн компаниуд бизнесийн зарчимд шилжээд бүгд ашигтай ажиллах ёстой гэж байгаа. Шаардлагатай бол олон нийтийн болгож, нээлттэй хувьцаа гаргана. Эхний ээлжинд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хамгийн оновчтой шийдлийг гаргаад ажиллана. Цаашдаа төлөвлөгөө, зорилтынхоо дагуу явна.

15 : 01
2023-4-14

"Хүдэр ухаад шороотой нь урагшаагаа гаргаж байна"

Төрийн байгуулалтын байнгын хороо (2 of 24) О.Цогтгэрэл, Цогтгэрэл

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Аж ахуйн үйл ажиллагааг төр явуулахын гэдгийн жишээ нь энэ. Энэ компани төрд ирээд яг нэг жил болж байгаа юм байна. Захирал нь аравдугаар сард томилогдсон гэнэ. Нэг жилд хичнээн ч захирал очсон юм бэ дээ. 1-2 сая тонны хүдэр боловсруулдаг гэнэ. Нөгөө арматур хаачсан бэ? Ингээд яривал яриад л байна. Хэдхэн жилийн дотор гурван өөр өмчлөлд байжээ. Энэ гурав дээр харьцуулсан тоо хэлээч. Концессоос өмнө ямар үйлдвэр байсан бэ? Концессын үед ямар байсан бэ? Одоо төрийн удирдлагад ямар байна вэ? Болж өгвөл товчхон тоо хэлээч. Цаашид энэ компани яах вэ? Хөтөл гээд компанийг төрд аваад сайхан боллоо л гэж байсан. Нийлүүлэлтийн хомс зах зээл дээр үүсгээд өнгөрсөн жил цементийн үнэ хэд болсон билээ. Өнөөдөр сайхан болсон төрийн менежмент нь далд нууц яваад дэлбэрч байна. Цаашдаа энэ компани яах вэ? Шоронгийн дамжаа шиг байх юм уу?

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-Энэ компани анх Японы тусламжтай арматур үйлдвэрлэх, хаягдал төмөр боловсруулах чиглэлээр байгуулагдсан. Концессын гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлсэн. Үүний зорилго нь үйлдвэрлэлийн хүчин  чадлыг өргөтгөх, цэвэр төмөр ангижруулах, боловсруулах үйлдвэр барих, дэд бүтэц барих, нойтон баяжмалын үйлдвэр барих зэрэг таван зүйлийн хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй байгуулагдсан. Түүнтэй холбоотой ажлууд хийгээгүй учир концессын гэрээ цуцлагдсан. 2014 оноос хойшхи тоон үзүүлэлтийг хэлье. 2014 онд энэ компани 51.9 мянган тонн ган буюу эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, 532.8 мянган хүдрийн баяжмал гаргажээ. Ингээд ган боловсруулах нь буурсан. Нөгөө талдаа баяжмал боловсруулаад экспортлох нь эрс нэмэгдсэн. Хамгийн оргил үедээ 2020 онд 2.8 сая хүрсэн. Харин ган 2020 онд 9.4 мянган тонн байжээ. Тавьсан зорилгоосоо эрс өөр чиглэлд явсан. Төрд ирснээсээ хойш ган бүтээгдэхүүнээ 33 мянган тоннд, баяжмалаа 1.7 тоннд хүргэхээр төсөв төлөвлөгөө нь батлагдсан. “Эрдэнэс Монгол” компани ямар ч байсан уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй компаниудыг нэгтгээд олон улсын сайн засаглалыг нэвтрүүлэхээр Засгийн газар зохион байгуулж байна. Тусгай зөвшөөрөлтэй бүх төрийн өмчит компаниудыг нийлүүлээд нэгдсэн стратеги төлөвлөгөө, дүрэмтэй болгох ажил хийгдэж байна. Хоёр удаа дүрэм өөрчлөгдсөн. Удахгүй бүх компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох гэж байна. Үүнд ТУЗ-ийн гишүүд болон дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэнэ. ТУЗ-ийн гишүүн дээр хараат бус гишүүний тоог нэмэгдүүлнэ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Тайлангуудыг харахад л болж байгаа зүйл алга. Эцсийн бүтээгдэхүүн гаргадаг байсан бол бараг хийхгүй болж байгаа юм байна. Хүдэр ухаад шороотой нь урагшаагаа гаргаж байна. Тэрийг яг үнэндээ хэтрүүлбэл хэн ч хийнэ. Ер нь цаашдаа Дархан, Хөтөлийн үйлдвэрүүд бизнес л болчихлоо. Цаашдаа төр байгаад ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөх замаар байх ёстой юм уу?

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-Таван жилийн стратеги дээр О.Цогтгэрэлийн ярьж байгаа зүйлс бүгд орж байгаа. Мэдээж хэрэг бид эцсийн бүтээгдэхүүн боловсруулах ёстой. Эхний ээлжинд нойтон баяжмал боловсруулах үйлдвэр, металл боловсруулах, одоо байгаа үйлдвэрийн өргөтгөл зэргийг хэрэгжүүлнэ. Энэ төслүүд мэдээж төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтыг татах маягаар хамгийн зөв хэлбэрээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслүүдийг эрэмблэх ажлыг хийж байна. Ер нь 2050 дээр Монгол ган цогцолбор гэсэн том төсөл бий.

14 : 44
2023-4-14

Уурхайнууд сул зогсолттой, цалин орлогогүй байна гэнэ

Г.Дамдинням

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой олон санал хүсэлт бий. "Эрдэнэс Монгол" компанийн харьяанд очсон учир асуулт байна. Энэ компани бизнесийн зарчмаар харвал цаашид явах боломжтой юу? Ямар хүндрэл байна вэ? Сая авсан мэдээллээр уурхайнууд сул зогсолттой, цалин орлоггүй байна гэнэ. Энэ бол дарханчуудад нөлөөтэй үйлдвэр. Цалин буухад л Дарханд илт мэдэгддэг. Энэ цалин мөнгөний асуудал ямар болсон бэ? Олон ажилчид сул зогсолттой байна. Хоёрдугаарт, орон нутгийн бизнесийг дэмжих чиглэлд ямар ажил хийж байна вэ? Тоо баримттай хэлнэ үү? Гуравдугаарт, хэвлэлээр миний нэрийг оролцуулах юм. Томилгоонд ямар шалгуур тавьж байгаа вэ? Мэдээлэл өгнө үү?

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав:

-Дархан төмөрлөгийн үйлдвэр төрд шилжсэн. Үүнээс хойш QSC компанитай харьцуулахад 1524 ажилчин бий. Цалинг 38 хувиар нэмсэн. Дундаж цалин 2 гаруй сая төгрөг. Сул зогсолтод 280 хүн байгаа. Өмнө нь оргил үедээ 564 хүний сул зогсолт гарч байсан. Цалин нэг ч удаа тасарч байгаагүй. Сая 13 дахь сарын цалин өгсөн. Дансанд хангалттай харилцах мөнгө бий. Сард гурван тэрбумын алдагдалтай ажиллаж байсан. Намайг ажил авснаас хойш оны эцсээр 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Эхний улиралд бид хамгийн багадаа 7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. Тиймээс цалинд хүндрэл гарахгүй гэж  бодож байна. Манай бизнесийн зарчмаар явна. Сул зогсолтын нөхөн олговор 60 хувь байсныг 80 хувь болгож байгаа. Сул зогсолтод байгаа 280 гаруй хүн өмнө нь “QSC” компанийн үед зохиомол хүчин чадал үүсгэсэнтэй холбоотой. Хоёр уурхай дээр хоёр сая тонны хүч чадал үүсгэчихсэн. Түүнийгээ дагаад хүний нөөц үүссэн. Тиймээс аргагүй сул зогсолттой байгаа. Үүнийг бид үе шаттай багасгана. Мөн ажилласан жилийн нэмэгдлийг нэмэгдүүлсэн. 3-20 хувь нэмэгдүүлж байгаа.

Орон нутгийн худалдан авалт дээр нэг зүйл бий. Манайд экспортын баяжмалаас гадна 20-50 хувийн агуулгатай завсрын баяжмал бий. Үүнийгээ манайхыг тойрсон 10 гаруй үйлдвэрт өгч, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн хийж экспорт гаргаж байгаа. Энэ хүрээнд л хамтарч байна. Томилгооны хувьд намайг ирэхэд байсан баг бараг бүхлээрээ ажиллаж байгаа. Аравдугаар сард ажил авахад байсан газрын дарга, хэлтсийн дарга нар ажиллаж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-Хоёрдугаар сард Дарханы үйлдвэрт хугацаатай 11 заалттай албан даалгавар хүргүүлсэн. Нэгдлийн хувьд хөгжлийн үндсэн чиглэлийг 15 жилээр, стратеги төлөвлөлтийг 5 жилээр боловсруулах ажлыг хийж байгаа. Энэ ажил хийгдэж байгаа. Тулгамдсан асуудал гэвэл стратегийн асуудлыг энэ дөрөвдүгээр сард компанийн санал ирнэ. Ажлын хэсэг гарсан. Ойрын хугацаанд шийдэх хэд хэдэн даалгавар бий. Таны ярьж байгаа компанийн зохион байгуулалтын даалгавар өгөгдсөн. Г.Дугаржав захирлын хэлснээр орон тооны илүүдэлтэй, цаашдаа явахад хүндрэлтэй байгаа. Компани жилдээ сая тонн хүдрийг экспортлох боломжтой. Одоогоор 2 сая тонн хүдрийн овоолго бий. Нэмээд их хэмжээгээр олборлолт явуулна гэхээр тоног төхөөрөмж хомс, зардал их гарна, зардлаа борлуулалтаараа нөхөх бололцоогүй.Тиймээс сул зогсолтын асуудал үүсч байгаа. Монгол гантай холбоотой төслүүд зарагдсан. Тэгэхээр сул зогсолттой хүмүүсээ шилжүүлнэ. Цаашдаа бүтэц зохион байгуулалт дээр өөрчлөлт хийх шаардлагатай. Тэгэхгүй бол үйл ажиллагааны зардлаа нөхөх боломжгүй. Уурхай дээр явагдаж буй үйл ажиллагаатай холбоотой, сорчилж олборлосон асуудал бий. Технологийн дагуу олборлолтоо явуулах, боловсруулах үйлдвэрээ өргөтгөх, нойтон баяжмалын үйлдвэрийг уурхай дээрээ барих төслийг эхлүүлэх ажлууд дээр анхаарал тавьж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Орон нутгийг дэмжих чиглэлд Өмнөговь аймгаас туршлага судлах хэрэгтэй байна. Ажилчдынхаа хоол, хувцас, хэрэгслийг дарханчуудаас авах хэрэгтэй шүү. Аймгийн мэдээллээс харахад төсвийн орлого тасалдуулаад байна гэсэн. Та болохоор мөнгө байгаа гээд байх юм. Дарханд төлөх ёстой юмаа төлж байгаа юу? Ажилчдыг сэлгэн ажлуулахдаа ажлын байрыг үгүй болгож болохгүй шүү.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав:

-Зөвлөмжийг ойлголоо. Орон нутгийн бизнес эрхлэгчдийг анхаарч ажиллана. Харин төсөв бүрдүүлэлт дээр цөмөрсөн их өр бий. “QSC”-ийн үед 123 тэрбум төгрөгийн татварын өр бий. Тэр суугдаад явж байна. Татвараа төлөхөөр өмнөх жил рүүгээ суугдаад явдаг юм байна лээ. Цаашаа нэмж төсөв бүрдүүлэлт дээр нь анхаарна.

12 : 14
2023-4-14

"Барилгын материалын ганзагын наймааг зогсоох хэрэгтэй"

УИХ-н ээлжит бус чуулган нээлт (50 of 57) Даваасүрэн

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:

-Чухал асуудал ч бид байнга ярьдаг. Би одоо ч стандарт, норм төгс болсон гэж хэлэхгүй. Сайжирна л гэж байгаа. 2007 онд Боловсролын яаманд ажиллаж байхад яг стандарт хангасан Японы сургуулиуд бий. Тэнд будаг, шал, обой гээд бүгдийг нь хүүхдийн аюулгүйн шаардлагад нийцүүлсэн. Яг ингэе гэж НҮБ-аас төсөл хэрэгжүүлсэн. Би ч удалгүй гишүүн болсон. НҮБ-аас төсөл хэрэгжүүлээд стандарт бий болсон юм бол байхгүй. Яриад өнгөрөхөө болих хэрэгтэй. Хүүхэд гэртээ ч хордож болно. Зөвхөн сургууль, цэцэрлэг гэж ойлгож болохгүй. Хилээр орж ирж байгаа хортой барилгын материалыг хорих хэрэгтэй. Хувийн байшин дээр ямар ч норм, стандарт байхгүй. Бүгдийг нь л хамтад нь ярих хэрэрэгтэй. Хүүхэд гэртээ харина, унтана. Зөвхөн сургууль, цэцэрлэг гэлтгүй бүх барилгыг хүүхдэд, хүнд ээлтэй байх хэрэгтэй. Барилгын материалын ганзагын наймааг зогсоох хэрэгтэй. Ганзагаар орж ирж байгаа барилгын материалыг хэрэглэнэ шүү. Энэ дээр том зохион байгуулалтыг арга хэмжээг авах хэрэгтэй. Ингэж байж энэ асуудлыг өөрчилнө. Яриад л өнгөрнө. Бүх байгууллагууд хамтдаа үүн дээр оролцож, зохион байгуулалтын арга хэмжээг авах хэрэгтэй. Бүх хил, боомт бүр дээр хяналтыг нь сайжруулах хэрэгтэй.   

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо:

-Барилгын материалыг хилээр оруулж ирэхгүй байх л арга хэмжээг авах ёстой юм байна лээ. Замын-Үүд дээр лаборатори баригдаж байгаа. Энэ онд ашиглалтад орно. Нийтдээ Монгол Улсын хэмжээнд 28 боомт бий. Алтанбулаг дээр гаалийн ерөнхий газрын лаборатори баригдаж байгаа. Энэ хоёр боомт дээр тоног төхөөрөмж суурилуулбал нийт барилгын материалын 90 гаруй хувь энэ боомтоор орж ирж байгаа юм. Үлдсэн боомтуудаар барилгын материал оруулж ирэх бол Улаанбаатар хотод урьдчилж, дээжээ өгч шалгуулах боломжтой. Бүх будаг химийн орц найрлагатай. Будаг хатаагүй байхад хичээл оруулдаг. Энэ буруу. 14 нэр төрлийн будагны хор хэд хоногийн дараа гарч байгаа вэ гэдгийг судалж байгаа. Гурван яам хамтран цогц байдлаар шинжилгээ хийнэ. Стандарт боловсруулж байгаа. Цаашдаа сайдын хэлдгээр стандартаа сайжруулна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

– Гаалийн ерөнхий газрын дарга баахан л худлаа яриад байсан. Эцсийн эцэст хүний биед хортой юм оруулж ирж байгаа бол гааль дээр байгаа авилгал, хээль хахуулийн л зовлон.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-Хүн амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Гадаад орчны агаарын бохирдлыг зөндөө ярьж, мөнгө зарцуулсан. Гэтэл гэр, сургууль, эмнэлэгт ихэнхи цагаа өнгөрүүлж байна. Гадаад орчноосоо илүүтэйгээр дотоод орчны агаар хортой байна. Хорт хавдар үүсгэдэг, урагт нөлөөлдөг аймшигтай бодисуудаар барилга баригдаж, мебель тавилга хийгдэж байна. Хорт хавдарын өвчлөл ихээр нэмэгдэж, улам залуужиж байна. УИХ-ын гишүүд үүнд анхаарах хэрэгтэй. Жилийн дараа тайлан нь орж ирж байна. Судалгаа бүрэн хийгдээгүй байна. Аль будаг, эмульс нь хортой вэ гэдэг нь тодорхойгүй. Стандарт нь батлагдаагүй байна. Тэр стандартыг баталж, хэрэгжүүлмээргүй байна. Замын-Үүд дээр лабораторийн байшинг нь дөнгөж барьж байна. Доторх тоног төхөөрөмжийг нь ирэх жилийн төсвөөр ярих хэрэгтэй. Энэ асуудлыг Засгийн газар нухацтай авч үзэн ажлынхаа төлөвлөгөөнд оруулмаар байна. Ил бидний нүдэнд харагдахгүй байгаа ч бидний хойч үеийг алж байна. Болдог бол УИХ-аас тогтоолын төсөл гаргаад Засгийн газарт тодорхой чиг үүрэг өгвөл зөв юм болов уу.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

 

11 : 56
2023-4-14

"Хүүхдүүдийн дунд цусны хорт хавдар эрс нэмэгдэж байна"

Х.Булгантуяа

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал С.Өнөрсайхан:

-Би өөрөө биеийн тамир, спортын хорооны гишүүнээр ажилладаг. Сургуулийн орчны асуудал, эрх хамгааллаар ажил хийдэг. Өнөөдөр гурван яамтай хамтран хүүхдийн эрх хамгааллын судалгааг эхлүүлсэн. Хүүхдүүд өөрсдөө сургуулийн орчин ямар байна вэ гэдгээ тодорхойлж, арван модулиар гарч ирнэ. Дотоод орчны агаар дээр тавигдах шаардлага чангарч байгаа. Одоогийн байдлаар сургуулийн дотоод орчин, барилгын материалаас хамаарсан шинжилгээний лаборатори хувийн лабораториос өөр алга. Манай төвийн лабораторийн бүтцийг өөрчилж, эмнэлзүйн чиглэлээр ажиллах даалгавар өгсөн учир хүний эрхтэн тогтолцооны биологийн дээжинд хорт бодисуудыг шинжлэх чиглэлд явж байна. Угаарын хий, органик бус бодисуудыг бүрэн шинжилж байгаа. Харин органик бодисуудыг шинжлэхэд тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Эрүүл мэнд, боловсролын салбарынхан нэгдсэн ойлголттой баймаар байна. Биеийн тамир, спорт гэдэг бол хүн амын эрүүл мэндийн хамгаалах, чийрэгжүүлэх, хандлага төлөвшилтэй холбоотой. Эрүүл мэндийн салбарын үндсэн чиг үүрэг нь нийгмийн эрүүл мэндийн асуудал шүү дээ. Гэтэл үүнийгээ хойш нь тавиад эмнэлэг бариад байх юм. Эм, эмнэлэгтэйгээ л хөөцөлдөөд байх юм. Хэзээ ч дуусахгүй. Тиймээс ач холбогдол өгөөч. Хариултаас чинь тодорхой зүйл сонссонгүй.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Хүүхэд бүрт эрүүл, аюулгүй орчинд сурч, хүмүүжиж амьдрах эрхтэй. Хүүхэд ихэнхи цагаа сургууль, цэцэрлэг дээрээ өнгөрөөж байгаа. Гэтэл бид нар дотор орчны агаарын асуудлыг ерөөсөө сайн ярьдаггүй. Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг ердөө жилийн өмнө нийслэл баталсан. Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн стандартыг ярих цаг болсон. Сүүлийн зургаан жилийн хугацаанд 175 цэцэрлэг, 272 сургууль барьжээ. Дахиад баригдаж байгаа. Баригдаж байгаа нь сайшаалтай ч чанар ярих цаг болсон. Хүүхдийн хорт хавдар эрс нэмэгдэж байна. Үүний гуравны нэг нь цусны хорт хавдар болсон. Үүнд дотор орчны агаарын чанар, барилгын материал хурцаар яригдана. Есдүгээр сарын 1-нд очихоор будаг нь ханхалсан сайхан сургууль гэж ярьдаг. Эсрэгээрээ будганд хүүхдүүдээ хордуулж байна гэсэн үг. “Ээжээ будаг тагнайнд амтагдаж байна” гэдэг. Энэ бол хүүхэд хордож байна гэсэн үг. Бөөлждөг, толгой нь өвддөг. Хордлогонд орж байна гэсэн үг шүү дээ. Барилгын материалын стандарт үүн дээр яаж орж байгаа юм бэ? Комисс хүлээн авахдаа дотоод орчны агаарын чанарыг шалгаж байгаа юу? Ганцхан барилгын материалын чанар харж байна уу? Мөн Замын-Үүд дээр лаборатори барьж байгаа. Энэ хэзээ ашиглалтад орох вэ? Яг шалган нэвтрүүлж чадах уу?

 

11 : 30
2023-4-14

"Сургуулийн гадна биеийн тамирын талбай зарагдаад дууслаа"

Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайланг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Энэ их чухал сонсгол зохион байгуулжээ. Та бүхэн биеийн тамир сургуулийг үзэв үү? Спортын ордон их өвгөрсөн. 1958 онд Хятадын ард түмний тусламжаар баригдсан. Хоёр удаа мэргэжлийн хяналтынхан үйл ажиллагаа явуулж болохгүй гээд шийдвэр гаргасан. Гэтэл биеийн тамирын сургууль хичнээн жил болсон бэ? Онцгой авьяастай хүүхдүүдийг сургадаг сургууль биш шүү дээ. Спортын чиглэлтэй гэсэн нэртэй ЕБС. Одоо 600 гаран хүүхэдтэй. Стандарт, шаардлагагүй хангаагүй газар үйл ажиллагаа явуулж байна. Энэ дээр хариулт өгнө үү? Өвгөрсөн спортын ордонд үйл ажиллагаа явуулж байгаад хүний амь нас эрсдвэл хэн хариуцлага хүлээх вэ? Энэ талаар шийдвэр гарахгүй байна. Хариулт өгнө үү?

Хоёрдугаарт, ЕБС-ийн спортын заалны хэмжээ, стандартны талаар асуудал тавьж байсан. Энэ үр дүнд хүрэхгүй байна. Сургуулийн гадна биеийн тамирын талбай зарагдаад дууслаа. Заалны шал, гэрэлтүүлэг, агааржуулалт нь шаардлага хангахгүй байна. Мөнгө, санхүүгийн улмаас цемент цутгаад резинен будаг, хулдаас дэвсэж байна. Энэ бол хүүхэд, залуусын өвдөг, хөлийг байхгүй болгож байна. Ийм спортын зааланд бэлтгэл хийж байсан лигийн тамирчдаас эхлээд спорт тоглоомын бусад тамирчид үе мөчгүй болж байна. Цэл залуугаараа үеэ солиулж байна. Гэтэл ЕБС-ийн өчнөөн мянган хүүхэд ийм зааланд бэлтгэл хийж байна. Хүүхдийн тоо, норм стандартын тоо хэтэрсэн. Үүнд хариулна уу?

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:

-Сайдаар томилогдоод эхнээс нь хэрэгжүүлэх чиглэл өгсөн нэг арга хэмжээ нь хүүхдийн аюулгүй сурах орчин. Монголчуудын хорт хавдрын өвчлөлд нөлөөлж буй хүчин зүйл нь хүнс, орчин хоёр. Бид нар өнөөдөр хэрэглэж буй ундны ус нь хэрэглээний ус шахуу. Мөн хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийн орчин. Энэ хүрээнд барилгын норм, стандартыг өөрчлөх, хүүхдэд аюулгүй байх барилгын материалыг ашиглах тогтолцоог бий болгохоор зорино. Бараа, материалын гарал үүслийн гэрчилгээг олгох бүх үйл ажиллагааг уялдуулна. Ингэж байж хүүхдүүд аюулгүй орчинд сурна. Мөн хүүхдийн тоглоом бас бий. Мөнгөний хэрүүлтэй зууралдсан төр л Монголд байна. Өнөөдрийн хүүхдийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь сайн хэрэг. Одоо яриад орхиж л болохгүй. Манай яам бүх чанар, стандартын  өөрчлөлтийг хийнэ. Спортын байгууламж, хүүхдийн спортын заал танхимын хэрэглэгдэхүүн хүртэл хоргүй, аюулгүй байх стандартыг шийдэж өгнө.

Ажлын хэсэг:

-Өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран сургууль, цэцэрлэг, эмнэлгийн агаарын чанарыг шинжилсэн. Энэ шинжилгээний хариунаас химийн бодис, хавдар үүсгэгч, мэдрэлийн системд нөлөөлдөг бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байна гэж тогтоогдсон. Ингээд ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Эдгээр будагнуудын үр дүнг эцсийнх гэж хэлэхэд дутмаг. Будаг нь хатаагүй байхад шинжилгээ авсан байдаг. Европын холбоо, Хятад тухайн будгийг 20 хоногийн дараа шалгадаг юм байна лээ. Тиймээс бид цаашид Монголд буй түгээмэл 14 будгийг шинжилж үзэж байгаа. Сүүлийн таван сарын хугацаанд том шинжилгээг хийж байгаа. Хортой байвал хэдэн хоногийн дараа хортой нөхцөл арилж байгаа вэ гэдгийг үзэж байгаа. Шинжилгээний хариу энэ дөрөвдүгээр сард гарна. Шаардлага хангахгүй бол ашиглахгүй, хилээр оруулахгүй байх арга хэмжээг авна. Будагдсан будаг дээр шаардлага хангахгүй байгааг нь тогтоож, дахин шинжлээд аюултай байвал аюулгүй болгоно. Мөн агааржуулалтын асуудал бий. 2022 онд агааржуулалтын системийг сайжруулахаар стандартыг нь шинэчилсэн. Урьд нь уламжлалт аргаар байгалийн аргаар агааржуулалт ажиллаж, хортой агаарыг сорж байсан бол энэ удаад автомат болон байгалийн аргыг хослуулж байгаа. Энэ одоо цэцэрлэг, сургууль, эмнэлэгт хэрэгжиж байгаа.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр:

-Б.Бат-Эрдэнэ гишүүний асуултад нэмээд хариулъя. Спортын төв ордоны ЕБС-ийн асуудлыг ярьж байгаа. Газрын асуудал нь шийдэгдэхгүй явж байгаа. Манай яамнаас төсөвд энэ сургуулийг тусдаа барилгатай болгоё гэж саналаа хүргүүлсэн ч хасагдсан. Бид сүүлийн гурван жил энэ сургуулийг ордоноос салгъя гэж байгаа. Хоттой яриад газраа шийдээч гэж яриад байгаа. Спортын заалны тухайд резинен шал гэж нэг хэсэг явсан. Одоо үүнийг солиулж байгаа. Дээрээс нь барилгын яам, манай яам хоёр заалны шалыг модон шалаар нь хүлээн авч байгаа. Эгэм, шилбэ хугардаг асуудлыг бүр мөсөн хаасан.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Нийгмийн бодлогын байнгын хороо, УИХ-ын гишүүд үүнд анхаарал тавиараарай. Тогтсон үзлээсээ салж чадахгүй байна. Биеийн тамир спортын томоохон бодлого, аян гаргаад хэрэгжүүлэх гэтэл дунд, доод шатандаа үүнийг хэрэгжүүлэхгүй байна.

 

 

11 : 01
2023-4-14

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Ц.Цэрэнпунцаг гишүүнээ та үүнийг зөв ойлгоорой. Засгийн газраас орж ирсэн хуулийн төсөл тусгай санг татан буулгаад төрийн өмчийн компани байгуулъя гэж байгаа  юм. Байнгын хороо харин зарчмын хувьд тантай нэг байгаа. Төрийн өмчийн компани байх ёсгүй. Хэрэв байнгын хороо тогтоолоо татаад авбал төрийн өмчийн компани байна гэсэн үг. Төрийн өмчит байхаар болвол хувьцаат компани байх хэрэгтэй. Олон нийтэд нээлттэй хувьцаат компани байх хэрэгтэй. Хаврын чуулган дуусахаас өмнө байнгын хороогоор танилцуулаад та бүхэнд танилцуулна. Гишүүдээс гарсан саналын дагуу суурь зарчмуудыг тусгасан тогтоол байгаа юм. Засгийн газар үйл ажиллагаа нь доголдсон сангуудаа татан буулгаад газар тариалантай холбоотой ажлуудаа төрийн өмчийн компани болгоё гэж байгаа юм. Хувьцаат, нээлттэй компани болгох л даалгаврыг өгч байгаа юм. Мөн тодорхойгүй асуудлуудыг тавьж байгаа. Одоо орж ирсэн компани байгуулагдсан юм байна. Шийдвэр нь гарчихсан. Дүрмэн дээрээ хувийн хэвшилтэй өрсөлдөхөөр гээд заачихсан байгаа. Төрийн өмчийн компани хувьцаат болох хүртлээ хэсэг хугацаанд л байна. Хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмуудаа тодорхой болго гэж байгаа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Одоо ниргэсэн хойно нь хашхираад байна. Засгийн газрын Тусгай сангийн хуулиар компани болгоно гээд хуулийг нь баталчихсан. Өмнө нь хэлээд л байсан. Одоо компани хэрхэн зах зээлийн зарчмаар үр ашигтай ажиллуулах вэ гэдгийг л яриад байна.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Энэ асуудал манай байнгын хороогоор ороогүй. Компани байгуулах дур хүсэл ийм л их байна. Үүнийг ард иргэд юу гэж харах юм. Нэмэлт өөрчлөлт оруулаад үүнийг зогсоомоор байна. Засгаас өөрчлөлт оруулах төслөө давхар оруулж ирээч. Энэ санг дахин байгуулахгүй байх хэрэгтэй. Жижиг гөлөг байсныг нь олон толгойтой мангас болгож байгаа юм байна. Корпораци гээд юун сүртэй нэртэй юм бэ?

51 хувийн саналаар санал дэмжигдлээ. Байнгын хорооноос гаргасан горимын саналыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн учир хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт хуулийн төсөлтэй хамт Төсвийн байнгын хороонд шилжүүлж байна.  

10 : 55
2023-4-14

Бөөрөнхий, үзэл бодолгүй хууль оруулах нь учир дутагдалтай

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН:

-Хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчид үр тариа ноос сүүний урамшуулал гэх мэтээс Нийгмийн даатгал авна гэсэн хуулийн төсөл орж ирж байна. Авч болно, үгүй ч байж болно гэх юм. Аливаа хууль тодохой байх ёстой. Малчид тариаланчид тэр бүр бэлэн мөнгөгүй байдаг. Ер нь 1960 оноос хойш сан бүрдэж байгаа. Тасрах, тасрахгүй байх хамаагүй. Бөөрөнхий үзэл бодолгүй хууль оруулах нь учир дутагдалтай.

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-Харин тиийм ээ. Салбарын сайд хуулийн төслийг үгүйсгэж байгаад харамсч байна. Малчид ЭМД, НДШ төлөөгүйгээс болоод асар их хохирч байна. Хэдийгээр даатгалын шимтгэл төлөх нь сайн дурын боловч хүчээр шууд авч болохгүй байна. Өнөөдөр нэгэнт бодит байдалд ийм үзэгдэл байгаа учраас, нөгөө талаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх бололцоо үүснэ. Малчид эрүүл мэндийн үйлчилгээг цаг хугацаанд авч чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Тиймээс орлого олдог үед нь өөрсдийн сайн дураар нь авдаг байя. Малчин өөрийнхөө арьс ширийг тушааж, түүнийхээ зөрүүнд эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлнө. Хоёр талдаа ашигтай хуулийн төсөл байгаа юм шүү.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлээ. 

10 : 34
2023-4-14

Боловсролын багц хуулиа яаралтай хэлэлцэх хэрэгтэй

С.Ганбаатар

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

-Бид өөрсдийнхөө тухай хуульд их анхаардаг болжээ. Дахиж яаж сонгогдох уу гэдэгт анхаарч байна. Бид хойч үеийнхэндээ анхаарлаа сулруулмааргүй байна. Боловсролын тухай хууль гурван жилийн өмнө орж ирсэн. Боловсролын тухай хуульд бид хойрго хандаж байна. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-аар хэлэлцүүлэхээр хойш тавьж байгаа юм байна. Хүүхэд бүрт амьдралын гараагаа ижил тэгш эхлүүлэх нь УИХ-ын амин үүрэг. Монгол Улс шиг эрүүл мэнд, боловсролын салбараа зах дээр гаргаад тавьчихлаа. Ийм гунигтай байдлыг мэдэхгүй мэт байгаа нь харамсалтай. Боловсролын тухай багц хуулиа яаралтай оруулж ир.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Иргэд ирэх жил болох сонгууль яах вэ. Хүүхдийн мөнгөний асуудлыг шийдэж өгөөч ээ гэж байна. Х.Булгантуяа яаж шийдэж байна уу гэхээр манай тойргийн хүүхэд юм байгаа юм. Тэрний мөнгийг нь өгчөөч гэдэг. Манай Ерөнхий сайдын нутгийн хүүхэд ирчихсэн байна. Тэрний мөнгийг өгөөрэй гэхчлэн өргөдөлд хариу өгдөг болчихлоо. Яагаад ялгаварлаад байгаа юм. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг Засгийн газар яаралтай шийдэх ёстой. Нийгмийн даатгалын багц хууль дахиад л Боловсролын хуулийн араас орох нь. П.Анужин дарга хуулийн ажлын хэсгээ яаралтай ажилд оруул. Т.Аюурсайхан сайд баахан юм оруулаад ирчихсэн. Түүнийгээ цэгцлээд, хоёр хуулийн төслийг хамтатган оруулж ирэх шаардлагыг байнгын хорооны даргаас шаардаж байна. Сайд ажлаа хийх хэрэгтэй байна. Г.Занданшатар даргыг зад шүүжлээч ээ гэж ард түмэн шахаж байна. Уучлаарай микрофон "барьдаг"хүнийг хамаагүй шүүмжилж болдоггүй юм байна.
 
10 : 25
2023-4-14

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын хаврын  чуулганы нэгдсэн  /2023.04.14/ хуралдаан эхэлж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж