Өвөрмонголд монгол хэлээр хичээл орохыг хориглов

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

Өвөрмонголд монгол хэлээр хичээл орохыг хориглов

Өвөрмонголд монгол хэлээр хичээл орохыг хориглов

БНХАУ-ын ӨМӨЗО-ны албаныхан ирэх есдүгээр сард багтаан бүх сургуулийг мандарин хэлний хичээлд шилжүүлж, монгол хэлний хичээлийг багасгахыг үүрэг болголоо. Бүс нутгийн боловсролын хорооноос бүх шатны сургуулиудад мандарин хэлийг түлхүү зааж, ахлах ангийн бүх сурагчдыг хятадаар чөлөөтэй харилцдаг болгох үүргийг өгсөн байна. 

Мандарин хэл рүү шилжих үйл явцыг "Өвөрмонголчуудын хэл, соёлыг үгүй хийх зорилготой Бээжингийн эрх баригчид  соёлын геноцид явуулж байна"  гэж олон улс, хүний эрхийн байгууллагууд, нутгийн иргэд эсэргүүцэж байгаа юм.

Улмаар Өвөрмонголд 2020 оны наймдугаар сард нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал гарсан. 

Сургуулиуд "Хятадын үндэстний ухамсар, хамтын нийгэмлэгийг бий болгож, үндэсний эв нэгдлийн боловсролыг гүнзгийрүүлэх ёстой" гэж бүс нутгийн албаны хүмүүс өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр болсон уулзалтын үеэр мэдэгдэж байв. Гэвч "Үндэсний эв нэгдлийн" хөтөлбөрүүд нь олонх болсон хан үндэстэнтэй уйгур, төвөдүүдийг хүчээр гэрлүүлж, угсаатны өвөрмөц байдал, автономит эрхийг устгах бусад оролдлогыг бий болгосныг хүний ​​эрхийн төлөө тэмцэгчид анхааруулж байна.

НУУЦ ДУУ БИЧЛЭГ

Үүний зэрэгцээ Хөх хотын 30-р дунд сургуулийн  удирдлагуудын зүгээс эцэг эхчүүдэд хандан "Бүс нутгийн зургаан сая монгол угсаатны дунд "хятад үндэстний өвөрмөц байдлыг баттай суулгах" ёстой гэж хэлж буй дуу бичлэгийг Нью-Йоркт төвтэй Өмнөд Монголын Хүний эрх, мэдээллийн төвөөс нийтэлсэн. Нууцаар бичсэн 52 минутын дуу бичлэгт "2023 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн бүс нутаг даяар монгол хэл заахыг бүрэн хориглох болно" гэж ярьсан байна. Мөн "Төв засгийн газраас өгсөн зааварчилгааны дагуу энэ оны есдүгээр сарын 1-нээс эхлэн Өвөрмонгол даяар бүх монгол сургуулиуд хятад хэлээр хичээлээ орж эхэлнэ.

Түүнээс өмнө уг бодлогыг ирэх тавдугаар сарын 1-ээс Хөх хотын 30-р дунд сургуульд нэвтрүүлнэ" гэж албаныхан мэдэгджээ. Мөн эцэг эх, багш нарт монгол хэлний сургалт зохион байгуулахыг шууд хориглосон.

Харин 2025 оноос эхлэн өвөрмонгол сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтыг хятад хэлээр өгөхийг шаардлагыг тавих гэнэ.

"Өвөрмонголын эх хэлийг бүрмөсөн устгах Хятадын бодлого маш сайн төлөвлөгдөж, системтэй явж байна" гэж хүний эрхийн байгууллагаас онцолсон бөгөөд 2020 оны өвөрмонголчуудын эсэргүүцлийн дараа  Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаас цөөнхийн хэл-дунд боловсролыг "Үндсэн хууль зөрчсөн" гэж дүгнэсэн тогтоолыг гаргасан. 

Уг тогтоолоор Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд заалт буюу "Бүх үндэстэн, ястан өөрсдийн яриа, бичгийн хэлээ ашиглах, хөгжүүлэх, өөрсдийн уламжлалт ёс заншлаа хадгалах, өөрчлөх эрх чөлөө, эрхтэй" гэснийг сольсон.

Энэ нь сургалтын хөтөлбөрөөс Монголын уламжлалт соёлтой холбоотой түүх, соёлын аливаа материалыг устгах замыг нээж өгсөн юм. 

СОЁЛЫН ГЕНОЦИД

Өмнөд Монголын Хүний эрх, мэдээллийн төвийн захирал Тогочогийн Энхбат саяхан Хятадын Конгрессын Гүйцэтгэх комисст мэдүүлэг өгсөн байна. Сургуулиас гадуур суралцах боломжийн талаар сурагчдад мэдээлэл өгвөл багш нар ч шийтгэгдэж магадгүй нөхцөл байдал үүссэнийг тэрбээр онцолжээ. "Уйгурууд, монголчууд, төвөдүүдэд тохиолдож буй зүйлсээс харвал Хятадын эрх баригчид олон талт геноцидын кампанит ажлыг янз бүрийн хэлбэрээр явуулж байгаа нь илт байна. Гэхдээ зорилго нь нэг. Энэ гурван ард түмний хэл, соёл, өвөрмөц байдлыг устгаж, "хятад" үндэстэн болгох" гэж Т.Энхбат мэдэгдэв. 

Японд суугаа монгол угсаатны эрдэмтэн Хубис хэлэхдээ, Хөх хотын 30-р дунд сургууль нь анх Монгол үндэстний монгол сурагчдад монгол хэлний боловсрол олгох зорилготойгоор байгуулагдсан.

Гэтэл одоо энэ сургууль стандарт мандарин хэлээр хичээл зааж эхлэх гэж байна. Мөн ирэх есдүгээр сарын 1-ээс эхлэн мандарин хэлийг бүх бүс нутагт сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах болно. Энэ нь монголчуудад маш том нөлөө үзүүлнэ" гэсэн байна. 

Хятадын барьж буй энэ бодлого бол маш түрэмгий бодлого гэдгийг Германд амьдардаг идэвхтэн Ши Хаймин мэдэгджээ. Тэрбээр "Ши Жиньпин мандарин буюу хятад хэлийг ашиглан монголчуудыг, мөн төвөд, уйгурыг "дарангуйлж" байна.

Энэ бол хан үндэстнийг илүү гэж үзэх Хятадын хэт үндсэрхэг дээрэнгүй үзлээс үүдэлтэй бүдүүлэг бодлого юм" гэж Чөлөөт Ази радиод ярьсан байна.

Тэрбээр ингэж ярихдаа Бээжингийн арьс өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхах, колоничлолын бодлогыг дурдахдаа ашигладаг нэр томъёог ашиглажээ. 

Хятадын Засгийн газраас 2021 онд сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд мандарин хэлийг заавал заах арга хэмжээг орон даяар өргөжүүлж, Монгол, Төвд, Уйгур зэрэг цөөнхийн хэл, түүнчлэн Сычуань, Кантон зэрэг бүс нутгийн бүх насны сурагчдад  хятад хэлийг заахаа мэдэгдсэн. Энэхүү арга хэмжээ нь "Үндэстний цөөнх, алслагдмал нутаг, хөдөөгийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд мандарин хэлний анхан шатны харилцааны чадварыг үе шаттайгаар эзэмшүүлэх, албан журмын боловсролын үе шатны үндсийг тавихад" чиглэсэн гэж тайлбарлаж байв. 

ЭХ СУРВАЛЖ: RADIO FREE ASIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
22
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж