Японы ариун дагшин гурван уулын нэг Татэяамагийн ойролцоох аварга хэмжээтэй цасан коридор маргаашаас /2023.04.15/ эхлэн аялагчдад үүдээ нээж байна. Их цасан хөндий нэртэй тус коридор нь Татэяама уулын зам дагуу 500 метр үргэлжлэх ба хамгийн өндөр хэсэгтээ 20 метр зузаан цастай.
Татэяама уул нь Токиогийн хойд хэсгийн Тояама болон Нагано мужийн хооронд сунан тогтсон. Японы дээвэр гэгддэг уулыг тойроод 90 км урт аяллын зам бий. Уг аяллын замаар явснаар 3015 метр өндөр Татэяама уул болон 2478 метр өндөр Аказава-дакэ оргилуудын гайхалтай үзэмжийг харах боломжтой. Энэ хооронд Японы хамгийн өндөр халуун рашаан, хамгийн өндөр хүрхрээ зэрэг зүйлс байдаг.
Тодруубал, хамгийн өндөр халуун рашаан Микүригаикэ онсэн нь 2410 метрийн өндөрт оршино. Харин хамгийн өндөрт орших хүрхрээ Шомёо нь 350 метрт байдаг.
Гэхдээ аялагчдын сонирхлыг хамгийн их татдаг хэсэг нь Их цасан хөндий юм. Зургадугаар сарын 25 хүртэл нээлттэй байх уг коридороор явахад 20 минут зарцуулна. Уулын цасыг хэдэн сарын турш хичээнгүйлэн цэвэрлэж зассаны эцэст энэ коридорыг гаргадаг. Цаг агаар таагүй үед цасан хана нурж, үзмэрүүд хаагдах магадлалтай. Тиймээс жуулчид аялахаасаа өмнө "Alpen-route.com" нэртэй албан ёсны цахим хуудсыг шалгах шаардлагатай.
"Зургадугаар сарын сүүл хүртэл цасан хананы өндөр 10 гаруй метр өндөр байна. Мөн зургадугаар сард жуулчид цөөхөн байдаг тул илүү тайван үзэж сонирхох боломжтой" гэж албан ёсны цахим хуудсанд бичжээ.
Татэяама уулын аяллын бүсэд Панорама зам нэртэй сонирхолтой газар бас бий. Явган аялагчид эндээс Татэяама уулын нэг хэсэг болох Цүрүги уулыг харах боломжтой бөгөөд тавдугаар сарын 7 хүртэл нээлттэй байдаг. Аяллын бүсэд хувийн машинтай зорчихыг хориглосон тул аялагчид орон нутгийн нийтийн тээврээр үйлчлүүлж, зориулалтын газраар нь л явах ёстой.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ