Энгийн иргэдийг хувьцаа эзэмшигч, өгөөж хүртэгч болох боломжийг банкууд олгох болсон нь үнэхээр онцлууштай. Олон улсад 2008 оноос эрчимжсэн энэ давлагаа Монгол Улсад шинэ тутам үзэгдэл болж байна. Дэлхий дахинд банкны салбарын засаглалд реформ болсон энэ үйл явдал нийтийн мөнгийг цөөн хэдэн хүн атгаж, өөрсдийн дүрмээр дураар тоглох бус, олон нийтийн хяналт дор эрүүлээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлснийг тодотгох хэрэгтэй. Иймдээ ч олон улсад дижитал шилжилтийг зоригтой хийж, технологийн шинэчлэлээр манлайлж байгаа билээ. Хөрөнгийн зах зээлд банкууд бүртгэлтэй болсон нь тус салбарын нэр хүндийг нэмэгдүүлж, үнэлгээг нь өсөж, үнэт зүйл нь улам бэхжих үндэс болж байна.
Олон улсад сайн жишиг болсон зарим хувьчлалыг энд дурдъя. Манай урд хөрш, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улсын хамгийн том дөрвөн банкны нэг Bank of China л гэхэд 2016 онд IPO хийж, олон нийтэд нээлттэй болж байв. Хувьцаа тус бүрээ 2.95 хонконг доллароор үнэлж байсан тус банк зөвхөн Хонконгоос 9.73 тэрбум ам.доллар босгож байсан түүхтэй. Жижиглэнгийн хөрөнгө оруулагчид буюу энгийн иргэд Bank of China-гаас санал болгосон хувьцаанаас 75 дахин их, институциональ хөрөнгө оруулагчид 20 дахин их хэмжээний хувьцаа авах хүсэлтийг тухайн үед гаргасан нь тус банкны хувьцааны үнэлгээг 15 хувиар өсөхөд шууд нөлөөлсөн гэдэг. Саудын Арабын “Al Azizia Commercial Investment Company” л гэхэд Bank of China-гийн хөрөнгийн 2.7 хувийг эзэмшихийн тулд хоёр тэрбум ам.доллар төлж байсан гэхээр банкны хувьцаа хөрөнгө оруулагчдын хувьд ямар эрэлттэй бүтээгдэхүүн байдгийг үүнээс харж болно.
Өмнөд хөршийн бас нэг онцлох жишээ бол Industrial & Commercial Bank of China Ltd юм. Хятадын хамгийн томд тооцогддог тус банк IPO гаргаж, 21.9 тэрбум доллар босгосон. Хувьцааны анхдагч үнэ 3.07 хонконг доллар буюу 39 америк цент байхаар зарлаж байв. Тэгвэл ICBC борлуулалтаас хамгийн багадаа 19.07 тэрбум долларын хөрөнгө босгож, 1998 онд 18.4 тэрбум долларын IPO хийж байсан Японы “NTT Mobile Communications Network Inc”-ийн амжилтыг гүйцэж түрүүлсэн юм. IPO гаргасантай холбоотойгоор ICBC-ийн гэрээ 15 хувиар нэмэгдэж, 21.9 тэрбум ам.доллар болж өссөн байна. Улмаар ICBC-ийн ачаар Хятадын компаниудын хувьцааны борлуулалт даруй хоёр дахин өссөн гэдэг.
Хойд хөрш ч мөн энэ реформоос хоцрохыг хүссэнгүй. ОХУ-ын төрийн банк болох Сбербанк болон ВТБ, мөн тус улсын хамгийн том хувийн зээлдүүлэгч “FC Откритие”, BCS, “Aton брокер” олон нийтэд хувьцаагаа нээлттэй худалдах зорилгоор IPO гаргахаар төлөвлөж байгааг дуулгая. Оросын газрын тосны салбарын гигант "Росснефть" мөн Москвагийн хөрөнгийн биржээр дамжуулан IPO гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд хувьцааныхаа 10 хувийг нээлттэй болгох талаар "Ройтерс" агентлаг мэдээлсэн.
Африкийн African Banking Corporation of Botswana 19 центийн нэрлэсэн үнээр хувьцаа гаргаад, олон нийтээс 34.4 сая ам.доллар босгож байсан туршлага байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт, хөгжлийн төв болж буй Зүүн Өмнөд Ази, Ази-Номхон далайн бүс нутаг хөрөнгө оруулагчдын хувьд үржил шимтэйд тооцогдож, банкны IPO хамгийн олноор энд л хийгдэж байгаа билээ. Улс орныхоо санхүүгийн гол зуучлагч, нүүр царай, дэд бүтэц нь болсон, банкны салбарын нэр нөлөө бүхий системийн тоглогчид хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгаж, өрсөлдөөнийг түргэсгэх аж. Олон улсын банк, санхүүгийн орчин хил хязгааргүй. Энэ орчны оролцогчид сүүлийн жилүүдэд өөрчлөлт, манлайллыг ийнхүү өөрсдөө үлгэрлэж, тогтвортой хөгжлийн том санхүүжүүлэгч, зуучлагч нь болсоор байна. Харин хөрөнгийн зах зээл үүний тулах цэг нь болж буй юм.
“Nasdaq”-ийн биржээр дамжуулан 2015-2020 онд 46 банк хөрөнгө оруулагчдад хувьцаа санал болгосон бол дэлхийд хамгийн томд тооцогддог Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 2015-2019 оны хооронд таван банк IPO гаргажээ. Энэтхэгийн хөрөнгийн биржээр найман банк хувьцаагаа арилжаалсан бол Хонконг хоёр банкны IPO-г өлгийдөн авсан байна.
Компанийн хөгжлийн дараагийн түвшний илэрхийлэл бол хөрөнгийн зах зээл гэдгийг мэргэжлийн шинжээчид хэлдэг. Тиймээс ч банкууд дэлхий даяар ийнхүү хөрөнгийн зах зээл рүү тэмүүлж байна. Банкууд хувьцаагаа нийтэд зарж хөрөнгө босгосноор хөрвөх чадвар нь илүү сайжирдаг. Олон нийтээс босгосон мөнгөөрөө тэд компанийн дэд бүтцэд дахин хөрөнгө оруулах, бизнесээ өргөжүүлэх зэргээр ашигладаг. Нийтийн ашиг тусыг хүртэх өөр нэг давуу тал нь хувьцааг нэгтгэх, худалдан авах хэлцэлд төлбөрийн нэг хэсэг болгон ашиглах боломжтойгоос гадна хөрөнгийн биржид бүртгэлтэй байх нь олон нийтийн итгэлийг хүлээх нэг том үзүүлэлт юм.
Монгол Улс олон улсын энэ хөгжилтэй мэдээж хөл нийлж буй. Манай системийн томоохон банкууд өнгөрсөн оны сүүлчтэй уралдан олон нийтэд хувьцаагаа санал болгож, амжилттай хөрөнгө татсан. Энэ давлагаа ХААН банкны IPO-гоор үргэлжилж буй. 30 гаруй жилийн түүхтэй, Монголын банкны салбарын 35 орчим хувийг дангаар эзэлдэг ХААН банкны хувьцаа эзэмшигч болох түүхэн боломж иргэд бидний өмнө нээгдэх гэж байна. Монгол Улсын банк, санхүүгийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй болохоор байгаа энэ IPO хөрөнгийн зах зээлийн 30 гаруй жилийн намтарт ч тод мөр үлдээж, хөгжиж буй зах зээлийг сэргээн эрчимжүүлэх, шинэ хэмнэл рүү хөтөлнө гэсэн хүлээлт өндөр байна.
Олон улсад хөрөнгийн зах зээлийн гол тоглогчдоор банк, санхүүгийн салбарынхан зүй ёсоор нэрлэгдэж байгааг онцолъё. Тэдний орон зай жилээс жилд цар хүрээгээ тэлж, хөрөнгийн хэмжээ, хувьцааны үнэлгээ нь асар богино хугацаанд өөрчлөгдөж буй. Олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх, хувьцаагаа санал болгох хандлага нэмэгдэж, эзний бус нээлттэй компаниуд болох “эрх чөлөө”-г цөм мэдэрч эхэлсэн. Хөгжиж байгаа орнуудад банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, нээлттэй хувьцаат компани болгох шахалт, шаардлага, зах зээлийн эрэлт хэрэгцээ улам илүү нэмэгдсээр.
Б.Тулгат
Холбоотой мэдээ